Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Н, шүүгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ж ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0302853 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч Б.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ЖХХК шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компанийн үйл ажиллагааг шалгаад татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас бичсэн байна. Энэхүү 0302853 дугаартай шийтгэлийн хуудас бичихдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтыг баримтлан бичсэн байна. Энэ 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заагаад 2.3-т хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж заасан байх бөгөөд улсын байцаагчийн акт илт хууль бус байна.

Учир нь: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан бөгөөд энэ зүйлд гомдол мэдээллийг хүлээн аваад шалган шийдвэрлэх хугацааг 3 хоног гэж заасан байхад 2019 оны 1 дүгээр сарын 14-ний хяналт шалгалт хийх томилолт батлуулжээ. Өөрөөр хэлбэл 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн гэх шалгалт оруулсан гэсэн 36190100003 дугаартай Татварын ерөнхий газрын дарга О.Т-ийн баталсан томилолтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь илт хууль бус юм.

Мөн дээрх томилолтод 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоногийн дотор шалгалт хийх ёстой байтал 2019 оны 4 дүгээр сард шалгалт хийж Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, мөн 30.1.1-д .татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх гэсэн заалтыг зөрчиж хийсэн илт хууль бус үйл ажиллагаа болно.

Мөн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 ба 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж бичсэн байх бөгөөд 11.19 дүгээр зүйлийн 1-д Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор гэсэн заалт бөгөөд манайх татвар төлөхөөс зайлсхийх зорилготой санаатай хийсэн үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй болно. Мөн шийтгэлийн хуудсанд бичсэн 11.19 дүгээр зүйлийн 1.1 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, мөн 1.2 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэсэн заалтууд бөгөөд яг ямар үйл баримтад заасан зөрчил гаргасан болохыг тодорхой заагаагүй тул энэ шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх 2.4-т хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй байх бөгөөд ямар тооцоог үндэслэн шийтгэл ногдуулсан талаар тайлбарлан өгөөгүй, түүнийгээ нотлон танилцуулаагүй байна.

Иймд татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3619010003 тоот томилолтын дагуу тус газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар Ж ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийн, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн. Уг шийтгэлийн хуудсыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О, нягтлан бодогч Б.П нарт танилцуулахад ямар ч зүйл дээр гарын үсэг зурахгүй гэсэн шалтгаанаар гарын үсэг зураагүй.

Тус компанийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийлгэхээр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн цагдаагийн албанаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10а-3/15 тоот албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3619010003 тоот томилолтоор шалгалтыг эхлүүлсэн. Анх олгосон томилолтын хугацаанд шалгалтын ажил хийгдэж амжаагүй тул дахин шалгалтын хугацааг сунгуулан шалгалтыг дуусган 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн. Иймээс Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

Ж ХХК нь шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөөгүй, байгаа баримтууд нь шаардлага хангахгүй байсны улмаас Гаалийн төв лабораториас шалгалтад хамрагдаж байгаа онуудын экспортод гаргасан ашигт малтмалын Гаалийн төв лабораторийн дүгнэлт-ийг, Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн жилүүдийн Уулын ажлын тайлангуудыг, Ж ХХК-ийн 2014- 2016 оны санхүүгийн баримтыг С ХХК-аас гаргуулан авах зэргээр хугацаа алдсан. Нөгөө талаар татварын хяналт шалгалтын ажил нь өөрөө цаг хугацаа ихээр шаарддаг учир ирүүлсэн баримт материалыг тулган шалгах, тооцоолол хийх зэргээр шалгалтын ажил удааширсан.

Шалгалтын явцад татварын албанд тайлагнасан тайлан, мэдээтэй нь зөрүүтэй байж болзошгүй гэж үзсэн тодруулах зүйлсийг захирал, нягтлан бодогч нарт танилцуулан нягтлуулж байсан бөгөөд шалгалтын үр дүнгээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл" үйлдэн прокурорт танилцуулсан. Чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийг тэмдэглэл үйлдэн прокурорт танилцуулсны үндсэн дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн 0302853 тоот шийтгэлийн хуудсыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн.

Татварын улсын байцаагч нь албан татвартай холбоотой илрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Тус компанийн гаргасан зөрчил нь дээрх хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дах заалтаар хариуцлага тооцох үндэслэлтэй байна. Үүнд:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:

1.1. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан; "гэсэн заалтад дараах зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлтэй байна. 1.1. 2016 онд ашиглалтад хүлээн авсан 3.924.756.4 мянган төгрөгийн барилга, байгууламжид 2017-2018 онд 62.796.1 мянган төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй;

1.2. 2018 онд 22 тээврийн хэрэгсэлд 2.184.100.00 төгрөгийн албан татвар ногдуулж төлөөгүй; гэсэн зөрчил нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан зөрчлүүд нь дээрх хуулийн заалтын ... нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан гэж заасантай тохирч байна..

2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-д татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэсэн заалтаар дараах зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлтэй байна.

2.1. 2016 онд алт, мөнгөний хүдэр борлуулсан 280.466.9 мянган төгрөгөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогыг бууруулсан; 2.2т 2014-2016 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг буруу тооцсоны улмаас 35.649.518.5 мянган төгрөгөнд ногдох 1.782.475.9 мянган төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тайлагнасан гэсэн зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, .... гэсэн заалттай тохирч байна, 2.3-д Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтад ногдох 7.820.086.6 мянган төгрөгийн худалдан авалтад төлсөн 782.008.657.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч илүү төлөлт үүсгэсэн гэсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т ... эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэсэн заалттай тохирч байна.

Татвар төлөгчийн зүгээс гаргасан гомдолдоо хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах эрхийг хангуулаагүй гэж гомдол гаргасан байна. Тус компанийн захирал С.О, нягтлан бодогч Б.П нарт зөрчил гарч байгаа тухай бүрд нь мэдэгдэн тайлбарлах боломжоор ханган ажилласан. Үүний нэг жишээ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын зөрчлийн жагсаалтыг танилцуулсны үндсэн дээр нягтлан бодогч Б.П хөрөнгийн задаргааг гарган ирүүлсэн учир үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй зүйлийг нь хасан шийтгэлийн хуудас үйлдсэн.

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллын хүснэгтийг нягтлан бодогч Б.П-ийн [email protected] хаягаар 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 10 цаг 28 минутад илгээсэн байна.

Иймд ЖХХК-ийн гаргасан татварын улсын байцаагчийн 0302853 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Гомдол гаргагч ЖХХК нь Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0302853 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар ЖХХК-ийн 2014-2018 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0302853 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасны дагуу нийт 3.970.825.960,40 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, 1.2-т татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэж тус тус заасан байна.

Ж ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан зөрчлийг гаргасан болох нь тус компаниас ирүүлсэн татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримт, дансны хуулга, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүд, тус лабораторийн шинжилгээний дүнгүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.13-д татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч хамрагдах гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татварын хяналт шалгалтад санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримтууд, тооцоо, мэдээ, тайлан, тэнцлээ гаргаж өгөх нь татвар төлөгчийн үүрэг байх тул татварын улсын байцаагчдын 2019 оны №0302853 тоот шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан зөрчлийг гаргаагүй болохыг нотлох баримтуудыг гаргаж өгөх нь татвар төлөгч ЖХХК-ийн үүрэг тул татварын улсын байцаагчдын 2019 оны №0302853 тоот шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй.

Маргаан бүхий татварын улсын байцаагчдын 2019 оны №0302853 тоот шийтгэлийн шийтгэлийн хуудсаар Ж ХХК-д торгох шийтгэл оногдуулсан байх ба тус компанийн хувьцаа эзэмшигч хэн байхаас үл хамааран Ж ХХК-д шийтгэл оногдуулсан байна.

Үүнээс үзэхэд Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн хувийн эрх зүйн буюу иргэний эрх зүйн шинжтэй асуудал нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй, мөн захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй юм.

Иймд Ж ХХК-ийн өмнөх болон одоогийн хувьцаа эзэмшигчид нь хоорондоо маргаан, зөрчилтэй байгаа, тус компанийн өмнөх хувьцаа эзэмшигч нь 17 хавтас /хайрцаг/ санхүүгийн баримтуудыг аваад явсан, хаана байгааг тус компанийн одоогийн хувьцаа эзэмшигчид мэдэхгүй учир маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нь илт хууль бус учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох ёстой, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байхад ийнхүү хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Хариуцагч Татварын улсын байцаагч нар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10а-3/15 дугаар албан бичгээр ирсэн мэдээллийн дагуу Татварын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36190100003 дугаар томилолтоор ЖХХК-ийн 2014-2018 оны татвар төлөлтийг шалгажээ.

Шалгалтыг анх 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоногийн хугацаагаар хийхээр дээрх томилолтод заасан ба уг томилолтыг хугацааг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд татварын хяналт шалгалтыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хийсний үндсэн дээр, уг шалгалтын үр дүнд үндэслэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх тул хариуцагч татварын улсын байцаагчдыг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна.

Тус захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргийн дагуу Ж ХХК-ийн санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримтуудыг цуглуулах, цуглуулж болох боломжит бүхий л ажиллагаа /хариуцагч татварын байцаагчид болон С ХХК-руу нотлох баримт гаргуулах албан бичиг явуулах, С ХХК болон Ж ХХК-ийн нягтлан бодогч Б.С-г шүүхэд гэрчээр асуусан гэх мэт/-г хийсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 18.1.13, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0302853 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага Ж ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б

ШҮҮГЧ А.Н

ШҮҮГЧ О.О