Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2021/00357

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуусын 23б-32 тоотод оршин суух Шуудай овгийн Ганбаатарын Б.Г /регистрийн дугаар ТЯ84120505/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Эрдэнэт медикал төв эмнэлгийн байранд байрлах М ХХК-д холбогдох,

Ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 4 450 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Г.Б.Г нь М ХХКомпаний Ерөнхий албанд Сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад 2017.09.01-ний өдрөөс жирэмсний амралт, залгуулаад хүүхэд асрах чөлөөгөө эдлэж байгаад 2020.09.02-ны өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг 2020.08.12-ны өдөр бичгээр өгсөн боловч 2020.12.11-ний өдөр ажлаас халсан тухай орлогч захирал Л.Л.Тын гарын үсэгтэй тушаалыг шуудангаар хүлээн авсан болно. Анх 2016.05 сард М ХХК-нд жирэмсний амралтаа авах гэж байсан Хүний нөөцийн ажилтан А.А.Шын оронд түр ажиллах саналыг ажил олгогч Я.Я.Эаас тавихад нь: би 106 сая төгрөгийн Ипотекийн зээлтэй түр гэрээгээр ажиллахгүй, хэрэв А.Шыг ажилдаа эргэн орох үед үндсэн ажлын байраар хангана гэвэл одоо ажиллаж байгаа Эрдэнэт Ус, ДТС ОНӨХК-ниас ажлаасаа гараад ирье гэхэд Я.Я.Э захирал нь зөвшөөрсөн ба Хүний нөөцийн ажилтан А.А.Шыг ажилдаа эргэн ороход дахин Хүүхэд асрах чөлөөтэй байгаа Н.Н.Э гэх хүний оронд Сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны ажлын байранд түр гэрээ хийгээд, чи түр ажиллаж бай чамайг хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох үед учир нь олдох байлгүй гэж хэлсэн /тухайн үед би жирэмсэн байсан болно/. Ингээд хүүхэд харах чөлөөнөөс ажилдаа эргэн орох хүсэлт өгсний дагуу ажил олгогч, Ерөнхий захирал Я.Я.Э нь хүүхэд чинь 3 нас хүрсэн биздээ? Ажлын бүтэн 8 цагаар ажиллана биз... чиний өмнө нь ажиллаж байсан Сургалт, судалгаа, хамын ажиллагаа харицсан ажилтны ажлын байрыг цомхотгож, ажлын байрны жагсаалтаас хассан тул Хүний нөөцийн ажилтны нэг орон тоо сул байгаа түүнд ажиллаарай гэж хэлсэн боловч Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирал Л.Л.Т нь чи анх намайг Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирлаар томилогдоход дургүй байсан, надтай тааламжгүй харьцсан гэх шалтгаанаар цалин, албан тушаал бууруулж хөтөчийн ажлын байранд ажилла гэж тулгасан бөгөөд миний зүгээс өмнө нь Сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар гэрээ байгуулж цалин бууруулахад би гомдол гаргаагүй одоо дахин цалин албан тушаал бууруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа хэлэхэд чи энэ тухайгаа бичгээр мэдэгд гэж тулган шаардсан ба бичгээр тайлбар гаргасны маргааш өдөр нь ажлаас халсан тушаал гарган хүргүүлсэн болно. Иймд миний ажилгүй байсан /2020.09.02-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх/ хугацааны 5 сарын цалин болох 4.450.000 төгрөгийг гаргуулан өгч, ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож ажилд томилуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь М ХХК-д ажилд орохдоо Хүний нөөцийн ажилтан А.А.Шын жирэмсний амралт, хүүхэд асрах эхийн чөлөөний хугацаанд түүнийг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ажиллаж байсан болон түүнийг ажилдаа эргэж орох үед нь дахин хүүхэд асрах эхийн чөлөөтэй байсан Н.Н.Эын ажилд мөн л түүнийг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ажилласан тухай дурьдсан нь бодит үнэнд нийцсэн байна. Харин М ХХК-ийн Ерөнхий захирал Я.Я.Э нь түүнийг өөр байгууллагад ажиллаж байхад нь байнгын ажлын байраар хангаж байх тухай үүрэг хүлээсэн, амласан, бусад байдлаар тохиролцсон тухай нэхэмжлэлдээ дурьдсан нь үндэслэлгүй худал байна. Мөн М ХХК-ийн Ерөнхий захирал Я.Я.Э захирал нь хүүхэд асрах эхийн чөлөөний амралтаас эргэж ажилдаа ороход нь ажлын байраар хангах, ажлын байр гаргаж өгөх, ажилд авахаар амлаагүй, тэр талаарх гэрээ хэлцэл хийгээгүй гэж тайлбарлаж байх тул энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч нь тус компанийн Захиргаа үйлчилгээ хариуцсан орлогч захирал Л.Л.Т нь таарамжгүй харьцсан гэх шалтгаанаар цалин, албан тушаал бууруулж хөтөчийн ажлын байранд ажилла гэж тулгасан гэх ба Г.Б.Г нь хөдөлмөрийн хугацаатай гэрээний үндсэн дээр ажиллаж байсныг үл харгалзан цалин хөлс бууруулахгүйгээр ажиллуулж, улмаар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаа өөрөө ээлжийн амралт, жирэмсний амралтаа авах хүсэлт гаргасныг ажил олгогчийн зүгээс хүлээн авч 2017-07-31-ний өдрийн А/108 дугаартай ажил хүлээлцэж, тойрох хуудсаа өөрөө эрх бүхий ажилтнуудаар зуруулж байсан байдаг. Үүнээс хойш ажил үүрэг гүйцэтгээгүй бөгөөд захиргааны чөлөө хүссэн аливаа өргөдөл гаргаж байгаагүй, хүүхдээ хэдий хүртэл асрах нь тодорхойгүй байсан байна. Энэ хугацаанд ажилтны нийгмийн даатгалыг ажил олгогчоос төлж байсан гэж байх тул ажил олгогч хуульд заасан үүргээ хангалттай биелүүлсэн байна. Нөгөө талаас өөрөө тус байгууллагын нягтлан бодогчоос нийгмийн даатгалын дэвтрээ аваад буцааж хүлээлгэж өгөөгүй байх тул Хөделмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан үүргийг ажил олгогч биелүүлэх боломжгүй болсон байна.

Гурав. Ажил олгогчийн зүгээс ажилтан Г.Б.Ггийн ажилдаа эргэж орох хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 24-26-ны хооронд өгсөн байх ба энэ нь түүний өөрөө өргөдөл гаргахдаа бичсэн он, сар, өдрөөс харагддаг. Гэтэл нэхэмжлэлдээ ...2020.08.12-ны өдөр бичгээр өргөдөл өгсөн...гэж зөрүүтэй бичсэн байна. Нөгөө талаас Ерөнхий захирал эзгүй байсан тул түүний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байжээ. Энэ хугацаанд түүнийг хөдөлмөрийн хуульд зааснаар цалин хөлс бууруулахгүйгээр ажлын орон байхгүй байсан төдийгүй, хөтөчийн ажлын байр гарсан даруйд буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр түүнд хөтөчөөр цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг бууруулахгүйгээр ажиллах ажлын саналыг тавихад өөрөө хүлээн зөвшөөрөхгүй гэсэн өргөдлийг ажил олгогчийн төлөөлөгчид бичгээр гаргаж өгсөн байна. Үүнийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэрийг бичгээр гаргаж, улмаар түүнд хуульд заасан хэлбэрээр хүргүүлсэн нь хууль бус гэж үзэхгүй байна. Харин Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэдийгээр ажилтан Н.Н.Эыг ажилдаа эргэж орох хүртэл түр хугацаагаар ажиллаж байсан ч, түүний сүүлд түр хугацаагаар ажиллаж байсан ажпын байр нь хасагдсан тул цалин хөлс бууруулахгүйгээр ажиллах саналыг гаргасныг өөрөө зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Харин Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүний ар гэрийн байдлыг харгалзан нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосныг буруутгах, хүчингүй болгох үндэслэл биш юм. Иймээс Г.Б.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б.Г нь М ХХК-д холбогдуулан Ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 4 450 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан М ХХК-ийн Сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгоно гэсэн.

Г.Б.Г нь М ХХК-ийн М эмнэлгийн захирлын 2016-04-14-ний Б/111 дугаартай тушаалаар хүний нөөцийн мэргэжилтнээр түр хугацаагаар ажилуулахаар, мөн тухайн өдөр 1-16/42 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр жирэмсний, амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний нөөцийн мэргэжилтэн А.А.Шыг ажилдаа эргэн орох хүртэл түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд оржээ.

Ингээд М ХХК-ийн М эмнэлгийн захирлын 2017-02-13-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар хүний нөөцийн мэргэжилтэн Г.Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017-02-10-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Ерөнхий албанд Сургалт, судалгаа хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар түр хугацаагаар ажиллуулах тушаал гарч, мөн өдрийн 1-17/69 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Н.Н.Эыг ажилдаа эргэн орох хүртэл түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Хүүхэд асрах чөлөө авсан сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Н.Н.Э нь буцаж ажилдаа ороогүй, Япон улс руу явсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Г.Б.Гг М ХХК-ийн М эмнэлгийн захирлын 2020-12-11-ний өдрийн Б/177 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, М ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалыг үндэслэн: Сургалт судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Н.Н.Эыг хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох хүртэл түр хугацаагаар ажиллаж байгаад хүүхэд асрах эхийн чөлөө авсан ажилтан Г.Б.Ггийн түр хугацаагаар ажиллаж байсан орон тоо нь компанийн 2019, 2020 оны бүтэц, орон тооны хуваарьт батлагдаагүй хасагдсан тул ажилтан Г.Б.Ггийн хүүхэд асрах эхийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох хүсэлтийг үндэслэн хөтөчийн ажлын байранд өмнөх ажлын байрны цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллах саналыг түүнд хүргүүлсэн боловч тухайн ажлын байранд ажиллахгүй тухайгаа бичгээр өргөдөл гаргасан тул түүнтэй хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, мөн хуулийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1.-д заасан хугацаанаас өмнө ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн хуулийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, албан байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, 42.1.-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж тус тус заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлүүд нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бол, мөн хуулийн 39 дүгээр зүйл нь хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахаар зохицуулсан байх ба, Г.Б.Гг ажлаас чөлөөлөхдөө ажилтан болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан хуулийн заалтуудыг баримталсан нь зөрчилтэй болохоос гадна Г.Б.Г өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргаагүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны даугуу хэлэлцээ хийнэ гэжээ.

Хариуцагч М ХХК нь: ...хэдийгээр Г.Б.Гтай ажилтан Н.Н.Эыг ажилдаа эргэж орох хүртэл түр хугацаагаар ажиллуулж байсан ч, түүний сүүлд түр хугацаагаар ажиллаж байсан ажлын байр нь хасагдсан тул цалин хөлс бууруулахгүйгээр ажиллах саналыг гаргасныг өөрөө зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн гэж тайлбарласан.

Г.Б.Гтай байгуулсан 2017-02-10-ны өдрийн 1-17/69 дугаартай хөдөлмөрийн гэрээнд хүүхэд асрах чөлөөтэй байгаа сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Н.Н.Эыг ажилдаа эргэн орох хүртэл түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Харин Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Н.Н.Э ажилдаа буцаж ороогүй тул уг ажлын байранд Г.Б.Г үргэлжлүүлэн ажиллахыг шаардах эрхтэй.

Хариуцагч тал тухайн орон тоо хасагдсан гэж холбогдох нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн хэдий ч, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртлэх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно..., 106.2.-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж тус тус заажээ.

Хүүхэд асрах чөлөөтэй байсан эх эцэг ажилдаа орохыг хүсвэл орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халах биш, ажил олгогч ажилтанд өөр ажил олж өгөхөөр хуульчилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан байна.

Тиймээс жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил албан тушаалыг цомхотгож байгаа нь мөн л хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Г.Б.Г нь захиргааны чөлөө хүссэн аливаа өргөдөл гаргаж байгаагүй, хүүхдээ хэдий хүртэл асрах нь тодорхойгүй байсан. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар бичгээр хүсэлтээ гаргаагүй хэдий ч ажилтны нийгмийн даатгалыг ажил олгогчоос төлж үүргээ хангалттай биелүүлсэн гэсэн.

Г.Б.Г нь амарсаны болон хүүхэд асрах чөлөөг 2017-07-31-ний өдөр авч тойрох хуудас зуруулсан /хх32/, хүүхдээ 2017-10-31-ний өдөр төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдсон.

Хариуцагч хүүхэд асрах чөлөөг бичгээр аваагүй гэж мэтгэлцсэн ч хүүхэд асрах чөлөөтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч ажил олгогч түүний нийгмийн даатгалыг төлж байсан, мөн ажлаас чөлөөлсөн тушаалдаа ч хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлт гаргасан гэсэн, түүнчлэн хүүхэд төрснөөс хойш хуульд заасан хүүхэд асрах чөлөлөөний хугацаа дуусаагүй байсан зэрэг нь хүүхэд асрах чөлөөтэй байсан гэдгийг үгүйсгэхгүй юм.

Хариуцагчийн төлөөлөгч хөтөчийн ажилд орох санал тавихад ажиллахгүй гэсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэдэг ч, нэхэмжлэгч тал хөтөч бол өмнө ажиллаж байсан ажилтай адил чанар ажлын байр биш, цалин хөлс буурсан, мөн түр ажлын байранд санал тавьсан тул татгалзсан гэдэг.

Хөтөчийн ажлын байр нь 572 000 төгрөгийн цалинтай, харин Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн нь 558 559 төгрөгийн цалинтай ажиллаж байсан тиймээс хөдөлмөрийн гэрээний дагуу цалин бууруугүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа ч 2017 онд олгож байсан Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний цалинг одоогийн хөтөчийн цалин хөлстэй харьцуулах нь зүйд нийцэхгүй, өөрөөр хэлбэл жил бүр компанийн Цалингийн журамд өөрчлөлт орж цалин хөлс тодорхой хэмжээгээр нэмэгдэж байх тул нэхэмжлэгчийн цалин хөлс буурсан, өмнө ажиллаж байсан ажилтай адил чанар ажлын байр биш гэдгийг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр М ХХК-ийн М эмнэлгийн захирлын 2020-12-11-ний өдрийн Б/177 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Г.Б.Гг М ХХК-ийн Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Г.Б.Ггийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2020-09-02-ны өдрөөс эхлэн ажилдаа орохоор хүсэлтээ гаргасан ч ажилд нь аваагүй, 2020-12-11-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэлд дурдсанаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2020-02-23-ны өдөр гаргасан байх ба нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нөхөн олговроо нэхэмжилсэн байх тул нөхөн олговрыг 2020-09-02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх сарын дундаж цалин /2017 оны 4-6 дугаар сарын дундажаар 1 033 071 төгрөг/ 1 033 071 төгрөгөөс нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хязгаарлан 4 450 000 төгрөг гаруулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгуулна гэсэн ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй байдал гэж шүүх үзсэн бөгөөд тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжаар /86 150+70 200₮/ 156 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Б.Гг М ХХК-ийн Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4 450 000 төгрөг гаргуулан Г.Б.Гд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжаар 156 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА