Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 438

 

Ш.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагч Д.Р, гуравдагч этгээд В.С нарын өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0528 дугаар магадлалтай, Ш.М-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуралдааны тов тогтоох тухай” 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.М “Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоол болон тус Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдааныг тус тус хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Цэцэн-Уул сумын бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Р нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг эзэмшиж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгуулах” зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсаныг баталж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0528 дугаар магадлалаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Б.Д, Ю.Э, Д.Р нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Д, Э, Р бид нар Ш.М-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар татагдан оролцсон бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 211/МА2017/0528 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

1. Хариуцагчийг буруу татаж тогтоосон талаар: Захиргааны байгууллагын нэрийн өмнөөс захиргааны акт гаргасан учраас захиргааны актаас хожим гарах үр дагаврыг тухайн захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага эрх залгамжлалаар хүлээх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн захиргааны байгууллагын төлөөлж байсан /2016 оны 11 сарын 30 хүртэл/ хувь хүнийг буюу Р-г хариуцагчаар татсан үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 17 дугаар тогтоол нь Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс гаргасан тул хариуцагч нь Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байхад тэдгээрийн Тэргүүлэгчдийг гуравдагч этгээдээр татсан үндэслэлгүй юм.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Дээрх хуулийн зохицуулалтаас харахад  бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй сумын Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг тийнхүү зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцэж, холбогдох захиргааны актыг батлан гаргаснаар тэдний бүрэн эрх дуусгавар болохоор байна. Тодруулбал, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Цэцэн-Уул сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хурлын тов тогтоох” тухай 16 дугаар тогтоолыг батлан гаргаснаар дуусгавар болсон байна...” гэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасныг зөрчсөн бөгөөд дээрх заалтад Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор заасан.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч нар нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл бүрэн эрх нь хадгалагдах бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс хугацаанаас нь өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр сарын 30 хүртэл үйл ажиллагаагаа явуулж, орон нутгийн хурлын асуудлаар үйл ажиллагаа явуулж байсан юм.

3. Хурлын төлөөлөгч болоогүй иргэнийг Хурлын төлөөлөгч болгож шийдвэрлэсэн тухайд: Д.Р нь шинээр сонгогдсон Хурлын Төлөөлөгч болоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Ардчилсан намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон Д. Р болон бусад нэр бүхий төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Өөрөөр хэлбэл анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нийт 15 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн хурал нь цагтаа эхлээгүй 10 цагаас товлосон боловч тухайн цагтаа хуралдаж хэлэлцээгүй. Д.Р нь шинээр сонгогдсон Хурлын Төлөөлөгч биш байхад Хурлын Төлөөлөгчид оруулан хийсвэр дүгнэлт гаргасан байна.

4. 15 хурлын төлөөлөгчдийн 7 төлөөлөгч эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан тухайд: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэр бүхий төлөөлөгчид гэж яг хэн хэн гэдэг төлөөлөгч гарч явсан эсэхийг тодруулаагүй. 15 төлөөлөгчийн 7 нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан хууль бус гэсэн үндэслэлээр Завхан аймгийн Засаг даргын орлогч албан тоотоор бүх төлөөлөгчдийг оролцуулан хуралдуулж хууль ёсны анхдугаар хуралдаанаа
хийх тухай чиглэл өгсөн байдаг. Шинээр сонгогдсон нэр бүхий төлөөлөгчид сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаар эрх бүхий байгууллагад хандаж байх үед хууль бусаар буюу зарим төлөөлөгчид бүрэн эрхээ зөвшөөрүүлээгүй байхад хуралдсан. Мөн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчид нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

Бид хүчингүй болгож буй 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж уг тогтоолыг биелүүлж дараа дараагийн хурлын даргад нэр дэвшүүлэх, Засаг даргыг дээд шатны Засаг даргад уламжлах гээд бүх шийдвэр, үйл ажиллагаа нэгэнт явагдсан байхад ийм шийдвэр, магадлал гаргасанд гомдолтой байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 528 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд В.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж В.С миний бие Ш.М-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 528 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Дээрх хуулийн зохицуулалтаас харахад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй сумын хурлын тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг тийнхүү зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцэж, холбогдох захиргааны актыг батлан гаргаснаар тэдний бүрэн эрх дуусгавар болохоор байна. Тодруулбал, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Цэцэн-Уул сумын хурлын тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хурлын тов тогтоох” тухай 16 дугаар тогтоолыг батлан гаргаснаар дуусгавар болсон байна...” гэж оруулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасныг зөрчсөн бөгөөд дээрх заалтад Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор заасан.

Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч нар нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртзл бүрэн эрх нь хадгалагдах бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс хугацаанаас нь өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр сарын 30 хүртэл үйл ажиллагаагаа явуулж, орон нутгийн хурлын асуудлаар үйл ажиллагаа явуулж байсан юм.

Хурлын төлөөлөгч болоогүй иргэнийг хурлын төлөөлөгч болгож шийдвэрлэсэн тухайд: Д.Р нь шинээр сонгогдсон хурлын төлөөлөгч болоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Ардчилсан намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон Д.Р болон бусад нэр бүхий төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Өөрөөр хэлбэл анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нийт 15 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн хурал нь цагтаа эхлээгүй 10 цагаас товлосон боловч тухайн цагтаа хуралдаж хэлэлцээгүй. Д.Р нь шинээр сонгогдсон хурлын төлөөлөгч биш байхад хурлын төлөөлөгчид оруулан хийсвэр дүгнэлт гаргасан байна.

15 хурлын төлөөлөгчдийн 7 төлөөлөгч эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан тухайд: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэр бүхий төлөөлөгчид гэж яг хэн хэн гэдэг төлөөлөгч гарч явсан эсэхийг тодруулаагүй. 15 төлөөлөгчийн 7 нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан хууль бус гэсэн үндэслэлээр Завхан аймгийн Засаг даргын орлогч албан тоотоор бүх төлөөлөгчдийг оролцуулан хуралдуулж хууль ёсны анхдугаар хуралдаанаа хийх тухай чиглэл өгсөн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд би болон бие даан нэр дэвшигч 2, Монгол Ардын намаас 1 нэр дэвшигч гээд 15 төлөөлөгчөөс 10 нь оролцож сонгосон байгаа бие даагч 3 нэр дэвшигч 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан нь хууль бус гэж үзэж дахин 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд оролцож шийдвэрлэсэн болно. Хэрэв 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан хууль ёсны гэж үзсэн бол 2016 оны 11 дүгээр сарын 30-ны хуралдаанд оролцохгүй байсан. Бие даагч бид нар бусад төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хуралдсан гэж үзсэн учраас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд оролцсон болно.

Нэхэмжлэгч Ш.М нь манай сумын сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн, шүүхийн шийдвэр гарсан зээлээ огт төлөөгүй нэр дэвшиж төлөөлөгч болсон бөгөөд одоог хүртэл төлдөггүй юм. Бид хүчингүй болгож буй 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж уг тогтоолыг биелүүлж дараа дараагийн хурлын даргад нэр дэвшүүлэх, Засаг даргыг дээд шатны Засаг даргад уламжлах гээд бүх шийдвэр, үйл ажиллагаа нэгэнт явагдсан байхад ийм шийдвэр гаргаж байгаад харамсалтай байна. Энэ өдрийн хуралдааны шийдвэрүүдээр орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг хангаж өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Шинээр сонгогдсон төлөөлөгчид бид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн б , Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалт зэргийг үндэслэн орон нутгийн удирдлагыг сонгож ажиллах бүрэн эрхийн хэмжээнд шийдвэр гаргасан гэж үзээд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 528 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзав. Үүнд:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэх” бөгөөд энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч хариуцагчаа заах эрхийн хүрээнд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Р болон тус Хурлын төлөөлөгч нарыг хариуцагчаар татсан, мөн “Хурлын тов тогтоох тухай” маргаан бүхий акт нь шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдөд хамааралгүй, гагцхүү өмнөх Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал тул шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг эрх залгамжлагчаар солих үндэслэлгүй, иймээс “хариуцагчийг буруу татсан” гэх хариуцагч, гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болох”-оор заасан бөгөөд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолоороо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсний дагуу шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчид хуралдан “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01/01 дүгээр тогтоол гарснаар өмнөх хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болсон, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагч болон гуравдагч этгээдийн “анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх заалтыг зөрчсөн” гэсэн гомдол нь шүүхийн шийдвэрийн шийдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Ардчилсан намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон Д.Р болон бусад нэр бүхий төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. ...Өөрөөр хэлбэл, анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нийт 15 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн байна...” гэсэн нь Д.Р нь шинээр сонгогдсон Хурлын төлөөлөгч биш байхад төлөөлөгч мэтээр хийсвэр дүгнэлт гаргасан” гэсэн утгатай хариуцагч, гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй хэдий ч Хурлын тэмдэглэлээс /хэргийн 1 дүгээр хавтас, 81-83 дахь тал/ үзвэл хурал эхлэх үед Д.Р нь Ардчилсан намын төлөөлөгчидтэй хамт хурлыг орхин гарсан, хурлын ирц болон хурлаас гарсан шийдвэрт оролцоогүй байх тул гомдлын уг үндэслэлээр хэргийн үйл баримтыг үгүйсгэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй юм.

4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01 дүгээр тогтоолоор шинээр сонгогдсон нийт 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөс гадна хариуцагчаас хууль ёсны гэж маргаж байгаа 2016 оны 12 дугар сарын 30-ны өдрийн хуралдаанд 15 төлөөлөгчийн 10 нь оролцсон, өөрөөр хэлбэл 5 нь мөн л оролцоогүй байхад “... 7 төлөөлөгч эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан нь хууль бус” гэсэн утгатай гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, Завхан аймгийн Засаг даргын орлогч нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар Хуралдааныг хууль бус гэж үзэн дахин  хуралдуулах талаар чиглэл өгөх бүрэн эрхтэй этгээд биш бөгөөд шинээр сонгогдсон нэр бүхий төлөөлөгчид сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаар эрх бүхий байгууллагад хандаж байх үед хууль бусаар хуралдсан гэх үндэслэлээр бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх Хурлын Тэргүүлэгчид дахин хуралдаж маргаан бүхий акт гаргасан нь хууль бус талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн.

Иймд, гуравдагч этгээдийн гомдлын “шинээр сонгогдсон төлөөлөгчид бид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн б , Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалт зэргийг үндэслэн орон нутгийн удирдлагыг сонгож ажиллах бүрэн эрхийн хэмжээнд шийдвэр гаргасан гэж үзээд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Гомдолд дурдсан бусад үндэслэл нь хяналтын шатны шүүхээс хянах хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоогүй байх тул дүгнэлт өгөлгүйгээр хариуцагч болон гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0528 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ