Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00480

 

О М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00635 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалтай, 

О М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т.Н-д холбогдох, 

9.902.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Лхамхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч О М ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие О М ХХК-ийг барилгын тусгай зөвшөөрөлтэй учраас 2012 оны 9 сарын 05-ны өдөр худалдаж авсан. Худалдаж авахад О М компанийн захирал байсан Т.Н- нь 30.000.000 төгрөг хэрэгтэй байна. Нотариатаар орохоор нотариатын хувь авах гээд байгаа учраас бэлэглэлийн гэрээ хийгээд авчихъя гэсэн санал тавихад нь би тэр хүнд итгэсний улмаас зөвшөөрч бэлэглэлийн гэрээ хийсэн. О М ХХК-ийг худалдаж авсны 2-3 хоногийн дараа аймгийн Татварын хэлтсийн татварын байцаагч н.Эрдэнэчимэг 2012 оны 7 сарын 31-ний өдөр О М ХХК дээр татварын шалгалт хийсэн. Энэ шалгалтаар тус компани нь 100.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг Оюумандал ХХК-ийн 35 айлын орон сууцанд гүйцэтгэгчээр ажилласан. Түүнийгээ аймгийн татварын хэлтэст тайлан мэдүүлэгт тусгаад гүйцэтгэгчээр ажилласан санхүүгийн тайланд тусгаснаар нэмэгдсэн өртөгийн албан татвар буюу 10 хувь 10.000.000 төгрөгийн татварын өр үүссэн. Үүнийг татварын байцаагч надад мэдэгдэж би Т.Н-тай уулзахад тийм татварын өр байгаа үүнийг Оюумандал ХХК-ийн захирал Д.Басбиш гэдэг хүн надад гүйцэтгэлээр нэмэгдсэн өртөгийн албан татварын падаанаар буцааж өгнө гэж хэлсэн. Би 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хөөцөлдөөд Оюумандал ХХК-ийн захирал Д.Басбиш нь тэр гүйцэтгэлээ өгдөггүй. Би Т.Н-тай уулзаж эрхийн доголдолтой аж ахуйн нэгжийг татварынхаа өрийг нууж өгсөн байна гэж шаардсаны дагуу Т.Н- нь татварын өр байгаа 10.000.000 төгрөгийн өр гарсан, үүнийг би Оюумандал ХХК-ийн 35 айлын орон сууц ашиглалтанд орохоор төлж гүйцээж барагдуулж өгнө гээд надад нотариат дээр бичиг хийж өгсөн. Ховд аймгийн Татварын хэлтсээс намайг О М ХХК-ийн татварын өр төлүүлэхээр шүүхэд хандсан. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс татвар 12.848.000 төгрөгийг төлүүлэх шийвэр гарсан. Би 12.848.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлж барагдуулсан учраас Т.Н-аас нэхэмжилж байгаа. Татварын өршөөлийн хуулиар 12.848.400 төгрөгнөөс алданги хасагдаад 9.902.000 төгрөг болсон. Татварын өрийн улмаас шүүх дээр асуудалтай байсан учраас 3-4 жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийнх нь бүх хугацаанууд дууссан. Миний бие О М ХХК-ийг 30 сая төгрөгөөр худалдаж авчихаад дээр нь 10 сая төгрөг, нийт 40 сая төгрөгөөр хохироод байна. Иймд О М ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа татварын өр үүсгэж уг өрөө надаар төлүүлсэн тул Т.Н-аас 9.902.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн Т.Н-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн нь нэмэгдсэн өртөгийн албан татвар 9.902.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг төлөх ямарч хууль зүйн үндэслэл байхгүй. 2012 оны 9 сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бэлэглэлийн гэрээ нь онцлог зохицуулалттай хариу төлбөргүйгээр шилжүүлдэг. Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн 30.000.000 төгрөг өгсөн гэдэг. Бэлэглэлийн гэрээ худалдах, худалдан авах, зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс ондоо хариу төлбөргүйгээр шилжүүлдэг. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж байгаа. Иргэний хуулийн 278 дугаар зүйлийн 278.1-д зааснаар бэлэглэгч нь бэлэглэсэн хөрөнгийн доголдлыг санаатай нуун дарагдуулсны улмаас бэлэг хүлээн авагчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 9.902.000 төгрөгийг О М ХХК төлсөн байх гэж бодож байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гээд заасан. Бэлэглэлийн гэрээг 2012 оны 9 сарын 04-ний өдөр байгуулсан. Энэ нь гэрээтэй холбоотой шаардлагад мөн хамаарна. 2012 оны 9 сарын 05-ны өдөр компани өөрчлөгдөн байгуулагдаад Т.Н-аас Б.Гомбосүрэнгийн нэр дээр шилжсэн байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байгаа. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан байгаа. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 30.000.000 төгрөгөөр бэлэглэлийн гэрээ хийсэн нь худалдах, худалдан авах гэрээ байсан. Нуун дарагдуулсан халхавчлах зорилгоор хийсэн мэт харагдаж байгаа. Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариу төлбөргүй шилжүүлдэг учраас тухайн өрийг төлөх ямар ч боломж байхгүй.  О М ХХК-ийн Улсын бүртгэлд шилжүүлэх үед бүх өр авлага, эрх үүрэг, бүрэн эрх, хариуцлага нь бүгд Б.Гомбосүрэнд 2012 оны 9 сарын 05-ны өдөр шилжсэн. Компанид ногдуулсан болохоос биш Т.Н-д татварын өр ногдуулаагүй. Мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан, санаатай нуун дарагдуулсан зүйл биш татвараас очоод лавлаж асуух боломж нь нээлттэй байсан. Иргэн Т.Н- нь үүнийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Өр авлага бүгд шилжсэн гэдгийг дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00635 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 260 дугаар зүйлийн 260.3-т заасныг баримтлан хариуцагч Т.Н-аас 9,159,350 /есөн сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 742,650 /долоон зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,382 /нэг зуун далан гурван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-аас улсын тэмдэгтийн хураамж 161,500 /нэг зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.382 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Т.Н-, Б.Г нар нь “О М” ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцож компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлд “Захирлаар томилогдсон эрх хүлээн авагчид компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус эрх үүргийг бүрэн шилжүүлэх”, 3 дугаар зүйлд “компаний эрх хүлээн авсан өдрөөс өмнөх захиран зарцуулах, удирдан төлөөлөх зэрэг эрхийг эдэлнэ”, 4 дүгээр зүйлд “Компанийн эрх шилжсэн өдрөөс эхлэн “О М” ХХК-ийн эд хөрөнгө, санхүүгийн бүхий л эрхийг Б.Гомбосүрэн бүрэн хариуцна” гэж гэрээнд тодорхой тусгасан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон тэдгээрийн өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг хянан шийдвэрлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч хууль дээдлэх зарчмыг хэрэг хянан шийдвэрлэхдээ удирдлага болгох бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ хараат бус байж гагцхүү хуульд захирагдах ёстой гэж миний хувьд ойлгодог. Мөн шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит үнэнийг тогтоож, үнэн шударгаар шийдвэрлэх ёстой. Гэтэл хуульд заасан дээрхи зарчим алдагдсан. Шүүх хэргийн зохигч талуудад алагчлалгүй тэгш, шударгаар хандах ёстой. Хэрэгт Т.Н-ын гаргаж өгсөн нотлох баримт тодорхойлолт байдаг. Тухайн тодорхойлолтод “О М” ХХК нь өөрийн худалдан авсан компанид өртэй байгаа “Оюу мандал” ХХК-ийн зохих албан тушаалтантай уулзаж, авах өр авлагын талаар болон түүнийг хэрхэн барагдуулж өгөх талаар тодорхой тусгуулсан тодорхойлолтыг гаргуулж авсан байдаг. Энэ нь “О М” ХХК-ийн захирал Б.Гомбосүрэн нь компанийн эрх шилжүүлэх гэрээгээр өөрт нь ямар эрх үүрэг, санхүүгийн ямар хариуцлага шилжсэнийг бүрэн ойлгож байсны нэг хэлбэр мөн. Гэтэл шүүх энэ нотлох баримтыг хэрэгт холбогдох нөхцөл байдалтай уялдуулан холбож хянан шийдвэрлээгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулсан, уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. 2012 оны 9 дүгээр сарын 05-нд Б.Гомбосүрэн нь “О М” ХХК-ийг Т.Н-аас шилжүүлэн авсан. Компанийг шилжүүлэн авсаны хариу үүрэг болгож уг компаний өрийг шилжүүлэн авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл компаний эрх шилжүүлэх гэрээнд Б.Гомбосүрэн нь “О М” ХХК-тай холбоотой эд хөрөнгө, санхүүгийн бүхий л үүргийг шилжүүлэн авахаар тохиролцсон байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Б.Гомбосүрэн нь Т.Н-ын “О М” ХХК-ийн эрхээ шилжүүлэх тухай хүсэл зоригийн илэрхийллийг зөвшөөрч, тус компанийн эрхийг шилжүүлэн авахаар зөвшөөрснөөр Т.Н-ын хүсэл зориг хүчин төгөлдөр болсон юм. Үүнээс үзэхэд Б.Гомбосүрэн, Т.Н- нарын хооронд компанийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулагдсан нь эргэлзээгүй бөгөөд тэдний хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг нарийвчлан авч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэлийн шаардлага нь урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ялгаатай гэж үзэж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа...” гэжээ. Үүнээс үзэхэд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан “Оюу мандал” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “О М” ХХК-ийн захирал Б.Гомбосүрэнд гаргаж өгсөн тодорхойлолтоос тодорхой харагдаж байгаа. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан. Хэрвээ “О М” ХХК-ийн захирал Б.Гомбосүрэн нь компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан эрхээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол тухайн тодорхойлолт авсан үеэс буюу 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан үүнээс болж нэхэмжлэгчид материалыг буцаасан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах хуулийн үндэслэл болохгүй ба анхан шатны шүүх нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах хуулийн үндэслэлийн талаархи Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрхи алдаа зөрчлүүдийг засаж, залруулалгүй хэргийг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсанд, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд хариуцагчийн хувьд маш их гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“О М” ХХК нь Т.Н-д холбогдуулан 9.902.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ, тус компанийг 30 сая төгрөгөөр худалдан авсан, худалдан авахаас  өмнөх татварын өрийг хариуцагч төлөхөөр тохирсон боловч шүүхийн шийдвэрийн дагуу компани төлж хохирсон” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргааныг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч  шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ алдааг залруулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Б.Г нь Т.Н-тай харилцан тохирч 2012 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдөр О М ХХК-ийн 100 хувийн хувьцааг 30.000.000 төгрөгөөр худалдан авч, компанийн эрхийг шилжүүлэн авсан, харин татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсныг зохигч үгүйсгээгүй байна.

Компанийн эрхийг шилжүүлэхдээ, шилжүүлэхээс өмнөх татварын өрийг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан хариуцагч Т.Н- төлөхөөр тохирсон боловч үүргээ биелүүлээгүйгээс Татварын байгууллага “О М” ХХК-с уг өрийг нэхэмжилж, шүүхэд хандсан, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн өр төлөгдсөн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “хариуцагч Т.Н- нь эрхийн доголдолтой буюу татварын өртэй хөрөнгө худалдсанаас нэхэмжлэгч “О М” ХХК нь доголдлыг арилгуулах шаардлага гаргасан” гэх агуулгаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь оновчгүй  болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “О М” ХХК нь хариуцагч Т.Н-аас худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ буюу худалдахаас өмнөх, компанийн өрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс тухайн өрийг татварын байгууллагад төлснөөр өөрт учирсан хохирол шаардсан байгааг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байна.

Харин хоёр шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2018/00635 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 260 дугаар зүйлийн 260.3-т” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 161.500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ