Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1317

 

Н.Рд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Н.Р, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1674 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Н.Рд холбогдох 2003003700279 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Нийн Р, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 14 дүгээр гудамжны 516 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Н.Р нь 2020 оны 6 дугаар сарын 21-ний шөнө 3 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд талын замд “Toyota Prius 20” загварын, 82-85 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтад заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.А, А.Э нарыг мөргөж, улмаар А.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Н.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Рг 2020 оны 6 дугаар сарын 21-ний шөнө 3 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд талын замд “Toyota Prius 20” загварын, 82-85 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтад заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.А, А.Э нарыг мөргөж, улмаар А.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ... шийтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7301 дугаартай дүгнэлтээр А.Эын биед хүндэвтэр, 7340 дугаартай дүгнэлтээр О.Аын биед хүнд гэмтэл тус тус учирсан байхад прокуророос А.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээгүй, Н.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана, шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан тул шүүх хэргийг хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй юм. Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Нийн Рд холбогдох 2003003700279 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Н.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1027427 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх, 1 ширхэг сидиг хэргийн хамт прокурорт буцааж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Р нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг шүүгчийн захирамжид зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Энэ нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр прокурорт хэргийг буцаасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн зарим, зүйл заалтыг тайлбарласан байдаг. Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодон явсан этгээд хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхой заасан ба тухайн бүлгийн зарим, зүйл заалтыг тайлбарласан дээд шүүхийн тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1674 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Ргийн өмгөөлөгч Г.Сүхээ “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Шүүгдэгч Н.Р “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Рг “Toyota Prius 20” загварын, 82-85 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтад заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.А, А.Э нарыг мөргөж, улмаар А.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгдэгч Н.Рд холбогдох хэргийг хянан хэлэлцээд “хэргийг прокурорт буцаах тухай” захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Н.Рд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Рг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөний улмаас явган зорчигч О.А, А.Э нарыг мөргөж, улмаар А.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэргийн холбогдогч нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэх үедээ бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршигаас хамаарч хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэхээр хуульчилсан.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, Н.Рд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Н.Рд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1674 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Рд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Н.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ