Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/01117

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/01117

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Оюут гудамж 5-р байранд байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах ******* /РД:2688557/-д холбогдох,

 

Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багт байрлах *******-ний зүүн талд байрлах ******* ХХК-ний эзэмшлийн 1500 м.кв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гэрч Д.Сайнсүрэн, Д.Бөхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилгын засал чимэглэл, гадаад дотоод худалдаа, зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдан 18 дахь жилдээ барилгын материал, бетон эд анги үйлдвэрлэх үйл ажиллагаагаа тууштай явуулж буй компани юм. Манай компанид Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах *******-ний зүүн урд талд 1500 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, бид нар тухайн газартаа бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байсан юм. Гэтэл ******* нь хүчин чадлаа 35 мвт-аар өргөтгөх ажил хийх нэрийдлээр манай эзэмшил газар дээгүүр хүч түрэмгийлэн, хууль зөрчин 110 кв-ын агаарын шугамыг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн удирдлага, албан хаагчид амарч байх үеэр нууцаар татсан байна. Уг нь бол манай компаниас зөвшөөрөл авч, манай ажилчин, алба хаагчдын эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд 110 кв-ын шугамыг татах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой юм. Иймд манай компани Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт заасан Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасны дагуу *******-наас манай эзэмшил газар дээгүүр 110 кв-тын шугам татаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилгын засал чимэглэл, гадаад дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдан 18 дахь жилдээ барилгын материал, бетон эд анги үйлдвэрлэх үйл ажиллагаагаа тууштай явуулж буй компани юм. Манай компанид Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах *******-ний зүүн урд талд 1500 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, бид нар тухайн газартаа бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байсан юм. Гэтэл ******* нь хүчин чадлаа 35 мвт-аар өргөтгөх ажил хийх нэрийдлээр манай эзэмшил газар дээгүүр хууль зөрчин 110 кв-ын агаарын шугамыг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн удирдлага, албан хаагчид амарч байх үеэр нууцаар татсан. Тухайн үед ******* нь туршилтын юм ажиллуулах гэж байгаа ба их дуу чимээ гардаг. Ойр хавьд хүн байх боломж муу, эрсдэлтэй. Тиймээс та нар 2-3 хоног амарч байсан нь дээр гэсэн учраас манай байгууллага ажилчдаа 2 хоног амраасан. Гэтэл туршилтын ажлаа хийхгүйгээр манай компанийн дээгүүр 110 кв-тын шугамаа нууцаар татсан. Тухайн үед манай компани амарчихсан байсан учраас мэдээгүй. 110 кв-тын шугамыг татахдаа манай компаниас зөвшөөрөл авч, 2 компани хоорондоо зөвшөөрлөө баталсны дараа 110 кв-тын шугамыг татах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Агаарын шугамыг хүмүүсийн ажиллаж амьдарч байгаа газар дээгүүр татаж болохгүй, хий хоосон газар дээгүүр татах ёстой байсан. Нийтийн газар дээгүүр татсан шугамнаас хамгаалалтын зурвас тогтооно гэсэн байдаг. Гэтэл тухайн газрыг бусдын эзэмшил газар гэдгийг мэдсээр байж тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг үл ойшоон компанид ноцтой хор хохирол учруулахаар зүйлийг хийсэн. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм байдаг юм. Энэ дүрмийн 2 дахь зүйлийн 2.1-д Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно, мөн зүйлийн 2.2-т Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно гээд Г/ 110 кв хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 5 м, дэд станц, дулаан дамжуулах төв, хуваарилах байгууламж нь 20 м зайнд байхаар тусгаж өгсөн. Гэтэл *******-ийн зөвшөөрөлгүйгээр татсан 110 кв-тын шугам нь Эрдэнэт Оргил ХХК-ийн 1500 м.кв газрын голоор нь орж ирсэн. Хоёр шугам нь хоорондоо 5 метр орчмын зайтай. Үүнээс 5, 5 метрийн зайд хамгаалалтын шугам тогтооно гэж үзвэл манай компанийн 15-20 метр орчим газар хамгаалалтын зурваст орж байгаа юм. Энэ газарт хүн амьдрах боломжгүй болж байгаа юм. Гэтэл тухайн шугамын доор манай компанийн хайрга, элс буудаг. Ачааны том машинууд элс хайргаа очиж буулгаж хийдэг. Хово машинууд шороогоо өргөж буулгадаг. Тэгэхэд дээгүүр татсан 110 кв-тын утсанд хүрэх, хэрэв хүрсэн тохиолдолд хүн, амьтныг юу ч үгүй хийдэг гэдгийг хариуцагч талаас сануулж байгаа. Энэ талаар хангайн бүсийн сүлжээ компаниас болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаас удаа дараа сануулж бичиг ирүүлсэн байгаа. Үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Эдгээр хууль тогтоомжоос гадна. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт заасан Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасны дагуу *******-наас манай эзэмшил газар дээгүүр 110 кв-тын шугам татаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 110 кв-тын шугам нь хүний эрүүл мэндэд нэн хортой. Энэ шугамын доор байнга ажиллахад хүний толгойны үс халзрах болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Байгалийн гоц болон хүчтэй үзэгдэлд шугам тасарч, унаж хүн бэртээх, хүний амь насанд аюултай үзэгдэл болох, машин техник шугамын доор байнга ажиллах нь эрсдэл өндөртэй зэрэг маш олон эрсдэлийг дагуулж байгаа юм. Хавтаст хэрэгт Эрчим хүчний яамнаас гэрээ ирсэн. Хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд авагдсан уг гэрээн дээр гэрээг байгуулсан талуудын албан тушаал, гарын үсэг байгаа юм. *******-ийн захирал Л.Эрхбаатар өөрөө гарын үсгээ зурж гэрээг байгуулж тамга дарсан. Гэрээг хоёр улсын хооронд байгуулсан гэрээ гэж ярьж байгаа боловч энэ төслийг хэрэгжүүлж байгаа нь Эрчим хүчний яам юм. Төслийг ашиглах эцсийн хэрэглэгч нь ******* юм. *******-ийн үйл ажиллагааг өргөтгөхийн тулд ийм төсөл хэрэгжиж байгаа юм. Тиймээс ******* хариуцагч байх ёстой. Хавтаст хэргийн 205 дугаар хуудсанд гэрээний сунгалт байгаа юм. Л.Эрхбаатар дарга ажил гүйцэтгэгч компанитай гэрээний сунгалт хийгээд гарын үсэг зурж тамга дарсан байгаа юм. Хавтаст хэргийн 207 дугаар хуудсанд гэрээний өөрчлөлт байгаа юм. Энэ гэрээний өөрчлөлтөөр *******-ийн дарга нь гарын үсэг зурж тамга дарсан байна. Тэгэхээр ******* нь түлхүүр гардаж авч байгаа ч гүйцэтгэгч байгууллагад төслийн зураг, хэмжилтээ гаргаж өгнө. Харин Хятадын компани бол хариуцагч биш юм. Тэгэхээр ******* нь хариуцагч бөгөөд бүрэн дүүрэн хариуцна. Манай компанийг тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж ярьж байна. Бид нар үнэн зөв мэдүүлэг тайлбарыг гаргах ёстой. Хэрэв худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлагад татагдана. Газрын албанаас хуулбар үнэн даруулаад бүх материалыг авч хэрэгт хавсаргасан байгаа. Газартай холбоотой гэрээ, захирамж зэрэг нь хэргийн материалын 217 дугаар хуудаснаас эхлээд 13, 14 хуудас материалыг өгсөн. 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Баянцагаан багийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар Эрдэнэт Оргил ХХК-д *******-ийн зүүн талд 1500 м2 газрыг олгов гэсэн байдаг. Кадастрын зураг гараагүй гэж ярьж байна. Гэхдээ 2008 онд кадастрын зураг гэж гардаггүй, байршлын зураг гэж гардаг байсан. Тиймээс газрын албанаас кадастрын зургийг гаргаж өгөх боломжгүй байсан. Газрын албанаас кадастрын зураг гаргаж өгөөгүй нь төрийн албаны буруутай үйл ажиллагаа болохоос манай компанийн буруутай үйл ажиллагаа биш юм. ******* төлөөлөгч захиргааны хэргийн шүүхээр орж баталгаажуулсан, Эрдэнэт Оргил компанийн газар биш гэж байна. Тухайн газар нийтдээ 6.000 м2 газар байгаа, үүний 1.500 м2 нь *******-ийн эзэмшлийн газар гэдгийг мэргэжлийн хяналт, газрын албанаас өгсөн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Түүнээс нааш 4.300 м2 газар нь маргаантай болсон. Энэ нь өнөөдрийн хэрэгтэй ямар ч хамааралгүй маргаан юм. Засаг даргын А/207 тоот захирамжийг хүчингүй болгуулж энэ газрыг *******-ийн газар юм уу?, Эрдэнэт Оргил ХХК-ийн газар юм уу? гэдэг маргаан байсан болохоос 1.500 м2 дээр маргасан маргаан биш юм. Захиргааны хэргийн шүүх 1.500 м2 газартай холбоотой маргааныг шийдвэрлээгүй. Газрын гэрчилгээг аваагүй гэж ярьж байна. Би анх нэхэмжлэл гаргахдаа өгсөн, дараа нь газрын албанаас гаргуулъя гэсэн. Тэгэхэд 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0208851 дугаартай газрын гэрчилгээ байгаа. Сүүлд хууль өөрчлөгдөөд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авсан 1.500 м2 газрын гэрчилгээ нь байгаа. Иргэн Амаржаргал гэдэг нь 2014 онд захиргааны хэргээр орж шийдвэрлэгдсэн асуудал юм. Одоо байгаа 1.500 м2 газрыг мөн гээд шийдвэрлэчихсэн. Шүүх өмнө нь шийдвэрлэсэн асуудал дээр дахин маргаан үүсгэж шийдвэрлэх боломжгүй юм. Газрын албанаас авсан баримтаар 1.500 м2 газар нь Эрдэнэт Оргил ХХК-ийн газар мөн гээд хавтаст хэрэгт өгчихсөн нэлээн хэдэн хуудас баримт байна. 1.500 м2 газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа бетон зуурмагийн үйлдвэр, тэнд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулж болзошгүй. Энэ талаар ******* төлөөлөгч хэргийн газар дээр очиж үзлэг хийхэд маш тодорхой хэлж байсан. Шугам нь салхи, шуурганд тасраад уначихдаг гэж хэлсэн. Хэрэв тасарч унасан тохиолдолд энд байгаа бүх зүйлийг үнсэн товрого болгоно гэж шүүгчид тайлбарлаж байсан. *******-нийг Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багт байрлах *******-ний зүүн талд байрлах Эрдэнэт Оргил ХХК-ний эзэмшлийн 1500 м.кв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай станцын суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-ын Турбогенератороор өргөтгөх Монгол Улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Эрчим хүчний Яам, БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ЭХА-001/2017 тоот гэрээний дагуу хийгдэж байгаа төсөлд ******* нь түлхүүр гардан авах нөхцөлтэй юм. Монгол Улсын Эрчим хүчний яам захиалагчаар ажиллаж байгаа бөгөөд 2017 онд батлагдсан гэрээ, төсөл, зургийн дагуу БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК ажлыг хийж гүйцэтгэж байна. ******* ХХК нь Орхон аймгийн засаг даргын *******-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, ******* ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж албадан буулгах тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлттэй захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байна. Иймд ******* ХХК-иас ******* -нд холбогдуулан гаргасан 110 кВ-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагааг зогсоохыг шаардсан нэхэмжлэлд Эрдэнэтийн дулааны дулааны цахилгааны станц ТӨХК хариуцагчаар оролцох боломжгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэтийн Дулаан цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-ын Турбогенератороор өргөтгөх, Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр Монгол улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Түлхүүр гардах нөхцөлтэйгөөр энэ гэрээ хэрэгжиж эхэлсэн. Энэ гэрээ нь 2017 онд байгуулагдсан. Гэрээний дагуу 110 кв-тын шугам татагдахад төслийн дагуу зураг нь зурагдсан байсан. Сая нотлох баримтаар Эрчим хүчний яамнаас ирүүлсэн байсан. Хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд байгаа. Манай компани хариуцагч биш юм. Эрчим хүчний яам гэрээ хийснээр хариуцагч юм. Үүнд хууль зөрчсөн ноцтой зүйл байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д газрын гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохгүй гэж заасныг газрын алба зөрчөөд Эрдэнэт Оргил ХХК-д шинээр 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчилгээг баталгаажуулж өгсөн. Эрдэнэт Оргил ХХК-д хууль бус газар эзэмшихийг зөвшөөрсөн. Ганбаатар захирлын хэлснээр станцын зүүн талд газар эзэмших нь буруу биш юм гэсэн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ нь Эрдэнэт Оргил ХХК-ийн хуулийн зөвлөх Баасанжавын хэлснээр зүүн талд газар эзэмшиж байгаа гэж байна. Зүүн талд эзэмшсэн газар нь Магнай трейдийн ард, иргэн Амаржаргалын зэргэлдээ, иргэн Оюунчимэгийн хойд талд байрлах газар гэж 2014 оны шүүхийн шийдвэр дээр заагдсан байдаг. Тиймээс манайх эдгээрийг хариуцах боломжгүй юм гэсэн тайлбарыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрчим хүчний яам хариуцагчаар оролцоно. Яагаад гэвэл төслийн зураг нь Эрчим хүчний яам дээр хийгдэж ирсэн. Манай компани зураг яаж хийгдэж ирснийг мэдэхгүй. Эрдэнэт Оргил ХХК нь хоёр газрын гэрчилгээтэй болчхоод байгаа юм. Нэг нь 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 358 дугаартай Засаг даргын захирамжаар, нөгөө гэрчилгээ нь ямар нэгэн захирамж байхгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр газрыг баталгаажуулж өгсөн байгаа юм. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэснийг газрын алба зөрччихөөд байгаа юм. Үүний дараа газрын төлөвлөлт хийгдээд явна. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэж Засаг дарга газар олгосон байгаа юм. Манай хангамж, дэд бүтэц явж байгаа газар дээр гэрчилгээг хууль бусаар гаргаж өгсөн нь үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталгаажсан газраас өмнө Эрчим хүчний яам, БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК хоёрын хоорондоо байгуулсан олон улсын гэрээгээр энэ төсөл боловсруулагдаж, төлөвлөлт нь хийгдсэн байгаа. Энэ төсөл хөтөлбөрт Эрчим хүчний яам захиалагчаар орсон. БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Эрчим хүчний яамыг хөнгөлөлттэй найдвартай зээлд хамруулах том төсөл арга хэмжээг хийсэн. Өнөөдрийн байдлаар энэ хэргийн хариуцагч нь Монгол улсын Эрчим хүчний яам байгаа юм. Төсөл дуусаад улсын комисс хүлээж авснаар *******-ийн өмчлөлд шилжиж хариуцагч болох юм. Эрдэнэт Оргил ХХК нь 2008, 2009, 2010 оноос хойш нийтийн эзэмшлийн газар буюу зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэтийн төсөл арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар А/207 тоот газрыг эзэмшилдээ авсан. Саяхан шийдвэр гарч эзэмшил газар нь мөн юм гэж баталгаажуулсан. Эрдэнэт Оргил ХХК 10 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийг хүртэл манай газар дээр Эрдэнэт Оргил ХХК үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ажлын хэсгийн хурал дээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын зүүн талд гэх /хууль бусаар эзэмшиж байгаа/ Эрдэнэт Оргил ХХК-ийн 1500 м.кв газрыг эзэмшүүлэх баталгаажуулах боломжгүй гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын орлогч дарга Энхболд болон холбогдох хүмүүс хэлж байсан. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төсөл хэрэгжиж дуусах талаарх бичгийг манай компанид өгөөгүй. Эрдэнэт Оргил ХХК-д Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын зүүн талд, магнай трейд компанийн ард, иргэн Амаржаргалын зэргэлдээ, иргэн Оюунчимэгийн хойд талд байрлах газрыг 2008 онд 358 тоот захирамжаар өгсөн байдаг. Эрдэнэт оргил ХХК эзэмшил газраа дур мэдэн өөрчилж Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын газар бууж хууль бусаар эзэмшээд байгаа юм. 2008 онд авсан гэрчилгээ буюу *******-ийн зүүн талд гэх газар нь кадастрын зураг байхгүй. 2008 оны газрын зургийг 2017 онд Доман гэх компаниар өөрсдийн хүсэлтээр хийлгээд үүнийг нь захиргаанаас баталгаажуулж газрын харилцаа хот байгуулалтаас олгосон. Төсөл зураг хийгдсэний дараа баталгаажуулалт авагдсан учраас үүнийг хууль бус эрх зүйн акт гэж үзэж байгаа. Энэ нэхэмжлэлийг Эрчим хүчний яам хариуцах байх. 4.378 м2 газар дээр буюу үйл ажиллагааны цэг болгож манай газар дээр явуулдаг. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авсан гэрчилгээ гарахаас өмнө энэ төсөл хэрэгжсэн гэдгийг удаа дараа хэлж байна. ******* нь юм туршиж үзэхээр бид нарыг 3 хоног амраасан гэж байна. Гэхдээ энэ нь худлаа. Ганбаатар захирлыг ёс зүйгүй, харилцаагүй албан тушаалтан гэж үздэг. Аливаа байгууллагаас албан бичиг авахгүй. Авсан нягтлан, жижүүр зэрэг хүмүүсээ загнадаг гээд авдаггүй. Эрдэнэт Оргил ХХК-ийн Дэнж багт байрладаг салбарт ажилладаг хүүхэд нь хүртэл авдаггүй. Албан бичгүүд нь манай архивт байгаа. Тухайн албан бичгүүдийг өгөхдөө давхар Газрын харилцаа болон аймгийн Засаг даргад өгдөг. 2008 онд 358 дугаартай захирамжийг гарснаас хойш байршлыг зааж өгөөгүй гэж эдгээр хүмүүс хэлдэг. Гэхдээ зааж өгсөн, газрын байршил зураг нь байдаг. /ягаан өнгөөр зурсан байдаг/. Алдаатай гаргасан захиргааны шийдвэрүүдийг хууль бус гэж хэлээгүй, гэж үздэг гэж би хэлсэн гэв.

 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багт байрлах *******-ний зүүн талд байрлах ******* ХХК-ний эзэмшлийн 1500 м.кв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь барилгын засал чимэглэл, бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-ын зүүн талд 1500 м2 газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байна. /хэргийн 3, 7-10-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь хүчин чадлаа 35 мвт-аар өргөтгөх ажил хийх нэрийдлээр манай эзэмшил газар дээгүүр хүч түрэмгийлэн, хууль зөрчин 110 кв-ын агаарын шугамыг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр татсан. Манай компаниас зөвшөөрөл авч, манай ажилчин, алба хаагчдын эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд 110 кв-ын шугамыг татах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт заасан Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасны дагуу *******-наас манай эзэмшил газар дээгүүр 110 кв-тын шугам татаж байгаа үйлдлээ зогсоохыг даалгуулах... гэсэн.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ ...манай станцын суурилагдсан хүчин чадлыг 35 мвт-ын турбогенератороор өргөтгөх Монгол Улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Эрчим хүчний Яам, БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ЭХА-001/2017 тоот гэрээний дагуу хийгдэж байгаа төсөлд ******* нь түлхүүр гардан авах нөхцөлтэй юм. Монгол Улсын Эрчим хүчний яам захиалагчаар ажиллаж байгаа бөгөөд 2017 онд батлагдсан гэрээ, төсөл, зургийн дагуу БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК ажлыг хийж гүйцэтгэж байна. Иймд манай компани хариуцагч биш, Эрчим хүчний яам хариуцагч... гэсэн.

 

Хэрэгт Монгол улсын Эрчим хүчний яамны 2021 оны 10 сарын 19-ний өдрийн в/3729 тоот албан бичгээр ирүүлсэн Эрчим хүчний яам, БНХАУ-ын төрийн өмчит Хунан Индустриал Экуйпмент Инстолэйшн ХХК, Хятадын Эрчим хүч барилга группийн Хунан дулаан цахилгааны байгууламж ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан ЭХА-001/2017 дугаартай Түлхүүр гардуулах нөхцөлтэй *******-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх болон зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ нотлох баримтаар авагдсан байна.

 

Дээрх гэрээгээр *******-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барих ажлын зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэх, шалгах, суурилуулах, туршилт тохируулга хийх, ажлыг бүрэн дуусгавар болгон хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээний талууд тохиролцож гэрээг байгуулсан байна.

 

Уг гэрээнд заасны дагуу 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барих ажлын зураг төсөл боловсруулагдаж, уг 110 квт-ын агаарын шугам татах ажил хийгдэж байгаа бөгөөд *******-ийн зүүн талд байрлах Эрдэнэт Оргил ХХК-ийн эзэмшлийн 1500 м2 газар дээгүүр уг агаарын шугам татагдаж байгаа болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг баталгаажуулсан гэрэл зураг, зохигчдын тайлбар, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд дээрх гэрээнд хариуцагч ******* нь захиалагчаар оролцоогүй, уг гэрээний дагуу хийгдэж байгаа 110 квт-ын агаарын шугам татах ажил бүрэн хийгдэж дуусаагүй, уг ажлыг улсын комисс хүлээн аваагүй, хариуцагч байгууллага эзэмшигч, ашиглагч болоогүй байна.

 

Эрчим хүчний яам нь Эрчим хүчний тухай хуулийн 6.1.13-т заасан эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах эрх, үүргийнхээ хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан ЭХА-001/2017 дугаартай гэрээнд захиалагчаар оролцсон байх тул нэхэмжлэгч нь ******* ХХК-д холбогдуулан Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багт байрлах *******-ний зүүн талд байрлах ******* ХХК-ний эзэмшлийн 1500 мкв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр ******* ХХК-ийн *******-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багт байрлах *******-ний зүүн талд байрлах ******* ХХК-ний эзэмшлийн 1500 мкв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багт байрлах *******-ний зүүн талд байрлах ******* ХХК-ний эзэмшлийн 1500 м.кв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ