Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2020/00348

 

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2020/00348

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарыг /******* аймаг дахь шүүхийн байрнаас онлайнаар/ оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ө.*******гийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 06-р сард иргэн С.*******гээс цалингийн зээл шахаж хийж, орон сууцны зээл авах шаардлага гарсан учраас 1,800,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. 2019 оны 09-р сард зээлж авсан 1,800,000 төгрөгнөөс 200,000 төгрөгийг С.*******д өгөөд 1,600,000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл С.******* нь 2019 оны 10-р сарын 10-ны өдөр үеэр надтай уулзаад мөнгөө нэхсэн ба манай хүүхэд одоо цэргээс халагдаж ирэх гэж байна. Тийм учир би мөнгөө авъя гэхэд нь надад бэлэн мөнгийг нь өгөх боломжгүй учир би ХХК-ний зах дээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-ний захирал Н.гээс Солонгос улсад үйлдвэрлэсэн шинэ /НАОЖЕ/ маркийн 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоциклийг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг мотоциклийг С.*******, түүний нөхөр нарт хүлээлгэн өгсөн. Тухайн үед С.******* нь хүүхэддээ мотоцикл авч өгөх шаардлагатай байна гэхээр нь би мотоциклийг хүнээс зээлээр авч өгсөн.

Иймд С.*******гээс 2,200,000 төгрөгийн мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* аймгийн сумын багт оршин суух Бууч овогт ийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ө.*******гийн мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 06-р сарын 04-нд ******* надаас 1,800,000 төгрөгийг бэлнээр авч, 2019 оны 06-р сарын 05-ны өдөр мөнгөө авахаар аймагт ирж уулзахад цалингийн зээл бүтэхгүй байна. Би 10 хувийн хүүтэй бодож өгье гэж 2 дахь удаагаа тохиролцсон. Ө.*******гаас мөнгөө авахаар сумын багаас 5 удаа аймаг руу ирж очсон. багаас аймаг руу ирж очиход 230 км 1 удаагийн ирж очих түлш 65 литр, түлшний үнэ 117,000 төгрөг, 5 удаагийн ирж очиход нийт 325 км, нийт зарлагдсан түлшний үнэ 585,000 төгрөг болсон. Иймд Ө.*******гийн авсан 1,800,000 төгрөгийг 10 хувийн хүүгээр бодож нотолж олгох Ө.*******д өгөх өглөг байхгүйг баталж, мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 06 сарын 03-ны өдөр орон сууцны зээл хөөцөлдөөд банкин дээр очиход намайг та цалингийн зээлээ багасагчих юм бол таны зээл гарах боломжтой гэж хэлсэн тэгээд би *******г өмнө нь таньдаг байсан учраас *******тэй очиж уулзаад чи надад 1,800,000 төгрөг зээлчих би зээлээ хөөцөлдчихөөд буцаагаад өгье гэж *******гээс 1,800,000 төгрөгийг зээлсэн. Тэгээд орон сууцны зээлээс *******д өгөх ёстой мөнгө илүү гараагүй. Би *******гээс мөнгө авахдаа 6 сард буцааж өгнө гэж авсан. Тэгээд тэр хугацаандаа *******д би мөнгөө өгч чадаагүй. ******* надаас 7, 8 саруудад мөнгөө нэхээр нь би мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Би мөнгө авахдаа 10 хувийн хүүтэй зээлье гэж *******тэй яриа хэлцэл хийгээгүй. Тэгээд би 2019 оны 09 сард *******д өгөх ёстой байсан 1,800,000 төгрөгнөөсөө 200,000 төгрөгийг *******д бэлнээр өгсөн. Тэгээд 1,600,000 төгрөг үлдсэн. 2019 оны 10 сард ******* надтай уулзахдаа манай хүүхэд цэргээс ирэх гэж байна, би мөнгөө авмаар байна, хүүхэддээ мотоцикл авч өгөх гэсэн юм гэхээр нь *******д би чиний мөнгийг өгөх боломжгүй байна, би таньдаг хүнээсээ чамд мотоцикл зээлээд өгье гэж хэлээд зах дээр байдаг ХХК-ийн захирал тэй очиж уулзсан. Тэнд 1,850,000 төгрөгийн мотоцикл, 2,200,000 төгрөгийн мотоциклууд байсан. Тэгээд би *******д болон өөртөө тооцооны зөрүү гаргахгүйгээр 1,850,000 төгрөгийн мотоциклийг нь зээлчих гэж хэлсэн чинь ХХК-ийн захирал 1,850,000 төгрөгийн мотоциклоо зээлэхгүй, 2,200,000 төгрөгийн мотоциклийг зээл өгнө гэхээр нь ******* болон *******н нөхөр нараас асуухад өөрсдөө хүлээн зөвшөөрч, хамт байж байгаад 2,200,000 төгрөгийн мотоциклийг нь миний нэр дээрээ падаан бичүүлж би өөрөө гарын үсэг зурж 2 сарын хугацаатай зээл аваад ******* болон түүний нөхөр нарт хүлээлгэн өгсөн. Тухайн үед ХХК-ийн захирал та мотоциклоор яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би манай дүү цэргээс ирэх гэж байгаа юм, би дүүдээ авч байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед *******д мотоциклийг нь өгөхдөө чи надад мөнгөний зөрүүд нэг хонь өгчих гэж хэлсэн чинь ******* тэгье, тэгье гэж хэлээд мотоциклоо аваад сум руугаа явсан. Түүнээс хойш би 2019 оны 10 сард аймгийнхаа шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөлд өгөөд *******г дуудуулсан чинь намайг албан тушаалаа ашиглаж байна гээд уурлаад ирээгүй. Тэгээд би *******г 2 сар хараад надад мотоциклийн үнийг зөрүүг өгөхгүй болохоор нь би албан ёсоор Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би *******гээс мотоциклийн үнийн зөрүү болох 600,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06 сарын 01-ний өдөр Ө.******* надтай таарч надтай хамт манайд ирж 5,000,000 төгрөг зээлээч гэсэн. Тэгэхээр би дүүд нь бололцоо алга 1,800,000 төгрөг зээлье 2019 оны 06 сарын 06-ны өдөр хүүхдийн төрсөн өдөр учраас 200,000 төгрөгийг нь аваад үлдэчихье гээд Ө.Судваад 2019 оны 06 сарын 04-ний өдөр 1,800,000 төгрөг өгсөн. Ө.******* надаас мөнгө авахдаа 2019 оны 06 сарын 05-ны өдөр өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 06 сарын 05-ны өдөр чиний мөнгийг өгөх бололцоо байхгүй байна, цалингаасаа авах боломжгүй байна аа, байрны мөнгө татсан байна гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 06 сарын 10 хүртэл Ө.*******г мөнгөө өгөх байх гэж хүлээгээд манай хүүхэд цэргээс ирэх гэж байна, би хүүхэддээ мотоцикл авах гэж байна гэж хэлсэн чинь би чамд мотоцикл аваад өгье гэж хэлсэн. Анх ******* надаас мөнгө авахдаа 10 хувийн хүүтэй авъя гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр тийм зүйл яриагүй гэж хэлж байна. Хүнд ингэж худлаа хэлж болохгүй шүү дээ. Би Ө.*******гаас мөнгөө авах гэж нэг талдаа 110 километр явж ирдэг. Тухайн үед Ө.******* миний мөнгийг өгсөн бол би тэгж наашаа цаашаа ирж очихгүй байсан. Тухайн үед 2,200,000 төгрөгийн мотоцикл дээр зөрүү мөнгө төгрөг өгье гэж амаараа болон бичгээр үйлдэж ярилцсан зүйл байхгүй. Би тухайн үед тэр мотоциклийг 2,200,000 төгрөгийн мотоцикл гэдгийг нь мэдээгүй. Ө.******* өөрөө орж мотоцикл авч гарч ирсэн. Би Ө.*******гаас мөнгөө авах гэж аймгийн төв рүү хэд хэдэн удаа ирж байсан. Энэ бүгдэд би бинзений мөнгөөр шатаж байсан. Би Ө.*******г 2,200,000 төгрөгийн мотоцикл авч өг гэж хэлж шахаж шаардаагүй. Тэр үед мөнгө авсан өгсөн талаар гэрээ хийе гэж хэлэхэд Б.******* надад нотариатын 10000 төгрөг байхгүй гэж хэлсэн. Би Ө.*******гийн нэхэмжилж байгаа 600,000 төгрөгийг төлөхгүй, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.******* болон С.******* нарын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр хийгдсэн байна гэдэг нь тогтоогдож байна. Гэхдээ зээлдүүлэгч С.******* нь удаа дараа зээлдэгч Ө.*******гаас зээлсэн мөнгөө нэхэхэд өгөөгүй удаасан бөгөөд зээлийн хэлбэрээ бэлэн мөнгөөр төлөөгүй байна. Зээлийг төлөхдөө мотоциклоор буюу зээлсэн мөнгөнөөс илүү үнэтэй буюу 2,200,000 төгрөгийн үнэтэй гэх мотоциклоор хөдлөх эд хөрөнгөөр зээлээ хаасан нь тогтоогдож байна. Талуудын хоорондох мотоциклийн зөрүү үнэ болох 600,000 төгрөгийг төлнө гэх тохиролцоо хийгдээгүй байна. Харин зээлийн гэрээний үүргийг хөдлөх хөрөнгө болон мотоциклоор зээл хаагдсан болох нь тогтоогдож байна. Иймд мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөг шаардах эрх үүсээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэлэлцүүлгийн явцад Ө.*******гийн тайлбараас үзэхэд 2019 оны 10 сард С.******* нь Ө.*******гаас зээлсэн мөнгөндөө мотоцикл авч өг гэж шаардаагүй болох нь харагдаж байна. Тухайн үед Ө.*******д мөнгө байхгүй байсан учраас зээлсэн мөнгөндөө мотоцикл авч өгсөн байна. Мөн С.******* нь 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоцикл авъя гэж Ө.*******гаас шаардаагүй байна. Харин 1,850,000 төгрөгийн үнэтэй мотоциклийг авахад болохгүй юм алга гэж хэлж байсан гэдгээ С.******* тайлбартаа хэлсэн. Гэтэл тухайн мотоцикл зарсан худалдагч нь 1,850,000 төгрөгийн үнэтэй мотоциклийг зээлээр өгөх боломжгүй гэж хэлсэн гэсэн. Харин зээлээр өгөх боломжтой мотоцикл нь 2,200,000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ нь С.*******гээс болсон асуудал биш. С.******* нь 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоцикл авна гэж Ө.*******гаас шаардаагүй болох нь тогтоогдож байна. Ө.******* нь мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийг шаардах үндэслэлийн талаарх тайлбараа гаргаж чадахгүй байна. Ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй гэдэг нь гэрч ын мэдүүлэгээр тогтоогдож байна. Мөн 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоциклийг Ө.******* гэдэг хүн худалдаж авсан. Ө.*******гийн өөрийнх нь хариуцах асуудал дээр С.*******г татаж оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* нь С.*******д холбогдуулан мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******гээс 1,800,000 төгрөгийг зээлсэн. ...2019 оны 09 сард *******д өгөх ёстой байсан 1,800,000 төгрөгнөөс 200,000 төгрөгийг *******д бэлнээр өгсөн. Тэгээд 1,600,000 төгрөг үлдсэн. 2019 оны 10 сард ******* надтай уулзахдаа манай хүүхэд цэргээс ирэх гэж байна, би мөнгөө авмаар байна, хүүхэддээ мотоцикл авч өгөх гэсэн юм гэхээр нь *******д би чиний мөнгийг өгөх боломжгүй байна, би таньдаг хүнээсээ чамд мотоцикл зээлээд өгье гэж хэлээд зах дээр байдаг ХХК-иас 2,200,000 төгрөгийн мотоцикл зээлж авч 1,600,000 төгрөгнд өгсөн, мотоциклийн үнийн зөрүү 600,000 төрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлаа ...Ө.******* надаас мөнгө авахдаа 10 хувийн хүүтэй авъя гэж хэлсэн. ...Би Ө.*******гаас мөнгөө авах гэж нэг талдаа 110 километр явж ирдэг. Тухайн үед Ө.******* миний мөнгийг өгсөн бол би тэгж наашаа цаашаа ирж очихгүй байсан. Тухайн үед 2,200,000 төгрөгийн мотоцикл дээр зөрүү мөнгө төгрөг өгье гэж амаараа болон бичгээр үйлдэж ярилцсан зүйл байхгүй. Би тухайн үед тэр мотоциклийг 2,200,000 төгрөгийн мотоцикл гэдгийг нь мэдээгүй. Ө.******* өөрөө орж мотоцикл авч гарч ирсэн. Би Ө.*******гаас мөнгөө авах гэж аймгийн төв рүү хэд хэдэн удаа ирж байсан. Энэ бүгдэд би бинзений мөнгөөр шатаж байсан. Би Ө.*******г 2,200,000 төгрөгийн мотоцикл авч өг гэж хэлж шахаж шаардаагүй. ...иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.

******* нь Ө.*******д 2019 оны 6 дугаар сарын 04-нд 1,800,000 төгрөг зээлдүүлсэн талаар талууд маргаагүй учир Б.******* С.******* нарын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Ө.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 1,800,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг бэлнээр, 2,200,000 төгрөгийн мотоцикл шилжүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон ******* аймгийн ХХК-ний мөнгө нэхэмжлэх падаан, гэрч З., Н. нарын мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Дээрх баримтуудаас дүгнэхэд Ө.******* гэрээгээр хүлээсэн үүргээсээ 600,000 төгрөгийн үүргийг илүү биелүүлж хариуцагч С.******* тэр хэмжээгээр хөрөнгөжсөн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ө.******* нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж дуусгавар болгосон, С.*******д 600,000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй учир түүнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 600,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагч С.******* нь Ө.*******д 1,800,000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн гэх боловч талуудын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхгүй ба түүний энэ татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч С.******* нь ...2,200,000 төгрөгийн мотоцикл дээр зөрүү мөнгө төгрөг өгье гэж амаараа болон бичгээр үйлдэж ярилцсан зүйл байхгүй. Би тухайн үед тэр мотоциклийг 2,200,000 төгрөгийн мотоцикл гэдгийг нь мэдээгүй. Ө.******* өөрөө орж мотоцикл авч гарч ирсэн. Би Ө.*******гаас мөнгөө авах гэж аймгийн төв рүү хэд хэдэн удаа ирж байсан. Энэ бүгдэд би бинзений мөнгөөр шатаж байсан. Би Ө.*******г 2,200,000 төгрөгийн мотоцикл авч өг гэж хэлж шахаж шаардаагүй... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь дээрх байдлаа нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд  

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуагч С.*******гээс мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ө.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18320 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 18320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ