Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 13

 

“........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“........” ТӨХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01117 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “........” ТӨХК-нд холбогдох,

“Орхон аймгийн ........ сумын ........ багт байрлах ........ ТӨХК-ний зүүн талд байрлах ........ ХХК-ний эзэмшлийн 1500 м.кв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, Г.Гантулга, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

........ ХХК нь 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилгын засал чимэглэл, гадаад дотоод худалдаа, зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдан 18 дахь жилдээ барилгын материал, бетон эд анги үйлдвэрлэх үйл ажиллагаагаа тууштай явуулж буй компани юм. Манай компанид Орхон аймаг ........ сум, ........ багт байрлах ........ ТӨХК-ний зүүн урд талд 1500 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, бид нар тухайн газартаа бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байсан юм. Гэтэл ........ ТӨХК нь хүчин чадлаа 35 мвт-аар өргөтгөх ажил хийх нэрийдлээр манай эзэмшил газар дээгүүр хүч түрэмгийлэн, хууль зөрчин 110 кв-ын агаарын шугамыг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн удирдлага, албан хаагчид амарч байх үеэр нууцаар татсан байна. Уг нь бол манай компаниас зөвшөөрөл авч, манай ажилчин, алба хаагчдын эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд 110 кв-ын шугамыг татах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой юм. Иймд манай компани Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт заасан Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасны дагуу ........ ТӨХК-наас манай эзэмшил газар дээгүүр 110 кв-тын шугам татаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

........ ХХК нь 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилгын засал чимэглэл, гадаад дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдан 18 дахь жилдээ барилгын материал, бетон эд анги үйлдвэрлэх үйл ажиллагаагаа тууштай явуулж буй компани юм. Манай компанид Орхон аймаг ........ сум, ........ багт байрлах ........ ТӨХК-ний зүүн урд талд 1500 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, бид нар тухайн газартаа бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байсан юм. Гэтэл ........ ТӨХК нь хүчин чадлаа 35 мвт-аар өргөтгөх ажил хийх нэрийдлээр манай эзэмшил газар дээгүүр хууль зөрчин 110 кв-ын агаарын шугамыг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн удирдлага, албан хаагчид амарч байх үеэр нууцаар татсан. Тухайн үед ........ ТӨХК нь туршилтын юм ажиллуулах гэж байгаа ба их дуу чимээ гардаг. Ойр хавьд хүн байх боломж муу, эрсдэлтэй. Тиймээс та нар 2-3 хоног амарч байсан нь дээр гэсэн учраас манай байгууллага ажилчдаа 2 хоног амраасан. Гэтэл туршилтын ажлаа хийхгүйгээр манай компанийн дээгүүр 110 кв-тын шугамаа нууцаар татсан. Тухайн үед манай компани амарчихсан байсан учраас мэдээгүй. 110 кв-тын шугамыг татахдаа манай компаниас зөвшөөрөл авч, 2 компани хоорондоо зөвшөөрлөө баталсны дараа 110 кв-тын шугамыг татах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Агаарын шугамыг хүмүүсийн ажиллаж амьдарч байгаа газар дээгүүр татаж болохгүй, хий хоосон газар дээгүүр татах ёстой байсан. Нийтийн газар дээгүүр татсан шугамнаас хамгаалалтын зурвас тогтооно гэсэн байдаг. Гэтэл тухайн газрыг бусдын эзэмшил газар гэдгийг мэдсээр байж тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг үл ойшоон компанид ноцтой хор хохирол учруулахаар зүйлийг хийсэн. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм байдаг юм. Энэ дүрмийн 2 дахь зүйлийн 2.1-д Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно, мөн зүйлийн 2.2-т Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно гээд Г/ 110 кв хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 5 м, дэд станц, дулаан дамжуулах төв, хуваарилах байгууламж нь 20 м зайнд байхаар тусгаж өгсөн. Гэтэл ........ ТӨХК-ийн зөвшөөрөлгүйгээр татсан 110 кв-тын шугам нь Эрдэнэт Оргил ХХК-ийн 1500 м.кв газрын голоор нь орж ирсэн. Хоёр шугам нь хоорондоо 5 метр орчмын зайтай. Үүнээс 5, 5 метрийн зайд хамгаалалтын шугам тогтооно гэж үзвэл манай компанийн 15-20 метр орчим газар хамгаалалтын зурваст орж байгаа юм. Энэ газарт хүн амьдрах боломжгүй болж байгаа юм. Гэтэл тухайн шугамын доор манай компанийн хайрга, элс буудаг. Ачааны том машинууд элс хайргаа очиж буулгаж хийдэг. Хово машинууд шороогоо өргөж буулгадаг. Тэгэхэд дээгүүр татсан 110 кв-тын утсанд хүрэх, хэрэв хүрсэн тохиолдолд хүн, амьтныг юу ч үгүй хийдэг гэдгийг хариуцагч талаас сануулж байгаа. Энэ талаар хангайн бүсийн сүлжээ компаниас болон ........аас удаа дараа сануулж бичиг ирүүлсэн байгаа. Үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Эдгээр хууль тогтоомжоос гадна. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт заасан Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасны дагуу ........ ТӨХК-наас манай эзэмшил газар дээгүүр 110 кв-тын шугам татаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 110 кв-тын шугам нь хүний эрүүл мэндэд нэн хортой. Энэ шугамын доор байнга ажиллахад хүний толгойны үс халзрах болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Байгалийн гоц болон хүчтэй үзэгдэлд шугам тасарч, унаж хүн бэртээх, хүний амь насанд аюултай үзэгдэл болох, машин техник шугамын доор байнга ажиллах нь эрсдэл өндөртэй зэрэг маш олон эрсдэлийг дагуулж байгаа юм. Хавтаст хэрэгт Эрчим хүчний яамнаас гэрээ ирсэн. Хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд авагдсан уг гэрээн дээр гэрээг байгуулсан талуудын албан тушаал, гарын үсэг байгаа юм. ........ ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар өөрөө гарын үсгээ зурж гэрээг байгуулж тамга дарсан. Гэрээг хоёр улсын хооронд байгуулсан гэрээ гэж ярьж байгаа боловч энэ төслийг хэрэгжүүлж байгаа нь Эрчим хүчний яам юм. Төслийг ашиглах эцсийн хэрэглэгч нь ........ ТӨХК юм. ........ ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөхийн тулд ийм төсөл хэрэгжиж байгаа юм. Тиймээс ........ ТӨХК хариуцагч байх ёстой. Хавтаст хэргийн 205 дугаар хуудсанд гэрээний сунгалт байгаа юм. Л.Эрхбаатар дарга ажил гүйцэтгэгч компанитай гэрээний сунгалт хийгээд гарын үсэг зурж тамга дарсан байгаа юм. Хавтаст хэргийн 207 дугаар хуудсанд гэрээний өөрчлөлт байгаа юм. Энэ гэрээний өөрчлөлтөөр ........ ТӨХК-ийн дарга нь гарын үсэг зурж тамга дарсан байна. Тэгэхээр ........ ТӨХК нь түлхүүр гардаж авч байгаа ч гүйцэтгэгч байгууллагад төслийн зураг, хэмжилтээ гаргаж өгнө. Харин Хятадын компани бол хариуцагч биш юм. Тэгэхээр ........ ТӨХК нь хариуцагч бөгөөд бүрэн дүүрэн хариуцна. Манай компанийг тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж ярьж байна. Бид нар үнэн зөв мэдүүлэг тайлбарыг гаргах ёстой. Хэрэв худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлагад татагдана. Газрын албанаас хуулбар үнэн даруулаад бүх материалыг авч хэрэгт хавсаргасан байгаа. Газартай холбоотой гэрээ, захирамж зэрэг нь хэргийн материалын 217 дугаар хуудаснаас эхлээд 13, 14 хуудас материалыг өгсөн. 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар ........ багийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар Эрдэнэт Оргил ХХК-д ........ ТӨХК-ийн зүүн талд 1500 м2 газрыг олгов гэсэн байдаг. Кадастрын зураг гараагүй гэж ярьж байна. Гэхдээ 2008 онд кадастрын зураг гэж гардаггүй, байршлын зураг гэж гардаг байсан. Тиймээс газрын албанаас кадастрын зургийг гаргаж өгөх боломжгүй байсан. Газрын албанаас кадастрын зураг гаргаж өгөөгүй нь төрийн албаны буруутай үйл ажиллагаа болохоос манай компанийн буруутай үйл ажиллагаа биш юм. Г.Гантулга төлөөлөгч захиргааны хэргийн шүүхээр орж баталгаажуулсан, Эрдэнэт Оргил компанийн газар биш гэж байна. Тухайн газар нийтдээ 6.000 м2 газар байгаа, үүний 1.500 м2 нь ........ ТӨХК-ийн эзэмшлийн газар гэдгийг мэргэжлийн хяналт, газрын албанаас өгсөн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Түүнээс нааш 4.300 м2 газар нь маргаантай болсон. Энэ нь өнөөдрийн хэрэгтэй ямар ч хамааралгүй маргаан юм. Засаг даргын А/207 тоот захирамжийг хүчингүй болгуулж энэ газрыг ........ ТӨХК-ийн газар юм уу?, Эрдэнэт Оргил ХХК-ийн газар юм уу? гэдэг маргаан байсан болохоос 1.500 м2 дээр маргасан маргаан биш юм. Захиргааны хэргийн шүүх 1.500 м2 газартай холбоотой маргааныг шийдвэрлээгүй. Газрын гэрчилгээг аваагүй гэж ярьж байна. Би анх нэхэмжлэл гаргахдаа өгсөн, дараа нь газрын албанаас гаргуулъя гэсэн. Тэгэхэд 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0208851 дугаартай газрын гэрчилгээ байгаа. Сүүлд хууль өөрчлөгдөөд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авсан 1.500 м2 газрын гэрчилгээ нь байгаа. Иргэн Амаржаргал гэдэг нь 2014 онд захиргааны хэргээр орж шийдвэрлэгдсэн асуудал юм. Одоо байгаа 1.500 м2 газрыг мөн гээд шийдвэрлэчихсэн. Шүүх өмнө нь шийдвэрлэсэн асуудал дээр дахин маргаан үүсгэж шийдвэрлэх боломжгүй юм. Газрын албанаас авсан баримтаар 1.500 м2 газар нь Эрдэнэт Оргил ХХК-ийн газар мөн гээд хавтаст хэрэгт өгчихсөн нэлээн хэдэн хуудас баримт байна. 1.500 м2 газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа бетон зуурмагийн үйлдвэр, тэнд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулж болзошгүй. Энэ талаар Г.Гантулга төлөөлөгч хэргийн газар дээр очиж үзлэг хийхэд маш тодорхой хэлж байсан. Шугам нь салхи, шуурганд тасраад уначихдаг гэж хэлсэн. Хэрэв тасарч унасан тохиолдолд энд байгаа бүх зүйлийг үнсэн товрого болгоно гэж шүүгчид тайлбарлаж байсан. ........ ТӨХК-нийг Орхон аймгийн ........ сумын ........ багт байрлах ........ ТӨХК-ний зүүн талд байрлах Эрдэнэт Оргил ХХК-ний эзэмшлийн 1500 м.кв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай станцын суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-ын Турбогенератороор өргөтгөх Монгол Улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Эрчим хүчний Яам, БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ЭХА-001/2017 тоот гэрээний дагуу хийгдэж байгаа төсөлд ........ ТӨХК нь түлхүүр гардан авах нөхцөлтэй юм. Монгол Улсын Эрчим хүчний яам захиалагчаар ажиллаж байгаа бөгөөд 2017 онд батлагдсан гэрээ, төсөл, зургийн дагуу БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК ажлыг хийж гүйцэтгэж байна. ........ ХХК нь Орхон аймгийн засаг даргын ........ ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, ........ ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж албадан буулгах тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлттэй захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байна. Иймд ........ ХХК-иас ........ ТӨХК -нд холбогдуулан гаргасан 110 кВ-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагааг зогсоохыг шаардсан нэхэмжлэлд Эрдэнэтийн дулааны дулааны цахилгааны станц ТӨХК хариуцагчаар оролцох боломжгүй юм.

........ хүчин чадлыг 35 МВт-ын Турбогенератороор өргөтгөх, Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр Монгол улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Түлхүүр гардах нөхцөлтэйгөөр энэ гэрээ хэрэгжиж эхэлсэн. Энэ гэрээ нь 2017 онд байгуулагдсан. Гэрээний дагуу 110 кв-тын шугам татагдахад төслийн дагуу зураг нь зурагдсан байсан. Сая нотлох баримтаар Эрчим хүчний яамнаас ирүүлсэн байсан. Хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд байгаа. Манай компани хариуцагч биш юм. Эрчим хүчний яам гэрээ хийснээр хариуцагч юм. Үүнд хууль зөрчсөн ноцтой зүйл байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д газрын гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохгүй гэж заасныг газрын алба зөрчөөд Эрдэнэт Оргил ХХК-д шинээр 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчилгээг баталгаажуулж өгсөн. Эрдэнэт Оргил ХХК-д хууль бус газар эзэмшихийг зөвшөөрсөн. Ганбаатар захирлын хэлснээр станцын зүүн талд газар эзэмших нь буруу биш юм гэсэн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ нь Эрдэнэт Оргил ХХК-ийн хуулийн зөвлөх Баасанжавын хэлснээр зүүн талд газар эзэмшиж байгаа гэж байна. Зүүн талд эзэмшсэн газар нь Магнай трейдийн ард, иргэн Амаржаргалын зэргэлдээ, иргэн Оюунчимэгийн хойд талд байрлах газар гэж 2014 оны шүүхийн шийдвэр дээр заагдсан байдаг. Тиймээс манайх эдгээрийг хариуцах боломжгүй юм гэсэн тайлбарыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрчим хүчний яам хариуцагчаар оролцоно. Яагаад гэвэл төслийн зураг нь Эрчим хүчний яам дээр хийгдэж ирсэн. Манай компани зураг яаж хийгдэж ирснийг мэдэхгүй. Эрдэнэт Оргил ХХК нь хоёр газрын гэрчилгээтэй болчхоод байгаа юм. Нэг нь 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 358 дугаартай Засаг даргын захирамжаар, нөгөө гэрчилгээ нь ямар нэгэн захирамж байхгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр газрыг баталгаажуулж өгсөн байгаа юм. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэснийг газрын алба зөрччихөөд байгаа юм. Үүний дараа газрын төлөвлөлт хийгдээд явна. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэж Засаг дарга газар олгосон байгаа юм. Манай хангамж, дэд бүтэц явж байгаа газар дээр гэрчилгээг хууль бусаар гаргаж өгсөн нь үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталгаажсан газраас өмнө Эрчим хүчний яам, БНХАУ-ын Хунан Индастариал Экүйпмент Инсталэйшн ХХК хоёрын хоорондоо байгуулсан олон улсын гэрээгээр энэ төсөл боловсруулагдаж, төлөвлөлт нь хийгдсэн байгаа. Энэ төсөл хөтөлбөрт Эрчим хүчний яам захиалагчаар орсон. БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Эрчим хүчний яамыг хөнгөлөлттэй найдвартай зээлд хамруулах том төсөл арга хэмжээг хийсэн. Өнөөдрийн байдлаар энэ хэргийн хариуцагч нь Монгол улсын Эрчим хүчний яам байгаа юм. Төсөл дуусаад улсын комисс хүлээж авснаар ........ ТӨХК-ийн өмчлөлд шилжиж хариуцагч болох юм. Эрдэнэт Оргил ХХК нь 2008, 2009, 2010 оноос хойш нийтийн эзэмшлийн газар буюу зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэтийн төсөл арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар А/207 тоот газрыг эзэмшилдээ авсан. Саяхан шийдвэр гарч эзэмшил газар нь мөн юм гэж баталгаажуулсан. Эрдэнэт Оргил ХХК 10 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийг хүртэл манай газар дээр Эрдэнэт Оргил ХХК үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ажлын хэсгийн хурал дээр ........ын зүүн талд гэх /хууль бусаар эзэмшиж байгаа/ Эрдэнэт Оргил ХХК-ийн 1500 м.кв газрыг эзэмшүүлэх баталгаажуулах боломжгүй гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын орлогч дарга Энхболд болон холбогдох хүмүүс хэлж байсан. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төсөл хэрэгжиж дуусах талаарх бичгийг манай компанид өгөөгүй. Эрдэнэт Оргил ХХК-д ........ын зүүн талд, магнай трейд компанийн ард, иргэн Амаржаргалын зэргэлдээ, иргэн Оюунчимэгийн хойд талд байрлах газрыг 2008 онд 358 тоот захирамжаар өгсөн байдаг. Эрдэнэт оргил ХХК эзэмшил газраа дур мэдэн өөрчилж ........ын газар бууж хууль бусаар эзэмшээд байгаа юм. 2008 онд авсан гэрчилгээ буюу ........ ТӨХК-ийн зүүн талд гэх газар нь кадастрын зураг байхгүй. 2008 оны газрын зургийг 2017 онд Доман гэх компаниар өөрсдийн хүсэлтээр хийлгээд үүнийг нь захиргаанаас баталгаажуулж газрын харилцаа хот байгуулалтаас олгосон. Төсөл зураг хийгдсэний дараа баталгаажуулалт авагдсан учраас үүнийг хууль бус эрх зүйн акт гэж үзэж байгаа. Энэ нэхэмжлэлийг Эрчим хүчний яам хариуцах байх. 4.378 м2 газар дээр буюу үйл ажиллагааны цэг болгож манай газар дээр явуулдаг. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авсан гэрчилгээ гарахаас өмнө энэ төсөл хэрэгжсэн гэдгийг удаа дараа хэлж байна. ........ ТӨХК нь юм туршиж үзэхээр бид нарыг 3 хоног амраасан гэж байна. Гэхдээ энэ нь худлаа. Ганбаатар захирлыг ёс зүйгүй, харилцаагүй албан тушаалтан гэж үздэг. Аливаа байгууллагаас албан бичиг авахгүй. Авсан нягтлан, жижүүр зэрэг хүмүүсээ загнадаг гээд авдаггүй. Эрдэнэт Оргил ХХК-ийн Дэнж багт байрладаг салбарт ажилладаг хүүхэд нь хүртэл авдаггүй. Албан бичгүүд нь манай архивт байгаа. Тухайн албан бичгүүдийг өгөхдөө давхар Газрын харилцаа болон аймгийн Засаг даргад өгдөг. 2008 онд 358 дугаартай захирамжийг гарснаас хойш байршлыг зааж өгөөгүй гэж эдгээр хүмүүс хэлдэг. Гэхдээ зааж өгсөн, газрын байршил зураг нь байдаг. /ягаан өнгөөр зурсан байдаг/. Алдаатай гаргасан захиргааны шийдвэрүүдийг хууль бус гэж хэлээгүй, гэж үздэг гэж би хэлсэн гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01117 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ........ ХХК-ийн хариуцагч ........ ТӨХК-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн ........ сумын ........ багт байрлах ........ ТӨХК-ний зүүн талд байрлах ........ ХХК-ний эзэмшлийн 1500 м.кв газар дээгүүр шинээр татаж байгаа 110 кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ........ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Монгол улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын төрийн өмчит Хунан Индустриал Экуйпмент Инстолэйшн” ХХК Хятадын Эрчим хүч барилга группийн Хунан дулаан цахилгааны байгууламж ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан ЭХА-001/2017 дугаартай .... гэрээ нотлох баримтаар авагдсан байна. Дээрх гэрээгээр “........” ТӨХК-ний суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барих ажлын зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэх, шалгах, суурилуулах, туршилт тохируулга хийх, ажлыг бүрэн дуусгавар болгон хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээний талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна. Мөн дээрх гэрээнд хариуцагч “........” ТӨХК нь захиалагчаар оролцоогүй, уг гэрээний дагуу хийгдэж байгаа 110 квт-ын агаарын шугам татах ажил бүрэн хийгдэж дуусаагүй, уг ажлыг улсын комисс хүлээн аваагүй хариуцагч байгууллага эзэмшигч, ашиглагч болоогүй байна” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж заасны дагуу “Эрдэнэт Оргил” ХХК нь өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж иргэний эрх зүйн хамгаалалт хүссэн. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгээ тус зүйлийн 9.4.2-т заасныг  баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл анхан шатны шүүхийн баримтлаад байгаа зүйл нь “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх” гэж иргэний эрхийг хамгаалах нэг төрлийн арга байх ба энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн заалт биш, харин эсрэгээрээ нэхэмжлэлийг бүрэн хангах хуулийн заалт байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталж байгаа хуулийн заалт нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “........” ТӨХК-ийг хариуцагч биш Эрчим хүчний яамыг хариуцах ёстой захиалагч гэж дүгнэсэнтэйгээ зөрчилдөөд байгаа юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл / эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.7-т “бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үйлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ”, 43 дугаар зүйлийн 43.2.1-т “талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.” Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн атал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээг байгуулсанд тооцно. Эрчим хүчний яам нь ганцаараа дээрх гэрээг байгуулаагүй тус гэрээний талуудад “........” ТӨХК хамаарах ба энэ нь гэрээнд болон өөрчлөлт, сунгалтын гэрээнүүдэд тус компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Сурмаахорол нар тухай бүрт нь оролцож гарын үсгээ зурсан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад “........” ТӨХК-нийг шууд төлөөлөх эрх бүхий этгээдүүд хүсэл сонирхлоо илэрхийлэн гэрээг байгуулалцсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг ба би шүүх хуралд энэ талаар тодорхой тайлбарлаж хэрэгт авагдсан баримтыг судлахад судлуулсан.Тэгэхээр “........” ТӨХК нь энэ хэрэгт иргэний хариуцагч мөн болох ба энэ компанийн гаргасан төсөл, зургаар бүх л ажил үүрэг гүйцэтгэж явагдаж байгаа. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241,1-т “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж зааснаар “........” ТӨХК хамтран үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч болох талаар анхан шатны шүүх дүгнээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан хэрэв анхан шатны шүүх “........” ТӨХК-ийг хариуцагч биш гэж үзэж байгаа бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэх боломжгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно” мөн зүйлийн 27.3-т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу Эрчим хүчний яамыг хариуцагчаар татан оролцуулах үүргээ биелүүлэхгүйгээр тус хуулинд заасан эрхээ эдэлж үүргээ биелүүлэхгүйгээр зөрчсөн гэж үзэж байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүх Эрчим хүчний яамыг хариуцагч гэж үзэж байгаа бол түүнийг хариуцагчаар нэмж татах, энэ талаар нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах үүргээ биелүүлэхгүйгээр шууд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4104 тоот захирамжаар шийдвэрлэхдээ шүүх хуралдаан хойшлуулах, үзлэг хийлгэх зэрэг 2 хүсэлтийг хангаж, шинжээч томилуулах хүсэлтийг үзлэг хийсний дараа шинжээч томилох шаардлагатай үндэслэл тогтоогдвол хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан тул гомдол гаргаагүй ба үзлэг хийсний дараа шинжээч томилох хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан ба энэ талаар хэргийн газрын үзлэгт ямар нэгэн тэмдэглэл бичигдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт нь “........” ТӨХК-ний зөвшөөрөлгүй татсан 110 квт-тын агаарын шугамын доор ажил хөдөлмөр хийж байгаа хүний биед ямар нэгэн эрсдэл, хортой муу үр дагавар бий болох эсэх, хүн байнга ажиллаж амьдардаг орчин дээгүүр тухайн өмчлөгчийн зөвшөөрөлгүй 110 квт-ын агаарын шугамыг татаж болох эсэх, 110 квт-ын агаарын шугамын доор байнга ажилласнаар хүний биед сөрөг үр дагавар үүсэх эсэхийг тогтоолгох, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болох байсан юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01117 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч ........ ТӨХК-д холбогдуулан Орхон аймгийн ........ сумын ........ багт байрлах ........ ТӨХК-ний зүүн талд байрлах ........ ХХК-ний эзэмшлийн 1500 м2 газар дээгүүр шинээр татаж байгаа 110кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ........ ХХК-ийн хариуцагч ........ ТӨХК-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн ........ сумын ........ багт байрлах ........ ТӨХК-ний зүүн талд байрлах ........ ХХК-ний эзэмшлийн 1500 м.кв газар дээгүүр шинээр татаж байгаа 110кв-тын агаарын шугамыг татах, түүнийг ашиглах зэрэг үйл ажиллагаагаа зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхэд “... ........ ТӨХК хариуцагчаар оролцох боломжгүй... ” гэсэн тайлбар гаргажээ. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЭХА-001/2017 дугаартай гэрээнд захиалагчийг төлөөлж 5 өөр байгууллагын  албан тушаалтан төлөөлж, харин гүйцэтгэгчийг  төлөөлж Ли Зень Лай нар гарын үсэг зуржээ. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааны тэмдэглэлд “... ........ ТӨХК нь энэ төсөлд түлхүүр гардах нөхцөлөөр хүлээж авах статустай оролцож байгаа. Тиймээс энэ хэргийн хариуцагч нь ........  ТӨХК биш юм...” гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга өгчээ. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... Манай компани хариуцагч биш юм. Эрчим хүчний яам гэрээ хийснээр хариуцагч юм ...” гэсэн тайлбарыг өгчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т зааснаар “...Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно...” гэжээ.

Хариуцагч талын шүүхэд  гаргасан хариу тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулинд зааснаар хамтран хариуцагчийн асуудлыг  шүүх шийдвэрлэх боломжтой байжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан хойшлуулах, үзлэг хийлгэх  2 хүсэлтийг хангаж, шинжээч томилуулах хүсэлтийг үзлэг хийсний дараа шинжээч томилох шаардлагатай үндэслэл тогтоогдвол хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчийн  захирамжаар “... үзлэг хийсний дараа шинжээч томилох шаардлагатай үндэслэл тогтоогдвол хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж ...” шийдвэрлэжээ. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийжээ. Шүүх үзлэг хийсний дараа шинжээч томилох шаардлагатай эсхүл шаардлагагүй гэх асуудлыг шийдвэрлэлгүй орхижээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасныг зөрчжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР