Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2021/00329

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлахБХХК /регистрийн дугаар 2105357/-ийн нэхэмжлэлтэй, /утас:80118401, 99829393/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах Х ХХК-д /регистрийн дугаар 3194272/-д холбогдох, /утас: 99351421/

"Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээБХХК-тай байгуулахыг хугацаатай даалгах, 250 000 000 төгрөг гаргуулах,БХХК-ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээх, өмнөх байдалд оруулж, сэргээх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Энхбуйр /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч С.Шаравдорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранхүү, гэрч П.Мөнхдэлгэр, Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчБХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:БХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт 1996 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өөрийн эзэмшлийн 250 мкв талбайтай, Ү-2101015946 тоот улсын бүртгэлийн дугаартай салаа төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг. Уг салаа зам нь УБТЗ-ын Эрдэнэт өртөөний Говил чиглэлийн салбар салаа зам, мөн Х ХХК-ийн салаа төмөр замаар дайрч гардаг, үндсэн үйл ажиллагаа явуулах болон өмчлөх эрхээ хэрэгжүүлэх чухал хэсэг болно. Түүнчлэн салбар замын дагуу бусад хэд хэдэн аж ахуйн нэгжүүд салбарлан салаалж, үйл ажиллагаагаа явуулж, ажил хэргийн удаан хугацааны туршид хэвшил болон тогтсоор ирсэн билээ. Энэ үйл ажиллагааг тасалдуулахгүй, хууль бус ажиллагаа явуулахыг хориглож, манайБХХК-ийн эзэмшлийн замын эхэнд хаалт тавих зэргээр түүний өмчлөх эрхийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол Улсын Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1, 151.1.2-д заасныг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00796 тоот Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Х ХХК-д даалгасан шийдвэр гарсан. Мөн манайБХХК-ийг тус компанитай төмөр зам ашиглах тухай гэрээ байгуулахыг даалгасан юм. Манай компани дээрх шийдвэрийн дагуу удаа дараа гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч зөвшөөрөхгүй, хамгийн сүүлийн 2020 оны албан бичигт хариу ирүүлээгүй байх тул Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсанд тооцож байгаа бөгөөд, Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу Х ХХК нь салаа замаар дайран өнгөрөх тарифыг өөрөө гаргаж ШӨХТГ-р хянуулан гэрээндээ тусган хэрэгжүүлэх үүргээ Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д заасан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаасБХХК нь 2019 онд В Монгол ХХК-тай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээ тасалдаж, биелэгдээгүйгээс их хэмжээний гэм хорын хохирол учраад байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д заасны дагуу ... нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол ... гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэснийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд Х ХХК нь салаа төмөр замаар дайран өнгөрөх тарифаа албан ёсоор бодит байдалд нийцүүлэн гаргаж ШӨХТГ-р хянуулан 1. Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээБХХК-тай байгуулахыг хугацаатай даалгах, 2. Орхон аймгийн Сум дундын шүүхээсБХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлээгүйн улмаасБХХК-ийн В Монгол ХХК-тай байгуулсан гэрээ зөрчигдсөнөөс учруулсан хохирол болох 250.000.000 төгрөгийг гаргуулах, 3.БХХК-ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд оруулж сэргээлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч С.Шаравдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:БХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд салбар замд ямар нэгэн хаалт тавьсан,БХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулаагүй. ХаринБХХК-ийн захирал Р.Мягмардорж нь МУ-ын шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Орхон амаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00796 тоот шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж 2 жил шахам явсаны эцэст одоо нэг шүүгчийн гаргасан шийдвэрийг нөгөө шүүгчээр нь үгүйсгүүлэх зорилготой дахин нэхэмжлэл гаргаад явж байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг тус компани сайн дураараа биелүүлэхгүй байсан тул 'Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 142/Ш32018/03905 тоот захирамж гарч асуудлыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловчБХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийн өнөөдрийг хүртэл явж байна. ИймдБХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй юм.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчБХХК нь Х ХХК-д холбогдуулан "Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгБХХК-тай байгуулахыг хугацаатай даалгах, 250 000 000 төгрөг гаргуулах,БХХК-ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээх, өмнөх байдалд оруулж, сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...250,0 сая төгрөг гаргуулах гэдэг нь уурхайгаас компаний талбай дээр буулгасан хүрмэн чулуу тээвэрлэж ирсэн хөлс юм, зам хааснаас болоод энэ мөнгийг төлж чадахгүй байгаа учир хариуцагчаас энэ мөнгийг нэхэмжилж байна, мөнБХХК-ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд оруулж, сэргээх шаардлага нь замын эхэнд тавьсан хаалтыг авч чөлөөтэй явуулах эрхийг сэргээлгэх юм гэж тодруулсан.

Б ХХК нь 2018-05-29-ны өдөр Х ХХК-д холбогдуулан Х ХХК нь өөрийн өмчлөлд хамаарах эд хөрөнгийн арчлалт, хамгаалалтад хамаарах асуудлаар бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдлийг хязгаарлах, Б ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулахгүй байхыг Х ХХК-д даалгах үндсэн нэхэмжлэлтэй, Сервитутын гэрээ байгуулахыг даалгах, сервитутын гэрээгээр Б ХХК-с 2017 он хүртэл манай төмөр замыг ашигласны төлбөрт 15 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус шүүх хүлээн авч, 2018-08-09-ны өдрийн 142/ШШ2018/00796 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1., 151.1.2-т зааснаар өөрийн эзэмшлийн замын эхэнд хаалт тавих зэргээр Б ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахгүй байхыг Х ХХК-д даалгаж, Х ХХК нь өөрийн өмчлөлд хамаарах эд хөрөнгийн арчлалт, хамгаалалтад хамаарах асуудлаар бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдлийг хязгаарлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х ХХК-тай төмөр зам ашиглах талаар гэрээ байгуулж ажиллахыг Б ХХК-д даалгаж, хариуцагчийн төлөөлөгч нь Б ХХК-с 2017 он хүртэл манай төмөр замыг ашигласны төлбөрт 15 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Талуудын тайлбарууд, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаар Б ХХК нь Х ХХК-ийн өмчлөлийн төмөр замын салбар зам дээгүүр дайран өнгөрч үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Хариуцагч компани нь төмөр замын арчлалт хамгаалалт, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээ зэргийг манай компани хариуцдаг. Жилд 20,0 сая төгрөгийн татвар төлдөг, одоо нэмэгдээд 36,0 сая төгрөгийг жилд төлж байна. Харин Б ХХК нь нэг ч төгрөг төлөхгүйгээр манай өмчлөлийн 900 метр зам дээгүүр явж үйл ажиллагаагаа явуулдаг. Зам ашигласны талаар гэрээ байгуулах гэхээр үнэ дээрээ тохирдоггүй. Энэ талаар өмнө шүүхийн шийдвэр гарсан байгаа... гэжээ.

Нэхэмжлэгчийн Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээг байгуулахыг даалгах, шаардлагын тухайд шүүх энэ талаар өмнө нь шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

Нэхэмжлэгч Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээг байгуулахыг хугацаатай даалгах гэж нэхэмжлэлээ гаргасан ч гэрээг хэзээ байгуулах хугацааг шүүх тогтоох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл гэрээг талууд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах бөгөөд, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлдог.

Харин хэн нэг этгээд хөндлөнгөөс тэдний хүсэл сонирхолд нөлөөлөх боломжгүй бөгөөд гэрээ нь талуудын хүсэл сонирхолд нийцсэн байх учиртай.

Тиймээс шүүх гэрээний талуудын хооронд хугацаа зааж тэдний дотор гэрээ байгуул гэх боломжгүй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

НэгэнтБХХК болон Х ХХК-ийн хооронд төмөр зам ашиглах талаар гэрээ байгуулж ажиллахыг Б ХХК-д даалгаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул түүнийг шүүх дахин нотлохгүй.

Харин 250,0 сая хохирлын шаардлагын хувьд уурхайгаас ачиж ирж Б ХХК-ийн хашаанд буулгасан ачаа тээврийн зардлыг Х ХХК хариуцах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Б ХХК нь өөрийн үйл ажиллагааныхаа зардлыг хариуцагч компаниас төмөр зам хаасан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч Х ХХК-ийн нэхэмжлэгчид учруулсан хохирол биш юм.

Нэхэмжлэгч зам хаасан гэж түүнийгээ нотлохоор фото зураг хэрэгт ирүүлсэн ч энэ нь хэзээ авсан зураг болох нь тодорхойгүй байна.

Харин хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш манай компани нэг ч удаа зам хаагаагүй, хэрэв зам хаах бол Эрдэнэт өртөө-нд мэдэгдэж байж зам хаадаг. Одоо очоод үзсэн ч зам хаагаагүй байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан.

Маргааны зүйл болсон салбар төмөр замыг хариуцагч Х ХХК хаасан болох нь нотлогдохгүй байх ба УБТЗ-ын Эрдэнэт өртөөний 2021-03-18-ны өдрийн 83/94 дугаартай албан бичигт: 2019-08-12-ны өдрийн 03/1096 дугаартай мэдэгдлийн дагуу Б ХХК-ийн салбар замд вагон татах, тавих үйлчилгээг мэдэгдэх хүртэл вагон тавьж өгөхгүй байхыг мэдэгдсэний дагуу одоог хүртэл вагон тавьж өгөх татах үйлчилгээ үзүүлээгүй, уг зам нь сэлгээний хөдөлгөөнд хаалттай байгаа болно гэжээ. Тиймээс салбар төмөр замыг Х ХХК хаагаагүй болох нь нотлогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 548 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1, 151.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-д холбогдох "Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгБХХК-тай байгуулахыг хугацаатай даалгах, хохирол 250 000 000 төгрөг гаргуулах,БХХК-ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээх, өмнөх байдалд оруулж, сэргээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 548 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА