Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 69

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  В.Цэцэнбилэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч  Ц.Мөнгөндавалгаа

Шүүгдэгч Н.Э түүний  өмгөөлөгч Л.Батбаяр

Нарийн бичгийн даргаар Д.Номингоо нарыг оролцуулан;

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Н.Э ад холбогдох эрүүгийн 1914003250402 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, овогт Н.Э , 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Н.Э нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “даюун” маркийн мотоцикль жолоодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мягмарсүрэнг сундлан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар ширгүү гэх газарт байх гэртээ харихаар явах замдаа 2019 оны 4 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Хар хуруу гэх газарт болгоомжгүй үйлдлийн улмаас эхнэр Ш.Мягмарсүрэнг нам хэмийн үйлчлэлийн улмаас буюу осгоосны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                                                                                                                                                

Баянхонгор аймгийн прокурорын газраас Н.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт Н.Э ыг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э ыг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э ад оногдуулсан 2 / хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Н.Э аас оршуулгын зардалд нийт 3172920 төгрөг нэхэмжилснээс 2569300 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 603620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад зааснаар шүүгдэгч Н.Э ын охин овогт М.М, хүү овогт М.М нарын асрамжийн асуудлыг хуульд заасан журмын дагуу томилж, даруй шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үзмийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, мотоциклийг эзэмшигч Н.Э ад буцаан олгож, шүүгдэгч Н.Э ын эзэмшлийн .. 5 тооны хонь...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч л.Батбаяр миний бие эрүүгийн 1914003250402 тоот хэргийн холбогдогч Н.Э ын хууль ёсны өмгөөлөгчөөр хэргийг шалгах шатнаас нь оролцсон болно. Н.Э нь 2019 оны 4 сарын 8- 9-нд шилжих шөнө болгоомжгүй үйлдлийн улмаас эхнэр Ш.Мягмарсүрэнг нам хэмийн үйлчлэлийн улмаас буюу осгоосны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдон 2020 оны 6 сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар орж Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар шийтгүүлэн цагдан хоригдсон тул анхан шатны шүүхийн 201 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь Н.Э нь анх удаагаа хөнгөн гэмт хэргийг санамсар болгоомжгүйгээр учрах хор хөнөөлийг ухамсарлахгүйгээр хэрэгт холбогдсон бөгөөд өндөр настай /эмэг эх/ 92 настай Лусмаагийн хамт амьдардаг ба хохирогч тал болох Нарантуяагийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн хохирол, хүүхдийг минь санаатай алсан, амийг амиар гэх гомдлыг үндэслэн хорих ялаар шийтгэн хорьсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдсэн тогтоол гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

 

3-8 насны хүүхдээ асран хамгаалдаг болохыг өөрийн суух харьяалал бүхий сумын Засаг даргын тамгын газрын даргын албан бичиг, төрийн тамгаар баталгаажуулан нотлох баримтаар тогтоогдсон,өрх толгойлсон эцэг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Иймд 1914003250402 тоот эрүүгийн хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж бодит байдал, үнэнд тохирсон шийдвэр гаргаж өгнө үү гэж гомдлоо гаргалаа гэжээ.

 

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Санаатай, болгоомжгүй гэмт хэргийг ялгах, амь хохирогч гэр бүлийн хүчирхийлэлд байсан.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлэх саналтай гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа; Гаргасан гомдлоо дэмжин оролцож байна. Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар 3-8 насны хүүхэдтэй, ганц бие эцэг байх тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэв.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

   

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Л.Батбаярын  давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд   үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд   гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл шүүгдэгч Н.Э  нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 нд шилжих шөнө  өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “даюун” маркийн мотоцикль жолоодон  эхнэр Ш.Мягмарсүрэнг сундлан Баянхонгор аймгийн төвөөс Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар ширгүү гэх газарт байх гэртээ харихаар явах замдаа,  Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Хар хуруу” гэх газарт эхнэр Ш.Мягмарсүрэнг  хээр орхин явснаас эхнэр Ш.Мягмарсүрэн нь нам хэмийн хүйтэнд осгож, амь нас нь хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх  гэмт хэргийн үйл баримт нь  1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан “...би талийгаачийг осгож нас бараагүй...нөхрийнхээ гарт амиа бүрэлгүүлж нас барсан гэж бодож байна. ...манай охиныг ямар нэгэн байдлаар хөдөлгөхгүй болгосон...хээр үлдсэн байлаа гэхэд...айлд очоод амиа аврах боломжтой хүүхэд...” гэх хохирогч Х.Нарантуяагийн мэдүүлэг

 

 1 дүгээр хавтаст хэргийн 393-395 дугаар талд авагдсан “...цас хаялж төөрсөн...21 цагийн үед мотоциклтой 2 хүн тааралдсан...эрэгтэйг нь...  ахиж мотоцикль дээр нь мордуулж өгөхөд өнхрөөд ойчсон...эхнэр нь шуудайтай юм аа аваад миний мотоциклийн араар...суугаад... нөхрийгээ суучих... гэхэд бид хоёрыг давхар татаад унагаасан... эхнэрээ чирээд цааш болсон...” гэх гэрч С.Түвшиний мэдүүлэг

 

1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр талда авагдсан”... өнөөдөр өглөө 10 цаг 20 минутад манай гэрт Энхбат... ногоон өнгийн мотоциклоор ирсэн... эхнэрээ хадны нөмөрт суулгаж үлдээгээд... мотоциклоо янзалчихаад ирсэн чинь мөлхөөд жаахан холдчихсон...тэрлэгээ тайлаад хучаад хажууд нь сууж байсан чинь амнаас нь хөөс сахраад өнгөрчихлөө гэж хэлсэн. ...манай гэрээс 10 гаруй км хол газар байгаа... гэсэн”  гэх гэрч П.Мөнхтогоогийн мэдүүлэг

 

1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дугаар талд авагдсан”...талийгаачийн цогцост хамар, өвдөгт, зулгаралт, хамар, шилбэ тавхайд цус хуралт тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...талийгаач нам  хэмийн үйлчлэлийн улмаас осгож ,нас баржээ.2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 18 цаг 50 минутад талийгаачийн биед хийсэн үзлэгээр нас бараад 12-16 цаг болсон байх боломжтой...” гэх шинжилгээний дүгнэлтийг талийгаачийн цогцост шүүх эмнэлгийн  задлан шинжилгээг  хийж гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 31 тоот   дүгнэлт

 

1 дүгээр хавтаст хэргийн 246-247 дугаар талд авагдсан “...цас ширүүнээр орж эхэлсэн...мотоциклийн гинж мултраад...эхнэр бид 2 жалганд очоод хадны нөмөрт суусан... өглөө гэгээ оруулаад...6 цагийн үед мотоциклоо засаж авчирахаар явсан... засчихаад эргээд...ирсэн чинь.... эхнэр сууж байсан газраа өөрчлөөд хажуу талд газар хэвтэж байсан...эхнэр босож чадахгүй гээд өмсөж явсан дээлийнхээ хормойгоор хучаад тэвэрч суусан... нас барсан байсан...” гэх  шүүгдэгч Н.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг  болон хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,тухайн өдрийн цаг агаарын төлөв байдлыг тодорхойлсон Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Н.Э ыг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 1-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар  оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн  нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

 2 дугаар хавтаст хэргийн 2-4 дүгээр талд  авагдсан “... Н.Э нь өрх толгойлсон эрэгтэй,  3 настай  М.Мөнхцэцэг, 7 настай М.Мөнхбат, 89 настай эмээ Ө.Лусалмаа,  гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас хүүхдүүд нь ээжээрээ овоглодог”  талаар тодорхойлсон Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын  албан бичиг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг үндэслэн бага насны хүүхдүүдэд  асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох үүргийг   Өлзийт сумын Засаг даргад даалгаж,  анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11-т “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасантай нийцсэн байна.

Иймд “ Н.Э ын  өрх толгойлсон эрэгтэй, бага насны 2 хүүхэдтэй” байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “... шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаанд хойшлуулж болно” гэж заасныг хэрэглэх боломжгүй буюу шүүгдэгч Н.Э ын гэм буруутай  гэмт үйлдлийн улмаас бага насны хүүхдүүд хохирсон байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгч  Л.Батбаярын  энэ талаар бичсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Э ын  2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 100 хоногийг түүний  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн  1.1 -т  тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  Н.Э ын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 100  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.