Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2021/00254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо Дандар баатарын гудамж 34 тоотод оршин суух Мянгад овгийн Баасанжавын Б.Б /регистрийн дугаар ФМ59080676/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах Э.Ү ТӨҮГ-т холбогдох,

Э.Ү ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020-08-28-ны Б/1499 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож Б.Б.Бийг Э.Ү ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 81 614 000 төгрөг, төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдэл хөлс 41 650 708,52 төгрөг, 2014-2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал 93 872 619,41 төгрөг, 2014 оны 07 сарын 01-ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу 117 803 760 төгрөг бүгд 334 941 087 төгрөг 93 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж.О, гэрч Д.Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баасанжавын Б.Б нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс "Э.Ү" ХХК, /одоогийн ТӨҮГ/-ийн Москва хот дахь Төлөөлөгчийн газарт даргаар ажиллаж байсан ба тухайн ажил үүргийг ямар нэгэн алдаа дутагдалгүй хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл түүнийг ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэж байгаа тухай ямар нэгэн хяналт шалгалтын акт, дүгнэлт байхгүй байхад үйлдвэрийн удирдлага болох Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвшилцөх санал тавьж "Та Москва дахь Төлөөлөгчийн газрын даргын ажлыг сайн гүйцэтгэж байгаа. Гэвч улс төрийн нөхцөл байдал, Засгийн газраас таны ажил, албан тушаалд хүн санал болгоод байгаа тул та даргын ажлаа өгчих, таныг тэргүүлэх менежерээр цалин хөлсийг тань бууруулахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулъя" хэмээн шахалт үзүүлсэн тул саналыг Б.Б.Б зөвшөөрсөн байна. Ингээд 2019 оны 08 сарын 29-нд түүнтэй Тэргүүлэх менежерийн ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Гэрээний хугацааг нэг жил гэж заасныг лавлахад цаашид гадаадад ажиллаж байгаа ажилтнуудын гэрээг нэг жилээр байгуулаад жилийн үр дүн, тайланг аваад сунгаад явахаар болсон гэж тайлбарласныг Б.Б.Б итгэж гарын үсгээ зуржээ. Б.Б.Б энэхүү ажил үүргийг гүйцэтгэж байтал 2020 оны 06 сарын 15-нд түүнд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болж байгаа тухай 128/99 тоот мэдэгдлийг цахим шуудангаар үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газраас ирүүлсэн байна. Улмаар "Э.Ү" төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 28-ны Б/1499 тоот Б.Б.Бийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар дуусгавар болгосон тушаалын цахимаар ирүүлсэн хуулбарыг 2020-09-02-нд хэн нэгэн түүний ажлын ширээн дээр тавьсныг Б.Б.Б танилцсан байна. Ажилтан Б.Б.Б дээрх мэдэгдэл, тушаалыг хуульд нийцэхгүй гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа ба ийнхүү шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлага:

1. "Э.Ү" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.08.28-ны Б/1499 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож Б.Б.Бийг "Э.Ү" ТӨҮГ-ын Москва хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү.

2. Б.Б.Бт түүнийг ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоож, цалин хөлс олгохоо больсон 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож шүүх хуралдаан хийж хэргийн шийдвэрлэх хүртэлх хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Баасанжавын Б.Б нь "Э.Ү" ТӨҮГ-т холбогдуулан Москва дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлага дээрээ 2021 оны 01 дүгээр сарын 09-нд :

- Ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 09 сарын 01-ээс шүүхийн шийдвэр гарах хүртэл сарын дундаж цалин 14 516 599 төгрөгөөр тооцож,

- Төлөөлөгчийн газрын даргыг орлон ажилласны нэмэгдэл 37 773 029 төгрөг,

- Гэрээний нэмэлтээр олгох нэмэгдэл 276 716 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Одоо "Э.Ү"-ийн удаа дараагийн дүрэм, дотоод журам, "Э.Ү" болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2014-2015 оны Хамтын гэрээний 3.17, 2016 оны Хамтын гэрээний 3.16, 2017 оны Хамтын гэрээний 3.16, 2018-2019 оны Хамтын гэрээний 3.16, 2020-2021 оны Хамтын гэрээний 3.16 дахь "Жилийн үр дүнгийн урамшууллыг /13 дахь сарын цалин/ жилд нэг удаа сарын дундаж цалинтай тэнцэх хзмжээгээр олгоно" гэсэн заалт, Хамтын гэрээ нь нийт ажил олгогч, ажилтныг хамарч үйлчилнэ гэсэн заалтын дагуу Б.Б.Бийн 2014 оны сарын цалин 4250ам.доллараар /4250 х 1817.94/ 7 726 245 төгрөг, 2015 оны сарын цалин 4250 ам.доллараар /4250 х 1970.31/ 8 373 817 төгрөг, 2016 оны сарын цалин хөлс 5142 ам.доллараар /5142 х 2145.53/ '1 032 315 төгрөг, 2017 оны сарын цалин хөлс 5142 ам.долараар/5142. х 2439.78/ 12 545 348 төгрөг, 2018 оны сарын цалин хөлс 5142 ам.доллараар/5142 х 2472.48/ 12 713 492 төгрөг, 2019 оны сарын цалин хөлс 5142 ам.доллараар тооцож /5142 х 2666.54/ 13 711 348 төгрөг, 2020 оны цалин хөлс 14 516 599 төгрөг, эдгээр бүгд 80 619 164 төгрөгийг "Э.Ү: ТӨҮГ-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэ шаардлагаа тухайн жилийн дундаж цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 дэх заалтын дагуу тодруулсны үндсэн дээр дахин тодотгох ба Хамтын гэрээг нотлох баримтаар гаргахаар цуглуулж байгаа болно. Түүнчлэн Б.Б.Бийн 2014-2019 оны цалин хөлсний баримтын лавлагааг тодруулж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчлөх, тодруулахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлүүлэгчийн хүсэл зориг, шүүхэд гаргах шаардлагын талаар байр суурийг авсны үндсэн дээр 2021 оны 01 дүгээр сарын 19, 02 дугаар сарын 05-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд: 1. "Э.Ү" ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын даргын ажил үүргийг орлон өөрийн тэргүүлэх менежерийн ажилтай хавсран ажилласны нэмэгдэл хөлс 37 773 029 төгрөг гэж, хамтын гэрээний дагуу 2014-2020 онд олгох үр дүнгийн урамшуулал /13 дахь сарын цалин/-д 80 619 164 төгрөг гэж, 2014 оны 07 сарын 01-ний 45/234 тоот гэрээний нэмэгдлийн дагуу олгох сар бүр 2000 еврогоор тооцон олгох нэмэгдэл/ Нийгмийн тэтгэлгэ/-ийг 40 сараар 80 000 евро буюу 276 716 000 төгрөг гэж заасан. Одоо Б.Б.Бийн 2013-2020 оны Нийгмийн даатгалын тайлангийн лавлагаа, 2014-2021 оны Хамтын гэрээ зэрэг бичиг баримтуудыг нотлох баримтаар цуглуулж, "Э.Ү" ТӨҮГ-аас ирүүлсэн бичиг баримтуудтай харьцуулан үзэж, итгэмжлүүлэгчтэй санал солилцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн нэмэлт шаардлагаа дараах байдлаар нэг мөр болгон өөрчлөн тодотгож байна.

а. Ажилдаа эгүүлэн тогтоолгох үндсэн шаардлага хэвээр хадгалагдана.

б. Ажлаас халагдаж цалин хөлс олгохыг зогсоосон 2020 оны 09 сарын 01-ээс шүүх хуралдаан болох 2021 оны 02 сарын 22 хүртлэх цалин хөлс 81 614 000 төгрөг,

в. Төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдэл хөлс 41 650 708 төрөг 52 мөнгө,

г. 2014-2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал 93 872 619 төгрөг 41 мөнгө,

д. 2014 оны 07 сарын 01-ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл /Нийгмийн тэтгэлгэ/-ийг Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу 117 803 760 төгрөг. Эдгээр бүгд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шаардлага /81 614 000 +41 650 708.52+93 872 619.41+117 803 760/ 334 941 087 төгрөг 93 мөнгө болно. Эдгээр шаардлагаас Үр дүнгийн урамшуулал, еврогийн нэмэгдлийг /93 872 619,52+117 803 760 =211 676 379652/ хөдөлмөрийн харилцааны хүрээнд боловч мөнгөн хөрөнгийн шинжтэй шаардлага гэж үзэж Улсын тэмдэгтийн хураамж 1 216 332 төлөв гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Шүүхэд нэхэмжлэгч Б.Б.Бийн өмгөөлөгчөөс ирүүлсэн нэхэмжлэлийн болон нэмэгдүүлсэн шаардлагуудтай танилцлаа. Нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаарлагуудыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 1. Үндсэн нэхэмжлэл буюу Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр гаргуулах гэсэн үндэслэлгүй шаардлага-ыг эс зөвшөөрөх тухайд: 1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4-т: 1. Захирал дараах эрх, үүрэгтэй: 4/ үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил олгогчийн эрх, үүргийг тухайлбал: ...хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, 23 дугаар зүйлийн 23.2.2-т: энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж, Э.Ү ТӨҮГазрын дүрмийн 6.10.2-д: Ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контракт, нэмэлт гэрээ, хамтын гэрээ байгуулах, үр дүнг тооцох гэж, Э.Ү ТӨҮГазрын хөдөлмөрийн дотоод журмын 3.6-д: байнгын ажлын байранд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацаатай байгуулж болно гэж тус тус заасан.

1.2. Дээр тогтоосон хууль, журмын хүрээнд Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Б.Бтай харилцан тохиролцож Москва хот дахь Төлөөлөгчийн Газрын тэргүүлэх менежерээр 1 жилийн хугацаатай ажиллахаар 2019.08.29-ны өдрийн 56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж Б.Б.Б нь Тэргүүлэх менежерээр ажиллаж байсан.

1.3. Ажил олгогч буюу Ерөнхий Захирал 2020.05.27-ны өдөр Гадаад харилцааны бодлогын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулснаар Москва дахь Төлөөлөгчийн Газрын тэргүүлэх менежерийн орон тоо хасагдаж дарга, нягтлан бодогч, менежер гэсэн 3 орон тоотой ажиллахаар шийдвэрлэсэн ба энэхүү бүтэц, орон тоо өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

1.4. ГХБГазар нь Москва дахь ТГ-ын тэргүүлэх менежерийн орон тоо хасагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу Б.Б.Бт 2020.06.15-ны өдрийн 128/98 тоот: Москва дахь ТГ-т бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж тэргүүлэх менежерийн орон тоо хасагдсан учраас Таньтай байгуулсан 2019.08.29-ны өдрийн 56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон тухай мэдэгдлийг өгсөн. Б.Б.Б 2020.06.15-ны өдрийн 128/98 тоот мэдэгдлийг хүлээн аваад Мэдэгдэлд дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандана гэж 2020.08.04-ний өдөр Мэдэгдэлд тайлбар хүргүүлэх тухай бичгээр хариу ирүүлсэн.

1.5. Э.Ү ТӨҮГ-ын Москва дахь үйл ажиллагааны журмын 1.2, 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь заалтын дагуу Москва дахь ТГазар нь ГХБГазрын шууд удирдлагад ажиллах ба ТГ-ын бүтэц, орон тоо, удирдлага, ажилтнуудыг ГХБГазартай зөвшилцөж, томилж, чөлөөлдөг учраас дээр дурдсан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, орон тоо хасагдсан асуудлыг ГХБГазартай зөвшилцсөн бөгөөд 2020.06.15-ны өдрийн 128/98 тоот мэдэгдлийг ГХБГазраас Б.Б.Бт өгөх эрхтэй болно.

1.6. Ерөнхий Захирлын 2020.08.28-ны өдрийн Б/1499 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8.4 дэхь заалт, ГХБГ-ын 2020.08.25-ны өдрийн 128/130 тоот албан бичиг зэргийг үндэслэн Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.08.31-ний өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн Москвагийн ТГ-ын даргын ажлыг 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 07 өдрийг хүртэл хугацаанд хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 37 773 029 төгрөгийг гаргуулах гэсэн үндэслэлгүй шаардлагыг эс зөвшөөрөх тухайд:

2.1. Ажил олгогч Ерөнхий Захирлын 2019.08.28-ны өдрийн Б/2622 дугаар тушаалаар Б.Б.Бтай байгуулсан Москва дахь ТГ-ын даргын ажиллах тухай 2014.04.14-ний өдрийн 1222 дугаар хөдөлмөрийн гэрээг 2019.08.29-ний өдрөөр дуусгавар болгож, мөн өдрөөс тус газрын тэргүүлэх менежерээр 1 жилийн хугацаатай ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2020.08.28-ны өдрийн Б/1499 тоот тушаалаар 2020.08.31-ний өдрөөр тэргүүлэх менежерийн 56/19/01 дугаар хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж, үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

2.2. Москва дахь ТГ-ын тэргүүлэх менежерийн Ажлын байрны тодорхойлолтын 1.7-д: Орлон буюу хослон ажиллах ажлын байр: Төлөөлөгчийн газрын дарга, ажилтнууд, 2. Ажлын байрны зорилго: Үйлдвэрийн газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ...ТГ-ын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангахад оролцох, 12-т: ТГ-ын үйл ажиллагаатай холбоотой зохион байгуулалтын болон захирамжлалын бичиг, баримт, тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах гэж тус тус заасан.

2.3. Ерөнхий Захирлын 2019.09.19-ны өдрийн А/809 тушаалаар батлагдсан Москва дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмын 2.3-д: Төлөөлөгчийн газрын даргыг ГХБГ-ын дарга санал болгосноор Ерөнхий захирлын тушаалаар томилж, чөлөөлнө; 2.6-д: Төлөөлөгчийн газрын даргын эзгүйд түүний чиг үүргийг Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон ажилтан хэрэгжүүлнэ, Э.Ү ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.4-д: Бүтцийн нэгжийн дарга, орлогчийг эзгүй байх хугацаанд түүний ажлыг орлон ажиллах албан тушаалтныг үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалаар батална гэж тус тус заасан.

2.4. Ерөнхий Захирлын 2020.07.02-ны өдрийн Б/1086 тоот тушаалаар Москва дахь ТГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Одгэрэл 2020.07.02-ны өдрөөс Москва дахь ТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

2.5. Ерөнхий Захирлын 2019.12.13-ны өдрийн А/1147 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Э.Ү ТӨҮГ-ын цалин хөлсний тухай журам-ын 2.3-д: Орлон, хослон, хавсран ажилласны нэмэгдлийг дараах тохиолдолд олгохгүй. Үүнд: 2.3.1. Орон тооны орлогч, ерөнхий инженер нь бүтцийн нэгжийн даргыг орлон ажилласан бол, 2.3.4-д: ...эзгүй байгаа ажилтны ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэж тус тус заасан.

2.6. Б.Б.Б нь 2020 оны 01-08 дугаар сарын хугацаанд тэргүүлэх менежерийн ажил үүргийг гүйцэтгэж сар бүр тэргүүлэх менежерийн орон тооны цалин хөлсийг авч байсан бөгөөд хэрэв ТГ-ын даргын ажлыг хавсран гүйцэтгээд зохих нэмэгдлийг олгохгүй байгаа гэж үзсэн бол 2020 оны 01 дүгээр сарын цалинг авсан даруйдаа 2020 оны 2 дугаар сарын эхээр гомдол гаргах боломжтой байсан боловч 2020.08.04-ний өдөр хүртэл цалингийн нэмэгдлийн талаар гомдол гаргаагүй болно.

2.7. Москва дахь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерээр ажиллаж байсан Б.Б.Баас 2020 оны 08 дугаар сарын 04 өдрийн Э.Ү ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хаягласан өргөдөл нь 08 дугаар сарын 20-ны өдөр Захиргаа хүний нөөцийн бодлогын газарт /ЗХНБГ/ болон Гадаад харилцааны бодлогын газарт /ГХБГ/-т цохогдон ирсэн. Гадаад дахь Төлөөлөгчийн газрууд нь ГХБГ-ын шууд удирдлагад /ГХБГ-ын үйл ажиллагааны журам 2.2, 5.1.4, Москва дахь ТГ-ынүйл ажиллагааны журам 1.2, 6.1.1-д тус тус заасан/ харьяалагддаг боловч цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх байдаггүй бөгөөд ГХБГ-ын даргад олгогдсон эрх хэмжээний хүрээнд тус газрын бүтцэд хамаарах ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг дүгнэж шагнал урамшуулалд тодорхойлох эсвэл арга хэмжээ авах талаарх саналаа эрх бүхий бүтцийн нэгжид хүргүүлдэг болно. Энэ хүрээнд Москва дахь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерээр ажиллаж байсан Б.Б.Баас 2020 оны 08 дугаар сарын 04 өдрийн огноотой өргөдөлд холбогдох журмын хүрээнд үндэслэлээ бичиж саналаа ЗХНБГ-т хаяглан хүргүүлсэн.

2.8. Б.Б.Б нь 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 02 өдрийг хүртэл хугацаанд тэргүүлэх менежерээр ажиллаж байсан. Төлөөлөгчийн Газрыг ГХБГ-аас шууд удирдлагаар ханган ажилладаг. Б.Б.Бт 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ГХБГ-ын шуурхай хурлаар: Дээд шатны удирдлагууд удахгүй Төлөөлөгчийн Газрын даргыг томилно гэж удаа дараа хурлын үеэр амаар мэдэгдэж байсан. Гэвч тэргүүлэх менежер Б.Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 11-ээс 05 дугаар сарын 15-ны хооронд удирдлагад мэдэгдэлгүй, тушаал гаргах эрх олгогдоогүй байхад зөвшөөрөл авалгүй 6 тушаалд гарын үсэг зурж, ТГ-ын хөрөнгийг зөшөөрөлгүй зарцуулж /ЭСЯ-ны Зуслангийн засварын мөнгө, Актлагдсан тээврийн хэрэгсэл/, ТГ-ын даргыг гэж гарын үсэг зурж үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам болон Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь ил болсон.

2.9. 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төлөөлөгчийн Газрын Москва хотод үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон бөгөөд эрхээ сэргээлгэх ажиллагааг хөөцөлдөх явцад Э.Ү ХХК-ийн 49 хувийн өмчлөлийн маргаантай статусын асуудлаас болж өнөөдрийг хүртэл уг эрх сэргээгдэж амжаагүй байна. 2016-2019 оны хооронд банк санхүүгийн гүйлгээний 1-р гарын үсэг нь тухайн үед ТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Б.Бт байсан бөгөөд ТГ-ын үйл ажиллагаа явуулах эрхийн асуудлаас болж өөрчлөгдөөгүй. Э.Ү ТӨҮГ-ын Ерөнхий Захирлын 2019-08-29-ний өдрийн Б/2631 тушаалаар С.Болдбаатар нь Э.Ү ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн Газрын даргаар томилогдсон бөгөөд 2019-12-18-ны өдөр зуурдаар нас барсан.

2.10. ТГ-ын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ГХБГ-ын дарга 2019-12-31-ний өдөр баталсан ба Москва дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам 3.1.16-д: Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны тайланг нэгдсэн загварын дагуу 7 хоног, сар, улирал, хагас жил, жилээр бэлтгэн ГХБГ-т ирүүлэхээс гадна, хагас жил, жилийн тайланг ЭЗБХ-т ирүүлж хамгаалах гэж заасан боловч тэргүүлэх менежер Б.Б.Баас дээрх хугацаанд тайлан огт ирүүлээгүй тул дүгнэх боломжгүй байсан.

4. Тэргүүлэх менежер Б.Б.Б нь 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 07 өдрийн хооронд Тэргүүлэх менежерийн албан тушаалтай байсан ба 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж тухайн төлөвлөгөөний дагуу ТГ-ын үндсэн үйл ажиллагаатай холбоотой нийт 40 ажлаас 20 ажлыг /1.1-ийн 3, 4, 5, 1.2-ийн 1, 3, 4, 8. 1.3- ын 1, 2, 1.4-ийн 1, 2. 1.5-ын 1,2, 1.6-ийн 3, 4, 5 1.7-ийн 3, Мэдээллийн технологи нэвтрүүлэх талаар III-З, Бүтээмж олон нийтийн ажлын хүрээнд IҮ-1,2/ -ыг биелүүлээгүй учир ГХБГ-ын удирдлагын зүгээс Б.Б.Б нь тэргүүлэх менежерийн ажлыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Иймд Б.Б.Б нь 2020 оны 01.01- 07.07 өдөр хүртэл хугацаанд ТГ-ын даргын ажлыг хавсран ажилласны нэмэгдлийг авах ёстой байсан, олгоогүй учир нөхөн гаргуулах гэсэн гомдол, шаардлагыг гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125, 126, 127, 128 дугаар зүйлд тус тус зааснаар шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол, шаардлага гаргах эрхээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул энэхүү шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Хөдөлмөрийн гэрээний нэмэлтийн дагуу сар бүр авах ёстой байсан 2000 еврог 2017 оны 4-12-р сар, 2018, 2019 онуудад бүтэн, 2020 оны 01-09-р саруудад монгол төгрөгт шилжүүлсэнээр 276 716 000 төгрөгийг авах ёстой байсан, олгоогүй учир нөхөн гаргуулах гэсэн үндэслэлгүй шаардлагыг эс зөвшөөрөх тухайд:

3.1. Б.Б.Бийг Москва дахь ТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах тухай 2013.10.07-ны өдрийн 1131 тоот хөдөлмөрийн гэрээнийн салшгүй хэсэг болж нэмэлтээр байгуулагдсан 2014.07.01-ний өдрийн 45/234 тоот нэмэлт гэрээ нь 2014.08.01-нээс 2017 он дуустал хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжсэн бөгөөд уг нэмэлт гэрээг үйлчлэхгүй болсон 2018 оноос Б.Б.Б нь энэхүү нэмэлт гэрээг хэрэгжүүлэх талаар ажил олгогчид, хөдөлмөрийн маргаан таслах комисст болон шүүхэд огт гомдол гаргаж байгаагүй.

3.2. Ерөнхий Захирлын 2019.08.28-ны өдрийн Б/26222 тоот тушаал болон Ерөнхий Захиралтай харилцан тохиролцож байгуулсан 2019.08.29-ны өдрийн 56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу Б.Б.Б нь 2019.08.29-ний өдрөөс Москва дахь ТГ-ын тэргүүлэх менежерээр ажиллах болсноор дээр дурдсан 2014.07.1-ний өдрийн 45/234 тоот нэмэлт гэрээ дуусгавар болсон.

3.3. Б.Б.Бийн 2014.07.01-ний өдрийн 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу нэмэгдэл авах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125, 126, 127, 128 дугаар зүйлд тус тус зааснаар шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол, шаардлага гаргах эрхээ хүндэтгэн үзэх шалтгааангүйгээр хэтрүүлсэн байх тул энэхүү шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Б.Б.Б нь Э.Ү ТӨҮГ-ын тэргүүлэх менежерийн батлагдсан цалин хөлсний хэмжээнээс илүү цалин хөлс авч үйлдвэрийн газарт хохирол учруулсан зөрчил гаргаж учир дээр дурдсан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, үндэслэлгүй болно.

4. Э.Ү ТӨҮГазарт ажиллаж байх 2014-2020 оны хугацаанд жилийн үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь сарын цалинг авч байгаагүй учраас 80 619 164 төгрөгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухайд:

Б.Б.Б нь Э.Ү ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газарт 2014-2020 оны жилийн үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь сарын цалинг жил бүр нийтдээ монгол төгрөгт шилжүүлснээр 20 233 466 төгрөгийг авч байсан учраас энэхүү шаардлага нь үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөөгүй, төлөх чадваргүй гэдгээ нотлоогүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 42 дугаар зүйлийн 42.2, ИХШХШТХуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэхь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.Б нь Э.Ү ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020-08-28-ны Б/1499 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож Б.Б.Бийг Э.Ү ТӨҮГ-ын Москва дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдаж цалин хөлс олгохыг зогсоосон 2020 оны 09 сарын 01-с шүүх хуралдаан болох 2021 оны 02 сарын 22 хүртлэх цалин хөлс 81 614 000 төгрөг гаргуулах, Төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдэл хөлс 41 650 708 төрөг 52 мөнгө гаргуулах, 2014-2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал 93 872 619 төгрөг 41 мөнгө гаргуулах, 2014 оны 07 сарын 01-ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу 117 803 760 төгрөг, бүгд 334 941 087 төгрөг 93 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Б.Б.Б нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс "Э.Ү" ХХК, /одоогийн ТӨҮГ/-ийн Москва дахь Төлөөлөгчийн газарт даргаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс Тэргүүлэх менежерийн ажилд ажиллахаар болсон талаар талууд маргаагүй. Тэргүүлэх менежерийн албанд тушаалд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулжээ.

Б.Б.Бийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1499 дугаартай Э.Ү ТӨҮГ-ын ерөнхий захиралын тушаалд: Төрий болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3., 43 дугаар зүйл, 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8.4, Гадаад харилцааны бодлогын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/130 тоот албан бичгийг тус тус үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ.

Б.Б.Бийг 209-08-29-ны өдөр Э.Ү ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8.4-т энэхүү гэрээг нэг жилийн хугацаатай байгуулав гэжээ.

Нэхэмжлэгчийн: ...хөдөлмөрийн гэрээ байгуулахад гэрээний хугацааг нэг жил гэж заасныг лавлахад цаашид гадаадад ажиллаж байгаа ажилтнуудын гэрээг нэг жилээр байгуулаад жилийн үр дүн, тайланг аваад сунгаад явахаар болсон гэснийг хариуцагч тал няцаагаагүй, энэ талаар тайлбар гаргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-д Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна, 23.2.1.-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2.-т энэ хуулийн 23.2.1.-т заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэжээ.

Б.Б.Бийн ажлын байр нь байнгын ажлын байр байх ба, хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулахдаа нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино.

Хариуцагч байгууллага ямар шаардлага, шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, ямар хүсэл зориг байсан эсэхийг хөдөлмөрийн гэрээндээ тусгаагүй, түүнчлэн нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зориг байгаагүй байсан гэж үзэхээр байна.

Тиймээс хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Э.Ү ТӨҮГ-ын ерөнхий захиралын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1499 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Э.Ү ТӨҮГ нь Б.Б.Бийн ажлын байр, орон тоо хасагдсан гэж холбогдох нотлох баримтуудыг гарган, шүүхэд тайлбар гаргаж байх боловч энэ нь Б/1499 дугаартай тушаалын үндэслэл болоогүй байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд Э.Ү ТӨҮГ-ын ерөнхий захиралын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1499 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Б.Бийг Э.Ү ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Ажилгүй байсан хугацааг нэхэмжлэлгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2020 оны 09 сарын 01-нээс 2021 оны 02 сарын 22 хүртлэх хугацааны нөхөх олговор гаргасан бөгөөд сарын дундаж цалин 14 346 600 төгрөгнөөс бодож олгов. Сарын дундаж цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хариуцагч байгууллагын цалингийн тодорхойлолтыг үндэслэв. Ингээд нийт ажилгүй байсан хугацааны /6 сар, ажлын 15 хоног/ нөхөх олговор 95 647 400 төгрөг болж байна.

Төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдлийн тухайд: хариуцагч байгууллага: ...Ерөнхий захирлын 2019-09-19-ны өдрийн А/809 тушаалаар батлагдсан Москва дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмын 2.6-д: Төлөөлөгчийн газрын даргын эзгүйд түүний чиг үүргийг Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон ажилтан хэрэгжүүлнэ, Э.Ү ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.4-д: Бүтцийн нэгжийн дарга, орлогчийг эзгүй байх хугацаанд түүний ажлыг орлон ажиллах албан тушаалтныг үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалаар батална... гэж заасан. Ерөнхий захиралын тушаал гараагүй, мөн Ерөнхий Захирлын 2019-12-13-ны өдрийн А/1147 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Э.Ү ТӨҮГ-ын цалин хөлсний тухай журам-ын 2.3-д: Орлон, хослон, хавсран ажилласны нэмэгдлийг дараах тохиолдолд олгохгүй. Үүнд: 2.3.1. Орон тооны орлогч, ерөнхий инженер нь бүтцийн нэгжийн даргыг орлон ажилласан бол, 2.3.4-д: ...эзгүй байгаа ажилтны ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэж заасан тул нэмэгдлийг олгох үндэслэлгүй... гэсэн тайлбар гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно, 50.3.-т Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно,

Э.Ү /ХХК/ ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2018-2019 оны, мөн 2020-2021-оны Хамтын гэрээний гуравдугаар бүлгийн 3.5 дахь хэсэгт Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ хуанлийн 7 хоногоос доошгүй хугацаагаар мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингийн 40 хүртэл хувиар журмын дагуу нэмэгдэл хөлс олгоно... гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хууль болон Э.Ү /ХХК/ ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээнд Ажилтныг үндсэн ажлынхаа зэрэгцээ хуанлийн 7 хоногоос доошгүй хугацаагаар мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингийн 40 хүртэл хувиар нэмэгдэл хөлс олгохоор заасан, хуульчилсан байхад дээр дурьдсан Ерөнхий захирлын 2019-09-19-ны өдрийн А/809 тушаалаар батлагдсан Москва дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмын 2.6, Э.Ү ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.4, Ерөнхий Захирлын 2019-12-13-ны өдрийн А/1147 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Э.Ү ТӨҮГ-ын цалин хөлсний тухай журмын 2.3 зэрэг заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн энэ хэсгээс татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.Б.Б нь Төлөөлөгчийн газрын дарга С.Болдбаатарыг 2019 оны 12 дугаар сарын 19-нд нас барснаас хойш уг ажил үүргийг орлон, хавсарч гүйцэтгэж байсан байх ба Төлөөлөгчийн газрын даргыг орлон гүйцэтгэсэн нь түүнийг түр эзгүй юмуу, томилолтоор ажилласан хугацааны асуудал биш, Төлөөлөгчийн газрын дарга нас барсан түүний ажил үүргийг орлон, хавсарч ажиллаж байсан нь хэрэгт ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

Хэдийгээр хариуцагч байгууллага Б.Б.Бийг ерөнхий захирлын тушаал гарч түүнийг Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсарч ажиллахаар тушаал гаргаагүй ч энэ нь нэмэгдэл олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм.

Э.Ү ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Д.Мөнхболд нь Б.Б.Баар санхүүгийн баримтад 1-р гарын үсэг зурах мэдэгдэл хүргүүлж байсан, мөн Москва дахь Төлөөлөгчийн газрын санхүүгийн анхан шатны баримтуудад 2020 оны 01-06 дугаар сард Б.Б.Б 1-р гарын үсэг зурж, С.Одгэрэл 2-р гарын үсэг зурж байсан байна.

Дээрх баримт, шийдвэрүүдийг Б.Б.Бийг тушаал шийдвэргүйгээр гарын үсэг зурсан гэж Э.Ү ТӨҮГ хүчингүй болгоогүй хүчин төгөлдөр байна.

Мөн Б.Б.Б нь 2020-08-04-ний өдөр Э.Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэр дээр цалингийн нэмэгдлийн 40 хувиар олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасныг цохолт хийснээр эрх бүхий албан тушаалтан нэмэгдэл хөлс олгох боломжгүй гэсэн хариуг хүргүүлж байжээ.

Нэгэнт орлон болон хавсран ажилласны нэмэгдлийг хариуцагч байгууллага олгохгүй гэсэн хариу өгсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна гэж шүүх үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх ба шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгч нэмэгдэл хөлс авахаар ажил олгогчид өргөдөл гаргасан ч нэмэгдлийг олгохгүй гэсэн хариуг ирүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан болж байна.

Иймд Төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсран ажилласны нэмэгдэл болох 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл /8 сар, ажлын 9 хоногийг цалингийн дээрх дунджаас бодов/ хугацааг цалингийн дунджийн 40 хувиар бодож 48 204 576 төгрөг олгохоор гаргав.

Харин 2014 оны 07 сарын 01-ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл /Нийгмийн тэтгэлгэ/-ийг Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу, 2014-2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь сарын цалин гаргуулах тухайд:

Б.Б.Б нь Москва дахь Төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2013-10-07-ны өдөр 1131 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан талаар талууд маргаагүй бөгөөд уг гэрээний салшгүй хэсэг болгож 2014-07-01-ний өдрийн 45/234 тоот нэмэлт гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.

Үүнээс хойш Б.Б.Б нь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерээр ажиллах үед Э.Ү-ийн Ерөнхий захирлын 2019-08-28-ны өдрийн Б/26222 тоот тушаал гарч, 2019-08-29-ны өдрийн 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулжээ.

Ингэж хөдөлмөрийн гэрээг өөрчлөн байгуулах үед 2014-07-01-ний өдрийн 45/234 дугаартай нэмэлт гэрээний нөхцлүүд үргэлжлэх талаар Б/26222 дугаартай хөдөлмөрийн гэрээндээ тусгаагүй байх ба уг 45/234 дугаартай нэмэлт гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иймд 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох нэмэгдлийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Мөн 2014-2020 оны үр дүнгийн урамшууллыг жил бүр монгол мөнгөөр олгож байсан гэж хариуцагч тал холбогдох нотлох баримтуудыг хэрэгт бүрдүүлэн өгсөн бөгөөд, тухайн асуудлыг хариуцсан нягтлан бодогч Д.Д.Уийг хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр асуусан.

Гэрчийн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн Б.Б.Бт цалин олгосон тухай баримтуудаар нэхэмжлэгчид жил бүр үр дүнгийн урамшууллыг олгосон гэж үзэхээр байх ба, 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдлүүд, үр дүнгийн урамшуулал /13 дахь сарын цалин/ зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна. Харин Б.Б.Б нь дээрх асуудлаар хариуцагч байгууллагад хандаж байсан талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдлүүд, үр дүнгийн урамшуулал /13 дахь сарын цалин/ гаргуулах шаардлагууд үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр Б.Б.Бийг Э.Ү ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсран гүйцэтгэсний нэмэгдэл нийт 143 848 576 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан Б.Б.Бт олгож, нэхэмжлэлээс жилийн үр дүнгийн урамшуулал, 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу нийт 191 092 111 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Э.Ү ТӨҮГ-ын ерөнхий захиралын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1499 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байх ба тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоолгоно гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй байдал гэж үзэн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 216 332 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 902 193 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 384339 тгрөг гаргуулан /314 139₮+70 200₮/ улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хэдий ч, цалин хөлстэй холбоотой хэсэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуу лийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б.Бийг Э.Ү ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Э.Ү ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсран ажилласны нэмэгдэл нийт 148 848 576 төгрөгийг Э.Ү ТӨҮГ-с гаргуулан Б.Б.Бт олгож, нэхэмжлэлээс үр дүнгийн урамшуулал, 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу нийт 191 092 111 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 216 332 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 902 193 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 384 339 төгрөг гаргуулан /314 139₮+70 200₮/ улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА