Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/00200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2-48 тоотод оршин суух Бэсүд овгийн Бүргэдийн Б.Н /регистрийн дугаар ФМ66022466/-ийн нэхэмжлэлтэй,

Үйлдвэрлэлийн осол мөн болох, уг ослын улмаас Б.Б.Н хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ү ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.Э, А.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1989 оноос хойш "Э.Ү"-т тасралтгүй 30 жил ажиллаж байна. Тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн албан-д агуулахын эрхлэгчээр 2011 оноос ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны цагийн үед манай албаны хүний нөөцийн менежер Д.Э, дарга С.М нар өнөө орой болох Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн концерт үзэх, энэ арга хэмжээнд очихгүй бол Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнд тооцно гэдгийг анхааруулсан. Манай албанаас надаас гадна 19 хүн нийтдээ 20 хүн арга хэмжээ, концертыг үзэхээр нэр гаргасан байсан. Ингээд би өгсөн үүргийн дагуу концерт үзээд 19:40 цагийн үед Уурхайчин Соёлын ордноос гараад Баян-Өндөр сумын Оюут баг 2 дугаар бичил хорооллын 2-р байр 48 тоотод байх гэртээ харихаар Хангарьд спорт ордны өмнөх явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад аваарт орсон. Энэ аваарын улмаас миний бие хүндэвтэр гэмтэл авч 2018 оны 11 дүгээр сарын 06-наас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны хүртэл Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны акттай байгаад 2019 оны 01 дүгээр сарын 19-нд ажилдаа орсон. Намайг дайрсан жолооч Г.Б Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 38 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, ял хариуцлага хүлээсэн. Энэ тогтоолыг тэрээр давж заалдсаныг давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 тоот магадлалаар анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн. Би нэгэнт байгууллагаас зохион байгуулсан, заавал оролц гэж үүрэг авсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа осолд орсон учраас үйлдвэрлэлийн осол гэж үзэж Э.Ү-т хандсан боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны 107/560 тоотоор үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариуг манай албаны дарга С.С.Мийн нэр дээр ирүүлснийг танилцсан. Мөн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт энэ талаар өргөдөл гаргасан ба дарга Б.Ж 2018 оны 12 дугаар сарын 20-нд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Э.Ү-ээс 2018 оны 12 дугаар сарын 11-нд миний өртсөн ослын талаар БФ-107-12/1936 тоотоор Мэргэжлийн хяналтын газарт мэдээлэл хүргүүлсэн байдаг ба тус газраас 2018 оны 12 дугаар сарын 27-нд 14/514 тоотоор мөн л "Үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй" гэсэн хариу өгсөн байдаг юм. Би энэ асуудлаар өмгөөлөгч Р.Н холбогдсон. Өмгөөлөгч асуудлыг судлан үзээд Үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлтэй, шүүхэд хандах боломжтой гэж хэлсэн ба миний хувьд хөлөө эдгээж ажилдаа орох, намайг дайрсан жолоочийн асуудал шийдэгдэхээр болохоор хойшлуулсан. Судлан үзсэн баримтаар "Монгол-Оросын найрамдлын өдрүүдийг зохион байгуулах тухай" Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны А/907 тоот тушаал гарч, ажлын хэсэг байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө баталсан байна. Энэ төлөвлөгөөнд 11 дүгээр сарын 06-нд хаалтын концерт зохион байгуулахаар тусгагдсан байна. Тушаалын 3-т заасны дагуу Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Д Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдах арга хэмжээнд бүтцийн нэгжүүдээс ажилтнуудаа оролцуулах хуваарийг батлахад миний ажилладаг Тээвэр ложистикийн албан-д 11 дүгээр сарын 06-ны 18:00 цагийн хүндэтгэлийн концертыг 20 ажилтан, мөн 18:00 цагийн ОХУ-ын уран бүтээлчдийн концерт, кино үзэх 20 хүний тоог баталжээ. Үүнийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны Тээвэр ложистикийн алба-ны Инженер техникийн ажилчдын шуурхай зөвөлгөөнөөр 18:00 цагийн арга хэмжээг үзэх ажилчдад миний нэрийг зааж, хяналт тавих үүргийг хүний нөөцийн менежер З.Б  хариуцсан байна. Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний А/485 тоот тушаалаар баталж тухайн үед мөрдөж байсан "Э.Ү" ХХК-ийн дүрмийн 5.2. Ажилтан дараах үүрэгтэй гэсэн хэсгийн 5.2.1-д "...Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх", 5.2.13-т "Ажил олгогчоос зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох" гэж зааж, Хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахыг журмын 8.1 дэх заалтаар журамлажээ. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-д заасан үйлдвэрлэлийн ослыг нөхөн тогтоох хугацаа 2019 оны 05 дугаар сарын 06-нд дуусах тул энэхүү гомдлыг шүүхэд гаргаж байна. "Э.Ү" ТӨҮГ-ын ажилтан Б.Б.Н намайг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 18:00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.5-д заасан Үйлдвэрлэлийн осол мөн болохыг, Уг ослын улмаас Б.Б.Нын бие тухайн үед Хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ү ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий захирлын тушаал гарахын хувьд гарсан. Гэхдээ энэ тушаалд бүтцийн нэгжээс нэр заасан ажилчдыг заавал оролцуулах талаар зааж өгөөгүй. Тухайн бүтцийн нэгжүүдэд ковотыг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч ажилтан оролцох болон оролцохгүй байх боломжийг бүрдүүлсэн тухайн ажилтны хүсэл зоригийн үндсэн дээр орох боломжтой баримтыг бий болгосон. Үүнийг юугаар нотолж байна гэхээр Тээвэр ложистикийн шуурхай зөвлөгөөн дээр хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Э хэлэхдээ арга зүйч М өнөөдөр сургалттай, хэсгийн дарга нараас авсан нэрсийг надад өгсөн оройн арга хэмжээг үзэх ажилчидын нэрс Б ирц бүртгэнэ, Н, Э, У М, , Н, Я, Б, Б.Н, Оюунтуяа, Анхбаяр, Өлзийтөгс, Э, Э нар 15 хүний нэр байна нэрээ өгөөгүй хэсгүүд нь нэрээ өгөөрэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл Тээвэр ложистикийн төвийн дарга С.Мээс тухайн үед болох арга хэмжээг ажилтнуудыг оролцуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Урьдчилсан байдлаар цугласан нэрс нь ийм байсан. Гарсан шийдвэрийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн концертыг үзэх ажилчдын ирцийг бүртгэх ажилтаар Батцэнгэлийг томилсон. Заавал Б.Ныг тухайн үйл ажиллагаанд оролц гэж зааварчилгаа өгөөгүй. Тухайн газар ажлын байр мөн байсан эсэх тал дээр тайлбар гаргаж байна Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Б.Нын хувьд ажлын байр нь Тээвэр ложистикийн төвийн агуулах юм. Хөдөлмөрийн гэрээг Э.Ү ТӨҮГ-н ерөнхий захиралтай байгуулсан боловч тухайн хөдөлмөрийн харилцааг шилжүүлэх эрх нь Тээвэр ложистикийн төвийн даргад нь байдаг. Тиймээс тухайн ажилтны үндсэн ажлын байр нь Тээвэр ложистикийн төвийн ажлын хоёр дугаар агуулах, Тээвэр ложистикийн бусад ажлын байр гэж байгаа. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг хортой болон аюултай гэж ангилдаг. Хортой үйлдвэрлэлийн хүчин зүйл нь физик, хими, сэтгэл зүй, физиологийн гэх дөрвөн хүчин зүйл байдаг. Эдгээр хүчин зүйлсийн алинд нь өртсөн бэ гэдгийг тогтоох боломжгүй байна. Тухайн нөхцөл байдал нь бусад этгээдүүдийн буруутай үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдал болох нь тогтоогдсон. Тиймээс тухайн ажлын байран дээр уг ажилтан хийвэл зохих ажлыг хийж дуусаад өөр олон нийтийн арга хэмжээ явагддаг газарт очоод арга хэмжээнд оролцоод харих явцдаа бусдын гэм буруутай үйл явдлын улмаас гэмтэл авсан байсан тул тухайн зам тээврийн ослыг үйлдвэрлэлийн осол гэж тооцох боломжгүй гэж үйлдвэрийн газраас үзсэн. Мөн Орхон аймгийн мэргэжлийн хяналтын хэлтэст хүсэлт гаргаж уг холбогдох хариуг ирүүлж үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэж үзсэн. Үүнтэй уялдуулаад холбогдох хариуг нь өгсөн. Үйлдвэрийн газрын зүгээс тухайн нөхцөл байдлыг үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэж үзэж байгаа учир нь Б.Б.Нын үндсэн болон туслах ажлын байранд хамааралгүй газар осолд орсон тул хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд тайдбарлахдаа: ...Манай байгууллагаас Э.Ү ТӨҮГ-т хариу өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-т үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан байдаг. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмийн 2.1.5-т ажилтан ажилдаа ирэх буцах замыг заасан байдаг. Харих зам нь Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг, ажлын байр нь Э.Ү ТӨҮГ-н Тээвэр ложистикийн төвийн хооронд ажил үүргээ биелүүлж байгаад осолд орсон бол үйлдвэрлэлийн осолд тооцно. 269 дүгээр тогтоолд үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэдгийг албан бичгээр хариу өгсөн байгаа гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Б.Н нь анх Э.Ү ТӨҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б.Н нь Э.Ү ТӨҮГ-ыг хариуцагчаар оролцуулахаасаа татгалзаж, Э.Ү ТӨҮГ-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргаж хүсэлтийг шүүх хүлээн авсан байх ба хүсэлт гаргагч нь Үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохоо тогтоолгохоор шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Э.Ү ХХК-ийн /тухайн үеийн нэрээр/ Ерөнхий захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/907 дугаартай тушаалаар Монгол-Оросын найрамдлын сарын өдрүүдийг зохион байгуулах, үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаж, арга хэмжээний төлөвлөгөө баталжээ. Энэ төлөвлөгөөний дагуу 2018 оны 11 сарын 06-нд хаалтын концерт, хурал зохион байгуулахаар тусгагдаж Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрбаяр Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдах арга хэмжээнд бүтцийн нэгжүүдээс оролцох ажилтнуудын хуваарийг баталж, Тээвэр ложистикийн алба-нд 11 сарын 06-ны өдрийн 18:00 цагт хүндэтгэлийн концерт үзэх 20 хүний тоог баталж, уг 20 хүний дотор нэхэмжлэгч Б.Б.Н /Э.Ү ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн албанд агуулахын эрхлэгчээр ажилладаг/ орсон болох нь тогтоогдож байна. /хх-98-101х/

Нэхэмжлэгч Б.Б.Н нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дээрх арга хэмжээнд оролцоод тараад харьж явахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хангарьд спорт ордны ард талын авто замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлэн авто тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авсан болох нь эрүүгийн хэргээс хуулбарласан баримтууд, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б.Н нь Э.Ү ХХК-д хандан уг ослыг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж судлан бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан ба Э.Ү ХХК-ийн үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх комиссын зүгээс дээрх тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцон судлан бүртгэх боломжгүй гэж үзээд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж тухайн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох эсэх талаар дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14/514 дугаартай албан бичгээр үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариуг ирүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гэж, 2.1.5-д ажилтан ажилдаа ирэх, буцах зам /ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд/-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед, Тайлбар: энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно гэж заасан байна.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолд дээрх байдлаар заасан ч энэ нь зөвхөн ажилдаа ирэх буцах болон ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд гэж заасныг явцуугаар ойлгох нь өрөөсгөл юм.

Тодруулбал Б.Б.Ныг тухайн арга хэмжээнд очихыг үйлдвэрийн захиргаанаас үүрэг болгосон бөгөөд, ажилчдыг очсон очоогүйг шалгаж ирц бүртгэхээр З.Батцэнгэл томилогдсон байна. Мөн Монгол-Оросын найрамдлын сарын аяны ажлын хүрээнд Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдах арга хэмжээнд үйлдвэрийн бүтцийн нэгжүүдээс ажилтнууд оролцуулах хуваарь баталж, Тээвэр ложистикийн алба-наас 20 хүн оролцуулахаар болсон байна.

Ингээд 2018-11-06-ны өдөр 08 цаг 45 минутад Тээвэр ложистикийн алба-ны инженер техникийн ажилчдын шуурхай зөвлөлгөөн болж тэмдэглэл хөтөлсөн байх ба тэмдэглэлд: ...дарга С.С.М: ...Ерөнхий захиралын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/907 дугаар тушаалаар Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Өнөөдөр орой буюу 06-ны 1800 цагт хаалтын концерт болно. Манай цехэд 20 хүний квот өгсөн. Эдгээр хүмүүсийн ирцийг хангаж ажиллах хэрэгтэй байна. 2018-10-25-ны өдрийн 1800 цагт хүндэтгэлийн концертын 20 хүний квот өгсөн ирцийг хангаж ажиллаарай... Шийдвэрлэсэн нь: ...2018-11-06-ны оройн 1800 цагаас болох Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн арга хэмжээний хаалтын концерт үзэх ажилчдын ирцийг хянах. Хариуцагч: ХНМ З.Батцэнгэл, хугацаа: 2018-11-06-ны өдрийн 1800 цаг... гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ү ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугарсүрэн: ...тушаалд бүтцийн нэгжээс нэр заасан ажилчдыг заавал оролцуулах талаар зааж өгөөгүй. Тухайн бүтцийн нэгжүүдэд ковотыг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч ажилтан оролцох болон оролцохгүй байх боломжийг бүрдүүлсэн, тухайн ажилтны хүсэл зоригийн үндсэн дээр орох боломжтой. Б.Ныг заавал тухайн үйл ажиллагаанд оролц гэж зааварчилгаа өгөөгүй гэсэн.

Хэрвээ ажилчид өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр тухайн арга хэмжээнд оролцох байсан бол цех нэгжүүдэд квот өгч, яагаад заавал оролцох хүмүүсийн нэрсийг гаргаж, ирсэн ирээгүй талаар ирц бүртгэх болсон юм.

Тээвэр ложистикийн алба-ны инженер техникийн ажилчдын шуурхай зөвлөлгөөн дээр мөн хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Энхцэцэг тус албаны оройн арга хэмжээг үзэх ажилчдын нэрсийг танилцуулж, ирц бүртгэх хүнийг тусад нь томилоод байгаа нь цаанаа үүрэг, хариуцлагын асуудал гэж үзэхээр байна.

Б.Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т ажилтны эрхийг заасан байх ба 3.1.2-д Ажил үүргийн хуваарь, ажилтанд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ажилтнаас шаардах, 3.1.3-д хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн гэрээний 3.4.-т ажилтны үүргийг заасан бөгөөд 3.4.3-д Хөдөлмөрийн тухай хууль, ...хөдөлмөрийн дотоод журам... -ыг чанд сахин биелүүлэхийг үүрэгжүүлсэн.

Э.Ү-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.-т Ажилтны үүргийг журамласан бөгөөд 5.2.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх, компанийн хөдөлмөрийн дотоод журам, мэргэжлийн болон компанийн ёс зүйн журмыг дагаж мөрдөх, удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, 5.2.13-т Ажил олгогчоос зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцох, мөн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлд Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлага, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг журамласан бөгөөд 8.8.13-т Компани болон бүтцийн нэгжид мөрдөж буй дүрэм, журам, заавар зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Дээрх хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, ажил олгогчоос зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцохыг үүрэгжүүлсэн төдийгүй, мөн хөдөлмөрийн дотоод журамдаа Компани болон бүтцийн нэгжид мөрдөж буй дүрэм, журам, зааврыг зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байгаа нь нэгэнт Б.Б.Ныг уг арга хэмжээнд очихыг ажилчдад танилцуулсан, очоогүйг нь хянахаар ирц бүртгэх хүн томилсон зэрэг нь цаанаа ажилчдаас хариуцлага шаардсан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг хэлнэ гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд Б.Б.Н нь өөрийн гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотой, ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн арга хэмжээнд очсон бөгөөд Уурхайчин соёлын ордон бол Э.Ү ТӨҮГ-ын нэг бүтэц, нэгж байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зйүлийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан бөгөөд, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-д уг ажилтан ажилдаа ирэх болон явах замдаа маршрутын дагуу явж байхдаа зам тээврийн осолд орсон бол үйлдвэрлэлийн осолд тооцно гэж заажээ.

Иймд Б.Б.Ныг 2018-11-06-ны өдөр Э.Ү ХХК-с зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Б.Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нийгмийн даатгалын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох мэргэжлийн байгууллага юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг шинжээчээр томилж, тус комиссоос 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №03 тоот дүгнэлтээр Б.Б.Ныг хөдөлмөрийн чадвараа 50-60 хувиар алдсан болохыг тогтоожээ.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох нь шүүх шийдвэрлэх маргаантай асуудал биш тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зйүлийн 3.1.20 дахь хэсэгт заасныг баримтлан "Э.Ү" ТӨҮГ-ын ажилтан Б.Б.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 18:00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Ү ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Нд олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА