Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/MA2017/0528

 

 

 

 

2017 оны 07 сарын 20 өдөр             Дугаар 221/МА2017/0528           Улаанбаатар хот

 

Ш.Мижиддоржийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ш.Мижиддоржийг  оролцуулан хийж, Ш.Мижиддоржийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгч нарт холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Цэцэн-Уул сумын бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хурлын тов тогтоох тухай” 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Мижиддорж “Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоол болон тус Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдааныг тус тус хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Цэцэн-Уул сумын бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Рэнчинсамбуу нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг эзэмшиж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсаныг баталж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “н.Баттөр, н.Энхбаатар, н.Рэнчинсамбуу бид нар Ш.Мижиддоржийн нэхэмжпэлтэй Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар татагдан оролцсон бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 02-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг 2017 оны 05 сарын 31-нд хүлээн авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Хариуцагчийг буруу татаж тогтоосон талаар: Захиргааны байгууллагын нэрийн өмнөөс захиргааны акт гаргасан учраас захиргааны актаас хожим гарах үр дагаврыг тухайн захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага эрх залгамжлалаар хүлээх үүрэгтэй гэтэл нэхэмжлэгч нь тухайн захиргааны байгууллагын төлөөлж байсан /2016 оны 11 сарын 30 хүртэл/ байсан хувь хүнийг буюу Рэнчинсамбууг хариуцагчаар татсан үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2016 оны 11 сарын 28-ний өдрийн 17 дугаар тогтоол нь Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс гаргасан тул хариуцагч нь Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид байхад тэдгээрийн тэргүүлэгчдийг гуравдагч этгээдээр татсан үндэслэлгүй юм. 2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дээрх хуулийн зохицуулалтаас харахад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй сумын хурлын тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг тийнхүү зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцэж, холбогдох захиргааны актыг батлан гаргаснаар тэдний бүрэн эрх дуусгавар болохоор байна. Тодруулбал, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Цэцэн-Уул сумын хурлын тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрх 2016 оны 11 сарын 01-ний өдрийн “Хурлын тов тогтоох” тухай 16 дугаар тогтоолыг батлан гаргаснаар дуусгавар болсон байна ... гэж үндэслэх хэсэгт оруулсан нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-т заасныг зөрчсөн бөгөөд дээрхи заалтад Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор заасан. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч нар нь 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 сарын 11-ний өдөр хүртэл бүрэн эрх нь хадгалагдах бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс хугацаанаас нь өмнө буюу 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2016 оны 11 сарын 28-ний өдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж байсан бөгөөд 2016 оны 11 сарын 01-нээс 2016 оны 11 сарын 30 хүртэл үйл ажиллагаагаа явуулж, орон нутгийн хурлын асуудлаар үйл ажиллагаа явуулж байсан юм. 3. Хурлын төлөөлөгч болоогүй иргэнийг хурлын төлөөлөгч болгож шийдвэрлэсэн тухайд: Д. Рэнчинсамбуу нь шинээр сонгогдсон хурлын төлөөлөгч болоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ардчилсан намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон Д. Рэнчинсамбуу болон бусад нэр бүхий төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Өөрөөр хэлбэл анхдугаар хуралдаан 2016 оны 11 сарын 09-ний өдөр нийт 15 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн байна ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн хурал нь цагтаа эхлээгүй 10 цагаас товлосон боловч тухайн цагдаа хуралдаж хэлэлцээгүй. Д. Рэнчинсамбуу нь шинээр сонгогдсон хурлын төлөөлөгч биш байхад хурлын төлөөлөгчид оруулан хийсвэр дүгнэлт гаргасан байна. 4. 15 Хурлын төлөөлөгчдийн 7 төлөөлөгч эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэр бүхий төлөөлөгчид гэж яг хэн хэн гэдэг төлөөлөгч гарч явсан эсэхийг тодруулаагүй. 15 төлөөлөгчийн 7 нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан хууль бус гэсэн үндэслэлээр Завхан аймгийн засаг даргын орлогч албан тоотоор бүх төлөөлөгчдийг оролцуулан хуралдуулж хууль ёсны анхдугаар хуралдаанаа хийх тухай чиглэл өгсөн байдаг. Шинээр сонгогдсон нэр бүхий төлөөлөгчид сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаар эрх бүхий байгууллагад хандаж байх үед хууль бусаар буюу зарим төлөөлөгчид бүрэн эрхээ зөвшөөрүүлээгүй байхад хуралдсан. Мөн Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тэргүүлэгчид нь 2016 оны 11 сарын 30-ний өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 02-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг төлөөлж В.Сумьяа миний бие Ш. Мижиддоржийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 02-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Дээрх хуулийн зохицуулалтаас харахад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй сумын хурлын тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг тийнхүү зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцэж, холбогдох захиргааны актыг батлан гаргаснаар тэдний бүрэн эрх дуусгавар болохоор байна. Тодруулбал, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Цэцэн-Уул сумын хурлын тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрх 2016 оны 11 сарын 01-ний өдрийн "Хурлын тов тогтоох" тухай 16 дугаар тогтоолыг батлан гаргаснаар дуусгавар болсон байна ... гэж үндэслэх хэсэгт оруулсан нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-т заасныг зөрчсөн бөгөөд дээрхи заалтад Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор заасан. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч нар нь 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 сарын 11-ний өдөр хүртэл бүрэн эрх нь хадгалагдах бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс хугацаанаас нь өмнө буюу 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Цэцэн-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2016 оны 11 сарын 28-ний өдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж байсан бөгөөд 2016 оны 11 сарын 01-нээс 2016 оны 11 сарын 30 хүртэл үйл ажиллагаагаа явуулж, орон нутгийн хурлын асуудлаар үйл ажиллагаа явуулж байсан юм. Хурлын төлөөлөгч болоогүй иргэнийг хурлын төлөөлөгч болгож шийдвэрлэсэн тухайд: Д. Рэнчинсамбуу нь шинээр сонгогдсон хурлын төлөөлөгч болоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ардчилсан намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон Д. Рэнчинсамбуу болон бусад нэр бүхий төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Өөрөөр хэлбэл анхдугаар хуралдаан 2016 оны 11 сарын 09-ний өдөр нийт 15 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн байна ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн хурал нь цагтаа эхлээгүй 10 цагаас товлосон боловч тухайн цагтаа хуралдаж хэлэлцээгүй. Д. Рэнчинсамбуу нь шинээр сонгогдсон хурлын төлөөлөгч биш байхад хурлын төлөөлөгчид оруулан хийсвэр дүгнэлт гаргасан байна. 15 Хурлын төлөөлөгчдийн 7 төлөөлөгч бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэр бүхий төлөөлөгчид гэж яг хэн хэн гэдэг төлөөлөгч гарч явсан эсэхийг тодруулаагүй. 15 төлөөлөгчийн 7 нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөөгүй байхад анхдугаар хуралдааныг хуралдуулсан хууль бус гэсэн үндэслэлээр Завхан аймгийн засаг даргын орлогч албан тоотоор бүх төлөөлөгчдийг оролцуулан хуралдуулж хууль ёсны анхдугаар хуралдаанаа хийх тухай чиглэл өгсөн байдаг. 2016 оны 11 сарын 30-ний өдрийн хуралдаанд би болон бие даан нэр дэвшигч 2, МАНаас 1 нэр дэвшигч гээд 15 төлөөлөгчөөс 10 нь оролцож сонгосон байгаа бие даагч 3 нэр дэвшигч 11 сарын 09-ний өдрийн хуралдаан нь хууль бус гэж үзэж дахин 2016 оны 11 сарын 30-ний өдрийн хуралдаанд оролцож шийдвэрлэсэн болно. Хэрэв 2016 оны 11 сарын 09-ний өдрийн хуралдаан хууль ёсны гэж үзсэн бол 2016 оны 11 сарын 30-ний хуралдаанд оролцохгүй байсан. Бие даагч бид нар бусад төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хуралдсан гэж үзсэн учраас 2016 оны 11 сарын 30-ний хуралдаанд оролцсон болно. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 02-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ш.Мижиддорж нь “Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоол болон тус Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдааныг тус тус хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Цэцэн-Уул сумын бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хурлын тов тогтоох тухай” 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Цэцэн-Уул сумын бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Д.Рэнчинсамбуу нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тамгыг эзэмшиж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тамгыг шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн  Хуралд олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, “... иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоол, Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдааныг тус тус хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Д.Рэнчинсамбуу нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тамгыг эзэмшиж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тамгыг шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, “... ахмад төлөөлөгч хуралдааныг нээж, Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн ... 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдаан хуулийн дагуу явагдсан ... нэр дэвшигчид Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр түүнийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах шийдвэрийг зөвхөн сонгуулийн байгууллага гаргана ... 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуралдааны тов тогтоох тухай” 17 дугаар тогтоол нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “... иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хурлын тов тогтоох тухай” 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”  шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Маргаан бүхий 17 дугаар тогтоолоор “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, мөн Хурлын хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар...” тогтоожээ.

Хэрэгт авагдсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болох Д.Рэнчинсамбуу, Ю.Энхбаатар, М.Баттөр, М.Баянмөнх, Б.Доёддорж нар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар товлон тогтоосон болох нь хэрэгт авагдсан Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэл[1], тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хурлын тов тогтоох тухай” 16 дугаар тогтоол[2] зэрэг баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ.  

Анхан шатны шүүх маргаан бүхий 17 дугаар тогтоолоор “...Хурлын 16 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон байх боловч сумын Хурал тус өдөр хуралдаагүй, Хурлын ... 16 дугаар тогтоол гэж байхгүй, ... харин тус өдөр ... “Хурлын Тэргүүлэгчид” хуралдаж анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцээд “Хурлын тов тогтоох” тухай 16 дугаар тогтоолыг гаргасан ... 17 дугаар тогтоолд ...захиргааны албан тушаалтныг буруу нэрлэж заасан ... болох нь тогтоогдож байна” гэж зөв дүгнэжээ.

Маргаан бүхий 17 дугаар тогтоол нь 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байх атлаа цаг хугацааны хувьд 26 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 1-ний өдөр гарч нэгэнт хэрэгжиж, биелсэн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн бүрэн эрх нь дуусгавар болсон төлөөлөгчид хуралдаж тус тогтоолыг гаргасан байх тул хууль бус, үндэслэлгүй захиргааны акт байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана”, 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Цэцэн-уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан дээр дурдсан тов тогтоож баталсан Хурлын Тэргүүлэгчдийн 16 дугаар тогтоолын дагуу сумын Сонгуулийн хорооноос  Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх[3] олгогдсон нийт 15 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан эхэлсэн байх боловч энэ хэргийн хариуцагч Д.Рэнчинсамбуугаас “зарим төлөөлөгчийн Сонгуулийн тухай хууль зөрчсөн ... асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүлээх” гэсэн тайлбар, үндэслэлээр анхдугаар хуралдааныг хойшлуулах санал гаргаж тус хуралдааныг нээгээгүй байх ба хуралдаан хойшлуулах тухай түүний саналыг төлөөлөгчид хэлэлцэж шийдвэрлээгүй байхад тэрээр нэр бүхий төлөөлөгчдийн хамтаар хуралдааныг орхиж гарсан болох нь, улмаар үлдсэн 8 төлөөлөгчдийн ахмад төлөөлөгч гэх Д.Бямбацогт хуралдааныг нээж үргэлжлүүлэн хуралдсан болох нь хэрэгт авагдсан  2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тус хуралдааны тэмдэглэл[4], мөн хуралдаанаар гарсан 01/01, 01/02, 01/03 дугаар тогтоол зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ.   

Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн тус хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7-д заасныг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж хуульчилжээ.

Дээр дурдсанчлан хамгийн ахмад төлөөлөгч хуралдааныг нээсэн, хурлын төлөөлөгчдийн олонх нь оролцсон болох нь тогтоогдож байхын зэрэгцээ тус хуралдааныг хууль бус гэж маргаж, хууль бус болох талаар эрх бүхий этгээдээс тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч хуралдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. 

Ийнхүү тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болсон, сумын шинээр сонгогдсон төлөөлөгчид  анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдуулсан байхад бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх Хурлын Тэргүүлэгчид болох Д.Рэнчинсамбуу, Ю.Энхбаатар, М.Баттөр, М.Баянмөнх, Б.Доёддорж нар нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн буюу өмнө нэгэнт хэрэгжсэн 16 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулахаар  тов тогтоож баталсан  17 дугаар тогтоолыг гаргаж, баталсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “... Нэр дэвшигчийг бүртгэхэд тавигдах шаардлагуудыг зохицуулсан ба энэ хэсгийг зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчид хариуцлага оногдуулах зохицуулалт байхгүй ... Нэр дэвшигчийг бүртгэх үйл ажиллагаатай холбоотой маргаан нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байна ...” гэж дүгнэсэн “Материал хүлээн авахаас татгалзах тухай” 44 дүгээр захирамж[5], хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий төлөөлөгчдийг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн талаар буюу тус нэр дэвшигчидтэй холбоотой хууль, хяналтын байгууллага, шүүхээр маргаан хэлэлцэгдэж, шалгагдаж байгаа талаар болон тэдгээрийг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн талаар эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэр баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч гуравдагч этгээдээс энэ талаарх баримтыг гаргаж маргаагүй байх тул хариуцагчийн “... орон нутгийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөн сонгогдоод байгаа 4 нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн байна гэж үзээд аймаг, сумын сонгуулийн хороо болон цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан тул ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдаан хууль бус ...” гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нь хууль зөрчин сонгогдсон гэх үйл баримтыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй, шинээр сонгогдсон нэр бүхий төлөөлөгчид Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдааныг хүчингүйд тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэргүй байхад бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх хурлын тэргүүлэгчид хуралдаж маргаан бүхий 17 дугаар тогтоолоор цаг хугацааны хувьд өмнө гарсан тогтоолыг хүчингүй болгож, Хурлыг дахин хуралдуулахаар товлосон нь хууль бус байна. Хууль бус тус тогтоолын улмаас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон, нэхэмжлэгч Ш.Мижиддоржийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч, гуравдагч этгээд нарын “... хувь хүнийг буюу Д.Рэнчинсамбууг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй ... хариуцагч нь Цэцэн-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчид ... юм ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Маргаан бүхий “Хурлын тов тогтоох тухай” 17 дугаар тогтоолыг хууль бус гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, шүүх маргаан бүхий тус тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх, тус тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцэст дүгнэлт өгч шийдвэрлэх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй тогтоолын үр дүнд хуралдсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан, түүнээс гарсан шийдвэрийн хууль ёсны эсэхийг урьдчилан таамаглаж дүгнэх боломжгүй. Маргаан бүхий тогтоолын үр дүнд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас гарсан 01/03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон В.Сумъяаг шүүх “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд” гэж үзэж, гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг, түүнчлэн маргаан бүхий акт болох “Хурлын тов тогтоох тухай” 17 дугаар тогтоолыг ёсчилж баталсан Д.Рэнчинсамбууг хариуцагчаар татсаныг тус тус буруутгах үндэслэлгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.  

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагч, гуравдагч этгээдийн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                          

 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР                              

                     ШҮҮГЧ                                    О.НОМУУЛИН

          ШҮҮГЧ                                   Н.ХОНИНХҮҮ