Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 14

 

“........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“........” ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/01137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “........” ХХК-нд холбогдох,  

 

 “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 39.669.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “........” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “........” ХХК нь барилга угсралт, бетон эд анги үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ........ ХХК-тай 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Уурхайчин багт баригдаж буй ........ худалдааны төвийн гадна тохижилтын 16.346.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгээд дараа нь мөн гадна тохижилтын ажил хийхээр 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг 2 компани байгуулж 20.000.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед гэрээнд бэлэн мөнгө өгөхөөр заасан боловч бэлэн мөнгө өгөх боломжгүй байгаа тул баригдаж буй барилгад 12мкв талбайг бартераар эзэмшүүлэхээр тохиролцсон. Уг талбайг барилга баригдаж дуусмагц манай компанийн нэр дээр гэрчилгээг гаргаж өгнө гэсэн нөхцөлтэйгөөр 2 компани харилцан тохиролцож манайх ажлаа гэрээнд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэсэн, “........” ХХК ч гэсэн гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах ........ худалдааны төвийн 3 дугаар давхарт 308 тоот 12 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө буюу лангууны талбайг манай компанид өгсөн. Гэхдээ “........” ХХК, ........ худалдааны төв нь одоохондоо банкны барьцаанд байгаа тул үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй иймд гэрчилгээгүй эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж бай, барьцаанаас гарангуут үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Манай компани нь 308 тоот талбай бүхий үл хөдлөх хөрөнгө буюу лангууны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “........” ХХК-ний нэр дээр гаргуулахыг “........” ХХК-д даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан боловч Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 504 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба шүүхийн үндэслэх хэсэгт талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 36 346 000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулан ажил гүйцэтгэсэн ба гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээ захиалагчаас нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласан. Иймд “........” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “........” ХХК-тай 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ........ худалдааны төвийн гадна тохижилтын 16 346 000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 20.000.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний Зургаа дах бүлгийн 6.1-т "... Захиалагч төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд нийт дүнгийн 0.1 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу алдангийг тооцохоор нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар 1703 хоног хэтэрсэн ба 0.1 хувийн алдангийг тооцохоор 27 837 238 төгрөг болж байгаа боловч алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу алдангид 8.173.000 төгрөгийг нэхэмжилнэ. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ- ний Зургаа дах бүлгийн 6.1-т ...Захиалагч төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд нийт дүнгийн 0.1 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу алдангийг тооцохоор нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар 1690 хоног хэтэрсэн ба 0.1 хувийн алдангийг тооцохоор 33.800.000 төгрөг болж байгаа боловч алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу алдангид 10.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Ажил гүйцэтгэх 2 гэрээний нийт үнийн дүн нь 36.346.000 төгрөгийг манай компани шаардах эрхтэй ба “........” ХХК нь урд болсон шүүх хурал дээр Мэндбаярт 4.900.000 төгрөг, Ариунтунгалагт 5.000.000 төгрөг буюу нийтдээ 9.900.000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан тул 36.346.000 төгрөгөөс 9.900.000 төгрөгийг хасахаар 26.446.000 төгрөгийг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангид 13.223.000 төгрөг, нийтдээ 39.669.000 төгрөгийг шаардах эрх “........” ХХК-д үүсч байгаа юм. “........” ХХК, “........” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2016/10/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 16.346.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 2016/10/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20.000.000 төгрөг нийт 36.346.000 төгрөгөөс “........” ХХК-д төлсөн 9.900.000 төгрөгийг хасаад 26.446.000 төгрөгийг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангид 13.223.000 төгрөг, нийтдээ 39.669.000 төгрөгийг “........” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

........" ХХК нь манай "........" ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 26.446.000 төгрөг, алдангид 13.223.000 төгрөг, бүгд 39.669.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг 2021 оны 07 сарын 07-нд шүүхээс хүлээн авч танилцлаа. "........" ХХК-ийн нэхэмжлэл дараах байдлаар үндэслэлгүй байна.

 

1. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд. ........ маркет худалдааны төвийн гадна зам талбайн тохижилтын ажил гүйцэтгүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 05-нд 16.346.000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2016 оны 10 дугаар сарын 22-нд 20.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан талаар маргах зүйлгүй. Энэ гэрээг хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ болохыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны 00504 тоот шийдвэрээр тогтоосон. Гэрээний үнийн дүн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудын хооронд маргаан байхгүй.

2. Гэрээний үүргийн биелэлтийн хувьд. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч "........" ХХК ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж үзэж гэрээт ажлын хөлсийг дараах байдлаар тооцож дуусгавар болгосон. Үүнд: а. "........" ХХК-ийн үүсгэн байгуулагч, энгийн хувьцааг дангаараа эзэмшигч А.Ариунтунгалаг болон түүний нөхөр засварын ажлыг хүлээлгэн өгсөн Б.Баярхүү нарт мөнгөн хэлбэрээр 9.900.000 төгрөгийн төлбөр хийсэн. Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч байгаа ба талуудын хооронд маргаангүй байна.

б. "........" ХХК нь ажил гүйцэтгэгч "........" ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр ........ маркет худалдааны төвийнхөө 3 дугаар давхарт 12 метр квадрат талбай бүхий хэсгийг нэг кв.метрийг 2.700.000 төгрөгөөр тооцон үлдэгдэл ажлын хөлсөнд дүйцүүлэн 2017 онд "........" ХХК-д шилжүүлсэн ба тэд үүнээс хойш барилгын үйлчилгээний энэ хэсгийг өөрийн бүрэн эзэмшилд байлгаж ашиглаж байгаа. ........ маркет худалдааны төвд олон арван иргэн, хуулийн этгээд тодорхой хэсгийг өмчилж эзэмшдэг ба төрийн байгууллагын зүгээс шалтгаалж барилгыг ашиглалтад хүлээн авах актанд Газрын харилцааны алба гарын үсэг зурдаггүй /Иргэн О.Байгальд ЗДТГ-аас төлөх төлбөрт барьцаалж хууль бус шаардлага тавьдаг/-гээс шалтгаалж барилгыг бүхэлд нь улсын комисс хүлээж авсан акт гараагүй, энэ акт гараагүй тул нэг ч өмчлөгчид үл хөлдөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байгаа. Иргэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд асуудал тавьснаар одоо энэ зөрчил арилах шатандаа яваа ба улсын комиссын акт гармагц "........" ХХК-д өмчлөх эрх олгоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгнө. Иргэний хуулийн 248.2-т зааснаар "........" ХХК 12кв.м талбай бүхий эд хөрөнгийг хүлээн авсан. Хэрэв "........" ХХК өмнө хийсэн эрхийн байдал нь гуравдагч этгээдээс хамаарч байгаа үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан, эрхийн байдал нь зөрчилгүй болмогц өмчлөлдөө шилжүүлэх тохиролцооноосоо татгалзаж байгаа бол манай "........" ХХК нэг кв.метр талбай бүхий хэсгийг сарын 20.000 төгрөгөөр хөлсөлдөг, түрээсэлдэг жишиг тарифаараа тооцон "........" ХХК-иас сарын /12х20 000/ 240.000 төгрөг, жилийн /240.000х12=2.880.000 төгрөг, 4 жил хагасын 12.960.000 мянган төгрөг, гэрээний үнийн дүнгийн зөрүү 5.954.000 төгрөг бүгд 18.914.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно.

3. Алдангийн тухайд. "........" ХХК нь нэгэнт гэрээт ажлын хөлсөнд тооцон захиалагчийн тодорхой үнэ бүхий,/ 32,4 сая төгрөг/ хөрөнгийг хүлээн авч ашигласан, 9.900.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авсан тул захиалагч үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан гэх үндэслэл байхгүй. Нөгөө талаар талууд гэрээ байгуулж гэрээт ажлыг хүлээлцээд 4 жил хагасын хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа дууссан тул шаардах эрхээ алдсан байна. Иймд "........" ХХК-ийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд: ........ маркет худалдааны төвийн гадна зам талбай, хаяавч тохижилтын ажил гүйцэтгүүлэхээр 2016.10.05-нд 16.346.000 төгрөгийн үнийн дүн бүхий. 2016 оны 10 сарын 22-нд 20.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан талаар маргах зүйлгүй. Гэрээний үүргийн биелэлт: 2016 оны 10 сарын 05-нд байгуулсан 16 346 000 төгрөгийн гэрээний ажлын гүйцэтгэл болох барилгын зоорийн давхрын хаалганы урьд хэсэг, зүүн талын явган замыг хийж гүйцэтгэсэн. 2016 оны 10 сарын 22-нд байгуулсан гэрээний ажлын 20.000.000 төгрөгийн үнийн дүнд багтах барилгын баруун талын машин зорчих нэг урсгалтай нарийн зам, барилгын хойд болон зүүн талын хаяавч бетон хийц зэргийг хүйтэн сэрүүний улиралд барилгын норм дүрмийн дагуу дараа жил үргэлжлүүлж хийхээр орхисон. Гэвч дараа жил нь ажлыг хариуцагч Мэндбаяр болон “Дөл -Арт" ХХК дутуу ажлаа гүйцээгээгүй. Орхигдсон ажлын зарим хэсгийг аймаг хөрөнгө гарган гүйцэтгэсэн болно. Үлдсэн ажлын зургийг хавсаргав. Ажлын хөлсөнд 9.900.000 төгрөгийг “........” ХХК-д төлсөн. Улмаар барилга 2016 оны 12 сард ашиглалтанд орж “........” ХХК-д дутуу төлсөн ажлын хөлсөнд хамааруулж дараа жилийн ажлын гүйцэтгэлээр тооцоо дуусгаж өмчлөлд нь шилжүүлэх аман хэлэлцээр 12 м2 талбайг эзэмшилд нь өгсөн. “........” ХХК-с өмнө гаргасан тайлбарт тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсийн баримт мэдээлэл дутмаг байдлаас зөрүүтэй байсныг залруулж байна. Мэндбаяр болон “........” ХХК олгосон 12 м2 талбайг өнгөрсөн хугацаанд ашиглаж үр өгөөжийг хүртэж байгаа. “........” ХХК-ийн зүгээс шийдвэрлэх санал: 2016.10.22-ны гэрээнд заасан 20.00.000 төгрөгийн ажил хийгдээгүй тул /зарим ажлыг аймаг хөрөнгө гарган хийсэн/ гэрээний үүргээ биелээгүй гэж үзэн гэрээг цуцлах саналтай байна. 2016.10.05-ны гэрээнд заасан 16 346 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзээд /ажил хүлээлцсэн акт хавсаргав/ ажлын хөлсөнд урьдчилж өгсөн 9.900.000 төгрөгийг суутган “........” ХХК-д 6.446.000 төгрөгийн өглөгтэй гарч байна. Өнгөрсөн 60 сарын /2021 оны 12 сарыг дуустал түрээсээ авсан байна/ хугацаанд “........” ХХК-ийн 12 м2 талбайг ашиглаж /компанийн үнээр түрээсийн орлого 12*20000=240.000 сарын түрээс 240.000*60 = 14.400.000 төгрөгийн орлого олж / ирсэн байдлыг дүйцүүлэн тооцож алданги төлбөр зэргийг дурсахгүй байхыг санал болгож байна. Компанийн 32,4 сая төгрөгийн үнэ бүхий талбайг ашиглаж ирсэн, 9.900.000 төгрөгийг “........” ХХК-д төлсөн тул үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан гэх үндэслэл байхгүй. 2016.10.5-ны гэрээний үлдэгдэл төлбөр болох 6.446.000 төгрөгийг “........” ХХК-аас “........” ХХК-д төлж болохыг зөвшөөрч байна. Харин “........” ХХК нь эзэмшиж байсан 12 м2 талбайг “........” ХХК нь “........” ХХК-д хүлээлгэж өгнө. “........” ХХК нь 12 м2 талбайг өмчлөх тохиолдолд 12 м2*2.700.000=32.400.000 төгрөгөөс 6.446.000 төгрөгийг хасахаар 25.954.000 төгрөгийн төлбөрийг “........” ХХК-д төлснөөр эзэмших эрхтэй болно гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/01137 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “........” ХХК-иас 39.669.000 төгрөг гаргуулан “........” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “........” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 356.295 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал, өмгөөлөгч Р.Нямцэрэн нар давж заалдсан гомдолдоо:

“........” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “........” ХХК-д холбогдох үүргийн гүйцэтгэлд 26 446 000, алдангид 13 223 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 42/ШШ2021/01137 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд: Нэг. Талуудын гэрээний үүргийн гүйцэтгэлийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. ........ худалдааны төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг аман тохиролцоогоор хийлгэн гүйцэтгэгч талаас инженер Б.Баярхүү, захиалагч талаас инженер Ш.Оюун нар гарын үсэг зуран 2016 оны 09 сарын 25-нд акт үйлдсэн байна. Энэ акт хариуцагч талд байгаа ба шүүхэд нотлох баримтаар өгөөгүй байна.Ажлын хэмжээ, гүйцэтгэлийн төсөв, төлөх төлбөрийг тодотгох зорилгоор ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 05-нд 16 346 000 төгрөгөөр, мөн оны 10 дугаар сарын 22-нд 20 000 000 төгрөгөөр нөхөн байгуулсан байна. 10 дугаар сарын 05-ны гэрээний 1.1-д “Хүлэг захын ард байрлах худалдаа үйлчилгээний төв" гэсэн ажил гүйцэтгэхээр, 10 дугаар сарын 22-ны гэрээний 1.3-т гэрээний салшгүй хэсэг болох хавсралтад заасан ажлыг гүйцэтгэхээр тус тус заажээ. Шүүх хуралдааны тэмдэглээс үзвэл шүүх хуралдаан дээр гэрээ бүрээр ямар ажил гүйцэтгэх ёстой ба түүнийг хэрхэн гүйцэтгэсэн болох өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх, үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэх байдал бүрэн тогтоогдсон гэх үндэслэлгүй байх ба шүүгчийн тодруулгаас өөр энэ байдлыг нотлох баримт авагдаагүй байхад зөвхөн Иргэний хуулийн 343, 346 дугаар зүйл, талуудын тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангасан байдалд зов дүгнэлт өгөөгүй байна. “........” ХХК нь ажлын хөлсөнд 9.900.000 төгрөгийг мөнгөөр төлбөр хийж, үлдэх төлбөрт “........” ХХК-тай тохиролцсоноор өөрийн өмчлөлийн барилгын хэсгээс 12 кв.метр хэсгийг шилжүүлсэн, түүнийг тус компани үүргийг гүйцэтгэлд хүлээн авсан болох нь нэхэмжлэлийн үндэслэл Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны 00504 тоот шийдвэрээр маргаангүй байна. Харин уг 12 кв.м хэсгийг улсын бүртгэлд бүртгүүлэн “........” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх асуудал “........” ХХК-иас шалтгаалаагүй, гуравдагч этгээд буюу төрийн байгууллагаас шалтгаалсан болох нь 00504 тоот хэрэгт байгаа ........ маркет худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэдийн 2021.04.02-нд Орхон аймгийн Засаг даргад гаргасан гомдол, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016.12.28-ны актыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл гарын үсэг зурахгүй саатуулж улмаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч асуудал тавьснаар 2021 оны 07 дугаар сард албажсан байдлаар тогтоогдсон байна. Энэ хэргийн хариуцагч буюу ажил гүйцэтгэх гэрээний захиалагч “........” ХХК-ийн хувьд 12 кв.м барилгын хэсгээ өгөхгүй гэж анхны тайлбараа өөрчилснийг буруутгах болон үүргийн гүйцэтгэлийг огт гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. “........” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь мөнгөөр буюу 26.446.000 төгрөг нэхэмжилж байгаа нөхцөлд мөнгөн төлбөр болон үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн эд хөрөнгөө аль алиныг зөвшөөрөх боломжгүй юм. ........ маркет худалдааны төвийн барилга 2017 оны 01 сараас ашиглагдаж эхэлсэн ба “........” ХХК нь 12кв.м хэсгийг 2017 оны 04 сараас хүлээн авч эзэмшсэн ба түүнээс хойш сард 200.000 -250.000 төгрөгөөр түрээсэлсэн гэвэл 44 сард /44 х 250 000/ даруй 11.000.000 төгрөг олсон байх үндэслэлтэй байна. Дээрх хугацаанд уг хэсгийг түрээсэлсэн хүмүүсийг бид олж тогтоож байгаа ба хэрэгт А.Уранцэцэгтэй хийж байсан гэрээ, М.Ганцэцэгийн тодорхойлолт зэрэг шүүх дүгнэлт хийж болох баримт бий. “........” ХХК үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь мөнгөөр шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 93.2, 96.3-д зааснаар тус компанийн эзэмшил дуусгавар болох ба хөрөнгийн үр шимийг хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч олж авах эрхтэй тул олсон орлогыг үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцуулах ёстой. Шаардах эрхийн тухайд ........ маркет худалдааны төвийн ажлыг “........” ХХК-иар гүйцэтгүүлэн 2016 оны 09 сарын 25-нд хүлээлцсэн акт байдаг бөгөөд энэ акт болон нөхөн байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 05, 22-оор захиалагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүрэг гүйцэтгэгчид үүссэн байна. Гэтэл үүргийн гүйцэтгэлд 2017 оны 04 дүгээр сард эд хөрөнгө хүлээн авч ашиглаж байгаад “........” ХХК уг эд хөрөнгөө буцаан авах ямар нэгэн шаардлага гаргаагүй байхад 2021 оны 06 сарын 28-нд үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр шаардсан болон алданги тооцсон нэхэмжлэл гаргасан байдлын хөөн хэлэлцэх хугацаанд шүүх дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. М.Ганцэцэгийн гаргасан тодорхойлолт болон бодит байдлаар 12 кв.м хэсгийг “........” ХХК 2021 оны дуустал түүнд хөлслүүлэн мөнгийг бөөнөөр авсан байх бөгөөд одоо хүртэл “........” ХХК-д буцаан өгөөгүй байна. Энэ нөхцөлд “........” ХХК-ийг “........” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн хугацаа хожимдуулсан хийгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах хугацааг хэдийгээс эхлэн тооцох, үүнээс үндэслэн алданги тооцох эсэх асуудал гарч ирнэ. Шүүхийн 01137 тоот шийдвэрт энэ талаар “талбайгаа өгөхгүй” гэсэн тайлбараар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 222.2-т заасныг зөрчсөн байна. Иймд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны 01137 тоот шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Давж заалдах шатны шүүхээс энэ гомдолд дурдсан зарим нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь талуудын эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой гэж үзвэл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж болох үндэслэл бий болно гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав давж заалдсан гомдолд хариу тайлбар гаргахдаа:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байдаг ба хариуцагч өөрийнхөө татгалзлыг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул тухайн байгууллагад ямар баримт байгааг шүүгч мэдэх боломжгүй юм. Ажил гүйцэтгэх гэрээ нь тус тусдаа ажил хийж гүйцэтгэсэн гэрээ ба нөхөн байгуулсан гэрээ бол биш юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээг байгуулан “Дөл Арт”ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, “........” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч зохих хөлсийг буюу “........” худалдааны төвд лангуугаа өгсөн. Эндээс харахад ажил гүйцэтгэх гэрээний хувьд ямар нэгэн доголдол, гологдол гаргаагүй бөгөөд “........” ХХК нь хэрэв ажлын гологдол дутуу ажил хийсэн гэж үзсэн бол Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар 3 жилийн хугацаанд гомдлоо гаргах эрхтэй байсан. “........” ХХК гомдол гаргаагүй нь ажил бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэн тохиролцсон ёсоор лангуугаа өгснөөр тодорхой харагдаж байгаа юм.“........” ХХК нь үл хөдлөх хөрөнгө буюу “........” маркет худалдааны төвд 12 мкв хэмжээтэй лангууны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хүссэн, гэтэл “........” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, мөн төлбөр төлөхгүй гэж байгаа нь бусдын хийсэн ажлын үнэ цэнийг үнэгүйдүүлж байна. “........” ХХК-ний хийсэн ажил одоо ч гэсэн хүн бүхний нүдэн дээр ил харагдаж байгаа, хийсэн ажил нь анх хийсэн шиг эвдрэл гэмтэл багатай байгаа ба “........” маркет нь хэвийн ажилласаар 5 орчим жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд тус компанийн хийсэн ажлын төлбөр болох 12 мкв талбай бүхий лангууны гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг л шаардсан боловч гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн тул гэрээний дагуу мөнгөн төлбөрийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэж шийдвэрээ гаргадаг түүнээс биш хариуцагчийн цуглуулж, эрэн сурвалжилж байгаа баримт нотолгоог урьдчилан тааварлаж, мэдэж түүнд нь үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нотлох баримтаа өөрөө цуглуулж шүүхэд өгөх ёстой. “Дөр Арт” ХХК, “........” ХХК-ний хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг лангууг төлбөртөө авсан, энэ лангууны эзэмшигч нь “........” ХХК мөн гэдэгтэй “........” ХХК маргадаггүй. Энэ лангууг хэрхэн яаж эзэмшиж ашиглах нь “Дөл Арт” ХХК-ний эрх, энэ лангуугаа зарах гэхээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаарддаг тул гэрчилгээгээ гаргаж өгөхийг хүссэн боловч “........” ХХК гаргаж өгөөгүй. Тэгэхээр уг лангууны үнэ нь өнөөдөр тус компаниас нэхэмжлээд байгаа ажил гүйцэтгэх гэрээний төлбөр юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар “........” ХХК-ний буруугаас болж хугацаа хэтэрсэн нөхцөл байдал бий болоогүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний хувьд “........” ХХК-ний буруутай үйлдлээс болж маргаан үүссэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байх тул Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1137 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “........” ХХК нь хариуцагч “........” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 39.669.0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “........” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ. Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2016/0/05 дугаартай ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдаж Баян-Өндөр сум Уурхайчин баг Хүлэг захын ард байрлах ........ худалдаа үйлчилгээний төвийн гадна тохижилтын 16.346.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэх, мөн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2016/10/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 20.000.000 сая төгрөгийн гадна тохижилтын ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч “........” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 05, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдэд үндэслэн тодорхойлсон ба хариуцагч “........” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ ........ маркет худалдаа үйлчилгээний төвийн гадна зам талбайн тохижилтыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20.000.000 төгрөгийн ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн, хаяавч хийх, баруун талын нарийн зам хийх, Орос хүнсний орчмыг цементлэх ажлуудаа хийж дуусгаагүй гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд “........” ХХК, “........” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 05, 22-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус сумын Уурхайчин баг Хүлэг захын ард байрлах ........ худалдаа үйлчилгээний төвийн гадна тохижилтын ажлыг 16.346.000 төгрөг, 20.000.000 төгрөгийн өртөгтэйгөөр хийхээр тохиролцон ба хариуцагч “........” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 9.900.000 төгрөгийг /16.346.000 төгрөгөөс/ ........” ХХК-нд төлсөн, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр 20.000.000 төгрөгийн ажлын хөлсөнд 2016 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон үйлчилгээний төвийн 3 давхарт байрлах 12 м2 талбайг өгөхөөр тохирсон, тухайн талбайг “........” ХХК эзэмшилдээ авч бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулсан, тус талбайг эзэмшилдээ авсан боловч албан ёсоор улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, өмчлөлд нь шилжүүлээгүй байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх талууд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд “........” ХХК-нд “........” ХХК нь ........ худалдаа үйлчилгээний төвийн 3 давхарт байрлах 308 тоот 12 м2  талбайг шилжүүлсэн гэдэгтэй талууд маргаагүй, зохигчдын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг байдал нь гэрээг дүгнээд ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч “........” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүргээс 9.900.000 төгрөгийг төлсөн гэдэгтэй маргаагүй тул үндсэн үүрэг 26.446.000 төгрөг, алданги 13.223.000 төгрөг нийт 39.669.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343, 232 дугаар зүйлүүдэд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Хариуцагч “........” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлын хөлс 16.346.000 төгрөгөөс 9.900.000 төгрөгийг төлж 6.446.0000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байх тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.-т заасан хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож, гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу 3.223.000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй.

Харин 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20.000.000 сая төгрөгийн ажлын хөлсөнд ........ худалдаа үйлчилгээний төвийн 3 давхрын 308 тоот 12 м2 бүхий талбайг хүлээлгэн өгсөн /уг үйлчилгээний төв 2016 оны 12 дугаар сард ашиглалтанд орсноос хойш/ “........” ХХК бусдад түрээслэн ашиг олж байгаа тул 20.000.000 төгрөгийн гэрээний үүргийг хариуцагч “........” ХХК-ийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. 

Иргэний хуулийн 346 дугаар 346.1.-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж хөлс төлөх хугацааг тодорхойлсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талуудын чөлөөт байдлын үндсэн дээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Хариуцагч “........” ХХК нь 20.000.000 төгрөгийн ажлын хөлсөнд 12 м2 талбайг “........” ХХК-ны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй нь тухайн хариуцагч байгууллагаас шалтгаалаагүй болох нь /төрийн байгууллагын зүгээс шалтгаалж барилгыг ашиглалтанд хүлээн авах актанд газрын харилцааны алба гарын үсэг зурдаггүй, барилга барьцаанд байсан зэрэг нөхцөл байдал/  тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“........” ХХК нь шүүхэд хандан 12 м2 талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/00504 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2016/10/26 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 20.000.000 төгрөгийн ажлаас барилгын баруун талын машин зорчих 1 урсгалтай нарийн зам, барилгын хойд болон зүүн талын хаяавч бетон хийц зэргийг хийгээгүй үлдээснийг аймаг хөрөнгө гарган хийж гүйцээсэн гэсэн тайлбар татгалзал гарган мэтгэлцэж байгаа боловч татгалзал тайлбараа нотлоогүй, энэ талаар нотлох баримт шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/01137 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “........” ХХК-иас 39.669.000 төгрөг гаргуулан “........” ХХК-д олгосугай...” гэснийг “....Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “........” ХХК-иас 6.446.000 төгрөг, алданги 3.223.000 төгрөг нийт 9.669.000 гаргуулан “........” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “........” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 356.295 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “........” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 169.654 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 356.295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ