Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/шш2020/0478

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин, нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, З.Ү, Т.Днарыг оролцуулан “С” ХХК нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "С” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, санхүүжилтийн үлдэгдэл 520 324 000 төгрөгийг "С” ХХК-д  олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: С нь 1989 онд үүсгэн байгуулагдсан, 2007 оноос "С" ХХК  болон өөрчлөгдөж эрүүл мэндийн салбарт тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээн ажиллаж байгаа, улсдаа ганц сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг юм. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 70-80 хувь нь зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хүүхдүүд байдаг ба сүүлийн жилүүдэд осол гэмтэл, цус харвалт, төрөл бүрийн шалтгаант саа саажилт, үе мөч болон сэргээн засах тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өвчлөл нэмэгдэхийн хэрээр, дэлхий нийтээрээ эмийн эмчилгээнээс татгалзаж байгаатай холбоотойгоор тус эмнэлгийн ачаалал жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын зорилтууд, эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогод эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд манай эмнэлэг иргэдэд сэргээн засах үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр зөвхөн хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 175 ортой үзүүлдэг.

1989 оноос хойш Нийгмийн даатгалын ерөнхий газартай жил бүр гэрээ байгуулан санхүүжилт, зардлаа авч үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд гэрээний ямар нэгэн зөрчил, үйлчилгээний алдаа дутагдал гаргаж байгаагүй болно.

Энэ хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг тогтоож, 2 дахь заалтаар "С" ХХК эмнэлгийн даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрч, мөн 3 дахь заалтаар уг тогтоосон хэмжээнээс өөр нэмэлт төлбөр даатгуулагчдаас авахгүй ажиллахыг даалгасан болно.

Үүний дагуу бид 2016, 2017 онд Нийгмийн даатгалын ерөнхий газартай, 2018 ,2019 онд Эрүүл мэндийн даатгалын газартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ” байгуулан ажиллаж дээрх тогтоолын Нэгдүгээр хавсралтын 1-д зааснаар “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” төрлөөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын адил 300,000 төгрөгөөр үйлчилгээний хувьсах зардлыг тооцогдон авч, иргэдээс төлбөр авахгүйгээр үйлчилдэг байсан.

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан 02/03 дугаартай “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ээр ч дээрх байдлаар тогтоосон байдаг бөгөөд энэ нь гэрээний хавсралтад тусгагдсан “батлагдсан нийт төсөв”, “тусламж үйлчилгээний зардал” гэсэн хэсгүүдээс тодорхой харагдана.

Гэтэл гэрээнд зааснаар “хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ” төрлөөр үйл ажиллагаа хэвийн, өөрчлөлтгүй ажиллаж байхад Нийгмийн даатгалын ерөнхий газраас санхүүжилтийг олгохдоо 2016 оны 19 дүгээр тогтоолын “6”-д заасан “Сэргээн засах тусламж үйлчилгээ” гэж зааснаар 110,000 төгрөгөөр олгож байгаа нь дээрх тогтоолд нийцээгүй, манай олон жил тасралтгүй зөвхөн хэвтүүлэн эмчлэх төрлийг буруу ангилалд хамруулсан, эмнэлгийн үйл ажиллагааг ойлгоогүй шийдвэр болсон.

Тус эмнэлэг нь эмч, сувилагч, бусад ажилчдын хамт 74 ажилтантай бөгөөд ингэж 110,000 төгрөгөөр тооцон олгосноос болж манай эмнэлэгт цалин хөлс, ашиглалтын зардал, мөн эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг санхүүгийн хувьд бэрхшээл үүсч үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа төдийгүй, өвчтөн эмчлүүлэгчдийн ч эрхийг зөрчсөн байдал үүсээд байна.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 487 дугаар тушаалаар “Сэргээн засах тусламж, үйлчилгээний журам”-ыг баталсан бөгөөд түүний 2.6-д хэвтүүлэн эмчлэх сэргээн засах тусламж үйлчилгээний төрлийг заасан, мөн анх үүсгэн байгуулагдсан цагаасаа манай эмнэлэг зөвхөн хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаа явуулдаг зэргээс “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” төрөлд багтана.

Мөн 24 цагийн турш сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ болон сэргээн засахын бусад хэлбэрээр / үүдэн эмнэлгээр, гэрээр, өдрийн эмчилгээ/ өдөрт 0-8 цаг нэг удаа үзүүлдэг сэргээн засах тусламжийн үйлчилгээний зардал ижил байх боломжгүй зэргээс үзэхэд тогтоолын агуулга, зорилгод нийцээгүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дээрх үйлдэл хууль бус болох нь харагдаж байна

Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын зардлын программд сэргээн засах тусламж үйлчилгээ 110,000 төгрөг гэдэг тохиргоо байхгүй. харин рашаан сувиллын үйлчилгээ 110,000 төгрөг гэдэгт хамруулсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээг рашаан сувиллын үйлчилгээ болгон өөрчилсөн хууль бус үйлдэл.

Хариуцагч захиргааны байгууллагаас тус эмнэлгийн захирал Ц.Чд “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан тарифыг зөрчин эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг гаргуулан авч их хэмжээний мөнгө завшсан” гэх асуудлаар “хэвтүүлэн эмчлэх” төрөлд хамааралгүй байхад тус дүнгээр санхүүжилт гаргуулсан гэж захирал Ц.Чд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаар тогтоолоор Ц.Чын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, тухайн жилүүдэд уг эмнэлэг хууль журмын дагуу санхүүжилт авч байсныг тогтоосон болно.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг дутуу, буруу тооцоолж олгох нь тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах, санхүүгийн байдалд ноцтойгоор нөлөөлж байгаа бөгөөд цаашилбал иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд хохиролтой болно.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас үйлчилгээний хувьсах зардлыг хууль бусаар багасган өгч байгаатай холбоотой албан ёсны ямар нэгэн бичгэн хэлбэртэй шийдвэр гаргасан тухай бидэнд мэдэгдэж сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд шууд гэрээний төсөл хүргүүлснээр бид арга буюу гэрээнд гарын үсэг зурсан, харин гэрээнд гарын үсэг зурсанаас хойш тасралтгүй гомдол, хүсэлтээ гаргаж байсан.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд "С” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, санхүүжилтийн үлдэгдэл 520 324 000 төгрөгийг "С” ХХК-д  олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас "С" ХХК  нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан тарифыг зөрчин эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт гаргуулан авч их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгасан ба энэ хэрэгт манай газрын 5 мэргэжилтэн шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан. Шинжээч нар "С" ХХК -ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тусламж, үйлчилгээ үзүүлсэн 45746 өвчний түүхэнд үзлэг хийж, зөвхөн сэргээн засах эмчилгээ хийгдсэн боловч хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний төрлөөр тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нэхэмжилж, санхүүжилт авсан ба дээрх хугацаанд тусламж, үйлчилгээ авсан даатгуулагчийн зардлын төлбөрийг үзүүлсэн сэргээн засах тусламж, үйлчилгээний төрөлд тохирсон тарифаар олгосон бол нийт санхүүжилтээс 6.581.570.396,20 төгрөгийн зөрүү гарахыг тодорхойлон дүгнэсэн байна.

Иймд манай газар нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр "С" ХХК -тай 02/03 дугаартай “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулсан ба тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ”-г худалдан авахаар заасан.

Хэвтүүлэн эмчлэх болон сэргээн засах тусламж, үйлчилгээ нь 2 өөр төрлийн тусламж, үйлчилгээ гэдгийг дараах хууль, эрх зүйн баримтуудад тодорхойлсон байдаг. Үүнд: Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-д “Сэргээн засах” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д “Сэргээн засах төв нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон бусад эмнэлгээс илгээсэн өвчтөнд амбулаториор үйлчлэх, хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна” гэж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ”, 13.1.1-д “Эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар”, 13.1.2-д “Дагнасан байдлаар”, 13.2-д “Сэргээн засах дагнасан тусламж, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд үзүүлнэ” 13.3.2-д “Сэргээн засах дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь сэргээн засах төв, сувилал гэсэн төрөлтэй байна” гэж тус тус заасан. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний багц нь 9.1.1-д Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, 9.1.5-д Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ хамаарна” гэж зохицуулсан байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г тогтоосон нэгдүгээр хавсралтаар Сэргээн засах тусламж, үйлчилгээний даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 110.000 төгрөг байхаар тогтоож өгсөн. Уг тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гүйцэтгэх журам”-ын 2.8.1-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ, эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, өдрөөр үзүүлэх уламжлалт сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байна”, 4.10.1-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлын хэмжээ нь 113-115 дугаар оношийн хамааралтай бүлгийн нийлбэрээр тодорхойлогдоно”, харин 4.4.1-д “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын хэмжээ нь 1-107 оношийн хамааралтай бүлгийн зардлын нийлбэрээр тодорхойлогдоно” гэж тус тус заасан байдаг.

Манай газраас 2019 онд "С" ХХК-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийг олгохыг хүссэн албан бичигт хариу хүргүүлж, "С" ХХК-ийг “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр санхүүжүүлэх боломжгүй талаар 5 удаагийн албан бичгээр мэдэгдэж байсан болно. Тус албан бичгийн дагуу "С" ХХК  нь хэвтэн эмчлүүлэгчдийн хувьсах зардлыг 110.000 төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэх болсныг албан ёсоор хүлээн авснаа илэрхийлж, төлбөрийн хэмжээг 110.000 төгрөгөөр тооцон 20 удаагийн нэхэмжлэлийг манай байгууллагад ирүүлж байсан.

Иймд "С" ХХК-ийн тусламж, үйлчилгээний зардлыг буруу тооцоолж, санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

520.383.828 төгрөгийг олгуулахыг даалгах шаардлагын тухайд: Манай газар нь "С" ХХК -тай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаартай 1.74.969.400 төгрөгийн үнийн дүн бүхий “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Сэргээн засах тусламж, үйлчилгээний төрлөөр тусламж, үйлчилгээг худалдан авахаар заасан.

"С" ХХК  нь 2019 онд 20 удаагийн нэхэмжлэлээр сэргээн засах тусламж, үйлчилгээний төрлөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 110.000 төгрөгөөр тооцон, нийт 5862 даатгуулагчийн 644.380.000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийг тус газрын Тусламж, үйлчилгээний чанарын газар, Санхүүгийн хэлтэс хянан шалгаж 49 даатгуулагчийн 5.390.000 төгрөгийг санхүүжилтээс хасч тооцон 5813 даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардалд 638.990.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Иймд 2 тал харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу 2019 онд даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг сэргээн засах тусламж, үйлчилгээний төрлөөр нэхэмжилж, санхүүжүүлсэн байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан зөрүү гэх 520.383.828 төгрөгийг олгуулахыг даалгах шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийг төлөөлж  захирал Ц.Ч тус шүүхэд хандаж “...2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "С” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг буруу тооцоолж, олгохгүй байгаа шийдвэрийг хүчингүй болгож, зөрүү 520 383 828 төгрөг олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа шүүх хуралдааны явцад “...2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "С” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, санхүүжилтийн үлдэгдэл 520 324 000 төгрөгийг "С” ХХК-д  олгохыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан, уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн болно.

Нэг. 2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "С” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоол хүчин төгөлдөр, уг тогтоолын дагуу 2016, 2017 онуудад “хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ” төрлөөр 300 000 төгрөгөөр санхүүжилт олгож байсан атлаа уг тогтоолд өөрчлөлт ороогүй, хүчин төгөлдөр байхад манай эмнэлгийн үйл ажиллагааг 2019 онд “сэргээн засах тусламж үйлчилгээ” хэлбэрээр 110 000 төгрөгөөр тооцож дутуу олгож байгаа нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч “...талуудын хооронд гэрээ байгуулагдсан, энэ талаар маргаагүй, сэргээн засах тусламж үйлчилгээ явуулдаг эмнэлэг тул 110 000 төгрөгөөр санхүүжүүлэх ёстой...” гэж тайлбарлан маргаж байна.  

“С” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дотор, эмэгтэйчүүд, шүдний өвчний эмчилгээ оношилгоо, клиник биохими лаборатори, эхо оношилгоо чиглэлийн үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар дээр дурдсан үндсэн үйл ажиллагааны чиглэлээр олгосон, тус газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/141 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч байгууллагад эмчилгээний 175 ор хуваарилсныг 2018 оны 4 дүгээр сарын 20-нд бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “С” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар бүхий “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний “Хоёр”-т “...эрүүл мэндийн даатгалын байгууллага нь...даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төсвийн хуваарь /хавсралт-1/-ийг үндэслэн 1 748 969 400 төгрөгийн дараахь тусламж үйлчилгээг худалдан авах, үүнд: сэргээн засах тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ /гүйцэтгэлээр/, Эрүүл мэндийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.4..., энэ гэрээний “Хавсралт-1”-ийн эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагын тусламж үйлчилгээний төрөл тус бүрээр баталсан 2019 оны төсвийн сарын хуваарийг баримтлан ажиллах, ...даатгалын гэрээ нь тухайн санхүүгийн жилийн хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байх”-аар тус тус тохиролцсон, уг гэрээний хавсралт-1 “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний зардлын 2019 оны төсвийн хуваарь”-т батлагдсан нийт төсөв /мян.төг/ 1 748 969,4, тусламж үйлчилгээний зардалд  1 748 969,4, 1-12 дугаар саруудад сар бүр 145,747,5 төг гэж тусган Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг төлөөлж Б.Б, Эрүүл мэндийн байгууллагыг төлөөлж Ц.Ч нар гарын үсгээ зурсан, уг гэрээ болон гэрээний хавсралт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, түүнд талууд өөрчлөлт, нэмэлт оруулаагүй болох нь тогтоогдож байна.  

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.”эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг; 3.1.9.”эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг; 3.1.21-д “Сэргээн засах” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг, мөн хуулийн 3.1.25-д “эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ” гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйл ажиллагааг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Сэргээн засах тусламж, үйлчилгээг эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар эсхүл дагнасан байдлаар үзүүлэхээр тус тус зааснаар нэхэмжлэгч “С” ХХК нь сэргээн засах тусламж үйлчилгээг дагнасан байдлаар, хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц” гэдэгт даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг ойлгохоор, 9 дүгээр зүйлийн 9.1-д хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад тус тус хамаарахаар, мөн хуулийн 11.2-т энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын, санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.1-д зааснаар тус зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхтэй байхаар тус тус зохицуулсан байна.

Дээрхи хуулийн зохицуулалтыг үндэслэн батлагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай” 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г, 2 дугаар хавсралтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин”-г, 3 дугаар хавсралтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам”-ыг тус тус тогтоож, 2 дахь заалтаар...Сэргээн засах клиник эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрч, тогтоолын 3 дахь заалтаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад мөрдөж буй хувьсах зардлын төлбөрийн хэмжээгээр санхүүжилт олгох болсонтой холбогдуулан мэс заслын тусламж, үйлчилгээ авч буй даатгуулагчдаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.2-т зааснаас өөр нэмэлт төлбөр авахгүй ажиллахыг...Сэргээн засах клиник эмнэлгийн дарга...нарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээр дурдсан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 19 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар нэхэмжлэгч С ХХК-д төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад мөрдөж буй хувьсах зардлын төлбөрийн хэмжээгээр санхүүжилт олгохоор тусгайлан нэр зааж шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэсний дагуу 2016, 2017 онуудад  тус эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр, тухайлбал хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний төрлөөр 300 000 төгрөгөөр тооцон олгож байсан атлаа 2019 онд уг тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байхад зардлын төлбөрийг сэргээн засах тусламж үйлчилгээ төрлөөр буюу 110 000 төгрөгөөр тооцохоор бууруулсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар захиргааны байгууллагын энэ үйлдлийг “...буруу санхүүжүүлж байсан алдаагаа зассан...” гэж тайлбарлан улмаар “...эрүүгийн хэрэгт шинжээч нар Сэргээн засах клиник эмнэлгийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тусламж, үйлчилгээ үзүүлсэн 45746 өвчний түүхэнд үзлэг хийж...сэргээн засах тусламж, үйлчилгээний төрөлд тохирсон тарифаар олгосон бол нийт санхүүжилтээс 6.581.570.396,20 төгрөгийн зөрүү гарахыг тогтоосон...” гэж маргаж байх боловч энэ нь дараахь үндэслэлээр няцаагдаж байна. Тухайлбал:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаар бүхий “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор Сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан тарифыг зөрчин эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг гаргуулан авч их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт 2018 оны 4 сарын 25-наас эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзэж холбогдох хэргийг хаасан, уг хэргийг шалгах явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн З.Ү, Т.Д, Ч.О И.Э, С.Унарын гаргасан 2018 оны 9 сарын 08-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр “...санхүүжилтийг давхардуулан авсан” гэж үзсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 051 дугаар дүгнэлтээр үгүйсгэгдсэн байх тул дээр дурдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон маргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын захирал Ц.Чын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон, уг Прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон, нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж, мөн зүйлийн аутентик тайлбарт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно, харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй, иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж тус тус заасан.  

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нийт 1 748 969 400 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан, талуудын хооронд байгуулсан, дээр дурдсан хүчин төгөлдөр гэрээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын санхүүжилтийн нийт дүнг өмнөх 2016, 2017 онуудтай ижил нөхцлөөр нийт 1 748 969 400 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ байгуулан санхүүжилт олгож байсан атлаа ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр, тооцоо судалгаагүйгээр, нэхэмжлэгчид мэдэгдэж сонсох ажиллагаа явуулахгүйгээр тус эмнэлэгт олгож байсан санхүүжилтийг бууруулсан нь нэхэмжлэгчид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны итгэл хамгаалагдана гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн энэ хууль бус үйлдлийн талаар нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 29, мөн оны 02 дугаар сарын 22, мөн оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 20, 10 сарын 28, 12 сарын 30-ны өдөр тус тус гомдол гаргасан нь тогтоогдож байх тул “гэрээнд гарын үсэг зурсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч уг үйлдлийг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй.

            Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эрүүл мэндийн албан журмын даатгал /цаашид “эрүүл мэндийн даатгал” гэх/ нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлана” гэж заасан, хариуцагч эрүүл мэндийн даатгалын  байгууллагаас Сэргээн засах клиник эмнэлгийн санхүүжилтийг бууруулан олгосон үйлдэл нь уг зарчмыг зөрчсөнөөс гадна санхүүжилтийг бууруулан олгох нь цаашлаад тус эмнэлгээр үйлчлүүлэгч- даатгуулагч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна.

            Иймд 2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "С” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. 2019 оны дутуу санхүүжилтийн 520 324 000 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч байгууллага нь хэвтэн эмчлүүлэгчдийн хувьсах зардлыг 110.000 төгрөгөөр тооцон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 20 удаагийн нэхэмжлэхээр нийт 5862 даатгуулагчийн 644.380.000 төгрөгийг нэхэмжилсэн, үүний дагуу хариуцагч нь 5813 даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардалд 638 990 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсгийг нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдахаар байна гэж дүгнэн хангаж шийдвэрлэснээр Сэргээн засах клиник эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний төрөлд хамааруулах, улмаар төрийн өмчийн эмнэлгийн адил санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж дүгнэсэн тул 2019 оны дутуу санхүүжилтийн 520 324 000 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сэргээн засан клиник эмнэлэг ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "С” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, санхүүжилтийн үлдэгдэл 520 324 000 төгрөгийг "С” ХХК-д  олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН