Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0600

 

  “Ж” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Г, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 580 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 580 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 18.1.13, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0302853 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага “Ж” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, О.Б нар давж заалдах гомдолдоо: Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...С ХХК болон “Ж” ХХК-ийн нягтлан бодогч Б.С-нг шүүхэд гэрчээр асуусан...” гэж бичсэн байна. Хэзээ ч ямар ч цаг хугацаанд “Ж” ХХК-д Б.С гэсэн нягтлан бодогч байгаагүй байхад шүүх хэний захиалгаар, ямар зорилгоор илт худал зүйл бичсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх заалтыг зөрчсөн болно.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан гомдол шүүхийн мэтгэлцээнд эрүүгийн хэргийг зөрчил гэж үзэж байгаа нь буруу гэж маргаан талууд мэтгэлцэж байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дүгнэлт хийсэнгүй.

Гэтэл 2015 онд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1-д “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого” бол 50 сая төгрөгөөс дээш бол 2002 оны эрүүгийн хуулийн татвар төлөхөөс зайлсхийх мөн их хэмжээний буюу 38.4 сая төгрөг байсан тул энэ илт гэмт хэрэг байсаар байхад төрийн албан хаагч болон шүүгч огт тоосонгүй өөрөөр хэлбэл татварын байцаагчид гэмт хэргийг зөрчлийн хуулиар шийдвэрлэх эрх хэмжээ байгаагүй бөгөөд хууль дээдлэх ёсыг зөрчсөн байхад шүүх анхаарсангүй.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийг шүүх бас анхаарсангүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10а-3/15 дугаартай албан бичгээр ирсэн мэдээллийн дагуу дээрх үйл баримтаас үзэхэд татварын хяналт шалгалтыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хийсний үндсэн дээр, уг шалгалтын үр дүнд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх тул хариуцагч татварын улсын байцаагчийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна гэсэн дүгнэлт хийжээ.

Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэсэн гэж үзвэл энэ нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол мөн зүйлийн 2-т заасны дагуу ажлын 3 өдөрт хамаарах ёстой болохоос 3 сар 12 хоног биш болохыг шүүх анхаарсангүй.

Мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д “зөрчил үйлдэгдсэн, учруулах хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэсэн нөхцөл заасан. Холбогдогчоор “Жи Пи Эф” ХХК-ийг төлөөлөн тогтоогдсон С.О, П нар хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүх үнэлж дүгнэлгүй хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийж шүүхийн шийдвэр гаргажээ.

Мөн зөрчлийн хэрэгт Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд 11.19 дүгээр зүйлд 1.1, 1.2 гэсэн заалт баримталсан бөгөөд тухайн хуульд ийм заалт байхгүй болохыг анхаарсангүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бөгөөд “Ж” ХХК-ийн шинээр томилогдсон С.О, Б.П нар зөвшөөрөхгүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлджээ.

Тэд энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7-д өөрийн эсхүл, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах” мөн зүйлийн 2.8-т “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” 2.9-т “зөрчлийн хэрэгтэй танилцах эрхийг эдлүүлээгүй байгаа болох, мөн шалгалтад хамааруулсан гэх баримтыг С.О, Б.П огт үзээгүй үзэх боломжгүй байсныг гэрч “С” ХХК-ийн нягтлан бодогч гэх Б.С нь шүүхэд хангалттай бөгөөд ойлгомжтой тодорхой мэдүүлээд байхад шүүх түүнийг хэрхэн яаж дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрт үг үсэг алга.

Мөн маргаж буй 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай шийтгэлийн хуудсанд хууль буруу хэрэглэсэн буюу хүчингүй болсон хууль иш татан хэрэглэсэн хууль зөрчсөн байхад шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй.

Иймд Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын үйлдсэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг бүрэн гүйцэд биелүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0302853 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 463 дугаар магадлалаар “хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдэх үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, актын үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр” мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 134 дүгээр магадлалаар “татварын улсын байцаагч нар ямар тооцоо, санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн “Ж” ХХК-ийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр” тус тус буцааж шийдвэрлэж, улмаар анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтыг гаргуулахаар “...Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, “С” ХХК, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөний газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газар, Нийслэлийн Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга зэргээс холбогдох нотлох баримт цуглуулах ажиллагаа хийсэн боловч хэргийн нөхцөл байдал буюу бодит үнэнийг илрүүлэн тогтоох захиргааны шүүхийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/8455 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас “Ж” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны уулын ажлын тайланг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/6430 дугаар албан бичгээр “С” ХХК-иас “Ж” ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн анхан шатны баримтуудыг тус тус шаардсан бөгөөд анхан шатны шүүхээс нотлох баримт шаардсан албан бичигтэй холбоотойгоор ажиллагаа хийгээгүй байна. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Мөрдөгчийн тогтоол”-д Хэрэг бүртгэлийн 200200003 дугаартай хэрэгт Эдийн засгийн шинжилгээ хийхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч нар нь “Ж” ХХК-ийн 2014-2018 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт, шалгалт хийж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №0302853 дугаар шийтгэлийн хуудсаар 3,970,825,960.29 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй эсэх, “Ж” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийсэн эсэх, хэрэв татвар төлөхөөс зайлсхийсэн бол хэдэн төгрөгийн ямар төрлийн татвараас зайлсхийсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж, дүгнэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор гаргахыг шинжээчийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар нотлох баримтуудыг цуглуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэснийг, 32 дугаар зүйлийн 32.1-д “...Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ...” гэснийг, 38 дугаар зүйлийн 38.3-д “..Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна...” гэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Хэдийгээр анхан шатны шүүх “...Ж ХХК-ийн санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримтуудыг цуглуулах, цуглуулж болох боломжит бүхий л ажиллагаа...”-г хийсэн гэх боловч шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Авлигатай тэмцэх газар 2017 оноос хойшхи санхүүгийн баримтыг 4 сарын 24-ний өдөр надад хүлээлгэж өгсөн байдаг. Авлигатай тэмцэх газарт хураагдсан баримтуудыг хариуцагч авах ямар ч боломжгүй...” гэснээс үзвэл хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой боловч нотлогдоогүй болон хэргийн оролцогчдын санал зөрж буй зүйлүүдийг шаардлагатай нотлох баримтуудаар нотлох үүрэгтэй бөгөөд үүний үр дүнд маргааныг тодруулж болох бүхий л эрх зүйн болон бусад эх сурвалжуудыг ашиглах боломжтой юм.

Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг хариуцагч ямар баримтаар тогтоосон болохыг тодруулж, холбогдох баримтуудыг хэрэгт хавсарган дүгнэлт өгөх шаардлагатай. Маргаан бүхий актад дурдсан зөрчлийг “Ж” ХХК гаргасан болохыг тогтооход хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтууд мөн эсэхийг дүгнэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэсний улмаас шийтгэл ногдуулах болсон үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана...” гэж заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхээс холбогдох баримтуудыг бүрэн цуглуулж, маргаан бүхий актын үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН