Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 72

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Цогтмагнай

Хохирогч О.Д түүний өмгөөлөгч Б.Бурмаа

                      Шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар

                      Нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э гийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Э д холбогдох эрүүгийн 2014002730222 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Э.Э , 1971 оны 5 дугаар сарын 03-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Тэнгэр даатгал ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын даатгалын мэргэжилтэн ажилтай, ам бүл-3, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Э.Э нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 24-80 БНХ улсын дугаартай тоёото приус-10 маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “нарийн гүүрнээс” 10 км зайтай газар онхолдож, зам тээврийн осол гаргаж тус автомашинд зорчиж явсан иргэн О.Д гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт Э.Э г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э г  350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Э.Э нь 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Э гээс 14.632.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Д олгож, хохирогч О.Д нь цаашид эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.           

Шүүгдэгч Э.Э тус шүүхэд  гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Э.Э намайг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хохирогч О.Д 14.632.000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

 

Миний бие 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Бөмбөгөр сумаас ирж яваад осол гаргасан нь үнэн бөгөөд би өөрийн буруу, зөв гэсэн асуудалд эхнээсээ маргаагүй буюу хуулийн байгууллагын хүмүүсийн ажилд хүндэтгэлтэй хандаж явсаар ирсэн билээ.

 

Болсон үйл явдлын тухайд гэвэл ямар ч дохио анхааруулга байхгүйгээр, улсын дугаар, марк нь үл мэдэгдэх автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед миний бие сандарч улмаар замын хөвөө дагуу унасан юм.

 

Миний бие л.О гэж хүнтэй хамтран амьдардаг ба түүний охин О.Д хамт түүнийг эмээтэй нь золгуулах ажлаар л яваад ирж байсан юм. Өөрөөр хэлбэл О.Д л үйлчилж явсан юм. О.Д тухай үед суудлын бүсээ зүүж зорчиж байсан бол гэмтэл авах байсан уу, өөрөө хохирогч болоод, намайг хэрэгтэн болгох байсан болов уу гэж би бодож л байлаа.

 

2020 оны 7-р сарын 1-ний өдөр миний бие шүүх хурал гэж зүйлд анх удаа орсон юм. Шүүхийн байгууллага чанга дуугаар зандрангуй харилцахад нь маш их сандардаг юм билээ. Шүүх хурал дуусах үед миний хэлэх үгийг хязгаарлаж, таслан шийдвэрлэсэн. Ингэхдээ Э.Э нь хохиролд тусламж, дэмжлэг үзүүлээгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж байна гэж тайлбарласан, мөн энэ хурал дээр О.Д олон хуудас баримт гаргаж өгч байсан. Энэ баримтыг үндэслээд хохиролд 14.632.000 гаргуулсугай гэж шийдвэрлэсэн. Энэ хохирлын баримтыг би үзэж хараагүй. Манай өмгөөлөгчийн хэлснээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримтгүй падаан байна гэж хэлж байсан. О.Д 14 сая төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэхэд шүд аппарат суулгаагүй байсан учир хохирлын баримт бодитой эсэхэд эргэлзэж байна. Иймд хэргийг хянаж хохирлын мөнгөн дүн болон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Анхнан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан 450.000 төгрөгөөр  торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь;

 

Шүүгдэгч Э.Э гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 24-80 БНХ улсын дугаартай “тоёото приус-10” маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “нарийн гүүрнээс” 10 км зайтай газарт онхолдож зам тээврийн осол гаргаж тус автомашинд зорчиж явсан иргэн О.Д гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримт нь 2014002730222 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан,  шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн  

 

Хавтаст хэргийн 17,68-69 дүгээр талд авагдсан “... 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим... манай аав Одхүүгийн... эзэмшлийн “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан... Э.Э сандраад... замын хажуу уруу дарж...би ухаан алдсан...Миний баруун нүдний ухархай хэсэг  цөмөрсөн...урд талын 5 шүд хугарсан...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн....Эрүүн дээрээ 2 оёдол тавиулсан... толгойн.... зүүн талын дотор капсулд 1,4х0,9х0,6 см хэмжээтэй уйланхайд голомтот өөрчлөлттэй болсон.  ...нийт 14 300 000 төгрөг нэхэмжилж байна “ гэх хохирогч О.Д гийн мэдүүлэг,

 

Хавтаст хэргийн 18-19,75 дугаар талд авагдсан “...би гэнэт хажуугаар машин орж ирэхээр нь баруун тал уруугаа дараад зам руу орохдоо тоормосоо гишгэлээ гэтэл хаазаа андуураад гишгэж, эсрэг урсгалд орж замын хажуу уруу унасан...” гэх шүүгдэгч Э.Э гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

 

Хавтаст хэргийн 31-32 дугаар талд авагдсан “...Э.Э гийн буруутай үйлдлээс гарсан байх боломжтой, замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй, В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн  тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...” гэх Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн  тасгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 26 тоот дүгнэлт,

 

Хавтаст хэргийн 47-48 дугаар талд  авагдсан “... О.Д гийн биед доод эрүүний түүшин сэртэн болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхи, эрүү,уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжилгээний дүгнэлтийг хохирогч О.Д гийн биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийж гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 264 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн  болон  зам тээврийн ослын хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

 

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч  Э.Э г  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан төрөл хэмжээний хүрээнд  ял  оногдуулсан нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ,  хохирлын шинж чанар,  шүүгдэгчийн  хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

   Хавтаст хэрэгт авагдсан   Дента  фарм ХХК-ийн “ Саяан дент” шүдний эмнэлгийн  эмчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0526/5  тоот  магадалгаа болон   Нэмэгдсэн өртгийн албан татварын  баримтаар  хохирогч О.Д нь эмчилгээний зардалд 14 300 000 төгрөг  төлжээ.

Хавтаст хэргийн 128-129 дүгээр талд авагдсан  нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудаар О.Д нь эм тариа, замын зардалд 471950 төгрөг зарцуулсан байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Э гээс  14 632 000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Д  олгохоор шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалд нийцсэн, хуулийн үндэслэлтэй болжээ.

 Иймд шүүгдэгч Э.Э гийн “...хохирлын мөнгөн дүн болон  оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг ...” хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч Э.Э нь хохирогч О.Д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байхад түүнд торгох ял хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

                                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон                                                                                                                                                ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.