| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2018/00506/И |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 52
Онч Мэлмий ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00635 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалант багт байрлах, Онч мэлмий ХХК-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 48 айын орон сууцны 33 тоотод оршин суух Зөөд овогт Түвдэнгийн Нямд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Лхамхүү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 9,902,000 /есөн сая есөн зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Би Онч мэлмий ХХК-ийг барилгын тусгай зөвшөөрөлтэй учраас 2012 оны 09 сарын 05-ны өдөр худалдаж авсан. Худалдаж авахад Онч мэлмий компанийн захирал байсан Т.Ням нь 30,000,000 төгрөг хэрэгтэй байна. Нотариатаар орохоор нотариатын хувь авах гээд байгаа учраас бэлэглэлийн гэрээ хийгээд авчихъя гэсэн санал тавиад тэр саналыг нь би тэр хүнд итгэсний улмаас зөвшөөрч бэлэглэлийн гэрээ хийсэн. Онч мэлмий ХХК-ийг худалдаж авсны 2-3 хоногийн дараа аймгийн Татварын хэлтсийн татварын байцаагч н.Эрдэнэчимэг гэдэг хүн 2012 оны 07 сарын 31-ний өдөр таны шилжүүлж авсан Онч мэлмий ХХК дээр татварын шалгалт хийсэн. Энэ шалгалтаар тус компани нь 100,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг Оюумандал ХХКомпанийн 35 айлын орон сууцанд гүйцэтгэгчээр ажилласан. Түүнийгээ аймгийн татварын хэлтэст тайлан мэдүүлэгт тусгаад гүйцэтгэгчээр ажилласан санхүүгийн тайланд тусгаснаар нэмэгдсэн өртөгийн албан татвар буюу 10 хувь 10,000,000 төгрөгийн татварын өр үүссэн. Үүнийг татварын байцаагч надад мэдэгдэж би Т.Нямтай уулзахад тийм татварын өр байгаа үүнийг Оюумандал ХХКомпаний захирал Д.Басбиш гэдэг хүн надад гүйцэтгэлээр нэмэгдсэн өртөгийн албан татварын падаанаар буцааж өгнө гэж хэлсэн. Би 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хөөцөлдөөд Оюумандал ХХКомпаний захирал Д.Басбиш нь тэр гүйцэтгэлээ өгдөггүй. Би Т.Нямтай уулзаж эрхийн доголдолтой аж ахуйн нэгжийг татварынхаа өрийг нууж өгсөн байна гэж шаардсаны дагуу Т.Ням нь татварын өр байгаа 10,000,000 төгрөгийн өр гарсан, үүнийг би Оюумандал ХХКомпанийн 35 айлын орон сууц ашиглалтанд орохоор төлж гүйцээж барагдуулж өгнө гээд надад нотариат дээр бичиг хийж өгсөн. Ховд аймгийн Татварын хэлтсээс намайг Онч мэлмий ХХК-ийн татварын өр төлүүлэхээр шүүхэд хандсан.Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс татвар 12,848,000 төгрөгийг намайг төлөхөөр шүүхийн шийвэр гарсан. Би 12,848,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлж барагдуулсан учраас Т.Нямаас нэхэмжилж байгаа. Т.Ням нь намайг залилан мэхэлсэн. Татварын өршөөлийн хуулиар 12,848,400 төгрөгнөөс алданги хасагдаад 9,902,000 төгрөг болсон. Би өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 9,902,000 төгрөгийг төлөөд өөрөө хохирол амсчихсан байгаа. Би 30,000,000 төгрөгөөр Онч мэлмий ХХК-ийг худалдаж авсан. Татварын өрийн улмаас шүүх дээр асуудалтай байсан учраас 3-4 жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийнх нь бүх хугацаанууд дууссан. Бэлэглэлийн гэрээг буцаахаар шүүхэд хандсан. Шүүх хуралдаан дээр Т.Ням бид хоёр тохиролцоод Т.Ням Онч мэлмий ХХК-ийн тусгай зөвшөөрлийг надад авч өгөхөөр эвлэрсэн. Т.Нямтай 2017 онд эвлэрээд надад тусгай зөвшөөрөл авч өгөх ёстой боловч одоог хүртэл байхгүй байгаа. Би нийт 40,000,000 төгрөгөөр хохироод олон удаагийн шүүх хуралдаанаар орж байна....Онч мэлмий ХХК-ийг худалдан авахаас өмнө үүссэн татварын өрийг миний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан төлсөн төлбөр болох 9,902,000 төгрөгийг Т.Нямаас Онч мэлмий ХХК-д гаргуулна....2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр татварын өртэйг мэдсэн.....Т.Ням гэдэг захиралтай Онч мэлмий ХХК нь Оюу мандалд ХХК-д нэг ч төгрөгийн ажил хийгээгүй. Оюумандал ХХК-ийн захирал Д.Басбишээс 100,000,000 төгрөгийн ажил хийсэн гээд бичээд өгөөч гээд 100,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэлийг тайландаа тусгасан байсан....2012 оны 7 сарын тайландаа 100,000,000 төгрөгийн туслан гүйцэтгэгчээр ажил хийсэн гэж тусгасан байсан. Би Онч мэлмий ХХК-ийг 30 сая төгрөгөөр худалдаж авчихаад дээр нь 10 сая төгрөг, нийт 40 сая төгрөгөөр хохирсон. Одоо надад 3 ширхэг цаас л байна. Ямар ч ашиг олоогүй. Шүүхээр явсаар байгаад өдий хүрлээ. Тухайн үед Т.Ням нь татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн нь нэмэгдсэн өртөгийн албан татвар 9,902,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг төлөх ямарч хууль зүйн үндэслэл байхгүй. 2012 оны 09 сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бэлэглэлийн гэрээ нь онцлог зохицуулалттай хариу төлбөргүйгээр шилжүүлдэг. Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн 30,000,000 төгрөг өгсөн гэдэг. Бэлэглэлийн гэрээ худалдах, худалдан авах, зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс ондоо хариу төлбөргүйгээр шилжүүлдэг. Мөн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл гэж байна. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж байгаа. Иргэний хуулийн 278 дугаар зүйлийн 278.1-д зааснаар бэлэглэгч нь бэлэглэсэн хөрөнгийн доголдлыг санаатай нуун дарагдуулсны улмаас бэлэг хүлээн авагчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 9,902,000 төгрөгийг Онч мэлмий ХХК төлсөн байх гэж бодож байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гээд заасан. Бэлэглэлийн гэрээг 2012 оны 09 сарын 04-ний өдөр байгуулсан. Энэ нь гэрээтэй холбоотой шаардлагад мөн хамаарна. 2012 оны 09 сарын 05-ны өдөр компани өөрчлөгдөн байгуулагдаад Т.Нямаас Б.Гомбосүрэнгийн нэр дээр шилжсэн байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байгаа. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан байгаа. Сум дундын 25 дугаар шүүхийн шийдвэрийг өгсөн байгаа. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 30,000,000 төгрөгөөр бэлэглэлийн гэрээ хийсэн нь худалдах, худалдан авах гэрээ байсан. Нуун даргадуулсан халхавчлах зорилгоор хийсэн мэт харагдаж байгаа. Нэхэмжлэгч тал иргэний хуулиараа төгрөг гаргуулах биш гэрээг хүчингүй болгох талын нэхэмжлэл сонирхогч этгээд гаргах боломжтой гэж бодож байна. Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариу төлбөргүй шилжүүлдэг учраас тухайн өрийг төлөх ямар ч боломж байхгүй юм гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.Онч мэлмий ХХК-ны Улсын бүртгэлд шилжүүлэх үед бүх өр авлага, эрх үүрэг, бүрэн эрх зарцуулах эрх хариуцлага нь бүгд Б.Гомбосүрэнд 2012 оны 09 сарын 05-ны өдөр шилжсэн. Компанид ногдуулсан болохоос биш Т.Нямд татварын өр ногдуулаагүй. Мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан, санаатай нуун дарагдуулсан зүйл биш татвараас очоод лавлаж асуух боломж нь нээлттэй байсан. Иргэн Т.Ням нь үүнийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Өр авлага бүгд шилжсэн гэдгийг дахин хэлмээр байна. Иймд Т.Ням төлөх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00635 дугаар шийдвэрээр 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 260 дугаар зүйлийн 260.3-т заасныг баримтлан хариуцагч Т.Нямаас 9,159,350 /есөн сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Онч мэлмий ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 742,650 /долоон зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосуай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Онч мэлмий ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,382 /нэг зуун далан гурван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нямаас улсын тэмдэгтийн хураамж 161,500 /нэг зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Онч мэлмий ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан зүйл заалт хэсгийг зөрчсөн байна. Онч мэлмий ХХК нь Т.Ням эзнээс тусгаарлаж, Б.Гомбосүрэн эзэнтэй болсноор Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна гэж заасанчлан Онч Мэлмий ХХК нь 100.000.000 төгрөгийн гүйцэтгэлтэй компани учраас түүний нэмэгдсэн өртгийн албан татвар 9.902.000 төгрөг нь Онч Мэлмий ХХК-аас гарч татварын албаар дамжин улсын орлого болох учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч Онч мэлмий ХХК нь Т.Нямд холбогдуулан Онч мэлмий ХХК-ийг худалдан авснаар хуучин татварын өрийг төлсөн төлбөр болох 9.902.000 гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Т.Нямаас “Онч мэлмий ХХК-ийг худалдан авахаас өмнө үүссэн татварын өрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан төлсөн төлбөр болох 9.902.000 төгрөгийг Онч мэлмий ХХК-нд гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Онч мэлмий ХХК-ийн эрхийг Т.Нямаас Б.Гомбосүрэнд шилжүүлсэн өдрөөс тус компанийн санхүүгийн бүх эрх, өр төлбөр Б.Гомбосүрэнд шилжсэн” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Т.Ням нь нэхэмжлэгч Онч мэлмий ХХК-ийн захирал Б.Гомбосүрэнд 1611002029 улсын бүртгэлийн дугаартай, 4064178 регистрийн дугаартай “компьютерын үйлчилгээ, барилга угсралтын ажил эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй Онч мэлмий ХХК-ийн эрхийг 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлэхдээ татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр Б.Гомбосүрэн нь тус компанийн эрхийг 30.000.000 төгрөгөөр худалдан авсан байна.
Хариуцагч Т.Ням нь нэхэмжлэгч Б.Гомбосүрэнд Онч мэлмий ХХК-ийн эрхийг шилжүүлэн өгөхөөс өмнө нэмэгдсэн өртгийн албан татварт 9.429.600 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутган төлөх албан татварт 472.000 төгрөг нийт 9.902.000 төгрөгийн татварын тайлан гаргасан байжээ.
Энэхүү татварын өрийг Б.Гомбосүрэн нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 360/А дугаартай шийдвэрээр дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж төлсөн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тухай үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Иймд худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар уг доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримтыг дүгнэвэл.
Нэхэмжлэгч Онч мэлмий ХХК нь хариуцагч Т.Нямаас нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татварын өр 12.848.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сум дундын 25 дугаар шүүхийн 102 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “дээр дурдсан татварын өрийг Онч мэлмий ХХК нь татварын албанд төлөөгүй байх тул эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн байна.
Онч мэлмий ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу дээр дурдсан татварын өрийг төлснийхөө дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байх тул шүүх түүний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173382 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173382 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР