Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0680

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.Нямхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай, гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, гуравдагч этгээд Ц.Энхтуяагийн өв залгамжлагч Ц.Энхбаатарын өмгөөлөгч Д.Доржсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, гуравдагч этгээд Ц.Энхтуяагийн өв залгамжлагч Ц.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Нямхишигийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Нямхишиг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“…Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000076247 дугаартай Ц.Энхтуяагийн нэг хүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр:

“1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг баримтлан С.Нямхишигийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ү-2205016463 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалт бүхий Боржигон овгийн Цэнджамцын Энхтуяагийн нэг хүний өмчөөр бүртгэгдсэн 000076247 тоот гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож,

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Нямхишигийн “Бавуугийн Сумъяа нэг хүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2205016463 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 5 тоот, 40 м.кв гурван өрөө бүхий 2000 оны 7 дугаар сарын 3-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар 0023536 бүхий гэрчилгээг хүчин төгөлдөр болохыг шүүхийн журмаар тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар Ц.Энхтуяагийн байрны гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хуралдаанд хэлэлцээгүй орхигдуулсан тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж бидний эрхийг хангаж өгнө үү. Талийгаач Ц.Энхтуяагийн байрны өвийг тогтоолгох талаар нэхэмжлэл гаргасан боловч түүнийг хэлэлцүүлээгүй орхигдуулсныг хэлэлцүүлэх шаардлагатай.

Нэхэмжлэгч С.Нямхишиг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 5 тоот байрны нэг хүний өмчлөлтэй Ц.Энхтуяагийн байрны гэрчилгээтэй байрны өвийг буруу тогтоосон гэж нотариатч Б.Энхээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 9 дүгээр сараас эхлэн 2015 оны 10 дугаар сар хүртэл хөөцөлдөөд С.Нямхишиг нэхэмжлэлээсээ татгалзаж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Үүний дараа С.Нямхишиг Б.Энхээ нар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүхийн бус журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүгч Т.Энхжаргал дахин энэ хэргийг хүлээн авч шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 264 дүгээр захирамжаар Ц.Энхтуяагийн өвийг нотариатч Б.Энхээ “...өвийг буруу тогтоосон...” гэж хүлээн зөвшөөрч Ц.Энхтуяагийн байрны өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Нотариатч Б.Энхээгийн Ц.Энхтуяад олгосон 2009 онд өвлөх эрхийн гэрчилгээгээр бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээг авч Д.Сэдэд надаас зээл авсан байдаг. Нэхэмжлэгч С.Нямхишиг, нотариатч Б.Энхээ нар хамтран үгсэж санал нийлж Ц.Энхтуяад Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын өгсөн зээлийг хүчингүй болгох зорилгоор өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Д.Сэдэд надад мэдэгдээгүй нууц хуйвалдаан хийж гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн хууль бус үйлдэл хийсэн эрүүгийн шинжтэй хэрэг болсныг шалгуулах хүсэлтэй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар эвлэрэлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж хуульчилсан. Гэтэл гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт Ц.Энхтуяагийн Ү-2205016463 дугаар улсын бүртгэлтэй байр нь зээлийн барьцаанд бүртгэлтэй байсаар байтал байрны өвийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын эрх ашиг 42.000.000 төгрөгөөр хохирлоо.

Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл үнэн зөв байна гэж Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан байдаг. Иймээс Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоотод Ү-2205016463 тоот улсын бүртгэлийн дугаар өгч байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Энхтуяад олгосон байдаг нь Улсын бүртгэлийн тухай хуультай нийцэж байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэлийг буруу зөв гэж хэлэлцүүлэхээс бусад тохиолдолд зөв гэж тооцно” гэж заасны дагуу Ц.Энхтуяад олгосон байрны өмчлөлийн гэрчилгээ нь үнэн зөв байна. Энэ нь хуулийн заалттай ч нийцэж байна.

Иймд Ц.Энхтуяад олгосон байрны Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй гэрчилгээ нь хүчинтэй байгаа төдийгүй Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын зээлийн барьцаанд дөрвөн удаа бүртгэгдсэн гэрчилгээ байгаа.

Шүүхийн шийдвэрт улсын бүртгэлийн газрыг буруугүй гэсэн мөртлөө улсын бүртгэлийн газраас олгосон Ц.Энхтуяагийн байрны гэрчилгээг хүчингүй гэсэн нь үнэнд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрт улсын бүртгэлийн газар буруугүй гэж дүгнэсэн байна. Тэгвэл улсын бүртгэлийн газраас олгосон Ц.Энхтуяагийн байрны гэрчилгээ хүчинтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасны дагуу зээлдэгч буюу байрны өв авсан хүмүүсээс 40 сая төгрөг нэхэмжлэх эрхээ байрны гэрчилгээг хүчингүй болгосноор Д.Сэдэд, Д.Цэцэгмаа бид нар алдаж байна.

...Ц.Энхтуяагийн өмчлөлийн Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй байр Д.Сэдэд миний зээлийн барьцааны гэрээнд 4 удаа бүртгүүлсэн тэмдэглэлтэй байгааг бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн материал болон зээлийн гэрээнүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

Нэхэмжлэгч болон өв авсан хүмүүсээс зээлийн барьцаанд байгаа зээлийн 40 сая төгрөгийг төлүүлсний дараа байрны гэрчилгээг хүчингүй болгох эрх нээлттэй болно. Зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд Ц.Энхтуяагийн өв залгамжлагч Ц.Энхбаатар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “...бодит байдалд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.Энхтуяа нь Б.Сумъяагийн цорын ганц хууль ёсны өвлөгч биш болон нь илэрхий нотлогдож байх тул маргаан бүхий орон сууцыг Ц.Энхтуяагийн нэр дээр нэг хүний өмчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон хариуцагчийн үйлдэл нь дээрх хуульд заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй...” гэж дүгнэсэн.

Гэтэл харин ч бодит байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.Энхтуяа нь Б.Сумяъяагийн цорын ганц хууль ёсны өвлөгч мөн болох нь илэрхий нотлогддог. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 00264 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаартай нотариатч Б.Энхээд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд гуравдагч этгээдийг оролцуулаагүйгээр зөвхөн Б.Энхээгээр хүлээн зөвшөөрүүлэн шийдвэрлүүлсэн байгаа нь захирамжид тодорхой бичигдсэн байна. Энэ нь нэхэмжлэгч хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болох нь тодорхой байгаа ба тухайн үед Ц.Энхтуяа нь цорын ганц өмчлөгч байсан нь нотлогддог. Шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 00264 дүгээр захирамжаар нэхэмжлэгч өв нээгдэх үед өв залгамжлагчаар тогтоолгох хүсэлтээ гаргаагүй буюу Ц.Энхтуяа цорын ганц өмчлөгч болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байтлаа Ц.Энхтуяаг нас барсны дараа цорын ганц өв залгамжлагч биш байсан мэтээр шийдвэр гаргуулж байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй, бүртгэлийн байгууллага буруугүй гэж тайлбарлаж байгааг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг бөгөөд хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар Ц.Энхтуяаг цорын ганц өв залгамжлагч биш болох нь илэрхий нотлогдож байна гэж шүүхээр хэлэлцэгдсэн эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг анх 2000 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Б.Сумъяагийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн 2205016463 дугаарт бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн 0023536 тоот гэрчилгээ олгогдсон байх бөгөөд Б.Сумъяа 2008 оны 12 сарын 5-ны өдөр зуурдаар нас барахаас өмнө Ц.Энхтуяатай гэр бүл болсныг мөн оны 3 дугаар сарын 19-ний өдөр батлуулсан байна.

Хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бүртгэлийн хувийн хэргээс үзэхэд Б.Сумъяаг ийнхүү нас барсны дараа дээрх орон сууцны өмчлөгчөөр түүний эхнэр Ц.Энхтуяаг бүртгэж, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 000076247 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох үндэслэл болсон Ц.Энхтуяагийн 2009 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Өв залгамжлах эрхийн 16 тоот гэрчилгээг нотариатч Б.Энхээ хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, уг зөвшөөрлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 101/ШШ2016/00264 дүгээр захирамжаар баталсан;

-мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр уг өвлөх эрхийн гэрчилгээ гаргах үндэслэл болсон 8 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэнгийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Б.Сумъяа ам бүл нэг”, 2009 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “гачигдал үнэн тул орон сууцыг Ц.Энхтуяагийн нэр дээр бүртгэж өгөхийг уламжилъя” гэсэн тодорхойлолтуудыг тус тус хүчингүй болгожээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч бөгөөд адил тэгш хэмжээгээр өвлөх эрхтэй”, харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын хэлтсээс шүүхэд ирүүлсэн лавлагаанаас үзэхэд С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл, нэхэмжлэгч С.Нямхишиг /С.Мөнхтулгын талаарх лавлагаа авагдаагүй/ нар нь Б.Сумъяагийн төрсөн хүүхэд байх тул тухайн үед эхнэр Ц.Энхтуяаг талийгаачийн цорын ганц өвлөгч гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд дээрх бүртгэл нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Бодит байдалд уг орон сууцанд одоог хүртэл талийгаач Б.Сумъяагийн охин нэхэмжлэгч С.Нямхишиг өөрийн хүү Б.Билгүүн, дүү С.Сарангэрэл нарын хамт эзэмшин амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байгааг, мөн нэхэмжлэгчээс уг орон сууцыг барьцаалж Ц.Энхтуяад олгосон зээлийн үлдэгдлээс харилцан тохиролцсоны үндсэн дээр гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт төлөх боломжтой, Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нараас ч 25.0 сая төгрөг авснаар зээлийн харилцааг дуусгавар болгох боломжтой талаар  шүүх хуралдаанд тайлбарласан болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Харин дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу тухайн үед мэдүүлэг гаргагчаас өвлөх эрхийн талаарх нотлох баримтыг үнэн зөв гаргаж өгөөгүйгээс өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа энэхүү маргааныг шийдвэрлэхэд зөвхөн эрхийн улсын бүртгэлийн зарчмын заалтаас гадна хуулийн энэ заалтыг баримтлах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2...” гэсний дараа “, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт...” гэж нэмэн, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, гуравдагч этгээд Ц.Энхтуяагийн өв залгамжлагч Ц.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, гуравдагч этгээд Ц.Энхтуяагийн өв залгамжлагч Ц.Энхбаатар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                 ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                 ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                 ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН