Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2021/00535

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-12-13 тоотод оршин суух Өөлд овгийн Зундуйгийн З.Х /регистрийн дугаар ФА55051914/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-904 тоотод оршин суух Бичигт овгийн Б.Лгийн Л.С /регистрийн дугаар УЗ91111837/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-79 тоотод оршин суух Бичигт овгийн Базаррагчаагийн Б.Л /регистрийн дугаар ФБ65120110-д холбогдох,

"Зээлийн үүрэг 44 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.З.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.З.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Л.Л.С, төрсөн эцэг Б.Б.Л нар нь үлдэгдэл 30,0 сая төгрөг, түүний хүү болох 12 сая төгрөг нийт 42 сая төгрөгийг хуулийн хүрээнд шийдэж, өндөр настан миний бие хүнийг хохиролгүй болгож өгнө үү. Л.Л.С нь төрсөн эцэг Б.Б.Лгээ дагуулан ирж 40,0 сая төгрөг 4-н сарын хугацаатай зээлүүлээч гэж 2020 оны 01 дүгээр сарын 10-нд бичгээр гэрээ хийж, гарын үсэг зурцгааж, миний бие итгэж 40,0 сая төгрөг гэрээний дагуу хүсэлт, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр, 4% ийн хүүтэйгээр зээлүүлсэн юм. 2020 оны 5 дугаар сарын 10-нд бичгээр хийсэн уг гэрээ дуусгавар болох ёстойгоос гадна 4-р сарын хугацаанд Мерседес Бенз G-500 маркийн машинаа гэрчилгээтэй нь барьцаанд тавьсан мөртлөө, 7 хоногийн дараа Л.С би УБ-хот яваад ирье, машины гэрчилгээгээ түр өгөөч гээд аваад явсан. 2020 оны 5 дугаар сарын 11-нд 10,0 сая төгрөг, түүний хүү 6 400 000 төгрөг бэлнээр авчирч өгснөөс хойш 2021 оны 3 дугаар сар хүртэл 10 сар гаран 30,0 сая төгрөг хүүгийн хамт одоо болтол өгөөгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч З.З.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2021-03-04 нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хурлын тов зарлагдах хүртэл 50 хоног өнгөрсөн байна. Цаг үеийн хүнд нөхцөл байдлыг харгалзан шүүхэд хүндэтгэлтэй хандаж байгааг минь хүлээн авна уу?

1. Хариуцагч Л.Л.С, түүний эцэг Б.Б.Л нарт, ХЗ хоршооноос зээлээр олгосон мөнгөний хүү нь сар бүр 4% хүү төлөгдсөөр байгаа болно. Хариуцагч этгээд нар үүнийг сайн мэдэж байгаа тул цаашид Иргэний хуулийн 453 дугаар заалтыг /3ээлдэгч авсан зээлээ/ хугацаанд нь төлөөгүй бол зээлээ барагдуулж дуустал хүү төлөх үүрэгтэй гэснийг үндэслэн 5 дугаар сарын 20-ныг хүртэл хүү 2 000 000 төгрөгийг нэмж гаргуулж өгөх,

2. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 57.1 дэх заалтыг Барьцааны зүйл нь авлага бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тохиолдолд барьцаалагч үндсэн үүрэг гүйцэтгэгчээс барьцааны шаардлага шууд хангуулах эрхтэй гэснийг үндэслэн хариуцагч төлбөрөо богино хугацаанд барагдуулаагүй тохиолдолд барьцааны шаардлагыг шууд хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б.Л, Л.Л.С нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.З.Хгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2020-01-10-ны өдөр 40 сая төгрөгийг 4 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй Мерседдес Бенз G-500 маркийн авто машины гэрчилгээг барьцаалж зээл авсан. Бидний төлөвлөж байсан ажил дэлхий нийтийг хамарсан ковид-19 вируснаас болж цаг хугацаандаа бүтээгүй. Энэ байдлыг нэхэмжлэгч мэдэж байгаа. 2020-05-11-ний өдөр үндсэн мөнгөнөос 10 сая, 4 сарын хүүнд 6 400 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Нөхцөл байдал сайжрахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрээд байна. Нэхэмжлэгч үндсэн мөнгө 30 сая төгрөг дээр, хүү 12 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэрээнд заагдсан хүүг цаг хугацаанд нь төлсөн учраас хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Б.Л, Л.Л.С нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.З.Х нь ...Хадгаламж зээлийн хорооноос зээлээр олгосон мөнгөний хүү сар бүр 4 хувь төлөгдөж байгаа. 5-20 хүртэлх хүү 2 000 000 төгрөг..., ... барьцааны шаардлагыг шууд хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тайлбарыг шүүх хуралдаан дээр тайлбарлана гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Л.С нь З.З.Х гуайгаас 40 000 000 төгрөг зээлэхдээ орон сууцны газар худалдан авч барилга барих зорилгоор уг мөнгийг авсан. Газар худалдан авсан боловч барилга барих материал нь хил дээр гацсан. Тийм учраас З.З.Х гуайгаас авсан 40 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүний мөнгөнд 6 400 000 төгрөг өгсөн мөн үндсэн зээлээсээ 10 000 000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өгөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Тээврийн хэрэгслийг худалдан борлуулж уг мөнгөөр нь барилгын зураг төсөл хийлгэчихсэн. Хөрөнгө оруулалт нь орж ирэхээр З.З.Х гуайн мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүх хуралдаанд Л.Л.С биечлэн оролцоно гэсэн боловч ирээгүй байна. Б.Б.Л нь зээлийн гэрээ хийхэд байлцсан түүнээс уг мөнгийг захиран зарцуулж, өөрт хэрэглэсэн зүйл байхгүй тул хариуцагч Б.Б.Лд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.З.Х нь Б.Б.Л, Л.Л.С нарт холбогдуулан зээлийн нийт үүрэг 44 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад хэсгээс татгалзсан. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хэргийн 4-6 дугаар хуудасд авагдсан зээлийн гэрээнд үндэслэн тайлбарлаж байх ба, Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар хэтэрсэн хугацааны хүүг төлөх ёстой гэсэн.

Хариуцагч нар нь 2020-01-10-ны өдөр З.З.Хгээс 40,0 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан талаар маргаагүй бөгөөд, зээлийн барьцаанд Мерседес Бенз G-500 маркийн 6996 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьсан болох нь гэрээ, талуудын тайлбараар нотлогдсон.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулийн дагуу шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь нийт зээлийн үүргээс 16 400 000 төгрөгийг төлсөн гэдэгтэй талууд маргаагүй бөгөөд, хариуцагч тал нь үндсэн зээлээс 10,0 сая төгрөг, хүү 6 400 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан.

Харин нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш нийт 10 сар гарангийн хугацааны хүүг нэмж нийт 44,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан.

Талууд гэрээний хугацааг сунгаагүй байна. Тодруулбал: гэрээний сунгалт нь гэрээний нэг адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулж, нөхцөлийг харилцан тохиролцоно.

Гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох, дээрх нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар зааж, гарын үсэг зурснаар сая гэрээг сунгагдсан гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг хүүгээ өгнө гэж харьцаж байсан талаар утасны баримтуудыг хэрэгт ирүүлсэн ч энэ нь гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл талууд гэрээг сунгасан талаар албан ёсны гэрээний нэгэн адил баримт үйлдээгүй байна. Иймд хэтэрсэн хугацааны хүү шаардсан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар зээлийн хэтэрсэн хугацааны хүүг төлөх ёстой гэж тайлбарлаж байх ба хуулийн дээрх зохицуулалт нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаанд хэрэглэгдэх заалт гэдгийг ойлгох нь зүйтэй.

Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Б.Л, Л.Л.С нар нь З.З.Хд 46 400 000 төгрөг төлөхөөс 16 400 000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх тул зээлийн үлдэгдэл 30,0 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан З.З.Хд олгож, нэхэмжлэлээс 14,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд: нэхэмжлэгч нь 40,0 сая төгрөгийг зээлийн барьцаанд Мерседес Бенз G-500 маркийн 6996 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан болох нь гэрээ, талуудын тайлбараар нотлогдсон.

Хэдийгээр нэхэмжлэгч тухайн барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн эзэмшилдээ байлгасан ч, хариуцагч Л.Л.Сын гуйснаар түүнд буцаан өгсөн байна.

Одоогоор Мерседес Бенз G-500 маркийн 6996 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Л.Л.Сын өмчлөлөөс О.Нарангаравын өмчлөлд 2020-03-25-ны өдөр шилжсэн болох нь Орхон аймгийн Тээврийн төвөөс ирсэн лавлагаа, албан бичгээр нотлогдож байна.

Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Мерседес Бенз G-500 маркийн 6996 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн ханшаж шийдвэрлэв.

Нэхэмлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжаар 307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Б.Л нь зээлийн гэрээ хийхэд байлцсан түүнээс мөнгийг захиран зарцуулж, өөрт хэрэглэсэн зүйл байхгүй тул хариуцагч Б.Б.Лд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан. Шүүх Б.Б.Лд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Б.Б.Л нь З.З.Хгээс зээл авах талаар харилцан тохиролцож, хүү Л.Л.Сын хамт гэрээнд гарын үсэг зурсан байх тул хариуцагч нар нь зээлийн үүргийг хамтран хариуцах үүрэгтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан Б.Б.Л, Л.Л.С нараас 30 000 000 /гучин сая/ төгрөг гаргуулан З.З.Хд олгож, нэхэмжлэлээс 14 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА