Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 73

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж,  шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Цогтмагнай

Шүүгдэгч А.Б  түүний  өмгөөлөгч Д.Уранчимэг, Г.Доржготов

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б гийн гаргасан давж заалдах гомдлоор А.Б д холбогдох эрүүгийн 2014000000245 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, овогт А.Б , 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, малчин, ам бүл 1, урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж  хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,

А.Б  нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Таван толгой” гэх газраас иргэн Р.Б олон тооны мал болох 3 тооны үхрийг насанд хүрээгүй иргэн болох Б.Х той бүлэглэж Хюнди Портер маркийн 01-81 БНА улсын дугаартай авто машин механизм  ашиглаж хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                                                                                                                            

Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт А.Б г бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлахаар завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Б д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Г.Адьяасүрэнгийн эзэмшлийн 01-81 БНА улсын дугаартай хюнди портер маркийн автомашины үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч А.Б гоос гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Г.Адьяасүрэнгийн эзэмшлийн 01-81 БНА улсын дугаартай “хюнди Портер” маркийн автомашиныг эзэмшигч Г.Адьяасүрэнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 01-81 БНА улсын дугаартай “хюнди портер” маркийн автомашины №02418487 тоот гэрчилгээг эзэмшигч Г.Адьяасүрэнд буцаан олгож, бичлэг бүхий дискийг хэрэгт нь хадгалж, мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Б  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

А.Б  миний хувьд гэм буруугаа бүрэн хүлээж зөвшөөрч байгаа юм. Мөн миний эцэг Г.Адьяасүрэн нь хоёр үд нь бүрэн бус хараагүй/ 80 хувийн хараагүй/ хугацаагүйгээр тахир дутуугийн грүппд байхаас гадна миний байнгын асрамжид байдаг юм. Иймд миний хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Би өөрийн хувийн байдалтай холбоотой баримт болох 8 хуудас баримтыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гарган өгч гомдолд хавсаргав гэжээ.

 

 Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуульд заасан зохих ялыг оногдуулсан, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Насанд хүрээгүй хүүхэд хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй байхад бүлэглэн гэж хүндрүүлсэн нь үндэслэлгүй. А.Б гийн   гэмт  үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй болон хувийн байдлыг нь харгалзан   Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжтой гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлнэ үү гэв.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл шүүгдэгч А.Б  нь насанд хүрээгүй Б.Х той бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг  “Талын толгойн үзүүр ” гэх газраас иргэн Р.Б 89 тооны үхрийг бөөгнүүлэн хурааж,  3 тооны үхрийг нь БНА 01-81 улсын дугаартай, “Хюнди Портер” маркийн машины тэвшинд ачаад уясан байх явцад нь  хохирогч Р.Батдалай  ирсэн, гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримт нь 2014000000245 тоот  эрүүгийн  хавтаст  хэргийн 29-30 дугаар талд авагдсан  “... 2020 оны 5 дугаар сарын 31-ний  орой...22 цагийн үед... шуурга шуураад цаг агаар эвгүй...үед Талын толгойн үзүүрт машины гэрэл асаад унтрах шиг болохоор нь... очтол манай үхрийг бөөгнүүлээд хураачихсан... машины тэвшин дээр 3 тооны үхэр ачаад уячихсан... байхаар нь... гар чийдэн тусгатал машин доогуур улаан дээлтэй хүн хэвтэж байхаар нь гараад  ир гэтэл... зугтаагаад алга болсон. ...89 тооны үхрийг бүгдийг нь бэлчээрээс нь 500 метр ...газар явганаар туугаад...барьж авсан байсан. ... тэнгэрийн муухайг далимдуулж, тээврийн хэрэгсэл ашиглан мал хулгайлж байгаад гомдолтой байна...” гэх хохирогч Р.Б мэдүүлэг,

 

Хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан “...2020 оны 5 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед... гэрэл асаж унтрахаар нь яваад очтол манай бүх үхрийг хураагаад бөөгнүүлсэн байдалтай, Портер машины тэвшин дээр 3 тооны үхэр ачаад уячихсан байхаар нь хүү машины хаалгыг онгойлгоод түлхүүрийг нь авсан. ...машин доогуур хэвтэж байсан хүн зугтаасан. ...машинаас...шөнө зугтаасан улаан дээлтэй залуу...Адъяасүрэнгийн хүүхэд болох ... зүс таних залуу бууж ирээд ...уучлаарай гээд байсан. ...хүйтэн, шуургатай борооноор далимдуулан хулгайлдаг хүмүүс байна ...гомдолтой...” гэх гэрч Т.Долгорсүрэнгийн мэдүүлэг

 

Хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан “...нилээн олон тооны үхэр дотроос Батхолбоо ах ...1 тооны монголын үнээ, 2 тооны тугал...тэвшинд ачсан...би ачилцаж өгсөн...нэг эгч гэрэл тусгаад хүрээд ирсэн...би машин доогуур нуугдсан...” насанд хүрээгүй, гэрч Б.Х ын мэдүүлэг

 

Хавтаст хэргийн 50, 52 дугаар талд тус тус  авагдсан “... хулгайд алдсан  нийт үнэ 14000 000 төгрөг...” , ”... БНА 01-81 улсын дугаартай, “Хюнди Портер” маркийн машины зах зээлийн ханш  3200 000 төгрөг...” гэх  шинжилгээний дүгнэлт гаргасан Энх нахиа  ХХК-ийн шинжээчийн  311, 326 тоот дүгнэлтүүд

 

Хавтаст хэргийн 61 дүгээр талд авагдсан “...2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр...айлын ах Батжаргал...манай хүү Хашболдыг аваад ирээрэй гэхээр нь за гээд ...Хашболдыг аваад...аав Адъяасүрэнгийн...тээврийн хэрэгслээр...”Талын толгойн үзүүр” гэх газарт...олон тооны монголын үхрийг...машинаасаа бууж...бөөгнүүлээд... нэг үнээ хүзүүнээс нь гараараа барьж машин руу хөтлөн ойртуулж байтал 2 тугал дагаад байсан...би тэвшин дээрээс татаад Хашболд араас нь тууж үргээж өгөөд 1 тооны үхэр, 2 тооны тугалыг тэвшин дээр гаргаж...тугалыг аравчнаас уяж байтал...машины гэрэл гарч чиглээд ирэхээр нь тэвшин дээрээс үсэрч буугаад...зугтаасан...” гэх шүүгдэгч А.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

 А.Б гийн гэмт үйлдэлд Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх шүүгдэгч А.Б г бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлахаар завдсан...” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т тус тус зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1-т “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл... санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заасныг  хэргийн үйл баримтад үндэслэн зөв дүгнэлт хийсэн  боловч  А.Б г  гэмт үйлдлээ насанд хүрээгүй Б.Х той бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн   тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т зааснаар  хүндрүүлэн зүйлчилсэн нь хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан “...унаа хайгаад явж байтал манай саахалт айлын Батхолбоо ахтай таарч...машинд сууж... би ачилцаж өгсөн... хулгайн үхэр гэдгийг би тухайн үед мэдээгүй сүүлд мэдсэн...” гэх Б.Х ын мэдүүлэг, хавтаст хэргийн 60-61 дүгээр талд авагдсан “...айлын ах Батжаргал... Хашболдыг аваад ирээрэй гэсэн...Хашболдыг гараад ир гэж дуудтал машинаас гарч ирсэн...би машинд ачъя гэж хэлээд...Хашболд араас нь тууж үргээж өгсөн...”  гэх  шүүгдэгч  А.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр  үгүйсгэгдсэн,  Б.Х  нь  гэмт үйлдлийг урьдаас мэдсэн, хор уршиг учруулахыг  хүссэн шууд санаатай үйлдэлгүй, хэргийн оролцогчоор тогтоогоогүй байхад Б.Х той бүлэглэсэн гэж үзсэн Прокурорын яллах дүгнэлт  үндэслэлгүй болсон байхад  анхан шатны шүүх анхааралгүйгээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  2.2-д зааснаар бүлэглэсэн гэж үзсэн нь  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байх тул  Прокуророос А.Б д холбогдох яллах дүгнэлтээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-д заасан бүлэглэж гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн анхан шатны шүүх  гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдийн үйлдлийн улмаас хохирол учраагүй, учирч болох нийгмийн аюул  гаднын нөлөөгөөр таслан зогсоогдсон байхад  оногдуулах ялын хэмжээг төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас  бага байх буюу ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доош, ерөнхий ангид заасан хорих ялын доод хэмжээнд хүртэл багасгаж оногдуулах байтал  шүүгдэгч А.Б д 3 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж  түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргажээ.

 

Дээр заасан хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч А.Б гийн  үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн   1.4-т   тус тус  заасныг  удирдлага болгон                                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 1 гэсэн заалтаар

“Прокуророос А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2.2-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж  нэмэлт оруулж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч овогт А.Б г бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлахаар завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

“шүүгдэгч овогт А.Б г бусдын олон тооны малыг  машин механизм ашиглаж хулгайлахаар завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Б д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1,  17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Б г нэг жил, нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан нэг жил, нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-10 гэж дугаарласныг 1-11 гэсэн  дугаарт оруулсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн  3-т заасныг баримтлан шүүгдэгч А.Б гийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулсан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.