Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2021/01167

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2021/01167

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг *******,*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг *******-д холбогдох,

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 8.115.000 төгрөг гаргуулах тухай 142/2021/00542/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* Булган аймгийн Булган суманд амьдардаг байсан. 2020.04.15 ны өдөр өөрийн Пруис-41 маркийн 01-90 БУА улсын дугаартай автомашиныг худалдан авч, өөрийн эзэмшилд ашиглаж байсан. 2021 оны 01 сард миний ахын бие муудаж түүнийг сахихаар Орхон аймагт ирсэн байхад миний нөхөр З.Мөнхсүлд нь өөрийн дотно харилцаатай /нууц амраг гэх/ эмэгтэй *******тэй хамт байх үедээ 2021 оны 02 сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашиныг унаж яваад онхолдуулсан. Тухайн автомашиныг унагасны дараа хэргийн газраас уг эмэгтэйтэй зугтасныг цагдаагийн ажилтнууд хэлж байсан ба миний нөхөртэй амрагийн харьцаатай байснаа надад мэдэгдэхгүй нуух зорилгоор энэхүү үйлдлийг гаргасан гэж сонссон. Тухайн үед автомашиныг ******* нь унаж яваад онхолдуулсныг Цагдаагийн байгууллагаас тогтоосон ба автомашины гэмтлийг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 6.356.000 төгрөг гэж тогтоосон боловч засварын газарт засуулахад зарим эвдрэлийг үнэлгээний байгууллага орхигдуулсан, засварын зардлын үнэ нэмэгдсэн зэрэг шалтгаанаар нэмэлт зардал гарч 8.115.000 төгрөгийн зардал гаргаж, автомашинаа засварласан. Харин энэхүү зардлыг ******* төлөх боломжгүй гэсэн тул өөрөөсөө төлбөрийг бүрэн гаргаж засварлуулсан. Иймд автомашинд учруулсан хохирол 8.115.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр энэ хэрэг болсон. Би 2021 оны 01 сард миний ахын бие муудаж түүнийг сахихаар Орхон аймагт ирсэн байхад манай нөхөр З.Мөнхсүлд Булган аймагт гэртээ үлдсэн. 2021 оны 02 дугаар сарын 01-ний орой 20 цагт Булган аймгийн Цагдаагийн газраас утасдаад танай машин унасан байна, тэгээд хүн байхгүй байна, ямар хүн барьж явсан юм бэ гэж ярьсан. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгасан утсаа аваагүй, нөхрийнхөө дүү рүү яриад юу болоод байгаа юм бэ цагдаагаас ярьж байна гэсэн ах машинаа барьж явж байгаад унагаачихаад хаяад явсан байхаар нь би танай машин дээр ирээд өргөгч кран дуудаад машиныг чинь босгох гээд байж байна гэж яриад орой нь манай нөхрийн эгчийнх нь нөхөр машиныг чинь босгох гэсэн чинь нэг хүүхэн машиныг чинь онгойлгосон зогсож байхаар нь чи юун хүн юм бэ, хүний машин онгойлгоод юу хийгээд байгаа юм бэ гэсэн чинь би энэ машиныг унаж явж байгаад унагаасан юм, би юмаа авах гээд эргээд ирсэн байна гэж хэлсэн гээд надад утсаар ярьж хэлсэн. Ямар хүн байна гэсэн ямар ч байсан Булганы хүн бол биш гээд ямархуу царайтай хүн болохыг нь хэлсэн. Тэгээд нөхөр лүүгээ залгасан утсаа аваагүй, тэгээд энэ хүнийг мөн юм байна гээд дотроо бодсон. Яагаад гэвэл энэ хүн, манай нөхөр хоёр миний мэдэхийн 1 жил гаруй нууц харилцаатай байгааг нь тухайн үедээ мэдсэн байсан ч гэсэн яг өөрийн биеэр таарч байгаагүй болохоор хүнийг хардаад яах вэ гэж бодоод зүгээр өнгөрөөсөн. Энэ хүний фейсбүүкээс нь зургийг нь татаж аваад хүргэн ах руу нь явуулсан мөн байна гэж хэлсэн. Юу болсон талаар мэдэх гээд энэ хүн рүү залгатал миний дугаарыг 2-3 хоног блоклоод надтай холбогдоогүй. Тэгэхээр нь би машин барьж яваад унагаасныг чинь мэдэж байна гэж мессеж бичээд үлдээсэн. Тэгсэн 3-4 хоногийн дараа холбогдоод яаж машины хохирлыг барагдуулах вэ, надад хугацаа өг гээд, юм ярихаар чи төмрийн сэгэндээ үхлээ юу гээд урдаас хэл амаар доромжилсон өнгө аястай яриад байхаар нь Булган аймгийн Цагдаагийн газар өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед Цагдаагийн газар миний өргөдөл гомдлын дагуу дуудах хүмүүсийг нь дуудаж мэдүүлэг байцаалт авч, прокурорын шатанд шийдвэрлээд энэ хүнийг Зөрчлийн хуулиар торгоод хэргийг хаалаа, та иргэний журмаар шүүхэд гомдол гаргаж болно гэж надад тайлбарлаж хэлээд хэргийг хаасан. Хэрэг болсноос хойш энэ хүн хохирлыг чинь барагдуулъя гэж нэг ч удаа яриагүй, тэр хугацаанд би 2-3 удаа мөнгөө авч машинаа засуулмаар байна гэж залгахад өгнө гээд, үг хэлээ ололцоогүй. Нөхөртөө тэр хүндээ хэлж мөнгөө авч машинаа янзлуулъя гэхээр тэр хүн чинь надад ямар ч хамаагүй, чи өөрөө нэхэж авахгүй юу гээд ерөөсөө тоосон шинжгүй хаячихсан. 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш би 2 хүүхдээ аваад нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Зөвхөн хүний эд хөрөнгийг эвдэж, гэмтээгээд сүйтгэхгүй, гэр бүлийг маань ийм байдалд хүргэсэн. Ээжийнхээ байшин, хашааг ББСБ-д тавиад зээл аваад, мөн ээжийнхээ тэтгэврийн зээлийг авахуулаад машинаа янзлуулсан. Машин янзлуулсан мөнгө болох 8.115.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ашид билгүүн ХХК үнэлгээгээр 6.356.000 төгрөг гэж тогтоогдсон байгаа. Хөл хорионы үед байсан болохоор эндээс сэлбэг олдоогүй бүгдийг нь Улаанбаатар хот руу захиулж авч ирүүлсэн, засварын хөлс орж байгаа. Мөн засуулж байх явцад мотор нь доогуураа хагарч цоороод доогуураа хамаг масло нь гоожчихсон байсан учраас давхар мотор солиуж тавьсан, моторын хөлс болон засуулж тавьсан засварын хөлс орсон байгаа. Тэрнээс өөр масло, тос зэрэг бусад жижиг зардлууд ороогүй. Машинаа Вьетнам автозасварын газраар 3200000 төгрөгөөр засуулсан гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 2 сарын 01-нд Булган аймаг явахаар хоёр хүүхэдтэйгээ замын машинд дайгдан явсан. Төвд буугаад ачаа ихтэй явсан тул такси авахаар зогсож байтал 01-90 БУА дугаартай машин ирж зогссон нь арван жилийн нэг төгсөлтийн залуу 3.Мөнхсүлд байсан. Уг залуугийн машинд суугаад хөдлөөд удаагүй байтал толгой эргээд, дотор муу байна чи бариад явчих, тэгэх үү гэхээр нь зөвшөөрсөн юм. Жолоо солиход машины зүүн толь хагарсан, зүүн талын 2 хаалга, зүүн урд хойд буфер, зүүн крыло зэрэг нь урагдаж зурагдсан байсныг асуухад грашны хаалга саваад ийм болгочихсон гэж хэлсэн. Машиныг би бариад явж байтал маш их гулгаа ихтэй тойрог замд гулгаж тормоз гишгэсээр байгаад замын хажуу руу унасан юм. Тухайн үед хурд маш бага явсан болохоор бид биедээ гэмтэл аваагүй. Ойрхон явж байсан залуус ирж зүгээрүү гулгасаар байгаад орчих юм гэж хэлэн урд талын суудлын 2 бүсийг тайлж өгөн биднийг гаргасан. Уг залуус өргөгч крантай хүний дугаар өгч холбогдоход маргааш болъё гэхээр нь аймгийн онцгой байдлын газар руу очиж татах, өргөх хүн хүч дуудахаар очиж уулзсан боловч байхгүй гээд зөвшөөрөөгүй. Эргэн ирэхэд жолоочийн хүргэн гэх залуу ирчихсэн байсан. Машины эзэн 3.Мөнхсүлд уулзаж ярилцаад хүн олоод гаргачихъя гэж байна чиний бие зүгээр үү явж чадах уу гэхээр нь би явсан. Тэр өдөр маш хүйтэн голдоо ортол даарч чичирч зогсохын аргагүй байсан учир би явсан. Уг нэхэмжлэгчийн хэлснээр нөхөртэй нь янаг амрагийн харилцаа байхгүй арван жилийн нэг төгсөлтийнх бие биенээ таньдаг болоод жил орчим л болж байсан. Машиныг унагаад хэргийн газраас оргон зайлаагүй болно. Маргааш нь буюу 02 сарын 02-нд машинд нь үлдсэн миний ачаа болох notebook, өнгөт принтер, цүнхтэй хувцас, хүний дайвар \2 сая төгрөгийн үнэтэй бараа\ зэрэг алга болсон байсан. Сураг гаргахад нэхэмжлэгч эмэгтэйд нөхрийнх нь дүү аваачин өгч сар гаран нуун дарагдуулж өгөөгүй. Энэ хугацаанд өнгөт принтерийн хор хатаж ажиллагаагүй болсон. 2020 оны 02 сарын 10-нд Булган аймгийн Цагдаагийн газраас ирж мэдүүлэг өгнө үү гэсний дагуу очиж болсон зүйлээ хэлсэн. Ахин очиход машины эзний мэдүүлгийг үзүүлэхэд жолооч бие муу байсан, би өөрөө барьчих гэж гуйсан болохоор машины эвдрэлд гомдолгүй гэсэн байсан. Машины бичиг баримт нь 3.Мөнхсүлдийн нэр дээр байсан. Машиныг Орхон аймгийн Ашид билгүүн ХХК-д үнэлүүлж хохиролын үнэлгээ 7.878.000 төгрөг гарсан байсныг нөхрийнх нь эвдсэн зүйлийг хасуулж байж 6.356.000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч эмэгтэйтэй нэг бус удаа утсаар холбогдон машиныг чинь засварчинд үзүүлээд би засуулаад өгье гэхэд үгүй заавал мөнгөө авна 2 хоногийн дотор өг гэж ярилцахыг хүсээгүй. Би яг одоо өгөх мөнгө байхгүй байна, хугацаа өгөөч ээ мөнгийг чинь заавал өгнө гэсэн боловч үг тайлбар сонсоогүй. Би таньдаг засварын газар, сэлбэгийн дэлгүүрээс эвдрэлийн засвар үйлчилгээг асуухад яагаад ч 6 сая болохгүй ээ, аваад ир, үнэ хөлсөө тохироод заримыг нь үнэгүй засаад өгье гэсэн. Миний хувьд уг мөнгийг өгөхийн төлөө байгаа хэдий ч оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж авсан цалингийн зээлтэй, Ард кредитээс зээлтэй, хувь хүмүүсээс хүүтэй мөнгө авсан тул цалингаас өгөх боломжгүй байгаа. Мөн өөрийн гэсэн зарах үл хөдлөх хөрөнгөгүй юм. Иймээс найз нөхөд ах дүү нараасаа мөнгө асууж өгөх хүсэлтэй байгаа. 3.Мөнхсүлд гомдолгүй гээд байхад нэр дээр нь байсан машины бичиг баримтыг яаж Энхтуяа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, өөрөө засуулаад уначихсан, өөрийн эзэмшлийн машин гээд байгаа нь, Булган аймгаас Эрдэнэт рүү машин өөрөө асаж ирсэн байхад мотор сольсон гэдэгт, би засуулъя гээд байхад эсэргүүцээд байсан зэрэгт би гайхаж эргэлзэж байна. Засуулсан машины төлбөр нь 8.115.000 төгрөг болсонд нь итгэхгүй байна. Ямар ч засварын газар танил талаараа дуртай үнэлгээ гаргуулаад авчих байх л даа. Энэ нь өөрөө бага өртгөөр засуулж надаас мөнгө нэмж авах гэсэн шуналын сэдэлтэй байна гэж харж байна. Мөн Энхтуяагийн өмнөх Булган аймагт өгсөн гомдол нэхэмжлэл доторх үг хэллэг зөрсөн байгаа нь сэжигтэй байна. Миний хувьд би өөрөө барья гэж гуйж бариагүй, эрүүл, хурдгүй явсан учраас төлбөр төлөхөд урт хугацаа хэрэгтэйгээс гадна уг 6.356.000 төгрөгийн төлбөрийг 3.Мөнхсүлдтэй хувааж төлөх хүсэлтэй байгаа. Мөн 3.Мөнхсүлдээс мэдүүлэг авч тодруүлга хийж өгнө үү. Тухайн өдөр машиныг унагаагаад Онцгой байдлын газар луу такси бариад хамт явсан. Тэр хооронд дүү нь гээд залуу ирсэн. Тэгэхэд би машин дотроос нь юмаа авах гэж онгойлгосон. Тэгсэн нэг залуу чи хэн юм бэ, яах гээд хүний машин онгойлгоод байгаа юм бэ гэхээр нь миний юм байгаа юм тэрийгээ авах гэсэн юм гэсэн. Энэ хүний дугаарыг блоклоогүй, тухайн үед холбогдож байсан. Энэ хүн ярихдаа 3 хоногийн дотор миний машин ямар байсан яг тийм болгож өг, тэгэхгүй бол шүүх цагдаад өгнө гэхээр нь хөл хорионы улмаас зам хаагдсан, хорио цээр тавигдахаар засуулж өгье, засуулж өгөхгүй ч гэсэн хотоос захиулж авч өгье гэхээр цаг хугацааны асуудал болчихоод байна, цаг хугацаа өг гэж хэлсэн. Хэд хэдэн удаа залгаж ярихад нь хэл амаар бол доромжлоогүй, харин энэ хүн өөрөө миний тайлбарыг сонсоогүй, би өгөхгүй гэж хэлээгүй өгнө, гэхдээ надад хугацаа өгчих хорио цээр дуусгаад, засах хугацаа байна гэсэн үгүй 3 хоногийн дотор засаж өг эсхүл цагдаад өгнө гэсэн. Хорио цээр тавигдсаны дараа машинаа Булганаас оруулж ирээд засуулсан байсан. Тэр үед цагдаад намайг өгсөн байсан, тэгэхээр нь би нэгэнт цагдаад өгч надад хугацаа өгөөгүй, харилцан тохиролцоогүй, цагдаагаар шийдүүлэх гэж байгаа юм байна гээд мөнгийг нь өгье гэж бодоогүй, цагдаа юу гэж шийдэх бол гээд хүлээлттэй байсан. Хариу тайлбар сонсдоггүй, чамайг ажилгүй, нүдний булай болгоно, фейсбүүкээр цацна гээд сэтгэл зүйн дарамт учруулж байсан. Хохирлыг үнэлгээний газарт очиж үнэлүүлэхэд хамт очсон. Нөхөр нь тэр өдөр өөрийнхөө машины зүүн талыг тэр чигт нь гараашныхаа хаалганд зурсан байсныг нь хэлж хасуулаад 6 356 000 төгрөг болгуулсан, мотор гээд байгааг нь сайн ойлгохгүй байна, үнэлгээний газар үнэлсэн байх гэж бодож байна. Сүүлд нь ямар үнэлгээ гаргаж ирснийг нь мэддэг газраар нь тайлбарлуулж болох байх. Үнэлгээг тийм их гарна гэж бодоогүй, их гарсных нь дараа таньдаг 2-3 засвар, сэлбэгийн газрын хүмүүсээс асуухад 6.000.000 төгрөг болохгүй байх машиныг нь аваад ир засаад өгье, үзье гэхээр нь зургийг нь аваад засварын газарт үзүүлье гэсэн үзүүлэхгүй, очуулахгүй мөнгө л өг гэсэн шаардлага тавьсан. Миний бодлоор өөрөө танил засварын газартай тэндээ засуулчихаад нэмж мөнгө авах гээд байгаа юм болов уу гэж би бодсон. Надад бол хямдхан засуулах боломж байсан, энэ хүн өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. 8 115.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, Ашид билгүүн ХХК үнэлгээгээр тогтоогдсон 6.356.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Нууц амрагийн харилцаатай гээд байгаа, тийм зүйл байхгүй, бид нар нэг төгсөлтийн нэг үеийн таньдаг хүмүүс учраас ангийн групп чатаар хоорондоо харилцдаг байсан. Тэр өдөр таарсан, энэ хүн ингэж бодоод байх шиг байгаа юм гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* дүгнэлтдээ: Бие өвдөөд жолоогоо шилжүүлээгүй байх, нэг бол архи уусан байх. Машины багана руу орсон бол засварын мөнгө нь өндөр гардаг. Вьетнам засварт засуулахаас өөр аргагүй, Монгол засварын газар Вьетнам засварын газар шиг засаж чадахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулах ёстой байх гэв.

 

Зохигчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 8.115.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч ******* нь 2021 оны 02 сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 01-90 БУА улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, тухайн машинд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 02 сарын 22-ны тогтоол, 2021 оны 03 сарын 02-ны шийтгэлийн хуудас, гэрэл зураг, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 721 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрийнхөө эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болон түүнтэй холбоотой бусад зардлыг хариуцагч *******гээс нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, зохигчдын тайлбар мэдүүлэгт үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Зам тээврийн ослын улмаас Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэлд 6.356.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 721 дугаартай хохирлын үнэлгээгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч нь машиныхаа сэлбэгийг Улаанбаатар хотоос захиулж авчруулсан, машинаа Вьетнам засварын газраар засуулсан, нийт 8115000 төгрөгний зардал гаргаж машинаа засварласан... гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор зарлагын баримтуудыг /хх-ийн 3-5-р тал/ нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...нэхэмжлэгчийн нөхөр намайг машинаа бариад явчих гэж гуйсан, тэгээд гомдол саналгүй гэсэн, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 6356000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ энэ мөнгийг төлөх хугацаа хэрэгтэй, би зээлтэй, 2 хүүхдээ тэжээж амьдардаг, би өөрөө машиныг нь засуулаад өгье гэхэд зөвшөөрөөгүй... гэж тайлбарладаг.

 

2020 оны 02 сарын 01-ний өдөр осол болоход 01-90 БУА улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч *******гийн нөхөр З.Мөнхсүлдийн эзэмшил, өмчлөлд байсан, эхнэр ******* нь хохирол нэхэмжлэх үндэслэлээр уг машиныг 2021 оны 04 сарын 09-нд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, түүний тайлбараар тогтоогддог.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгчийн нөхөр болох З. Мөнхсүлд нь хариуцагч *******д жолоогоо өөрөө шилжүүлсэн, мөн тэрээр өмнө нь машиныхаа хаалгыг сэвтүүлсэн байсан, уг эвдрэлийг засуулсан хөлс нэхэмжлэлийн шаардлагад орсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 30 хувиар бууруулан тооцож /8115000*30%-2434500/ харицагчаас 5.680.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.434.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 105838 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 5.680.500 /таван сая зургаан зуун наян мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.434.500 /хоёр сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.800 /нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 105.838 /нэг зуун таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                    Л.АРИУНЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА