Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2021/01019

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2021/01019

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг /Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги/-д хүмүүжиж буй ******* /РД:ФБ98100711/-д холбогдох,

 

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 253.440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, /онлайнаар/, хариуцагч ******* /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бусдын гарт өртөж амь нас нь хохирсон. Талийгаач ******* нь амьд ахуйдаа хувийн хэвшилд ажиллаж сарын 1.500.000 төгрөг цалин авч ар гэрээ тэжээн тэтгэж амьдралаа авч явдаг байсан. Талийгаачаас хойш охин *******д тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр өрхийн ямар нэгэн орлогогүй болсон. Охин ******* 2019 оны 02 дугаар сарын 04-нд төрсөн, одоо 2 нас 1 сартай, эрүүл саруул өсөж байгаа. Охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зохих байгууллагаас сарын 180.000 төгрөгөөр тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа учраас уг зөрүүг сарын 1.320.000 төгрөгийг 18 нас хүртэл нь нийт /253.440.000 төгрөг/ гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг эрүүгийн хэргийг шалгах явцад нэхэмжлээгүй учраас иргэний журмаар нэхэмжилж байна. Иймд хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бусдын гарт өртөж амь нас хохирсон. Талийгаач ******* нь амьд ахуйдаа хувийн хэвшилд ажиллаж байсан бөгөөд сарын 1.500.000 төгрөгийн цалин авч ар гэрээ тэжээж тэтгэж амьдралаа авч явдаг байсан. Талийгаачаас хойш охин *******д тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр өрхийн ямар нэгэн орлогогүй болсон. Охин ******* нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Одоо эрүүл саруул өсөж байна. Охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зохих байгууллагаас сарын 180.000 төгрөгөөр тогтоосон. Мөн одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгаа бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын хоорондох зөрүү сарын 240.000 төгрөгийг 16 жилээр тооцож, охин *******г 18 нас хүртэл нийт 46.080.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг эрүүгийн хэргийг шалгах явцад нэхэмжлээгүй учраас иргэний журмаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөлгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар овогтой Болд-Очир нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ренцэнсүрэн овогтой Өлзийбатын гарт амь насаа алдсан. ******* нь миний охин ******* овогтой Хулантай нэг гэр бүл болон хамтран амьдарч байсан. *******, ******* хоёрын дундаас охин ******* төрсөн. Талийгаач ******* нь хувийн хэвшилд ажилладаг, 1.500.000 төгрөгийн цалин авч ар гэрээ авч явдаг байсан. Тухайн үед охин ******* нь 1 ой, 2 сартай байсан. Улсаас миний зээ охин *******д тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 180.000 төгрөгийг олгодог. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг болсон. Зээ охин ******* маань эрүүл саруул бойжиж байгаа. ******* болон миний зээ охин хоёр маань ямар нэгэн орлого байхгүй. Зээ охин маань бага учир ******* ажил хийх боломжгүй байна. Иймд *******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж улсаас олгож байгаа 180.000 төгрөгийн зөрүү 240.000 төгрөг болж байна. Иймд охин *******г 18 насанд хүртэл буюу 16 жилээр тооцож 46.080.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. *******ын ярьж байгаагаар 28 настай залуугийн амь насыг хохироочихоод 10 жилийн ял авсан гэж ярьж байна. Амьдрал гэдэг зүйл рүү дөнгөж алхаж орж байсан, бүхэл бүтэн хүний амийг хохироосон. Эцэг нь гэдсэндээ хутгалуулчихаад сэмж нь гоожоод хэвтэж байхдаа охиноосоо хараагаа салгаж чадахгүй 2 нүдээрээ дүүрэн нулимстай уйлж байсан. Охин нь аав дээрээ очъё гээд уйлж байхыг би өөрийнхөө нүдээр харсан. Охин нь ааваа гэж хэлд орсон. Тухайн үед ******* утсаар ааваа эд нар намайг хүн алчихлаа гээд байх юм гэж ярьж байсан. ******* эднийд ирээд талийгаачийг хүүхэдтэйгээ инээд алдаад тоглож байхыг нь харж байсан. Тухайн үед арга ядаад хүүхэд нь уйлаад байхаар нь айл руу аваад орчих гээд дүүдээ өгөөд явуулсан. Би хүргэнээ муу хүн гэж хэлэхгүй. Эхнэр хүүхдээ хүний дайтай, юугаар ч дутаахгүй авч явж байсан. *******ын энэ үйлдлээс болоод миний охин 2 сартай дутуу төрсөн. Нэг ёсондоо ******* гэдэг хүн манай 2 хүний амь насыг хохироосон. ******* ээжээ миний бие эвгүй байна гээд байхаар нь эмч дээр очоод үзүүлэхэд хүүхэд нь зулбаж байна гэсэн. Эхлээд эцэг нь, дараа нь долоо ч хоноогүй хүүхэд нь хохирсон. Өнөөдөр ******* хүүхдийг нь гараад харж хандана гэж байна. Миний зээ охин *******ыг гарч ирэхэд хэдэн настай байх вэ?. ******* зээ охинтой минь уулзаад би чиний аавыг чинь алчихсан, одоо чамайг тэжээж харж хандана гэж хэлэх үү? тухайн үед хүүхэд маань юу гэж ойлгох юм бэ?. Одоо зээ охин маань аавынхаа фейсбүүк рүү залгачихаад миний аав утсаа авахгүй байна гэж ярьж байна. Хүүхэд нь сургуульд орно, гараас нь хөтлөөд явах эцэггүй, насан туршдаа ааваа гэж дуудах эцэггүй болсон. *******аас 18 нас хүртэлх хугацааны мөнгийг нь л нэхэмжилж байна. Хүүхэд нь 18 насанд хүрэхэд аав нь босоод ирэх юм уу? ******* шоронгоос 10 жилийн дараа амьд сэрүүн гараад ирнэ. Гэтэл хүүхэд нь 18 жилийн дараа аав дээрээ очъё гэхэд овоолсон шороон дээр очно. Сургуульд орж байгаа хүүхдүүд эцэг, эх хоёрынхоо дунд хөтлөлцөөд явж байна. Гэтэл миний зээ охины нэг гарнаас хөтлөөд явах хүн байхгүй. Насан туршдаа ааваа гэж дуудах аавгүй, хайрлах эцэггүй болгосон. Эцгийн хайр гэдгийг мэдэхгүй охин маань өсөж байна. Зээ охин маань хүнтэй гэр бүл болоход аавынх нь суудал хоосон. ******* охин маань дахиж хүнтэй гэрлэхгүй гэж надад амласан. Охин хүүхэдтэй юм чинь дахин хүнтэй нийлэхгүй, надад нийлэх эрх байхгүй, ганцхан охиныхоо төлөө амьдарна гэсэн. Гэтэл ******* гарч ирчихээд энэ хүүхдийг харж хандана гэж ярьж байна. Эцэг нь байсан бол хүүхдээ сургууль, бүх зүйлээр нь хангана. Хүргэн маань 5 охинтой болно гэж ярьдаг байсан. Гэтэл нэг охин төрөөд дахиад нэг нь бий болчихсон байхад *******ын энэ үйлдлээс болоод дутуу төрчихсөн. Хоёрдугаарт хүүхдийн эрх энэ хурал дээр огт яригдахгүй байна. Миний зээ охины эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. *******аас нэхэмжилж байгаа энэ мөнгө аав хүний хайр, сэтгэл, халамжийг орлож чадахгүй. Талийгаач өнгөрснөөс хойш энэ хоёрын санхүүгийн байдал хүнд байгаа. Зовлон яриад гэж ******* ярьж байна. Гэхдээ зовлон ярих зүйлийг ******* хийсэн. Энэ уй гашуу, насан туршийн зовлонг ******* авч ирсэн. Тиймээс энэ бүхнийг хуулийн дагуу нотолж шийдвэрлэж өгнө үү гэж хүсмээр байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ренчинсүрэнгийн Өлзийбат би нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний хувьд одоо Орхон аймаг дахь хорих 437 дугаар ангид ял эдэлж байна. Энэ хэргийн улмаас 10 жилийн хорих ял авсан. *******гийн нэхэмжилсэн мөнгийг төлөх ямар ч боломжгүй. Хөл хорио, цар тахлын улмаас ар гэрийнхэнтэйгээ уулзаж, ярилцаж чадахгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэргийн улмаас би 10 жилийн хорих ял авсан. Сар болгон мөнгө өгөх боломж надад байхгүй. Манай ар гэр бас хэцүү байгаа. Зовлон яривал хүн болгон ярих байх. Манай аав тогтсон ажилгүй. Өнчин 4 дүүтэй маань амьдардаг. Өдрийнхөө хоолыг яая гэсэн хүмүүс байгаа. Би 10 жилийн хорих ялаа эдэлж дуусаж гараад хүүхдийг нь оргүй хаяхгүй. Сургуульд сурах болон цаашид нь тус дэмтэй явна гэж бодож байна. Надад одоо шууд гаргаад өгчих мөнгө байхгүй учраас энэ мөнгийг төлж чадахгүй. Би дахин уучлал гуйж байна. Би энэ хэргийг санаатай хийгээгүй. Архи уугаад санамсаргүй үйлдлээс болж ийм хэрэг гарсан. Талийгаач ******* ах намайг дуудаад бид нар хамт архи уусан. Жижиг зүйлээс болоод ийм асуудал болсон. Санаатай очоод тэр хүнийг алаад насан туршид нь гунигтай үлдээчихье гэсэн санаа байгаагүй. Би шоронгоос гарч байж тус болно. Шоронд байх хугацаандаа яаж тус болох юм бэ? гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Энэ хэрэг маань 2 дахь удаагаа шүүх хурлаар хэлэлцэгдэж байна. Өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байгаа учраас нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариуцагчийнхаа тайлбарыг дэмжиж оролцож байна. Тиймээс энэ хүн ажлаа хийж байгаа юм шүү гэдэг байдлаас нь ойлгоосой гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу охинд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүгээр нэхэмжилдэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 420.000 төгрөг байна. Талийгаач нь нийгмийн даатгалын санд 36 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан учраас нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоогдоогүй байсан. Тодруулж хэлбэл нийгмийн даатгалаас ажилласан байдлаараа тэтгэвэр тогтоогдоогүй. Нийгмийн халамжаас халамжийн тэтгэврийн доод хэмжээ буюу 180.000 төгрөгөөр тэтгэвэр тогтоогдсон байдал харагддаг. Хэрэгт авагдсан баримтаар охинд нь сар бүр 188.000 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн зөрүүгээр бол тэтгэвэр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол зөв юм. Гэхдээ энэ бодолтыг хийхдээ тооцоолол дээр анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авч байгаа тэтгэвэр олголтын жагсаалтыг барина хэргийн материал дотор байгаа сар болгон 288.000 төгрөг авч байгаа гэсэн баримт байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 420.000, авч байгаа тэтгэвэр 288.000 үүнээс зөрүү нь 132.000 харагдаж байна. Үүнээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа 18 нас хүртэл 16 жилээр бодоход 25.344.000 төгрөг гарч байгаа. Тэгэхээр тооцоолол дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөх, бусад байдал, түр өсөх гэсэн бусад шалтгаанаар энэ хэлээд байгаа тэтгэврийн зөрүү дээр ямар нэгэн өөрчлөлт гарвал нэхэмжлэх эрхийг нь хангаж өгөөч гэж хүсэж байна. Өнөөдөр хохирогчийн ар гэрт хүнд, уй гашуутай хэцүү байгааг ойлгож байна. Залуу хүн гэнэтийн зүйлд цочролгүй яах вэ?, хажууд нь харж байгаа эх хүнд хэцүү байлгүй яах вэ? гэхдээ өнөөдөр энэ дотор эрүүгийн хэргийнх нь хувьд буюу энэ хүн тэр хүнийг хохироосон гэдэг дээр эрүүгийн хариуцлага хүлээгээд байж байна. Бид нарын өнөөдрийн ярьж байгаа асуудал юу вэ гэхээр энэ хүүхдийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэхийн тулд аавынх нь олж байгаа цалинтай холбоотой гэм хорын нэхэмжлэлийг Иргэний хуулийн 508 дугаар зүйл, 514 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүх энэ асуудлыг шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байх. Уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорыг багасгаж болно гэсэн зохицуулалт, энэ зохицуулалтыг харгалзан үзээч гэж шүүхээс хүсэж байна. Энэ тооцоолол дээр харахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн авч байгаа тэтгэвэр хоёрын зөрүү бол 132.000 төгрөг байна. Энэ дээр дүгнэлт хийж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. Энэ хэрэг маань өмнө нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас буцсан үндэслэл нь юу вэ гэхээр цалин тэтгэвэр 2 аль аль нь өснө. Үүний зөрүүгээр тооцох боломжтой юмаа гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн. Нэгэнт өнөөдөр ******* гэдэг хүн өөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 гэдгийг зөвшөөрөөд одоо авч байгаа тэтгэврийн зөрүү буюу анх тэтгэвэр тогтоогдсон 188.000 гэж үзээд энэ зөрүүг нэхэмжилсэн байхад үүнийг тооцоолол буюу бүдүүвчилсэн байдлаар үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан байгаа баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийжээ гэсэн байдлаар шийдвэрлэсэн. Өнөөдөр шүүх ингэж дүгнэлт хийхдээ миний хэлээд байгаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-ийг анхааран үзнэ үү. Янз бүрийн зөрүү гарвал цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиоч. Энэ дээр бас нэг зүйлийг Хулан болон Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэдийгээр хэлэх ёсгүй ч гэсэн зориг гарган хэлэхийг хүсэж байна. Талийгаач болон миний үйлчлүүлэгч хорин хэдхэн настай. Тэгэхээр энэ хүүхдүүдийн болгоомжгүй болчимгүй үйлдлүүдээс болж гэм хор учирчихсан байна. Гэхдээ *******г нэхэмжлэл гаргаснаас хойш Өлзийбаттай хорих анги дээр нь нэлээн хэдэн удаа очиж уулзлаа. Хүүхдүүд болгоомжгүй болчимгүй үйлдэл хийсэн байдаг. Би найзынхаа хүүхдийг харж хандах ёстой, энэ хүүхдийг үнэхээр миний боломж чадал юу байдаг юм, үнэхээр энэ асуудал дээр анхаарал хандуулах ёстой гэж хэлдэг. Өөрийнхөө хэлээд байгаа зүйлээ та нарт буруу ойлгуулсан, ийм байдлаар хандсан бол уучлаарай гэж хэлэхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ад холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 253.440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 46.080.000 төгрөг болгон бууруулсан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэргийн улмаас би 10 жилийн хорих ял авсан. Сар болгон мөнгө өгөх боломж надад байхгүй. Манай ар гэр бас хэцүү байгаа. Манай аав тогтсон ажилгүй, өнчин 4 дүүтэй маань амьдардаг. Би шоронгоос гарч байж тус болно. гэх тайлбар гаргасан.

 

Хариуцагч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 197 тоотод иргэн *******ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсныг мэдсээр байж, түүнтэй маргалдаж, хэвлий тус газарт 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, иргэний нэхэмжлэгч *******г тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг тул нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч ******* талийгаач ******* нар 2018 оны 02 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан, тэдний дундаас охин Болд-Очирын Мөрөн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн болох нь хүүхдийн 1110570044 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/00061 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож байна.

 

Охин *******д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2037 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 188.000 төгрөгийн хэмжээгээр олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан *******гийн 0016619 дугаартай тэтгэмжийн дэвтрийн бичилтээр нэхэмжлэгч нь 2020 оны 06 сараас эхлэн сар бүр 288000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч ...Засгийн газрын тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр 100000 төгрөгөөр нэмэгдэж одоо 288.000 төгрөгийн тэтгэмж авч байгаа... гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж, мөн хуулийн 508.3-т Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан.

 

Иймд хариуцагч *******аас сар бүр тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү /420000-288000=132000/-г тооцон гаргуулж, охин ******* /РД:УЛ19220425/-г 18 нас хүртэл нь /нэхэмжлэл гаргах үед 2 нас 1 сартай байсан ба 15 жил 11 сар буюу 191 сар*132000/ 25.212.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.604.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт орох тохиолдолд зөрүүг нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

 

Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч П.Баян-Өлзийд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ковид-19 өвчнөөр өвчилсөн шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 284.010 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зйлийн 508.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 25.212.000 /хорин таван сая хоёр зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20.604.000 /хорин сая зургаан зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 284.010 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                    Б.БЯМБАСҮРЭН

 

Л.АРИУНЦЭЦЭГ