Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 142/шш2021/01137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Bluedaimond 104 тоотод байрлах д а ХХК /регистрийн дугаар 4384695, утас: 99972573/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг цхудалдааны төвд байрлах ц а х ХХК /регистрийн дугаар 4395778/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 39 669 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.б, хариуцагчийн төлөөлөгч Б.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч д а ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийнн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: д ХХК нь барилга угсралт, бетон эд анги үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ц а х ХХК-тай 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Уурхайчин багт баригдаж буй цхудалдааны төвийн гадна тохижилтийн 16 346 000 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгээд дараа нь мөн гадна тохижилтийн ажил хийхээр 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг 2 компани байгуулж 20 000 000 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед гэрээнд бэлэн мөнгө өгөхөөр заасан боловч бэлэн мөнгө өгөх боломжгүй байгаа тул баригдаж буй барилгад 12 мкв талбайг бартераар эзэмшүүлэхээр тохиролцсон. Уг талбайг барилга баригдаж дуусмагц манай компаний нэр дээр гэрчилгээг гаргаж өгнө гэсэн нөхцөлтэйгээр 2 компани харилцан тохиролцож манайх ажлаа гэрээнд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэсэн, ц а х ХХК ч гэсэн гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах цхудалдааны төвийн 3 дугаар давхарт 308 тоот 12 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө буюу лангууны талбайг манай компанид өгсөн. Гэхдээ ц а х ХХК, цхудалдааны төв нь одоохондоо банкны барьцаанд байгаа тул үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй иймд гэрчилгээгүй эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж бай, барьцаанаас гарангуут үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Манай компани нь 308 тоот талбай бүхий үл хөдлөх хөрөнгө буюу лангууны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг д ХХК-ний нэр дээр гаргуулахыг ц а х ХХК-д даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан боловч Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 504 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба шүүхийн үндэслэх хэсэгт талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 36 346 000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулан ажил гүйцэтгэсэн ба гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээ захиалагчаас нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласан. Иймд д а ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ц а х ХХК-тай 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, цхудалдааны төвийн гадна тохижилтийн 16 346 000 төгрөгний, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 20 000 000 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн. 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний Зургаа дах бүлгийн 6.1-т "... Захиалагч төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд нийт дүнгийн 0.1 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу алдангийг тооцохоор нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар 1703 хоног хэтэрсэн ба 0.1 хувийн алдангийг тооцохоор 27 837 238 төгрөг болж байгаа боловч алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу алдангид 8 173 000 төгрөгийг нэхэмжилнэ. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ- ний Зургаа дах бүлгийн 6.1-т ...Захиалагч төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд нийт дүнгийн 0.1 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу алдангийг тооцохоор нэхэмжпэл гаргаж буй өдрийн байдлаар 1690 хоног хэтэрсэн ба 0.1 хувийн алдангийг тооцохоор 33 800 000 төгрөг болж байгаа боловч алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу алдангид 10 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Ажил гүйцэтгэх 2 гэрээний нийт үнийн дүн нь 36 346 000 төгрөгийг манай компани шаардах эрхтэй ба ц а х ХХК нь урд болсон шүүх хурал дээр Мэндбаярт 4 900 000 төгрөг, Ариунтунгалагт 5 000 000 төгрөг буюу нийтдээ 9 900 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан тул 36 346 000 төгрөгнөөс 9 900 000 төгрөгийг хасахаар 26 446 000 төгрөгийг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангид 13 223 000 төгрөг, нийтдээ 39 669 000 төгрөгийг шаардах эрх д а ХХК-д үүсч байгаа юм. д ХХК, ц а х ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 16 346 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 2016/10/26 дугаартай Ажил гүйцтэгэх гэрээний дагуу 20 000 000 төгрөг нийт 36 346 000 төгрөгнөөс д а ХХК-д төлсөн 9 900 000 төгрөгийг хасаад 26 446 000 төгрөгийг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангид 13 223 000 төгрөг, нийтдээ 39 669 000 төгрөгийг ц а х ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: д" ХХК нь манай "ц а х" ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 26 446 000 төгрөг, алдангид 13 223 000 төгрөг, бүгд 39 669 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг 2021 оны 07 сарын 07-нд шүүхээс хүлээн авч танилцлаа. "д" ХХК-ийн нэхэмжлэл дараах байдлаар үндэслэлгүй байна.

1. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд. цмаркет худалдааны төвийн гадна зам талбайн тохижилтын ажил гүйцэтгүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 05-нд 16 346 000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2016 оны 10 дугаар сарын 22-нд 20 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан талаар маргах зүйлгүй. Энэ гэрээг хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ болохыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны 00504 тоот шийдвэрээр тогтоосон. Гэрээний үнийн дүн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудын хооронд маргаан байхгүй.

2. Гэрээний үүргийн биелэлтийн хувьд. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч "д" ХХК ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж үзэж гэрээт ажлын хөлсийг дараах байдлаар тооцож дуусгавар болгосон. Үүнд: а. "д" ХХК-ийн үүсгэн байгуулагч, энгийн хувьцааг дангаараа эзэмшигч А.Ариунтунгалаг болон түүний нөхөр засварын ажлыг хүлээлгэн өгсөн Б.Баярхүү нарт мөнгөн хэлбэрээр 9 900 000 төгрөгийн төлбөр хийсэн. Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч байгаа ба талуудын хооронд маргаангүй байна.

б. "ц а х" ХХК нь ажил гүйцэтгэгч "д" ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр цмаркет худалдааны төвийнхөө 3 дугаар давхарт 12 метр квадрат талбай бүхий хэсгийг нэг кв.метрийг 2 700 000 төгрөгөөр тооцон үлдэгдэл ажлын хөлсөнд дүйцүүлэн 2017 онд "д" ХХК-д шилжүүлсэн ба тэд үүнээс хойш барилгын үйлчилгээний энэ хэсгийг өөрийн бүрэн эзэмшилд байлгаж ашиглаж байгаа. цмаркет худалдааны төвд олон арван иргэн, хуулийн этгээд тодорхой хэсгийг өмчилж эзэмшдэг ба төрийн байгууллагын зүгээс шалтгаалж барилгыг ашиглалтад хүлээн авах актанд Газрын харилцааны алба гарын үсэг зурдаггүй /Иргэн О.Байгальд ЗДТГ-аас төлөх төлбөрт барьцаалж хууль бус шаардлага тавьдаг/-гээс шалтгаалж барилгыг бүхэлд нь улсын комисс хүлээж авсан акт гараагүй, энэ акт гараагүй тул нэг ч өмчлөгчид үл хөлдөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байгаа. Иргэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд асуудал тавьснаар одоо энэ зөрчил арилах шатандаа яваа ба улсын комиссын акт гармагц "д" ХХК-д өмчлөх эрх олгоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгнө. Иргэний хуулийн 248.2-т зааснаар "д" ХХК 12кв.м талбай бүхий эд хөрөнгийг хүлээн авсан. Хэрэв "д" ХХК өмнө хийсэн эрхийн байдал нь гуравдагч этгээдээс хамаарч байгаа үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан, эрхийн байдал нь зөрчилгүй болмогц өмчлөлдөө шилжүүлэх тохиролцоноосоо татгалзаж байгаа бол манай "ц а х" ХХК нэг кв.метр талбай бүхий хэсгийг сарын 20 000 төгрөгөөр хөлсөлдөг, түрээслэдэг жишиг тарифаараа тооцон "д" ХХК-иас сарын /12х20 000/ 240 000 төгрөг, жилийн /240 000х12=2 880 000 төгрөг, 4 жил хагасын 12 960 000 мянган төгрөг, гэрээний үнийн дүнгийн зөрүү 5 954 000 төгрөг бүгд 18 914 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно.

3. Алдангийн тухайд. "д" ХХК нь нэгэнт гэрээт ажлын хөлсөнд тооцон захиалагчийн тодорхой үнэ бүхий,/ 32,4 сая төгрөг/ хөрөнгийг хүлээн авч ашигласан, 9 900 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авсан тул захиалагч үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан гэх үндэслэл байхгүй. Нөгөө талаар талууд гэрээ байгуулж гэрээт ажлыг хүлээлцээд 4 жил хагасын хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа дууссан тул шаардах эрхээ алдсан байна. Иймд "д" ХХК-ийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.б шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний хувьд: цмаркет худалдааны төвийн гадна зам талбай, хаяавч тохижилтийн ажил гүйцэтгүүлэхээр 2016.10.05-нд 16 346 000 төгрөгийн үнийн дүн бүхий. 2016 оны 10 сарын 22-нд 20 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан талаар маргах зүйлгүй. Гэрээний үүргийн биелэлт: 2016 оны 10 сарын 05-нд байгуулсан 16 346 000 төгрөгийн гэрээний ажлын гүйцэтгэл болох барилгын зоорийн давхарын хаалганы урьд хэсэг, зүүн талын явган замыг хийж гүйцэтгэсэн. 2016 оны 10 сарын 22-нд байгуулсан гэрээний ажлын 20 000 000 төгрөгийн үнийн дүнд багтах барилгын баруун талын машин зорчих нэг урсгалтай нарийн зам, барилгын хойд болон зүүн талын хаяавч бетон хийц зэргийг хүйтэн сэрүүний улиралд барилгын норм дүрмийн дагуу дараа жил үргэлжлүүлж хийхээр орхисон. Гэвч дараа жил нь ажлыг хариуцагч Мэдбаяр болон Дөл -Арт" ХХК дутуу ажлаа гүйцээгээгүй. Орхигдсон ажлын зарим хэсгийг аймаг хөрөнгө гарган гүйцэтгэсэн болно. Үлдсэн ажлын зургийг хавсаргав. Ажлын хөлсөнд 9 900 000 төгрөгийг "д" ХХК-д төлсөн. Улмаар барилга 2016 оны 12 сард ашиглалтанд орж "д ХХК-д дутуу төлсөн ажлын хөлсөнд хамааруулж дараа жилийн ажлын гүйцэтгэлээр тооцоо дуусгаж өмчлөлд нь шилжүүлэх аман хэлэлцээр 12 м2 талбайг эзэмшилд нь өгсөн. "ц а х ХХК-с өмнө гаргасан тайлбарт тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсийн баримт мэдээлэл дутмаг байдлаас зөрүүтэй байсныг залруулж байна. Мэндбаяр болон "д" ХХК олгосон 12 м2 талбайг өнгөрсөн хугацаанд ашиглаж үр өгөөжийг хүртэж байгаа. "ц а х ХХК-ийн зүгээс шийдвэрлэх санал: 2016.10.22-ны гэрээнд заасан 20 00 000 төгрөгийн ажил хийгдээгүй тул /зарим ажлыг аймаг хөрөнгө гарган хийсэн/ гэрээний үүргээ биелээгүй гэж үзэн гэрээг цуцлах саналтай байна. 2016.10.05-ны гэрээнд заасан 16 346 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзээд /ажил хүлээлцсэн акт хавсаргав/ ажлын хөлсөнд урьдчилж өгсөн 9 900 000 төгрөгийг суутган "д ХХК-д 6 446 000 төгрөгийн өглөгтэй гарч байна. Өнгөрсөн 60 сарын /2021 оны 12 сарыг дуустал түрээсээ авсан байна/ хугацаанд "ц а х ХХК-ийн 12 м2 талбайг ашиглаж /компаний үнээр түрээсийн орлого 12*20000=240 000 сарын түрээс 240 000*60 = 14 400 000 төгрийн орлого олж / ирсэн байдлыг дүйцүүлэн тооцож алданги төлбөр зэргийг дурсахгүй байхыг санал болгож байна. Компаний 32,4 сая төгрөгийн үнэ бүхий талбайг ашиглаж ирсэн, 9 900 000 төгрөгийг "д ХХК-д төлсөн тул үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан гэх үндэслэл байхгүй. 2016.10.5-ны гэрээний үлдэгдэл төлбөр болох 6 446 000 төгрөгийг "ц а х ХХК-с "д ХХК-д төлж болохыг зөвшөөрч байна. Харин д ХХК нь эзэмшиж байсан 12 м2 талбайг "д" ХХК нь ц а х ХХК-д хүлээлгэж өгнө. д ХХК нь 12 м2 талбайг өмчлөх тохиолдолд 12 м2*2700 000=32 400 000 төгрөгөөс 6 446 000 төгрөгийг хасахаар 25 954 000 төгрөгийн төлбөрийг "ц а х ХХК-д төлснөөр эзэмших эрхтэй болно гэж үзэж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч д ХХК нь ц а х ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 39 669 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2016/10/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж ц а х ХХК-г төлөөлж захирал Ц.Ойдов, д ХХК-г төлөөлж захирал А.Ариунтунгалаг нар Уурхайчин баг Хүлэг захын ард байрлах худалдаа үйлчилгээний төвийн гадна тохижилтын ажлыг 16 346 000 төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгэхээр тохирсон,

мөн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээт ажлын үнэ 20 000 000 төгрөг байхаар тохиролцсон байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр гэрээ болохыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 504 дугаартай шийдвэрээр дүгнэсэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...цмаркет худалдааны төвийн гадна зам талбайн тохижилтын ажил гүйцэтгүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 05-нд 16 346 000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2016 оны 10 дугаар сарын 22-нд 20 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргахгүй. д ХХК-д гэрээний үүрэгт 9 900 000 төгрөгийг өгсөн. Эхний 16 346 000 төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээн дээр бол маргахгүй, гэрээний дагуу ажил хийгдээд дууссан. Харин 20,0 сая төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч нь дутуу хийсэн. Хаяавч хийх, баруун талын нарийн зам хийх, Орос хүнсний тэрүүгээр цементлэх байсан энэ ажлаа хийгээгүй. Энэ талаар Мэндбаяртай аман байдлаар тохирсон юм. Нэхэмжлэгчтэй тохиролцон Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт цхудалдааны төвийн 3 давхарт байхлах 12 м2 талбай бүхий хэсгийг нэг кв.метрийг 2 700 000 төгрөгөөр тооцон үлдэгдэл ажлын хөлсөнд дүйцүүлэн өгсөн. Уг талбайг нэхэмжлэгч нь сар бүр түрээслүүлж ашиг олж байгаа. Тиймээс түрээсийн орлоготой дүйцүүлж одоо 6 446 000 төгрөгийг өгөх боломжтой. Гэрээний үүрэгт тохирч өгсөн 12 м2 талбайгаа өгөхгүй... гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.-д захиалагч төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ.

Дээрхи заалтуудаас үзэхэд д ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хөлс, мөн гэрээний дагуу алданги шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч тал гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн цхудалдааны төвийн 3 давхарт 308 тоот 12 м.кв хэмжээтэй талбайг д ХХК-д эзэмшүүлэхээр тохиролцсон боловч одоог хүртэлх хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг д ХХК-ийн нэр дээр шилжүүлээгүй, шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тохиролцсон талбайгаа өгөхгүй, тооцоо нийлсэн актаа хийгээгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1.-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэжээ.

Талууд Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой өөрөөр хэлбэл тухайн үед Ажил гүйцэтгэх гэрээнийхээ ажлын хөлсөнд д ХХК-д ц а х ХХК нь цхудалдааны төвийн 3 давхарт байрлах 308 тоот 12 м2 хэмжээтэй талбайг шилжүүлсэн гэдэгтэй маргаагүй, зохигчийн хэн аль нь хүлээн зөвшөөрдөг байдал нь гэрээгээ дүгнээд ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзэхээр байна.

Хэдийгээр д ХХК нь хариуцагчтай тохиролцон цхудалдааны төвийн 3 давхарт байрлах 308 тоот 12 м2 хэмжээтэй талбайг өөрийн эзэмшилдээ авсан ч албан ёсоор улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өмчлөлд нь шилжүүлж өгөлгүй 5 жил болсон байх тул д ХХК нь шүүхэд хандан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Тус шүүхийн 2021-06-02-ны өдрийн 142/ШШ2021/00504 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ц а х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: д ХХК-д өгөхөөр тохирсон талбайг тухайн үед газрын асуудалтай байсан тул гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байсан. Харин 2021 оны 07 дугаар сард энэ асуудлыг шийдсэн тул гэрчилгээ гаргах боломжтой болсон. Одоо уг талбайг нэхэмжлэгчид шилжүүлэхгүй... гэсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцсоны дагуу цхудалдааны төвийн 3 давхарт байрлах 308 тоот 12 м2 хэмжээтэй талбайг 2016 оноос хойш одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Нэгэнт нь хариуцагч нь ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон цхудалдааны төвийн 3 давхарт байрлах 308 тоот 12 м2 хэмжээтэй талбайгаа өгөхгүй гэж байгаа бол гэрээнд заасан ажлын хөлс, хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүргээс 9 900 000 төгрөгийг төлсөн гэдэгтэй маргаагүй тул үндсэн үүрэг 26 446 000 төгрөг, алданги 13 223 000 төгрөг нийт 39 669 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин хариуцагчийн төлөөлөгч 2016-10-22-ны өдрийн 2016/10/26 дугаартай 20,0 сая төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээт ажлыг дутуу хийсэн гэх боловч энэ талаар ямар ажлыг дутуу хийснээ хариуцагч баримтаар нотлоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ц а х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжаар 356 295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д ХХК-д олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч ц а х ХХК-иас 39 669 000 төгрөг гаргуулан д ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ц а х ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 356 295 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА