Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 583

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Иргэн Д.Ц, Д.С, Ц.Сгийн эрх залгамжлагч Ц.Энхбаатар

Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар **** тоот Боржигон овгийн Цэнджамцын Сгийн нэг хүний өмчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээд Д.С, гуравдагч этгээд Ц.Сгийн эрх залгамжлагч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С Ц.С нь 2008 оны 03 дугаар сарын 19-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулж улмаар 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.С нь зуурдаар нас барсан. 

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга асан Дуламсүрэн нь Б.Сгийн ам бүл нэг Ц.Сд өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлтийг албан ёсны нотлох баримтаар тогтоолгүй, хөнгөн хийсвэрээр өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг уламжилсан байдаг.

Уг үйлдлийн улмаас иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсоор өмчлөх эрх зөрчигдсөн Б.Сгийн үр хүүхдүүд болох С.Н, С.М, С.М, С.С нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн эрх зүйн үр дагавар бий болсон байдаг. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.16, 28.6, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэдээс төрийн байгуулллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу Ц.Сгийн хүсэлтээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга асан Дуламсүрэнгийн (Хорооны засаг даргын тодорхойлолт) албан тушаалтны буруутай үйлдлийн улмаас хийгдсэн эрх зүйн бичиг баримтыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 03-ны 514 тоот шийдвэрээр хүчингүй болгосон байдаг. 

Нотариатч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга асан Д-ийн гаргасан хуурамч засаг даргын тодорхойлолтыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатч Б.Э миний буруутай үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ****тоот шүүгчийн захирамжаар Ц.Сд олгосон 2009 оны 06 сарын 09-ны өдрийн 16 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байдаг. 

Иймд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар **** тоот боржигон овгийн Цэнджамцын Сгийн (****) нэг хүний өмчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцож, Бавуугийн С (***) нэг хүний өмчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2205016463 дугаартай Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр  хороолол 16 дугаар байрны 05 тоот 40 м.кв гурван өрөө бүхий 2000 оны 07 дугаар  сарын 03-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар *** бүхий гэрчилгээг хүчин төгөлдөр болохыг шүүхийн журмаар тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол *** дугаар байрны ** тоот, ****улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Ц.С бүртгэлтэй байна. 

Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол *** дугаар байрны *** тоот орон сууцыг анх 2000 оны 01 сарын 13-ны өдөр иргэн Д.М, Д.Ц, М.О, М.О, М.О нарын гаргасан мэдүүлгийг үндэслэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны **** дугаартай  гэрчилгээг үндэслэн улсын бүртгэлд бүртгэжээ. 

Улмаар иргэн Ц.Сгийн 2009 оны 06 сарын 10-ны өдрийн мэдүүлэг, мэдүүлэгт  хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн иргэн Ц.Сгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэжээ. 

2009 оны 06 сарын 10-ны өдрийн мэдүүлгийн бүртгэлийг хийхдээ 05 хувийн дугаартай нотариатч гэрчилсэн 2009 оны 06 сарын 09-ны өдрийн 16 дугаартай өв залгамжлалын гэрчилгээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэжээ. 

Мөн иргэн Д.Ц, Д.С нартай барьцааны гэрээ байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2010 оны 09 сарын 20-ны өдрийн 15,000,000 төгрөг, 2011 оны 5 сарын 19-ны өдрийн 10,000,000 төгрөг 2011 оны 11 сарын 21-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2012 оны 6 сарын 19-ны өдрийн 10,000,000 төгрөг,  2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5,000,000 төгрөгний барьцааны гэрээнүүд тус тус бүртгүүлжээ. 

Дээрх хувийн хэргийн нотлох баримтаас хархад бүртгэл холбогдох хуулийн дагуу хийгдсэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл дэх мэдүүлэг буцаах үндэслэлгүй байх тул бүртгэл хийсэн байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй ходбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д мэдүүлэг гаргагч нь  мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө мөн нотариатийн тухай хуульд нотариатч нотариатын үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, өөрийн гэм буруугаас бусдад учирсан хохиролыг бүрэн барагдуулна гэж тус тус заажээ. 

Иймд дээрх бүртгэл Ц.Сгийн нэр дээрх **** тоот гэрчилгээг хүчингүйд тооцох хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар Ц.Сд олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон тухай дурдсан байсан. Иймд иргэний шүүхийн журмаар өв залгамжлагчаа тогтоолгох бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээд Д.С, Д.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон гуравдагч этгээд Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.С, Д.Ц нар нь иргэн Ц овогтой Сгийн хүсэлтээр Ц.Сгийн өмч БГД 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, *** дугаар байр ** тоот хаягт байрлах ****тоот улсын бүртгэлтэй **** дугаартай гэрчилгээ бүхий 40м.кв 3 өрөө байрыг барьцаалан 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15 сая төгрөг зээлдүүлсэн.

Энэ гэрээний үлдэгдэл төлбөр 5 сая төгрөгийг гэрээ байгуулах зорилгоор 2011 оны 09 дүгээр сарын 20, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус дахин нэг, нэг жилийн хугацаатайгаар зээл, болон барьцааны гэрээг сунган тухай бүрт нь улсын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. 

Мөн уг хөрөнгийг барьцаалан 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10 сая төгрөгийг дахин зээлдүүлсэн бөгөөд уг гэрээг 2012 оны 06 дугаар сарын 16-нд дахин 16 сарын хугацаатай сунган улсын бүртгэлийн байгууллагаас хэргийн материалд ирүүлсэн баримтаар нотлогдоно. 

Д.С, Д.Ц нар нь Ц.Стай зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулахдаа уг орон сууцны цорын ганц өмчлөгч гэсэн хүчин төгөлдөр гэрчилгээг үндэслэн зээл олгосон явдал нь хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бидний барьцаанд байгаа байрын гэрчилгээг хүчингүй болгох үндэсгүй. 

Энэ орон сууцыг Ц.Сд өвлүүлэхээр нотариатчийн үйлдэлд, ямар бичиг баримтыг үндэслэж, өв залгамжлалыг гэрчилгээг олгосон нотариатчийн ямар үйлдэл хийгдсэн зэрэг холбогдох нотлох баримтуудыг шүүхийн журмаар нийслэлийн болон холбогдох байгууллагын архиваас гаргуулах хүсэлт гаргаж байна. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Нэхэмжлэгч С.Н хариуцагч нотариатч Б.Э нарын хоорондоо үгсэж, Ц.Сгийн байрны өвийг, С.Нийн захиалгаар Б.Э бүрлээч Ц.Сд олгосон өв загамжлах гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар гаргасан, шүүхийн бус эвлэрүүлэн зуучлах журмаар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нотариатч Б.Эгийн үйлдлээр хүчээр шахаж гаргуулсан шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах шүүх ажиллагаанд Д.С, Д.Ц нарын эрх ашиг хохирч байхад энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

Энэ байрны анхны өмчлөгч бүрлээч Б.С нь Ц.Стай 2008-03-19нд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан юм. Б.С нь 2008-12-12нд нас нөгцсөн тэр үед Ц.С амьд сэрүүн ажлаа хийж байсан бөгөөд Б.Сгийн байрны өвийг нотариатч Б.Э-ээр тогтоолгож энэ байрны өвлөгч нь Ц.С болсон нэг хүний өмчлөлтэйгээр байрны гэрчилгээг авсан. Одоо болох дээр Б.Сгийн хүүхдүүд байрны өвийг буруу тогтоосон гэж нотариатч Б.Эг шүүхэд өгсөн, иймээс одоо тухайн үед ажлаа хийж байсан Ц.С, Б.Сгийн байрны албан ёсны өв залгамжлагч байсаныг хэнч маргахгүй. Иймд 2009 оны 6 сарын 9-ны өдрийн байдлаар Б.Сгийн байрны өвийг шинээр тогтоож өгөхийг захиргааны хэргийн шүүхээс хүсэж байна. Иймд энэ байр хэдэн хүний өмчлөлтэй болох нь тогтоогдоно. Б.Сгийн байрны өв тогтоолгоход Б.Сгийн албан ёсны гэр бүл Ц.С энэ байрны өмчлөгчийн нэг болох нь тодорхой байна. Энэ Б.Сгийн байрны өв залгамжлагч нарын дараа Ц.С нь 2013оны 10 сард нас нөгцөсний дараа Ц.Сгийн байрны өвийг тогтоож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Д.С, Д.Ц нарын эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Ц.Сгийн байрны өвийг захиргааны хэргийн шүүхээр тогтоож өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Сгийн эрх залгамжлагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчаас гаргасан нотлох баримтуудаас харахад бүртгэл хуулийн дагуу хийгдсэн. 

Харин Ц.Сд олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00264 дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүйд тооцож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 514 дугаартай шийдвэрээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Эдгээр шүүхийн ажиллагаануудад гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байтал гуравдагч этгээдээр оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү асуудлуудаар холбогдох гомдлуудаа гаргаж шийдвэрлүүлэр хүсэлтэй. 

Мөн төр, захиргааны байгууллагын ажилтан, нотариатч нар ямарваа нэгэн үйлдэл хийхдээ хариуцлагатай үйлдэл хийх ёстой бөгөөд нэхэмжлэгч өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа бол буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх боломжтой юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэн гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Н нь:

 1. “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар **** тоот Боржигон овгийн Цэнджамцын Сгийн нэг хүний өмчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”

2. “Бавуугийн С нэг хүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоот, 40 м.кв гурван өрөө бүхий 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар *** бүхий гэрчилгээг хүчин төгөлдөр болохыг шүүхийн журмаар тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад “Бавуугийн С нэг хүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ***дугаар байрны *** тоот, 40 м.кв гурван өрөө бүхий 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар *** бүхий гэрчилгээг хүчин төгөлдөр болохыг шүүхийн журмаар тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тус шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.     

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ:  5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэж заасан.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасан байна.

Бодит байдалд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.С нь Б.Сгийн цорын ганц хууль ёсны өвлөгч биш болох нь илэрхий нотлогдож байх тул маргаан бүхий орон сууцыг Ц.Сгийн нэр дээр нэг хүний өмчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл нь дээрх хуульд заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ****дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 05 тамганы дугаартай нотариатч Б.Эгийн Ц.Сд олгосон 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-г хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нотариатч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталснаар дээрх өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болох эрх зүйн үр дагавар үүссэн байна. 

Хэдийгээр 05 тамганы дугаартай нотариатчийн гэрчилсэн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-д үндэслэж маргаан бүхий орон сууцыг Ц.Сгийн нэр дээр нэг хүний өмчөөр бүртгэж гэрчилгээ олгосон тул тус гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй, бүртгэлийн байгууллага буруугүй гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх боловч 05 тамганы дугаартай нотариатчийн гэрчилсэн “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-г хууль бус болохыг нотариатч өөр хүлээн зөвшөөрч, тус зөвшөөрлийг баталсан хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байх ба Ц.С нь Б.Сгийн цорын ганц хууль ёсны өвлөгч биш болох нь илэрхий нотлогдож байх тул маргаан бүхий орон сууцыг Ц.Сгийн нэр дээр нэг хүний өмчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хууль ёсны гэж үзэх боломжгүй бөгөөд уг бүртгэл нь “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй байна.

Тодруулбал маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Сгийн нэр дээр нэг хүний өмчөөр бүртгэх үндэслэл болсон “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ” шүүгчийн захирамжийн үйлчлэлээр хүчингүй болсон, Ц.С нь цорын ганц хууль ёсны өвлөгч биш болох нь илэрхий нотлогдож байх тул Ц.Сгийн нэр дээр нэг хүний өмчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй байна.     

Энэхүү шийдвэр нь Ц.С нь Б.Сгийн хууль ёсны өвлөгч өвлөгч биш гэж гэж үзсэн шийдвэр биш бөгөөд Ц.Сгийн хууль ёсны өвлөгч нар нь өвлөх эрх, дундын өмчийн асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандахад тус шийдвэр саад болохгүй болно.

Түүнчлэн гуравдагч этгээд Д.С, Д.Ц нар нь зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хууль ёсны өвлөгч буюу эрх залгамжлагчдаас иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.        

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасныг баримтлан С.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ****улсын бүртгэлийн дугаар бүхий, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалт бүхий, Боржигон овгийн Цэнджамцын Сгийн нэг хүний өмчөөр бүртгэгдсэн **** тоот гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Нийн “Бавуугийн С нэг хүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2205016463 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 05 тоот, 40 м.кв гурван өрөө бүхий 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар *** бүхий гэрчилгээг хүчин төгөлдөр болохыг шүүхийн журмаар тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.БАТЗОРИГ