Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов,  

Шүүгдэгч А.Б,

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000245 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл 1, урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар (Мөн хуулийн ерөнхий өнгийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.) шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт А.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Талын толгой” гэх газраас иргэн Р.Болон тооны мал болох 3 тооны үхрийг насанд хүрээгүй иргэн болох Б.Х бүлэглэж Хюнди Портер маркийн 01-81 БНА улсын дугаартай авто машин механизм ашиглаж хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Р.Б мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 05 дугаар сарын 31-ний орой шуурга шуураад бороо ороод цаг агаар эвгүй байхаар нь гэрийн гаднаас 22 цагийн үед бог малаа туугаад хаваржаан дээр очиж хашаанд малаа хашаад тэндээсээ ээжийн хамт үхэр байсан бэлчээр очих гэж явтал Талын толгойн үзүүрт машины гэрэл асаад унтрах шиг болохоор нь давхиад очтол манай бүх үхрийг бөөгнүүлээд хураачихсан танихгүй машины тэвшин дээр манай үхрээс 3 тооны үхэр ачаад уячихсан доор нь элс асгасан байхаар нь машины хаалгыг онгойлготол түлхүүр зоолттой гар утас нь цэнэглээтэй байхаар нь хаалгыг нь хаагаад гар чийдэн тусаатал машин доогуур улаан дээлтэй нэг хүн хэвтэж байхаар нь би гараад ир гэтэл босоод харанхуйд баруун зүг рүү зугтаагаад алга болсон. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн. Манай 89 тооны үхрийг бүгдийг нь бэлчээрээс нь 500 метр орчим газар явганаар туугаад хамар давуулаад уулын өвөр хэсэгт хурааж байгаад барьж авсан байсан. Би иргэн хүний хувьд санал гомдолтой байна. Малчин биднийг бороо шуурга, тэнгэрийн муугаар далимдуулж тээврийн хэрэгсэл ашиглан мал хулгайлж байгаад гомдолтой байна. Хэрэв тухайн үед үхрээ хураах гэж яваагүй бол машиндаа багтах хэмжээгээр аваад явах байсан байх ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,  

Гэрч Т.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн … Би 2020 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед хүүгийн хамт хаваржааны хашаандаа хонио хашаад тэндээсээ манай үхэр байсан бэлчээр лүү хүүгийн машинаар хоёулаа үхрээ хурааж өвөлжөөний хашаанд хийхээр явж байтал замын зүүн хэсэгт үл мэдэгдэх гэрэл асаж унтрахаар нь яваад очтол манай бүх үхрийг хураагаад бөөгнүүлсэн байдалтай портер машины тэвшин дээр 3 тооны үхэр ачаад уячихсан байхаар нь хүү машины хаалгыг онгойлгоод түлхүүрийг нь авсан. Тэгээд машин доогуур тонгойтол нэг хүн хэвтэж байхаар нь гараад ир гэтэл босоод баруун зүг чиглээд зугтаасан ... Цагдаагийн хүмүүс хэргийн газар ирээд явсны дараа бид хоёр гэртээ унтаж байтал 04 цагийн үед гаднаас 2 хүн орж ирээд нүүр лүү гэрэл тусгаад байхаар нь яах гэж байгаа юм гэтэл танай айл хэнийх вэ гээд байхаар нь айлуудынхаа нэрийг хэлсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн үед хүү бид хоёр үхрийн бэлчээрт үнээний тугал хөхүүлээд сууж байтал Ланд-80 маркийн машинтай 5 залуу ирээд 3 залуу бууж ирээд надаас урьд шөнө танай энд малын хулгай гарсан уу гэж асуухаар нь та нар яаж мэддэг юм гэтэл Баян-Овоо сумын харьяат Пүрэвбаатар гэдэг залуу эгчээ манай энэ хоёр нөхөр хулгай хийж байгаад баригдсан гээд хүрээд ирлээ. Энэ хоёр байгаа юм гээд шөнө зугтаасан улаан дээлтэй залуу бууж ирэхээр нь жолооч нь хааччихсан юм гэтэл буугаад ир гээд хүн дуудтал машинаас Галуут сумын Адъяасүрэнгийн хүүхэд болох нэрийг нь мэдэхгүй зүсийг таних залуу бууж ирээд надаас уучлаарай гээд байсан. Тэгээд би та нар ажлаа бод цагдаа нар ирээд явсан шалгадаг зүйлээ шалгаж байгаа байх гэтэл машиндаа суугаад явсан. Би маш их санал гомдолтой байна хүйтэн шуургатай борооноор далимдуулаад хулгайлдаг хүмүүс байна. Би тэнд аймгаас хүмүүс ирээд буцах хүртэл үхрээ харж 22 цагаас 01 цаг хүртэл гадаа даарч зогссон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Насанд хүрээгүй гэрч Б.Хын мөрдөн байцаалтанд өгсөн … 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би Баянхонгор аймгийн төв Есөн-Эрдэнэ зах дээр Галуут сум явах гээд унаа хайгаад явж байтал манай саахалт айлын Батхолбоо ахтай таарч цуг Галуут сум явахаар болсон. Орой утсаар ярина гэртээ очоод байж байгаарай гэсэн. Би орой 18 цагийн үед гэртээ байж байтал Батхолбоо ах над руу яриад хөдөө Галуут сум гарах гэж байна гээд Батхолбоо ахын цэнхэр өнгийн портер маркийн машинд сууж Батхолбоо ах машинаа бариад хоёулаа гараад явсан хойшоо явж байх замд Батхолбоо ах хүнээс монголын үхэр авах юм байгаа юм гэж хэлсэн бөгөөд би машин дотор гар утсаараа тоглож явсан бөгөөд нэлээн олон тооны үхэр дотроос Батхолбоо ах 1 тооны монголын үнээ, 2 тооны тугал зэргийг машины ар талын тэвшинд ачсан. Би цуг ачилцаж өгсөн тэгтэл нэг эгч гэрэл тусгаад хүрээд ирсэн. Тэгтэл Батхолбоо явган зугтаасан би айгаад машин доогуур орж нуугдсан. Тэгтэл тэр эгч уурлаад шороо цацаад аашлаад байхаар нь би машин доогуураас гараад аймаг руу явган зугтааж аймгийн төв дээр ирээд гэртээ унтаад өгсөн. Маргааш нь Батхолбоо ах наана нь 2 ахын хамт машин дээрээ очиж үхрийн эзэнтэй очиж уулзсан чинь цагдаад мэдэгдсэн байгаа гэж хэлж байсан бөгөөд Батхолбоо ах бид 2 үхрийн эзнээс уучлалт гуйсан. Тэгээд эргээд аймаг дээр ирээд Галуут сум явах унаанд суугаад явсан юм. Батхолбоо ах надад хүнтэй наймаа хийгээд уг 3 үхрийг авах гэж байгаа гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/,

Гэрч А.Пүрэвбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 07 цагийн үед би гэртээ унтаж байтал Батхолбоо гэрийн хаалга нүдээд гэрт орж ирээд урд шөнө машинаа хээр үлдээчихээд хүрээд ирсэн цуг явж оччихоод хүрээд ирье гэхээр нь цуг явахаар болж Батболд, Батхолбоо, Х нарын хамт Баян-Овоо сумын Дуурсахын хөндий гэх газар луу Батболдын Ланд 80 маркийн машинтай явсан. Замд явж байхад урд шөнө 3 тооны үхэр хулгай хийж машин дээрээ ачиж байгаад эзэн нь хүрээд ирэхээр нь машинаа орхиод зугтаасан гэж хэлсэн. Тэгээд бид нар үхрийн эзэнтэй очиж уулзахад цагдаад хэлсэн шийдэх байхаа гэж байсан. Харин Батхолбоо, Х нар нь уучлалт гуйсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/,

 

Шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед би Баянхонгор аймгийн төв дээр гэртээ байж байтал Галуут сумын төвөөс манай саахалт айлын ах Батжаргал гар утсаар надтай яриад чи наашаа явах болж байна уу гэхээр нь өнөөдөр гарна гэж хэлтэл аймгийн төв дээр манай хүү Х ахындаа байгаа аваад ирээрэй гэхээр нь за гэж хэлээд орой 21 цагийн үед гэрээсээ гараад аав Адъяасүрэнгийн эзэмшлийн портер маркийн 01-81 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Хыг аваад машиндаа суулгаад Х бид 2 арван мянгатын гол замаар өгсөөд Баян-Овоо сумын нутаг “Дуурсахын хөндий” өгсөж явах замдаа би Ход хандан хэдэн Монголын үхэртэй болох юмсан гэж хэлсэн тэр үед Х гар утсаар тоглоом тоглоод сууж байсан. Тэгээд “Дуурсахын хөндий”-н “Талын толгойн үзүүр” гэх газар явж байх үед гэгээ тасарч харанхуй болсон. Тэр үед “Талын толгой” урд үзүүр дээгүүр нэлээн олон тооны монголын үхэр таарсан уг үхрийг хартал араасаа өвөр талруугаа давж байхаар нь машин замаас машинаа гаргаад 50 орчим метр газар уулын бэл рүү өгсөж байгаад машинаа газрын уруу харуулж байрлуулаад машинаа унтраасан. Би машинаас бууж үхэр лүү явах үед Х машиндаа гар утсаараа тоглоод үлдсэн. Би үхрүүд дээр очиж бөөгнүүлээд тэндээсээ явганаар араас нь тууж машин байгаа газарт авчраад үхэр дотроос нэг үнээ хүзүүнээс нь гараараа барьж аваад машин руу хөтлөн ойртуулж байтал 2 тугал дагаад байсан. Тэгээд машины хажууд очоод Хыг гараад ир гэж дуудтал машинаас гарч ирсэн. Тэгээд би Ход хандан энийг машинд ачина гэж хэлээд машины тэвшин дээр байсан мяндсан татлагаар үхрийн хүзүүнээс оосорлоод би тэвшин дээрээс татаад Х араас нь тууж үргээж өгөөд тэвшин дээр 1 тооны үнээ, 2 тооны тугалыг тэвшин дээр гаргаж нэг тугалыг нь аравчнаас уяад байж байтал хажуугийн хамар дээгүүр машины гэрэл гарч чиглээд ирэхээр нь би тэвшин дээрээс үсэрч буугаад Баян-Овоо сумын чигтэй явган зугтаасан ... Анх хулгай хийх санааг би гаргасан. Надтай цуг Х гэх хүүхэд цуг явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/,  

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/,

Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-25/,

“Энх нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 03-ны өдрийн №311 тоот “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн Р.Бхулгайд алдагдсан эд зүйлд магадалгаа хийсэн” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/,

“Энх нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 16-ны өдрийн №326 тоот “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн Г.Адъяасүрэнгийн эзэмшлийн 01-81 БНА улсын дугаартай Хюнди Портер маркийн авто машины зах зээлийн үнэлгээг тогтооход магадалгаа хийсэн” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52/,

Шүүгдэгч А.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 65-66, 68, 71-73, 78-82/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Талын толгой” гэх газраас иргэн Р.Болон тооны мал болох 3 тооны үхрийг насанд хүрээгүй иргэн болох Б.Хбүлэглэж Хюнди Портер маркийн 01-81 БНА улсын дугаартай авто машин механизм ашиглаж хулгайлахыг завдсан болох нь хохирогч Р.Батдалай, гэрч Т.Долгорсүрэн, А.Пүрэвбаатар, насанд хүрээгүй гэрч Б.Х нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, “Энх нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 03-ны өдрийн №311, 2020 оны 06 сарын 16-ны өдрийн №326 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Талын толгой” гэх газар иргэн Р.Б3 тооны үхрийг насанд хүрээгүй иргэн болох Б.Хбүлэглэн Хюнди Портер маркийн 01-81 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачиж байхад нь хохирогч Р.Батдалай, гэрч Т.Долгорсүрэн нар нь ирснээр гэмт хэргээ туйлд нь хүргэж чадаагүй, гэмт хэрэг бүрэн төгсөөгүй, гэмт хэргээ туйлд нь хүргэж чадаагүй байх тул шүүгдэгч А.Бг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлахаар завдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Бг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлахаар завдсан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж ялын дэглэмийг тогтоов.

 

Шүүгдэгч А.Б нь иргэний нэхэмжлэгч Г.Адъяасүрэнгийн эзэмшлийн 01-81 БНА улсын дугаартай хюнди портер маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул уг автомашины үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч А.Бгоос гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Г.Адъяасүрэнгийн эзэмшлийн 01-81 БНА улсын дугаартай хюнди портер маркийн автомашиныг эзэмшигч Г.Абуцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 01-81 БНА улсын дугаартай хюнди портер маркийн автомашины №02418487 тоот гэрчилгээг  эзэмшигч Г.Абуцаан олгож, бичлэг бүхий дискийг хэрэгт нь хадгалж, мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт А.Б бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлахаар завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2.2, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Бд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Г.Адъяасүрэнгийн эзэмшлийн 01-81 БНА улсын дугаартай хюнди портер маркийн автомашины үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч А.Бгоос гаргуулж улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Г.Адъяасүрэнгийн эзэмшлийн 01-81 БНА улсын дугаартай хюнди портер маркийн автомашиныг эзэмшигч Г.Абуцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 01-81 БНА улсын дугаартай хюнди портер маркийн автомашины №02418487 тоот гэрчилгээг  эзэмшигч Г.Абуцаан олгож, бичлэг бүхий дискийг хэрэгт нь хадгалж, мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.