Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1314

 

 

 

 

 

 

                                                          

Д.Б, Ч.С, Х.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

цагаатгагдсан этгээд Д.Б,

шүүгдэгч Ч.С, Х.Б,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 48 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Б, Ч.С, Х.Б нарт холбогдох 2011009800748 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Дгийн Б, 1975 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “Говь хангай буйдан” ХХК-ийн дэд захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 96-16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 40-596 тоотод оршин суух, /РД:-/;

            Улаанбаатар хотын Ажилчдын дүүргийн ардын шүүхийн 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Хан-Уул, Туул дүүргийн ардын шүүхийн 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Чойр хотын 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

            Б овгийн Чулуунтогоогийн С, 1978 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Говь хангай буйдан” ХХК-ийн цехийн дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 2-61 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1-42 тоот хороо, Яргайт 40-596 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШЕ78012800/;

            Багшийнхан овгийн Хгийн Б, 1983 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, “Говь хангай буйдан” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 9-18 тоотод оршин суух бүртгэлтэй ял шийтгэлгүй, /РД:-/;

            “Говь хангай буйдан” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Д.Б нь ажил олгогчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажлын байрны шилжилт хөдөлгөөн хийгдэж байхад хяналт тавьж ажиллаагүй гэмт хэрэгт,

            “Говь хангай буйдан” ХХК-ийн цехийн дарга ажилтай Ч.С нь гүйцэтгэлийн ажилтан Д.Гийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр дур мэдэн туслах мужаанаар ажиллуулж, тухайн ажилтны ажлын байрны онцлогт тохирсон зааварчилгаа өгөлгүйгээр зөвхөн гарын үсэг зуруулсан гэмт хэрэгт,

            “Говь хангай буйдан” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай Х.Б нь Говь хангай буйдан ХХК-ийн цехийн дарга Ч.С гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Гийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр мужааны туслахаас өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулж, ээлжит бус давтан сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллалгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Говь хангай буйдан” ХХК-ийн үйлдвэрийн байранд Д.Гэ нь туслах мужаанаар ажиллах явцдаа суурин хөрөөнд гараа гэмтээж улмаар түүний бие махбодид зүүн гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1 дүгээр шивнүүрийн түвшинд тасрал бүхий, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Б, Ч.С, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос А овгийн Дгийн Б /РД:-/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Б овогт Чулуунтогоогийн С /РД:ШЕ78012800/, Багшийнхан овогт Хгийн Б /РД:-/ нарыг эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.С, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С, Х.Б нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ч.С, Х.Б нарт сануулж, шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч Ч.С, Х.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...”Говь хангай буйдан” ХХК-ийн дэд захирал буюу ажил олгогч Д.Бы үйлдсэн хэрэг нь хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон. Үүнд:

            хохирогч Д.Гийн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Говь хангай буйдан” ХХК-ийн үйлдвэрийн байранд градустай хөрөөн дээр буйдангийн тохойвч хөрөөдөж бэлдэж байгаад өөрийнхөө гарыг гэмтээсэн. 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гүйцэтгэлийн дамжлага дээр үндсэн гэрээгээр ажиллаж байсан. Миний ажиллаж байгаа гүйцэтгэл гэсэн ажлын байрны тодорхойлолтод хөрөөгөөр ажиллах заалт байхгүй. ...Гүйцэтгэл гэдэг нь буйдангийн бэлэн болсон бэлдэцүүдийг хооронд нь холбож угсардаг. Бэлэн болсон буйдангаа боож зөөдөг. Эдгээрээс өөр ажил заагдаагүй байдаг. ...” гэх, яллагдагч Ч.Сын “...Гэ нь бүрэлтийн ажилтан албан тушаал дээр ажилладаг бөгөөд буйдангийн бүрээсийг углаж бүрэх, нугас, хөл зэргийг хийх гэх мэт тоноглолын ажлыг хийж гүйцэтгээд бэлэн болсон бүтээгдэхүүнийг савлаж боож зөөдөг юм. Гийн ажил үүргийн хуваарьт градустай хөрөөн дээр ажиллах ямар нэг эрх үүрэг зохицуулалт байхгүй. ...” гэх, яллагдагч Х.Бын “...Гэ нь гүйцэтгэл болон бүрэлтийн ажил хийдэг. Энэ нь буйданг бүрээсээр бүрж, хөл нугас гэх мэт зүйлийг тогтоох, бэлдцийг зөөж авч ирдэг. Заримдаа хүн дутуу үед сав, баглаа, боодол хийх зэрэг ажил үүрэг гүйцэтгэдэг. Д.Гийн ажил үүргийн хуваарьт градустай хөрөөн дээр ажиллах ямар нэг эрх үүрэг зохицуулалт байхгүй. Д.Гэ нь гүйцэтгэлийн тасагт ажилладаг бөгөөд мужааны тасаг гэж тусдаа тасгийн ажилчид градустай хөрөөн дээр ажиллах ёстой байдаг. .” гэх, гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг болон яллагдагч Д.Бы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Д.Гэ 2020 оны 4 дүгээр сараас эхлэн үндсэн ажилтнаар манай компанид бүрэлтийн ажилтан албан тушаал дээр ажиллаж байсан. Д.Гэ тухайн үед бүрэлтийн ажилтан гэсэн албан тушаал дээр ажиллах ёстой байсан бөгөөд цехийн дарга нь дур мэдэн хөрөөн дээр ажиллуулсан байсан. Тухайн үед миний зүгээс хяналт тавьж чадаагүй нь үнэн. ...Би үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын хувьд энэ талаар мэдэж хяналт тавих ёстой байсан. ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5076 дугаартай дүгнэлт, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ХАБ-036/07 дугаартай хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн ... “Говь хангай буйдан” ХХК-ийн ажил олгогч нь албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажлын байрны шилжилт хөдөлгөөн хийгдэж байхад хяналт тавьж ажилладаггүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина/-д заасныг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байхад шүүх 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд, яллагдагч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Х.Б, Ч.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Б, Ч.С, Х.Б нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авч хянан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний саналыг яллагдагч нарт танилцуулж, гарын үсэг зуруулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд зааснаар “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байхад мөн хуулийн дээрх зүйл заалтуудыг ноцтой зөрчиж яллагдагч Д.Бы холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

            Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...Д.Гийн хохирогчоор өгсөн, Ч.С, Х.Б, Төгөлдөр нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэргээс үзэхэд Д.Б нь хохирогч Д.Гийг өөр ажилд шилжүүлсэн асуудлыг мэдэх боломжтой байсан гэж үзэж байна. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед шууд удирдаж ажиллаж байсан цехийн дарга шилжилт хөдөлгөөн хийсэн байсныг би мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. ...” гэв.

            Шүүгдэгч Ч.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний буруутай үйлдлээс болсон. ...” гэв.

            Шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 “Говь хангай буйдан” ХХК-ийн цехийн дарга ажилтай Ч.С нь гүйцэтгэлийн ажилтан Д.Гийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр дур мэдэн туслах мужаанаар ажиллуулж, тухайн ажилтны ажлын байрны онцлогт тохирсон зааварчилгаа өгөлгүйгээр зөвхөн гарын үсэг зуруулсан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай Х.Б нь Говь хангай буйдан ХХК-ийн цехийн дарга Ч.С гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Гийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр мужааны туслахаас өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулж, ээлжит бус давтан сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллалгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Говь хангай буйдан” ХХК-ийн үйлдвэрийн байранд Д.Гэ нь туслах мужаанаар ажиллах явцдаа суурин хөрөөнд гараа гэмтээж улмаар түүний бие махбодид зүүн гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1 дүгээр шивнүүрийн түвшинд тасрал бүхий, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Гийн “...Би ... “Говь хангай буйдан” ХХК-ийн үйлдвэрийн байранд градустай хөрөөн дээр буйдангийн тохойвч хөрөөдөж, бэлдэж байгаад өөрийнхөө гарыг гэмтээсэн. ...2020 оны 1 дүгээр сард тус ХХК-д гүйцэтгэлийн дамжлага дээр түр гэрээгээр ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гүйцэтгэлийн дамжлага дээр үндсэн гэрээгээр ажиллаж байсан. Миний ажиллаж байгаа гүйцэтгэл гэсэн ажлын байрны тодорхойлолтод хөрөөгөөр ажиллах заалт байхгүй ... талаар би мэдэж байсан. Гүйцэтгэл гэдэг нь буйдангийн бэлэн болсон бэлдцүүдийг хооронд нь холбож угсардаг. Бэлэн болсон буйдангаа боож зөөдөг. Эдгээрээс өөр ажил заагдаагүй байдаг. 3 дугаар цехийн 2 дугаар бригадын мужаан Баянбаатар нь миний ажиллаж байсан 3 дугаар бригадын хүмүүстэй хамт амрахаар болоод би оронд нь үлдэж ажилласан. Цехийн дарга С намайг Баянбаатарын оронд мужааны орон тоон дээр ажиллаарай гэсэн юм. ...Би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр градустай хөрөөн дээр ажилласан. 2020 оны 4 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 2 дугаар бригадын мужаанаар хэрхэн хөрөөн дээр ажиллах ёстойг заалгаж, дадлагажих ганц нэг удаа бага сага зүйл хөрөөдөж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс бие даан хөрөөгөөр ажиллаж эхэлсэн. Цехийн дарга С намайг туслах мужаанаар ажиллаарай гэсэн бөгөөд ажиллаж байх үед 2 дугаар бригадын мужааны ахлах нь надад бэлдэц гаргаж өгөх ёстой байсан боловч завгүй байна гээд байхаар нь би ... тухайн өдөр уг хөрөөгөөр ажилласан. ...Харин намайг хөрөөгөөр ажиллаж байхад Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер хажуугаар хэд хэдэн удаа өнгөрч байсан болохоор намайг хөрөөгөөр ажиллаж байгааг харж мэдсэн байх. Хоёрдугаар бригадын дарга мэдэж байсан. ...Уг хөрөөн дээр ямар стандартын дагуу ажиллах ёстой гэдгийг мэдэхгүй тул дагаж мөрдсөн эсэхээ сайн мэдэхгүй байна. 5-6 ширхэг мод давхарлаж тавиад хөрөөдөх гэж байх үед гэнэт мод нь гүйж гартай минь хамт хөрөөнд орсон. ...” /хх 30-32/,

Д.Бы яллагдагчаар өгсөн “...Д.Гэ 2020 оны эхнээс эхлэн түр гэрээгээр бүрэлтийн ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 4 сараас эхлэн үндсэн ажилтнаар манай компанид бүрэлтийн ажилтан албан тушаал дээр ажиллаж байсан. Гэ тухайн үед бүрэлтийн ажилтан гэсэн албан тушаал дээр ажиллах ёстой байсан бөгөөд цехийн дарга дур мэдэн хөрөөн дээр ажиллуулсан байсан. Тухайн үед нь миний зүгээс хяналт тавьж чадаагүй нь үнэн. С надад энэ талаар хэлээгүй. Би үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын хувьд энэ талаар мэдэж хяналт тавих ёстой, үүнийг мэдэх боломжтой байсан боловч хяналт тавьж мэдээгүй. ...” /хх 35-36, 70-71/,

Ч.Сын яллагдагчаар өгсөн “...”Би Говь хангай” ХХК-ийн буйдангийн үйлдвэрт цехийн даргаар ажилладаг. ...Хуруугаа гэмтээсэн Гэ нь манай нөхрийн төрсөн дүү бөгөөд ... тухайн өдөр намайг Гийн хамт ирэх үед бусад ажилчид зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан байсан болохоор би зөвхөн Гэд зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулсан. ...Хүний нөөцийн ажилтан Нарантуяа “хүн хуруугаа хөрөөнд авчихлаа” гээд намайг чиглээд гүйгээд ирэхээр нь ... заал руу очтол Гэ зүүн гараа хөвөнгөөр ороочихсон цус гарсан байдалтай байж байсан. ...Өөр цехийн ахлахаас машиныг нь гуйж аваад Гэ, Б бид гурав Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Гэ нь бүрэлтийн ажилтан албан тушаал дээр ажиллагдаг бөгөөд буйдангийн бүрээсийг углаж бүрэх, нугас, хөл зэргийн хийх гэх мэт тоноглолын ажлыг хийж гүйцэтгээд бэлэн болсон бүтээгдэхүүнийг савлаж боож зөөдөг юм. Гийн ажил үүргийн хуваарьт градустай хөрөөн дээр ажиллах ямар нэг эрх үүрэг зохицуулалт байхгүй. ...” /хх 37-38, 72-73/,

Х.Бын яллагдагчаар өгсөн “...Би тус компанид 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байна. Би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө ажил дээрээ ирээд цахилгаанчин, засварчин Энхдарийн хамт бүх цех, тасгуудаар явж бүх техник тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг шалгасан. Энэ үед цех тасгийн дарга нар ажилчид нартаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байсан. Тухайн үед ... 3 дугаар цехийн дарга С ажилдаа ирээгүй байсан. ...Гуравдугаар цехийн мужаан Төгөлдөр над дээр хүрч ирээд “градустай хөрөөн дээр нэг залуу хуруугаа авчихлаа” гэж хэлсэн. ...Яваад очтол Гэ гэх бүрэлтийн ажилтан залуу зүүн гарынхаа 2 хурууг хөрөөнд авч тасалсан байдалтай байхаар нь ... цехийн даргыг нь дуудуулаад шууд машинаар Сын хамт Гийг авч яваад Гэмтлийн эмнэлэг дээр очиж тусламж авсан. ...Тухайн өдөр уг осол гарсны дараа би 3 дугаар цехийн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан хүснэгтийг шалгахад тухайн үед ажиллаж байсан бүх ажилчид танилцаж гарын үсэг зурсан байсан. Миний ойлгож байгаагаар Гэ нь гүйцэтгэл болон бүрэлтийн ажил хийдэг. Энэ нь буйданг бүрээсээр бүрж, хөл нугас гэх мэт зүйлийг тогтоох, бэлдцийг зөөж авч ирдэг. Заримдаа хүн дутуу үед сав баглаа боодол хийх зэрэг ажил үүрэг гүйцэтгэдэг. Гийн ажил үүргийн хуваарьт градустай хөрөөн дээр ажиллах ямар нэг эрх үүрэг зохицуулалт байхгүй. Гэ нь гүйцэтгэлийн тасагт ажилладаг бөгөөд мужааны тасаг гэж тусдаа тасгийн ажилчид градустай хөрөөн дээр ажиллах ёстой байдаг. ... /хх 39-40, 74-75/,

гэрч Б.Төгөлдөрийн “...Би ... 2020 оны 1 дүгээр сард Гийг тус компанид ажил орсон үеэс эхлэн зүс таних болсон. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орчим 2 дугаар бригадын ажилчид амарсан бөгөөд Гэ амралгүйгээр үлдээд манай бригадад мужааны туслахаар ажиллах болсон. Эхний хэдэн өдөр манай мужаан Нямдорж бид хоёр нарийн хэмжээтэй хэцүү ажлаа өөрсдөө градустай хөрөөн дээрээ хийгээд, хийхэд хялбар хөрөөдөх ажлыг Гэ хийдэг байсан. Манай бригадын мужаан Баянбаатар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр амарсан бөгөөд түүний оронд Гэ мужааны ажил хийж үлдсэн юм. ...Би хажууд нь ... зогсож байтал Гэ градустай хөрөөнд дээр тохойвч хөрөөдөх гэж байгаад гэнэт гараа уг хөрөөнд гэмтээх шиг болсон. Би дөхөж очоод харсан чинь Гийн зүүн гарын долоовор болон дунд хуруу нь тасарсан, цус гарч байхаар нь би шууд гүйж яваад ХАБ-ын инженерт хэлээд дагуулаад ирсэн юм. ...2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өглөөнөөс орой хүртэл тохойвчны бэлдэц зүсэж, гардустай хөрөөн дээр ажилласан. Гийг манай бригадад мужаанаар ажиллаж уг хөрөөн дээр бэлдэц хийж байгааг манай бригадын дарга болон цехийн дарга С нар мэдэж байсан. ...” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5076 дугаартай “...Д.Гийн биед зүүн гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1 дүгээр шивнүүрийн түвшинд тасрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулна. ...” /хх 17-18/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Ч.С, Х.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Ч.С нь “Говь хангай буйдан” ХХК-ийн цехийн даргаар ажиллаж байхдаа гүйцэтгэлийн ажилтан Д.Гийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр дур мэдэн туслах мужаанаар ажиллуулж, тухайн ажилтны ажлын байрны онцлогт тохирсон зааварчилгаа өгөлгүйгээр зөвхөн гарын үсэг зуруулсан, шүүгдэгч Х.Б нь “Говь хангай буйдан” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа “Говь хангай буйдан” ХХК-ийн цехийн дарга Ч.С нь гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Гийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр мужааны туслахаас өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулж, ээлжит бус давтан сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллалгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Говь хангай буйдан” ХХК-ийн үйлдвэрийн байранд Д.Гэ нь туслах мужаанаар ажиллах явцдаа суурин хөрөөнд гараа гэмтээж улмаар түүний бие махбодид зүүн гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1 дүгээр шивнүүрийн түвшинд тасрал бүхий, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан уг гэмт хэргийн объектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй” үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрхээс бусад болгоомжгүй тодорхой үйлдэл хийсний улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамааруулахгүйгээр хуульчилжээ.

Хэргийг шинжлэн судлахад, “Говь хангай буйдан” ХХК-ийн цехийн дарга Ч.С нь гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Гийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр дур мэдэн туслах мужаанаар ажиллуулсан, мөн тухайн ажилтны ажлын байрны онцлогт тохирсон зааварчилгыг өгөлгүйгээр зөвхөн гарын үсэг зуруулсан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай Х.Б нь ажил үүргийн хувьд цехийн дарга Ч.С нь гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Гийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр мужааны туслахаас өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулж, ээлжит бус давтан сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллах үүргээ гүйцэтгээгүйн улмаас гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тодруулбал, Ч.С нь цехийн дарга, Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр хөтөлбөргүй тогтоогдож байх ба тэдгээр нь хууль болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй үйлдэл, Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад тохиолдолд хүний биед хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд цехийн дарга Ч.Сын хохирогч Д.Гийг өөр ажил албанд дур мэдэн томилсон ба энэ талаараа үйлдвэр хариуцсан захирал Д.Бд мэдэгдээгүй үйл баримт тогтоогдсон байх бөгөөд түүний хууль бус шинжтэй эс үйлдэхүй нотлогдон тогтоогдохгүй, эс үйлдэхүй болон хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын “...Говь хангай буйдан ХХК-ийн захирал буюу ажил олгогч Д.Бы эс үйлдэхүйгээр үйлдсэн гэмт хэрэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба өөрөө гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу” гэх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг шүүх хуралдаанаар хэргийг хянана, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 “яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус зааснаар прокурорын “...Д.Быг өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан атал шүүхээс түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ...” гэх эсэргүүцэл нь хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагчийн өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж тус тус заасныг зөрчжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр бичгээр гаргахдаа хугацааг хэтрүүлэн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хэргийн оролцогч нарт гардуулсан, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэргийн бусад оролцогч нарт 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн зөрчил гаргасан байгааг энэхүү магадлалд дурдаж, цаашид ийм алдаа, зөрчил гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Хишигжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Хишигжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ