Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 736

 

 

 

 

 

 

 

    2020          08           12                                        2020/ШЦТ/736

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч М.А,

шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт С-н а-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, **** байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЙР88042917/ Ө овогт С-н А-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.А нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83б байрны 102 тоотод “хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч Г.Э-г зодож биед нь тархи доргилт, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хонгонд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч С.А-т холбогдох хэргийн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч С.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.А нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны 102 тоотод хамтран амьдрагч Г.Э-г зодож биед нь тархи доргилт, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хонгонд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч С.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Э-г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай нөхөр болон хүүхэд, нөхрийн маань дүү гурав байсан. Тухайн үед манай хүү хөдөө явах гэж байсан. Гэтэл хүүхэд маань хөдөө явахгүй гэж хэлтэл манай нөхөр намайг хүүхэддээ үг зааж өгсөн байна гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би унтах гэж байтал манай нөхөр А чи унтаж яадаг юм, суугаа чигээрээ унт гээд байсан. Мөн унтах гээд орон дээр хэвтэж байтал миний зүүн талын хацар руу тохойгоороо нэг удаа цохиод толгойноос үсдэж байгаад нэг удаа хана мөргүүлсэн. Тэгээд би орноос босоод хэсэг хугацаанд сууж байгаад нөхрийнхөө хөл рүү толгойгоо харуулаад хажуу талаар нь ороод хэвттэл миний зүүн талын бөгс хэсэг рүү хөлөөрөө нилээн олон удаа өшиглөөд байсан. Тэгж байгаад тухайн шөнөдөө унтаж амарчихаад 2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө манай нөхөр дахиад миний толгойноос үсдээд миний нуруу руу гараараа гурав, дөрвөн удаа цохиход манай нөхрийн хамаатны дүү болох Доржханд нөгөө өрөөнөөс орж ирээд Аыг надаас салгасан. Тэгээд би хувцасаа өмсөөд гэрээсээ гараад явсан. Энэ болсон асуудлын талаар төрсөн эгч С-д хэлтэл манай эгч цагдаагийн байгууллагад хандсан. Би Атай хамт амьдраад найман жил болж байна. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Би Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэж 500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба энэ зардлыг С.А төлсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 36-37-рт/,

 

Гэрч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний ах А эхнэр Э нар нэг хүүхэдтэйгээ хамт манайд амьдардаг. 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой манай гэрт би, манай ах А болон манай хүү бид гурав байж байсан. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө сэрчихээд өрөөндөө байж байтал манай хажуу өрөөнд А ах, Э эгч хоёр маргалдаад дуу нь өндөрсөж байснаа хэсэг чимээгүй болсон. Тэгээд дахиад чанга дуугарцгаагаад байхаар нь би тэдний өрөөнд ортол тэр хоёр урд урдаасаа хараад сууцгаачихсан А ах, Элбэгсайхан эгчийн өмсөж байсан хувцасных нь энгэрээс баруун гараараа заамдчихсан байж байсан. Тэгээд би тэр хоёр дээр явж очоод А ахыг Э эгчээс гарыг нь тавиултал Э эгч шууд гэрээс гараад явсан. Би А ахад уурлаад яах гэж муудалцаад байгаа юм, гарч Элбэгсайхан эгчийг олж ир гээд гэрээс гаргасан боловч хэсэг хугацааны дараа А ах “Э гадаа байхгүй байна” гэж орж ирсэн. Тэр өдрөөс хойш Элбэгсайхан эгч гэрт огт ирээгүй. Тэгээд би тухайн өдрөөс хойш 9 хоногийн дараа Элбэгсайхан эгчийг Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь эргэж очсон. Намайг эргэж очиход Э эгч миний толгой доргисон гэж хэлж байсан. Өөрөөр ил харагдах гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Г.Э-ны биед тархи доргилт, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хонгонд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлуүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 27-28-рт/ гэжээ.

 

шүүгдэгч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“....Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Э-ны биед учирсан гэмтлийг би учруулсан. Би хөлөөрөө баруун талын бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд босч очоод баруун тохойгоороо нүүр рүү нь нэг удаа тохойлдтол явлаа гэхээр нь би толгойноос нь үсдэж суулгасан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.А-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ө овогт С-н а-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар С.Ат 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Ат оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ