Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102

 

Э................гийн нэхэмжлэлтэй

хариуцагч Р................ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

............... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/01019 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э................гийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Р................ад холбогдох,

 

 “Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 46.080.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгч Э................гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э................, хариуцагч Р................ /............... дугаар нээлттэй хорих ангиас цахимаар/ хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Э................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний нөхөр С................ нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бусдын гарт өртөж амь нас нь хохирсон. Талийгаач С................ нь амьд ахуйдаа хувийн хэвшилд ажиллаж сарын 1.500.000 төгрөг цалин авч ар гэрээ тэжээн тэтгэж амьдралаа авч явдаг байсан. Талийгаачаас хойш охин Б................д тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр өрхийн ямар нэгэн орлогогүй болсон. Охин Б................ 2019 оны 02 дугаар сарын 04-нд төрсөн, одоо 2 нас 1 сартай, эрүүл саруул өсөж байгаа. Охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зохих байгууллагаас сарын 180.000 төгрөгөөр тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа учраас уг зөрүүг сарын 1.320.000 төгрөгийг 18 нас хүртэл нь нийт /253.440.000 төгрөг/ гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг эрүүгийн хэргийг шалгах явцад нэхэмжлээгүй учраас иргэний журмаар нэхэмжилж байна. Иймд хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хариуцагч Р................аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э................ нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлдээ:

 Миний нөхөр С................ нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бусдын гарт өртөж амь нас хохирсон. Талийгаач С................ нь амьд ахуйдаа хувийн хэвшилд ажиллаж байсан бөгөөд сарын 1.500.000 төгрөгийн цалин авч ар гэрээ тэжээж тэтгэж амьдралаа авч явдаг байсан. Талийгаачаас хойш охин Б................д тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр өрхийн ямар нэгэн орлогогүй болсон. Охин Б................ нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Одоо эрүүл саруул өсөж байна. Охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зохих байгууллагаас сарын 180.000 төгрөгөөр тогтоосон. Мөн одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгаа бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын хоорондох зөрүү сарын 240.000 төгрөгийг 16 жилээр тооцож, охин Б................г 18 нас хүртэл нийт 46.080.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг эрүүгийн хэргийг шалгах явцад нэхэмжлээгүй учраас иргэний журмаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар овогтой ............... нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ............... овогтой ...............ын гарт амь насаа алдсан. С................ нь миний охин Ж................ овогтой ...............тай нэг гэр бүл болон хамтран амьдарч байсан. С................, Э................ хоёрын дундаас охин Б................ төрсөн. Талийгаач С................ нь хувийн хэвшилд ажилладаг, 1.500.000 төгрөгийн цалин авч ар гэрээ авч явдаг байсан. Тухайн үед охин Б................ нь 1 ой, 2 сартай байсан. Улсаас миний зээ охин Б................д тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 180.000 төгрөгийг олгодог. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг болсон. Зээ охин Б................ маань эрүүл саруул бойжиж байгаа. Э................ болон миний зээ охин хоёр маань ямар нэгэн орлого байхгүй. Зээ охин маань бага учир Э................ ажил хийх боломжгүй байна. Иймд Р................аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж улсаас олгож байгаа 180.000 төгрөгийн зөрүү 240.000 төгрөг болж байна. Иймд охин Б................г 18 насанд хүртэл буюу 16 жилээр тооцож 46.080.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Р................ын ярьж байгаагаар 28 настай залуугийн амь насыг хохироочхоод 10 жилийн ял авсан гэж ярьж байна. Амьдрал гэдэг зүйл рүү дөнгөж алхаж орж байсан, бүхэл бүтэн хүний амийг хохироосон.

Эцэг нь гэдсэндээ хутгалуулчхаад сэмж нь гоожоод хэвтэж байхдаа охиноосоо хараагаа салгаж чадахгүй 2 нүдээрээ дүүрэн нулимстай уйлж байсан. Охин нь аав дээрээ очъё гээд уйлж байхыг би өөрийнхөө нүдээр харсан. Охин нь ааваа гэж хэлд орсон. Тухайн үед Р................ утсаар ааваа эд нар намайг хүн алчихлаа гээд байх юм гэж ярьж байсан. Р................ эднийд ирээд талийгаачийг хүүхэдтэйгээ инээд алдаад тоглож байхыг нь харж байсан. Тухайн үед арга ядаад хүүхэд нь уйлаад байхаар нь айл руу аваад орчих гээд дүүдээ өгөөд явуулсан. Би хүргэнээ муу хүн гэж хэлэхгүй. Эхнэр хүүхдээ хүний дайтай, юугаар ч дутаахгүй авч явж байсан. Р................ын энэ үйлдлээс болоод миний охин 2 сартай дутуу төрсөн. Нэг ёсондоо Р................ гэдэг хүн манай 2 хүний амь насыг хохироосон. Э................ ээжээ миний бие эвгүй байна гээд байхаар нь эмч дээр очоод үзүүлэхэд хүүхэд нь зулбаж байна гэсэн. Эхлээд эцэг нь, дараа нь долоо ч хоноогүй хүүхэд нь хохирсон. Өнөөдөр Р................ хүүхдийг нь гараад харж хандана гэж байна. Миний зээ охин Р................ыг гарч ирэхэд хэдэн настай байх вэ?. Р................ зээ охинтой минь уулзаад би чиний аавыг чинь алчихсан, одоо чамайг тэжээж харж хандана гэж хэлэх үү? тухайн үед хүүхэд маань юу гэж ойлгох юм бэ?Одоо зээ охин маань аавынхаа фейсбүүк рүү залгачхаад миний аав утсаа авахгүй байна гэж ярьж байна. Хүүхэд нь сургуульд орно, гараас нь хөтлөөд явах эцэггүй, насан туршдаа ааваа гэж дуудах эцэггүй болсон. Р................аас 18 нас хүртэлх хугацааны мөнгийг нь л нэхэмжилж байна. Хүүхэд нь 18 насанд хүрэхэд аав нь босоод ирэх юм уу? Р................ шоронгоос 10 жилийн дараа амьд сэрүүн гараад ирнэ. Гэтэл хүүхэд нь 18 жилийн дараа аав дээрээ очъё гэхэд овоолсон шороон дээр очно. Сургуульд орж байгаа хүүхдүүд эцэг, эх хоёрынхоо дунд хөтлөлцөөд явж байна. Гэтэл миний зээ охины нэг гарнаас хөтлөөд явах хүн байхгүй. Насан туршдаа ааваа гэж дуудах аавгүй, хайрлах эцэггүй болгосон.

Эцгийн хайр гэдгийг мэдэхгүй охин маань өсөж байна. Зээ охин маань хүнтэй гэр бүл болоход аавынх нь суудал хоосон. Э................ охин маань дахиж хүнтэй гэрлэхгүй гэж надад амласан. Охин хүүхэдтэй юм чинь дахин хүнтэй нийлэхгүй, надад нийлэх эрх байхгүй, ганцхан охиныхоо төлөө амьдарна гэсэн. Гэтэл Р................ гарч ирчхээд энэ хүүхдийг харж хандана гэж ярьж байна. Эцэг нь байсан бол хүүхдээ сургууль, бүх зүйлээр нь хангана. Хүргэн маань 5 охинтой болно гэж ярьдаг байсан. Гэтэл нэг охин төрөөд дахиад нэг нь бий болчихсон байхад Р................ын энэ үйлдлээс болоод дутуу төрчихсөн. Хоёрдугаарт хүүхдийн эрх энэ хурал дээр огт яригдахгүй байна. Миний зээ охины эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Р................аас нэхэмжилж байгаа энэ мөнгө аав хүний хайр, сэтгэл, халамжийг орлож чадахгүй. Талийгаач өнгөрснөөс хойш энэ хоёрын санхүүгийн байдал хүнд байгаа. Зовлон яриад гэж Р................ ярьж байна. Гэхдээ зовлон ярих зүйлийг Р................ хийсэн. Энэ уй гашуу, насан туршийн зовлонг Р................ авч ирсэн. Тиймээс энэ бүхнийг хуулийн дагуу нотолж шийдвэрлэж өгнө үү гэж хүсмээр байна гэжээ.

Хариуцагч Р................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч ...............гийн ............... би нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний хувьд одоо ............... аймаг дахь хорих ............... дугаар ангид ял эдэлж байна. Энэ хэргийн улмаас 10 жилийн хорих ял авсан. Э................гийн нэхэмжилсэн мөнгийг төлөх ямар ч боломжгүй. Хөл хорио, цар тахлын улмаас ар гэрийнхэнтэйгээ уулзаж, ярилцаж чадахгүй байгаа гэжээ.

Хариуцагч Р................ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэргийн улмаас би 10 жилийн хорих ял авсан. Сар болгон мөнгө өгөх боломж надад байхгүй. Манай ар гэр бас хэцүү байгаа. Зовлон яривал хүн болгон ярих байх. Манай аав тогтсон ажилгүй. Өнчин 4 дүүтэй маань амьдардаг. Өдрийнхөө хоолыг яая гэсэн хүмүүс байгаа. Би 10 жилийн хорих ялаа эдэлж дуусаж гараад хүүхдийг нь оргүй хаяхгүй. Сургуульд сурах болон цаашид нь тус дэмтэй явна гэж бодож байна. Надад одоо шууд гаргаад өгчих мөнгө байхгүй учраас энэ мөнгийг төлж чадахгүй. Би дахин уучлал гуйж байна. Би энэ хэргийг санаатай хийгээгүй. Архи уугаад санамсаргүй үйлдлээс болж ийм хэрэг гарсан. Талийгаач С................ ах намайг дуудаад бид нар хамт архи уусан. Жижиг зүйлээс болоод ийм асуудал болсон. Санаатай очоод тэр хүнийг алаад насан туршид нь гунигтай үлдээчихье гэсэн санаа байгаагүй. Би шоронгоос гарч байж тус болно. Шоронд байх хугацаандаа яаж тус болох юм бэ? гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Энэ хэрэг маань 2 дахь удаагаа шүүх хурлаар хэлэлцэгдэж байна. Өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байгаа учраас нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариуцагчийнхаа тайлбарыг дэмжиж оролцож байна. Тиймээс энэ хүн ажлаа хийж байгаа юм шүү гэдэг байдлаас нь ойлгоосой гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу охинд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүгээр нэхэмжилдэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 420.000 төгрөг байна. Талийгаач нь нийгмийн даатгалын санд 36 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан учраас нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоогдоогүй байсан. Тодруулж хэлбэл нийгмийн даатгалаас ажилласан байдлаараа тэтгэвэр тогтоогдоогүй.

Нийгмийн халамжаас халамжийн тэтгэврийн доод хэмжээ буюу 180.000 төгрөгөөр тэтгэвэр тогтоогдсон байдал харагддаг. Хэрэгт авагдсан баримтаар охинд нь сар бүр 188.000 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн зөрүүгээр бол тэтгэвэр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол зөв юм. Гэхдээ энэ бодолтыг хийхдээ тооцоолол дээр анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авч байгаа тэтгэвэр олголтын жагсаалтыг барина хэргийн материал дотор байгаа сар болгон 288.000 төгрөг авч байгаа гэсэн баримт байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 420.000, авч байгаа тэтгэвэр 288.000 үүнээс зөрүү нь 132.000 харагдаж байна. Үүнээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа 18 нас хүртэл 16 жилээр бодоход 25.344.000 төгрөг гарч байгаа. Тэгэхээр тооцоолол дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөх, бусад байдал, түр өсөх гэсэн бусад шалтгаанаар энэ хэлээд байгаа тэтгэврийн зөрүү дээр ямар нэгэн өөрчлөлт гарвал нэхэмжлэх эрхийг нь хангаж өгөөч гэж хүсэж байна. Өнөөдөр хохирогчийн ар гэрт хүнд, уй гашуутай хэцүү байгааг ойлгож байна. Залуу хүн гэнэтийн зүйлд цочролгүй яах вэ?, хажууд нь харж байгаа эх хүнд хэцүү байлгүй яах вэ? гэхдээ өнөөдөр энэ дотор эрүүгийн хэргийнх нь хувьд буюу энэ хүн тэр хүнийг хохироосон гэдэг дээр эрүүгийн хариуцлага хүлээгээд байж байна. Бид нарын өнөөдрийн ярьж байгаа асуудал юу вэ гэхээр энэ хүүхдийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэхийн тулд аавынх нь олж байгаа цалинтай холбоотой гэм хорын нэхэмжлэлийг Иргэний хуулийн 508 дугаар зүйл, 514 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүх энэ асуудлыг шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байх.

Уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорыг багасгаж болно гэсэн зохицуулалт, энэ зохицуулалтыг харгалзан үзээч гэж шүүхээс хүсэж байна. Энэ тооцоолол дээр харахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн авч байгаа тэтгэвэр хоёрын зөрүү бол 132.000 төгрөг байна. Энэ дээр дүгнэлт хийж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. Энэ хэрэг маань өмнө нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас буцсан үндэслэл нь юу вэ гэхээр цалин тэтгэвэр 2 аль аль нь өснө. Үүний зөрүүгээр тооцох боломжтой юмаа гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн. Нэгэнт өнөөдөр Э................ гэдэг хүн өөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 гэдгийг зөвшөөрөөд одоо авч байгаа тэтгэврийн зөрүү буюу анх тэтгэвэр тогтоогдсон 188.000 гэж үзээд энэ зөрүүг нэхэмжилсэн байхад үүнийг тооцоолол буюу бүдүүвчилсэн байдлаар үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан байгаа баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийжээ гэсэн байдлаар шийдвэрлэсэн. Өнөөдөр шүүх ингэж дүгнэлт хийхдээ миний хэлээд байгаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-ийг анхааран үзнэ үү. Янз бүрийн зөрүү гарвал цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиоч.

Энэ дээр бас нэг зүйлийг ............... болон ...............гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэдийгээр хэлэх ёсгүй ч гэсэн зориг гарган хэлэхийг хүсэж байна. Талийгаач болон миний үйлчлүүлэгч хорин хэдхэн настай. Тэгэхээр энэ хүүхдүүдийн болгоомжгүй болчимгүй үйлдлүүдээс болж гэм хор учирчихсан байна. Гэхдээ Э................г нэхэмжлэл гаргаснаас хойш ...............тай хорих анги дээр нь нэлээн хэдэн удаа очиж уулзлаа. Хүүхдүүд болгоомжгүй болчимгүй үйлдэл хийсэн байдаг. Би найзынхаа хүүхдийг харж хандах ёстой, энэ хүүхдийг үнэхээр миний боломж чадал юу байдаг юм, үнэхээр энэ асуудал дээр анхаарал хандуулах ёстой гэж хэлдэг. Өөрийнхөө хэлээд байгаа зүйлээ та нарт буруу ойлгуулсан, ийм байдлаар хандсан бол уучлаарай гэж хэлэхийг хүсэж байна гэв.

............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/01019 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т заасныг баримтлан хариуцагч Р................аас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 25.212.000 /хорин таван сая хоёр зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э................д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20.604.000 /хорин сая зургаан зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Р................аас улсын тэмдэгтийн хураамжид 284.010 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э................ заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Э................ миний бие ............... аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.02-нд болсон Монгол Улсын Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 508-р зүйлийн 508.З-т заасан шийдвэр гаргасан бөгөөд Миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч байгаа учир 2021.11.02-нд болсон хурлаар Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн тайлбар дээр байгаа. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авч байгаа тэтгэвэр олголтын жагсаалтын барина хэргийн материал дотор байгаа сар болгон 288.000төгрөг гэсэн баримт байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 420.000 авч байгаа тэтгэвэр 288.000 үүнээс зөрүү нь 132.000 харагдаж байна. Үүнээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа 18 нас хүртэл 16 жил бодоход 25.344.000 төгрөг гарч байна гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын тушаалаар 2020.02.01-с Хөдөлмөр Халамжийн тухай /Цар тахлын үед дэмжлэг болгон 100.000 төгрөг  өгч байгаа юм. Миний охин Б. ...............д 18 нас хүртэл нь олгоно гэх ямар ч үндэслэл байхгүй байна. Мөн Иргэний хуулийн 514-р зүйл 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэх хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл чөлөөлсөн байх. Уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорыг багасгах болно гэсэн зохицуулалт , энэ зохицуулалтыг харгалзан үзээч гэж шүүхээс хүсэж байна гэсэн байна. Миний бие энэ шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Өнөөдрийн цалингийн доод хэмжээ болох 420.000 төгрөг тэжээгчээ алдсаны тэтгэмж 188.000 хоорондох зөрүү болох 232.000 төгрөг 16 жилээр тооцож охин Б................д 18 нас хүртэл нийт 46.080.000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэл ............... аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шүүхэд гомдол гаргаж байна. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэнд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Миний бие Э................ охин болох. Б................тэй хамт 2 амьдардаг учир бага насны хүүхэдтэй миний бие ажил хийх боломжгүй тул тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлж өнгө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Э................гийн гаргасан гомдолтой танилцлаа. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан, үндэслэлтэй шийдвэр юм. Энэ талаарх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, дэлгэрэнгүй тайлбарлана. Анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1019 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч Э................ “Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 253.440.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 46.080.000 төгрөг болгон бууруулсан ба хариуцагч Р................ “... энэ хэргийн улмаас 10 жилийн хорих ял авсан, нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй...“ гэх тайлбар гаргасан байна.

Шүүх хариуцагч Р................аас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 25.212.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э................д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20.604.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Р................ нь хохирогч С................ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж , гэм буруутай болох нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №13............... дугаар шийтгэх тогтоолоор нотлогдсон байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э................, С................ нарыг 2018 оны 02 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг Баянзүрх дүүргийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №000............... дугаар шийдвэрээр, 2019 оны 02 дугаар сарын 4-ний өдөр төрсөн охин Б................гийн төрсөн эцэг нь С................ болохыг захиргааны журмаар тус тус шийдвэрлэжээ.

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2.-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж зохицуулсан нэхэмжлэгч Э................ хариуцагч Р................аас тэтгэмжийн зөрүү төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хариуцагч Р................аас төлбөр 46.080.000 төгрөг нэхэмжилсэн байна.

         Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “...нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасны дагуу тооцоход /420.000:3/  хүүхдэд 140.000 төгрөг ногдож байгаа, тэрээр сар бүр 188.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байхад шүүх тэтгэмжийн зөрүүг 20.604.000 төгрөгөөр тооцсон шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

        Түүнчлэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1-т зааснаар хариуцагчаас гэм хор учруулсны төлбөрийг бага насны хүүхдэд сар бүр гаргуулж,  тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцэхээр байхад шүүх төлбөрийг нэг мөсөн гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

         Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э................гийн гаргасан “...цалингийн доод хэмжээ 420.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 188.000 төгрөгийн зөрүү 232.000 төгрөгийг 16 жилээр тооцож охин Б................д 18 нас хүртэл нийт 46.080.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Р................ад холбогдуулан гаргасан тэтгэмжийн зөрүү 46.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Р................ нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч Э................ нас барагчийн цалин орлогыг тодорхойлсон баримтаа зохих журмын дагуу бүрдүүлж, улмаар тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг сар бүр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ............... аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/01019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тэтгэмжийн зөрүү 46.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Э................ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ