Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1316

 

 

 

 

 

 

                                                       

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ч, түүний өмгөөлөгч Ц.Амар,

яллагдагч Д.Бгийн өмгөөлөгч Д.Майдри,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1828 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Бд холбогдох 1908021860747 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш овгийн Дын Б, 1959 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 428 дугаар байрны 106 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Яллагдагч Д.Б нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москва гудамжны 32 дугаар байрны зоорийн давхарт иргэн Д.Саар цахилгааны засварын ажил гүйцэтгүүлэхдээ Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 6.4.2 дахь заалт, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.С нь цахилгааны хүчдэлд цохиулж, цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амь нас нь хохирсон буюу захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн байх тул нөхөн гүйцэтгэх, ... цахилгаан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн шинжээч нарыг оролцуулан бүрэлдэхүүнтэй дахин дүгнэлт гаргуулах, тухайн барилга байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт нь стандартын дагуу тавигдсан эсэх, шит, гал хамгаалагч зэрэг цахилгаан байгууламжийг хэн дуртай нь унтраах, салгах, хүчдэлгүй болгох, буцааж холбох боломжтой эсэх, ер нь үндсэн шитийг хүчдэлгүй болгосон тохиолдолд тухайн барилга байгууламж бүхэлдээ гэрэл, цахилгаантай байх боломжтой эсэх зэргийг тодруулах, ... тус зоорийн давхар руу ... орсон хүмүүсийн аюулгүй байдалд хэн хяналт тавих ёстой ... болох, мөн тухайн осол гарахад хохирогч, яллагдагчийн хэнийх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох, цахилгааны засвар ажил, гэрэлтүүлэг, монтажийн ажлыг ямар мэргэжил мэргэшилтэй, зэрэгтэй хүн гүйцэтгэх ёстой болох, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй шалгалт өгөөгүй иргэнээр ажил үүрэг гүйцэтгүүлэх боломжтой эсэх, тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд хэн үүнд хяналт тавих ёстой байсан болохыг тогтоох, гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Цэрэнчунт, С.Одхүү, С.Болдбаатар нараас дараах асуудлыг асууж тодруулах, зоорийн давхарт засварын ажлыг хийж гүйцэтгэж байх үед нь өрөөний гэрэлтүүлэг, хүчдэл байсан эсэх, Д.Бгийн зүгээс зоорийн давхрыг хүчдэлгүй болгосон байхад дээрх нэр бүхий гэрч нар өөрсдөө дур мэдэн шит, гал хамгаалагч, бусгатал зэргийг сөхөж хүчдэлтэй болгосон асуудал байгаа эсэх, хоол хийж идэх, цахилгаан багаж ашиглан ажил гүйцэтгэхдээ хаанаас цахилгааны эх үүсвэр авч байсан болох, эсхүл тухайн зоорийн давхар нь анхнаасаа хүчдэлтэй, хүчдэлийг салгаагүй байсан эсэх зэргийг асууж тодруулах, мөн амь хохирогч Д.Сыг өмнө таньдаг байсан эсэх, тэдний гүйцэтгэж буй засварын ажилд тусалж, хамт ажиллаж байсан эсэх, тэдний зүгээс цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх талаар саналыг Д.Ст тавьж, ажиллуулсан эсэх, амь хохирогч нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цахилгааны ажлыг хийж гүйцэтгэхээр ирсэн үү эсхүл өмнөх өдрүүдэд ирж ажиллаж байсан эсэх, ер нь Д.Сыг ямар ажил гүйцэтгүүлэхээр хэн авчирсан болох, ... дээрх нэр бүхий гэрч нараас Ц.Данзанпүрэв гэх хүн тэдгээрийг ажиллаж байх хугацаанд ирсэн эсэх, ирсэн бол хэзээ ирж хийх ажлаа үзэж хараад явсан болох, хэдийд ажлаа гүйцэтгэсэн талаар мэдэх зүйл байгаа эсэхийг асууж тодруулах, энэ үйл явц нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө эсхүл сүүлд болсон асуудал хоёрын аль нь болох, тухайн барилгын 1 давхрыг түрээслэн ажиллуулж байсан Сувдаа гэх хүн нь хэргийн үйл баримтын талаар мэдвэл зохих хүний нэг гэх тул тухайн хүнийг гэрчээр асууж мэдэх зүйл, харсан үзсэн зүйлийнх нь талаар мэдүүлэг авбал зохино. ...” гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Бд холбогдох 1908021860747 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэрэг нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу 1 жил 4 сарын өмнө үйлдэгдсэн учир хэргийн газрын үзлэгийг нөхөн гүйцэтгэснээр шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлуудыг тодруулах боломжгүй, дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.. ..” гэж заасан бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Урангуагийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг шүүхээс эргэлзээтэй гэж дүгнэсэн тохиолдолд шүүхийн өөрийн санаачлагаар дахин шинжээч томилох боломжтой. Түүнчлэн, шүүгчийн захирамжид заасан дахин шинжээч томилж тодруулах нөхцөл байдлуудыг шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар бүрэн тодруулах боломжтой гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэрэнчунтаас 3 удаа, С.Одхүү, С.Болдбаатар нараас тус тус 2 удаа, Ц.Данзанпүрэвээс 1 удаа гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд шүүгчийн захирамжид заасан дахин мэдүүлэг авч тодруулбал зохих нөхцөл байдлууд нь урьд өгсөн мэдүүлгүүдээр нэгэнт тодорхой болсон нөхцөл байдлууд байх тул дээрх гэрч нараас дахин мэдүүлэг авах шаардлагагүй байна. Мөн прокурорын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 654 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт хэсгийн 2 дахь хэсэгт шүүх хуралдаанд гэрч Б.Цэрэнчунт, Ч.Ганпүрэв нарыг оролцуулах саналыг гаргасан учир хэрэв шаардлагатай тохиолдолд дээрх гэрч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авах боломжтой юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу уг захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ч “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чгийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тодорхой зааж өгсөн. Шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг шүүх хуралдааны мэтгэлцээнээр бүрэн тогтоох боломжтой. Данзанпүрэв гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр оролцох боломжтой. Мөн Одхүү, Болдбаатар нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Тухайн өдөр шийд зөөх ажил хийгдээгүй байдаг. Данзанпүрэв мэдүүлэхдээ “гэрлүүдийн утсыг зөөж байсан” гэж мэдүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Данзанпүрэв ажиллаагүй нь Б.Цэрэнчунт, Болдбаатар, Одхүү, Ганпүрэв нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Яллагдагч Д.Бгийн мэдүүлэг тогтворгүй байдаг. Д.Б гэх хүнээс шалтгаалаад мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явагдаж байсан. Иймд хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Д.Бгийн өмгөөлөгч Д.Майдри тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас хэргийг прокурорт буцаасан. Прокуророос бодит байдалд нийцээгүй захирамж гарсан гэж эсэргүүцэл бичсэн байна. Хавтас хэргийн 185 дугаар хуудсанд авагдсан баримтаар Данзанпүрэв, Б хоёр цахилгааны гэрэл, разеткийн ажлыг хийхээр тохиролцсон байдаг. Ц.Данзанпүрэв мэдүүлэхдээ “...4 дүгээр сарын 15-ны өдөр ирж үзээд “кабел, автомат хэрэгтэй” гэж хэлсэн. 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу хэрэг болдог өдөр Б нь зах дээрээс шаардлагатай материалууд аваад явж байхад хэрэг болсон байдаг. Хэрэг болсон үеийн цаг хугацааны логик дарааллыг сайн анхаарах хэрэгтэй байна. Хохирогч талаас гаргасан 4 хүсэлтийг прокурор Х.Онолт бүгдийг нь хангаж шийдвэрлэсэн. Яллагдагч талаас 3 удаа хүсэлт гаргасан боловч нэгийг нь ч хангаагүй. Өмгөөлөгч Дэмбэрэлдагва бид хоёр ямар ч хүсэлт гаргаад хангаж шийдвэрлэдэггүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтүүдээ гаргасан. Шүүх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчоос мөрдөгч хувийн сонирхолтой хандаж байна гэх хүсэлт гаргахад прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Ямар хувийн сонирхолтой байсан юм бэ гэдэг нь тодорхойгүй. Анхнаасаа Д.Бг буруутай гэж үзээд хэргийг шалгасан байдаг. Кино театрын барилга байсан. Цахилгаан нь 380 киловатт байсан ч юм уу мэдэхгүй. Яллагдагч Д.Бгийн эхнэр нь саяхан нас барсан. Бага насны хүүхэдтэй, нуруу нь гэмтэлтэй хэвтэрт орсон байдалтай байгаа. Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн байх тул нөхөн гүйцэтгэх, ... цахилгаан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн шинжээч нарыг оролцуулан бүрэлдэхүүнтэй дахин дүгнэлт гаргуулах, тухайн барилга байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт нь стандартын дагуу тавигдсан эсэх, шит, гал хамгаалагч зэрэг цахилгаан байгууламжийг хэн дуртай нь унтраах, салгах, хүчдэлгүй болгох, буцааж холбох боломжтой эсэх, ер нь үндсэн шитийг хүчдэлгүй болгосон тохиолдолд тухайн барилга байгууламж бүхэлдээ гэрэл, цахилгаантай байх боломжтой эсэх зэргийг тодруулах, ... тус зоорийн давхар руу ... орсон хүмүүсийн аюулгүй байдалд хэн хяналт тавих ёстой ... болох, мөн тухайн осол гарахад хохирогч, яллагдагчийн хэнийх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох, цахилгааны засвар ажил, гэрэлтүүлэг, монтажийн ажлыг ямар мэргэжил мэргэшилтэй, зэрэгтэй хүн гүйцэтгэх ёстой болох, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй шалгалт өгөөгүй иргэнээр ажил үүрэг гүйцэтгүүлэх боломжтой эсэх, тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд хэн үүнд хяналт тавих ёстой байсан болохыг тогтоох, гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Цэрэнчунт, С.Одхүү, С.Болдбаатар нараас дараах асуудлыг асууж тодруулах, зоорийн давхарт засварын ажлыг хийж гүйцэтгэж байх үед нь өрөөний гэрэлтүүлэг, хүчдэл байсан эсэх, Д.Бгийн зүгээс зоорийн давхрыг хүчдэлгүй болгосон байхад дээрх нэр бүхий гэрч нар өөрсдөө дур мэдэн шит, гал хамгаалагч, бусгатал зэргийг сөхөж хүчдэлтэй болгосон асуудал байгаа эсэх, хоол хийж идэх, цахилгаан багаж ашиглан ажил гүйцэтгэхдээ хаанаас цахилгааны эх үүсвэр авч байсан болох, эсхүл тухайн зоорийн давхар нь анхнаасаа хүчдэлтэй, хүчдэлийг салгаагүй байсан эсэх зэргийг асууж тодруулах, мөн амь хохирогч Д.Сыг өмнө таньдаг байсан эсэх, тэдний гүйцэтгэж буй засварын ажилд тусалж, хамт ажиллаж байсан эсэх, тэдний зүгээс цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх талаар саналыг Д.Ст тавьж, ажиллуулсан эсэх, амь хохирогч нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цахилгааны ажлыг хийж гүйцэтгэхээр ирсэн үү эсхүл өмнөх өдрүүдэд ирж ажиллаж байсан эсэх, ер нь Д.Сыг ямар ажил гүйцэтгүүлэхээр хэн авчирсан болох, ... дээрх нэр бүхий гэрч нараас Ц.Данзанпүрэв гэх хүн тэдгээрийг ажиллаж байх хугацаанд ирсэн эсэх, ирсэн бол хэзээ ирж хийх ажлаа үзэж хараад явсан болох, хэдийд ажлаа гүйцэтгэсэн талаар мэдэх зүйл байгаа эсэхийг асууж тодруулах, энэ үйл явц нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө эсхүл сүүлд болсон асуудал хоёрын аль нь болох, тухайн барилгын 1 давхрыг түрээслэн ажиллуулж байсан Сувдаа гэх хүн нь хэргийн үйл баримтын талаар мэдвэл зохих хүний нэг гэх тул тухайн хүнийг гэрчээр асууж мэдэх зүйл, харсан үзсэн зүйлийнх нь талаар мэдүүлэг авбал зохино. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурор Х.Онолтын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1828 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ