Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2021/00541

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-5-84 тоотод оршин суух Шагдар овгийн Төмөрбаатарын Т.С /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй, /утас/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Найрамдал талбай Э.Ө ТӨҮГ-ийн төв байранд байрлах, Э.Ө ТӨҮГ-т холбогдох, /утас: /

Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, М.Гантулга, иргэдийн төлөөлөгч Г.Болорцэцэг, шинжээч Д.Хасбаатар, Д.Эрдэнэчимэг нар /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Миний бие Орхон аймагт 1972 оноос хойш нийт 48 жил амьдарч байгаа. Би анх 1990 онд үхрийн аж ахуй эрхэлдэг байсан ба үхрээ хайж яваад Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын нутаг дэвсгэрт Э.Ө-ийн Баяжуулалтын хаягдал тээвэрлэх хоолойноос газар ихээр асгарч, бөөгнөрсөн шаварт үхэр шигдэж гарч чадахгүй байдалтай байхад нь олсон. Улмаар үхрээ шавраас гаргаж 5 тн орчим усаар угаасан боловч шавар гүйцэд арилалгүй наалданги үүсч энэ нь миний сонирхлыг их татсан. Үүнээс улбаалан Э.Ө-ийн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг наанги шавраар дарах тухай шийдлийг бий болгосон. 1996 оноос 2016 он хүртэл 20 жилийн хугацаанд энэхүү санаагаа боловсронгуй болгох зорилгоор цагаан тоос дарах өөр олон төрлийн үйлдвэрт хийсэн арга зүй, эрдэмтдийн судалгаатай танилцаж судалгааг тасралтгүй хийсээр ирсэн. Би ямар нэгэн нэмэлт материал хэрэглэхгүйгээр хаягдлын аж ахуйн өөрийн материалыг ашиглан цагаан тоос дарах шийдлийг боловсруулж энэхүү бүтээлдээ Далангийн цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга гэж нэр өгч Оюуны өмчийн газарт 2016 оны 10 дугаар сард мэдүүлэг гаргаж улмаар Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар Шинэ бүтээлийн патент олгогдсон. Би Төсомө ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал бөгөөд Э.Ө-тэй 2011 оноос тоног төхөөрөмж угсралт, засвар үйлчилгээ хиймэл далангийн хоолой угсралт зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг байсан бөгөөд дээрх судалгаа, шинжилгээ туршилтын ажлыг явуулах явцдаа шинэ бүтээлээ ашиглан Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг байгалийн давхаргыг бий болгож дарах замаар шийдвэрлэх талаар санал, хүсэлтийг бичгээр олон удаа тавьсан болно. Мөн улмаар энэ талаар хурал зөвлөгөөн хийж санал, хүсэлтийг минь авч хэлэлцэж байсан удаатай. Миний бие 2015 онд Э.Ө-т цагаан тоос дарах бүтээлээ танилцуулан эргэлтийн усанд хэрхэн нөлөөлөх талаарх туршилтыг Э.Ө-ийн лаброторт хийсэн. Туршилтын үр дүн өмнө дарж байсан аргуудаас илүү үр дүнтэй бөгөөд хэмнэлттэй болох нь тогтоогдсон. Э.Ө нь 2018 онд миний шинэ бүтээлийн шийдлийг ашиглаж Хаягдлын аж ахуйн цагаан тоос дэгддэг хэсэг болох хиймэл далангийн 12 га газарт бодит туршилт хийж хангалттай үр дүн гарсан. Энэхүү туршилтыг хийхдээ надаас зөвшөөрөл авалгүй нууцаар хийсэн бөгөөд энэ талаар Э.Ө ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн орлогч дарга О.О.Э надад хэлсэн. Миний дээрх Шинэ бүтээлийн шийдлийг Э.Ө нь миний зөвшөөрөлгүйгээр 2019 онд ашиглаж нийт Хаягдлын аж ахуйн цагаан тоостой 1300 орчим талбайн 560 га хэсгийг дарж зохиогчийн эрхийг зөрчиж, энэхүү зөрчил өдийг болтол үргэлжилсэээр байна. Э.Ө-ийн боловсруулж буй хүдрийн 98 хувь нь дурьдсан хаягдлын аж ахуйд очиж, хоёр хувь нь баяжмал болон гадагш худалдан борлуулагддаг. Миний зохиогчийн эрхийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр наанги шавраар хучиж, дарах ажлыг хийсэн бөгөөд цааш үргэлжлүүлж буй болохоо Э.Ө ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн орлогч дарга О.Э montsame.mn сайтд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн ярилцлагдаа тодорхой дурьдсан байдаг. Мөн Э.Ө Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны талаарх техникийн зөвлөгөөний 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалд цагаан тоос дарах асуудлыг авч хэлэлцэх үеэр Баяжуулах үйлдвэрийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батмөнх нь иргэн намайг Шинэ бүтээлийн зохиогч бөгөөд патент эзэмшигч болох талаар дурьдаж, наанги шавраар дарж, хучих санааг хамгийн үр дүнтэй болохыг дурьдсан байдаг. Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 8-д зааснаар шинэ шижлэх ухааны бүтээл бий болгох, үр шимийг хүртэх эрхтэй байтал уг эрхийг зөрчиж буй Э.Ө ТӨҮГ-ын үйл ажиллагаанд гомдолтой байна. Иймээс Э.Ө Төрийн өмчит үйлдвэрийн газар нь миний патентийн үндсэн дээр эзэмшиж буй Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г  нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэмэлт тайлбар гаргахдаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарлтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э.ӨТӨҮГ-ийн хууль зөрчиж шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан эрхийг зөрчиж байгаа тухай тодорхой дурьдсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа ба хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуүлан дараах тайлбарыг гаргаж байна. 1. Э.Ө Төрийн өмчит үйлдвэрийн газар нь цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлахдаа миний шинэ бүтээлийн патентад заасан эко давхарга үүсгэх аргыг ашиглан 2018 онд 15 га талбайд туршилт явуулсан байдаг. Уг туршилтанд миний патентийг эрхээр хамгаалагдсан шинэ бүтээлийг ашиглаж явуулаад амжилттай байсан тул 2019 оны ...сард дээрх туршилтын үр дүнг суурилж 560 га талбайг цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлахаар эко давхарга үүсгэн энэ нь одоо үр дүнгээ өгч байна. Уг асуудлаар Э.Ө төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Батмөнх, тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн дарга О.Э нар нь нийтэд зарлаад байгаа болно. Энэ нь тэдний нийтэд хандан www.erdenettimes.mn, www.erdenetinfo.mn, www.montsame.mn зэрэг сайт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа болно. Мөн тус үйлдвэрийн газрын хурлын тэмдэглэлд туссан чиг үүргийн хувьд хариуцсан ажилтан, албан тушаалтнуудын хэлж ярьсан зүйлээр нотлогддог. Хариуцагчийн тайлбарт "цагаан тоосны дэгдэлтийг ондоо аргаар дардаг" гэсэн нь ямар аргаар дардаг түхайгаа тайлбарлаж чадахгүй байгаа нь миний өмчлөлийн шинэ бүтээлийн патентыг ашигласныг үгүйсгэж чадахгүй байгааг илтгэн харуулж байна. Иймээс хариу тайлбарын 1 дэх заалтанд заасан татгалзлал нь үндэслэлгүй байна.

2. Хариуцагчийн хариу тайлбарт ...ямар зардал бодитойгоор гарсан нь тодорхойгүй гэж заасан байна. Миний бие Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 8-д зааснаар шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй гэсний дагүу өөрийн оюуны бүтээлийг хууль бусаар ашиглаж буй этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, нөхөн төлбөр гаргуулах эрхтэй. Гэтэл хариуцагч байгууллага нь миний шинэ бүтээлийн онцгой эрхийг зөрчиж, миний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашиглаж, 2018 онд туршилт явуулж, 2019 онд цагаан тоосны дэгдлэтийг хязгаарлахдаа ашиглаж, улмаар одоог хүртэл дээрх миний оюуны өмчийн эрхийг хууль бусаар ашиглаж байгаа үйл ажиллагаагаа үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон цагаан тоосыг дарах үйл ажиллагаагаа ашигласаар байна. Тэгсэн атлаа бодитой хохирол учруулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Угтаа бол хариуцагч нь миний оюуны өмчийг өмчлөх онцгой эрхийг хүндэтгэж, надаас зөвшөөрөл авч, улмаар цагаан тоосны дэгдэлтийг дарахдаа ашиглах боломжтой байтал ийнхүү зөвшөөрөл авахгүйгээр, хууль бусаар ашиглаж байгаа нь миний оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг үнэ цэнэгүй болгож байгаа нь дээрх үйлдлээрээ нотлогдож байна. Ийм байдлаар хохирсоор байгааг хохиролд хамааруулж үзэхээр хуульд заасан байна.

3. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Э.Ө ХХК болон Төмөсө ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016-08-18-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг талбарлахдаа Төсөмө ХХК-ийг "ажил гүйцэтгэгч", Э.Ө ХХК-ийг "захиалагч" байсан мэтээр бодит байдлаас гуйвуулан худал тайлбарласан байна. Тодруулбал гэрээний талуудын эрх зүйн байдлыг тодорхойлохдоо Э.Ө ХХК-ийг ажил гүйцэтгэгч тал, Төсөмө ХХК-ийн захиалагч тал гэж тодорхойлон гэрээнд зааснаас гадна уг гэрээгээр миний 100% хувьцаа эзэмшдэг Төсөмө ХХК-ийн "Зуны гол" нэртэй төсөл үндэслэл болсон "Цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлах" аргыг хэрэглэхэд дахин ашиглагдах усанд миний оюуны бүтээлд заасан аргыг хэрэглэхэд хэрхэн нөлөөлөхийг судлах, Э.Ө-ийн хаягдлын аж ахуй /хиймэл нуур/-н усыг ашиглахад яаж нөлөөлөх талаарх судалгааг тус кампанийн Лаборатори судалгааны төвд гүйцэтгэхтэй холбоотой ажил байсан. Уг ажлыг Төсомө XXК захиалж, ажил гүйцэтгүүлсний төлбөрт ТӨСОМӨ ХХК нь 730 350 төгрөгийг төлж, Э.Ө ажлыг гүйцэтгэсэн болно. Гэтэл уг ажлыг гүйцэтгээд үр дүнг нь хариуцагч компанийн Лаборатори судалгааны төвийн 2017-06-06-ны өдрийн 55/98 дугаартай албан бичгээр үнэн зөвөөр нь албан бичгээр манай компанид ирүүлсэн атлаа, миний зөвшөөрөлгүйгээр гэрээний үр дүнг ашиглах тухайгаа илэрхийлсэн албан бичгийг Э.Ө ХХК-ийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр нь 2016-12-06-ны өдрийн 128/48 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг албан бичигтээ дурьдсаныхаа дагуу миний оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан байна. Үүнийг нь миний бие тус үйлдвэрийн харъяа хаягдлын аж ахуй /хиймэл нуур/-ийн цагаан тоосыг дарсан байгаа байдлаас хараад олж мэдлээ.

4. Э.Ө ТӨҮГ нь цагаан тоосны дэгдэлтийг дарах нэрээр маш их хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулдаг, төлөвлөдөг боловч төдийлэн үр дүн өгөөгүй тул миний бие өөрийн олон жилийн туршилт судлгааны үр дүнд баяжуулалтын технологийн процессоос хаягддаг хаядлын аж ахуйн далангийн цагаан тоосны дэгдэглтийг хязгаарлах хүн, байгальд ээлтэй аргыг олж тогтоон улмаар түүнийгээ шинэ бүтээлийн патентаар хамгаалуулж, хуульд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлсэн. Энэ бүхэн үйлдвэрийн сөрөг нөлөөллөөс байгаль, хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун зорилготой. Харин ашиг олж буй үйлдвэрийн газар нь миний бүтээлийг хууль бусаар ашиглаж байгаа нь миний эрхийг зөрчиж байгаа юм. Миний бие ямар нэг шантааж гэгчийг хийгээгүй, өөрийн Үндсэн хуулиар олгогдсон, зохиогчийн эрхийн болон патентын хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар, мөн оюуны өмчийн болох шинэ бүтээлийнхээ үр шимийг хүртэх, үнэ цэнэтэй байлгахын тулд шүүхэд хандсан. Түүнээс хүн амын эрүүл мэндийг хохироор зорилгыг агуулаагүй, харин ч хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Иймээс хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна гэжээ.

Хариуцагч Э.Ө ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Т.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Э.Ө ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч Т.Т.С нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: Түүний улсын бүртгэлийн 10-0004614 тоот бүртгэлтэй Шинэ бүтээлийн патентийг Э.Ө ТӨҮГ хууль бусаар ашиглаж буйг таслан зогсоолгох, мөн учирсан хохирол 170 000 000 төгрөгийг гаргуулах гэжээ. Хариуцагч Э.Ө ТӨҮГ нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Э.Ө ТӨҮГ нь Т.Соёл-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн 10-0004614 тоот шинэ бүтээлийн патентийг авч ашиглаагүй болно. /цагаан тоосыг дэгдэлтийг дарахын тулд ондоо арга ашигладаг.

2. Монгол улсын иргэний хуульд хохирол гэдэг ойлголтод бодитоор гарсан зардлыг ойлгоно гэж тусгасан ба иргэн Т.Т.Сэс ямар зардал бодитоор гарсан нь тодорхойгүй байна.

3. Э.Ө ХХК болон Т.Т.С захиралтай ТӨСОМӨ ХХК нарын хооронд 2016 оны 08 сарын 18-ын өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч ТӨСОМӨ ХХК нь Э.Ө-ийн цагаан тоосыг дарах ажлыг гүйцэтгэхтэй холбоотой судалгаа хийхээр харилцан тохиролцжээ. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйл болон тус гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон зүйлийг гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байдаг. Гэтэл ТӨСОМӨ ХХК нь гэрээний үр дүнд бий болсон ажлыг Э.Ө ХХК-д өгөлгүйгээр өөрийн нэр дээр патентийн эрх авсан байна. Ийнхүү гэрээний үүргээ зөрчсөн тул тус патентийн эрхийн Э.Ө ТӨҮГ-т шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

4. Э.Ө ТӨҮГ нь бүс нутгийн байгаль экологи болон хүн амын эрүүл мэндийн төлөө цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хөрөнгө хүч зарцуулан ажиллаж ирсэн. Энэхүү үйл ажиллагаанаас Э.Ө ТӨҮГ нь ямар нэг ашиг олдоггүй болно. Гэтэл нэхэмжлэгч Т.Т.С нь зөвхөн өөртөө ашиг олох үүднээс олон мянган хүний эрүүл мэндийн төлөө гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, шантааж хийж байна гэж ойлгож байна. Иймд шүүх энэ увайгүй үйл ажиллагааг дэмжихгүй гэдэгт гүнээ итгэж байна гэжээ.

Хариуцагч Э.Ө ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, М.Гантулга нар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Т.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй Э.Ө" ТӨҮГ-т холбогдох "Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170,000.000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус үйлдвэрийн газрын Хуулийн хэлтсийн хуульч Б.Нандинчулуун, Баяжуулах үйлдвэрийн инженер М.Гантулга нар оролцож байна. Тус хэрэгтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэг. Э.Ө ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйн талаар: Уул уурхайн салбарын баяжуулах үйлдвэр нь хаягдлын сан болон далангийн байгууламжийн хамт баригдаж, ашиглалтанд ордог. Э.Ө ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй, анхдагч далангийн байгууламж нь 1978 онд ашиглалтанд орсон. Баяжуулах үйлдвэр нь ил уурхайгаас олборлосон хүдрийг бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах үндсэн дамжлагуудаар боловсруулан зэсийн болон молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Баяжуулах үйлдвэрийн боловсруулалтын дараах хаягдал элсийг Хаягдлын аж ахуйн санд хуримтлуулан хадгалдаг бөгөөд усыг нь тунгаан ялгаж, үйлдвэрлэлийн процесст эргүүлэн (эргэлтийн ус) ашиглаж байна (1-р зураг).

1 -р зураг. Хаягдлын аж ахуйн элс хураах талбай болон эргэлтийн усан сан.

Дэлхийн практикт Баяжуулах үйлдвэрүүдийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосжилтыг бууруулахын тулд, тоос босож байгаа хаягдлын талбайг тогтмол услах, хөрсөөр хучих, салхины чиглэлийг өөрчлөх, цаг уурын хүнд нөхцөлд ургадаг ургамал суулгах, тусгай бодис хэрэглэн гадаргууг бэхжүүлэх зэрэг уламжлалт аргуудыг хэрэглэдэг. "Э.Ө" ТӨҮГ нь гадаад, дотоодын компианиудтай хамтран тоосны дэгдэлтийг бууруулах туршилтын ажлыг хийхдээ далангийн тогтвортой байдлыг хангах, хөвүүлэн баяжуулах технологид процесст сөрөг нөлөө үзүүлэхгүй, харьцангуй хямд өртөгтэй байх гэсэн зарчмыг баримтлан ажилладаг. Туршилтын ажлуудыг тодруулбал: 1. Анх ОХУ-ын Унипроммедь байгууллагатай хамтран 1997 онд лигносульфанат болон шингэн шилний уусмалыг 5,2 га талбайд цацсан.

2. Үйлдвэрийн газрын дотоод нөөцөд тулгуурлан 2001 онд бороожуулж норгох туршилтыг Баяжуулах фабрик хийсэн ба 2006 оноос Япон улсад үйлдвэрлэсэн усалгааны төхөөрөмжийг ашигласан.

3. Разнотранс ХХК-тай цаасны үйлдвэрийн технологийн хаягдал болох лигнинээр '2005-2006 онд 275,2 га талбайг хучсан.

4. Дотоодын компианууд шороон хөрсөөр өнгөлөн хучих, дагтаршуулах аргыг хэрэглэж гэрээт ажлыг 2008-2010 онд 155,3 га талбайг хамран гүйцэтгэсэн.

5. 2011-2015 онуудад БФ- АТБ хамтран нийт 204,3 га талбайг нийлэг тороор хучсан.

6. 2012 -236 м2 талбайг биологийн гүмүүс, магни хлорыг цацсан.

7. Гадаад, дотоодын 5 компаний оролцоотой зөвлөлгөөн 2013 онд зохион байгуулж, нийт 1,242 м2 талбайд нанотехнологоор бүтээсэн тоос дарагч бодис, полимер нэгдэл ба нийлэг бодис цацах, нийлэг тороор хучих болон нөхөн сэргээлт хийх туршилт явуулсан.

Эдгээр аргууд нь далангийн тогтворжилт, хаягдлын усыг дахин хэрэглэдэг үйлдвэрийн технологит сөргөөр нөлөөлдөг, өртөг өндөр зэрэг нь хэрэглээнд үр өгөөж багатай гэсэн дүгнэлтэнд хүргэсэн.

Хоёр. Э.Ө ТӨҮГ-т хэрэглэсэн цагаан тоос дарах технологийн шийдэл.

Э.Ө ТӨҮГ нь Баяжуулах үйлдвэрийн хаягдлын элсэн талбайгаас тоос дэгдэлтийг бууруулах зорилгоор хаягдлын барьцалдах чадварыг дээшлүүлэх, хаягдлын талбайны гадаргуугийн бэхжилтийг сайжруулах аргыг боловсруулан гаргах, хаягдлыг ширхэглэлийн ялгарал үүсгэхгүйгээр талбайд хаях технологийн шийдэл боловсруулсан.

Технологийн шийдэл нь Баяжуулах үйлдвэрийн технологийн хаягдал булингийн хатуу хэсгийн барьцалдах чанарыг флокулянт бодистой холин хаягдлын талбайд урсган оруулж, булингад флокул үүсгэх замаар хаягдлын жижиг ширхэглэлтэй хэсгийг усны хамт урсгалгүй хатааж, гадаргууг бэхжүүлэх ширхэглэлийн ялгаралгүй үе үүсгэх томьёолол бүхий арга юм.

Энэ технологийг нэвтрүүлэх лабораторийн, хагас үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн туршилт, судалгааны ажлыг 2017-2019 онуудад хийж гүйцэтгэсэн.

3-р зураг. Э.Өийн одоо ашиглаж байгаа технологийн бүдүүвч

Зургын тайлбар: 10- хаягдал булинга тээвэрлэх үндсэн шугам, 13- хаягдал булинга жигд тараах зорилго бүхий асгах хоолой, 16- асгах хоолой флокулянт урвалж тугнах цэг.

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг бууруулах технологийн шийдлээр. 2019 онд 1260 га (давхардсан тоогоор) талбайн цагаан тоос дарах ажлыг хавар. намрын улиралд 3 удаагийн давтамжтайгаар хийсэн.

Э.Ө ТӨҮГ нь уг технологийн шийдлээр 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Баяжуулах үйлдвэрийн технологийн хаягдал булингийн хатуу хэсгийн барьцалдах чанарыг дээшлүүлэх арга ба түүнийг ашиглан хаягдлын талбайны гадаргуугийн бэхжилтийг сайжруулж, тоосны дэгдэлтийг бууруулах арга" нэртэй МТ4/10-2020-0006557 тоот шинэ бүтээлийн Патентийн мэдүүлэг' илгээсэн.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээр дурдсанчлан Э.Ө ТӨҮГ нь цагаан тоосыг дарах талаар олон жил санаачлага гарган ажилласан бөгөөд цагаан тоосыг дарах, бууруулах талаар үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамгийн оновчтой арга, технологийг эрж хайсаар ирсэн бөгөөд цөөнгүй технологийг туршсан. Үүний нэг нь Төсомө ХХК-тай хамтарсан туршилт юм.

Бусдын эзэмшдэг технологи буюу шинэ бүтээлийг тухайн эрх эзэмшдэг этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүйгээр ашиглахдаа барих хэм хэмжээг Патентийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заахдаа Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон гэрчилгээ бүхий ашигтай загварыг дараах байдлаар ашиглавал эрх эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж үзэхгүй гэсэн байдаг бөгөөд 18.2.2-д эрдэм шинжилгээ, сургалт, туршилтын ажилд ашиглах; гэж тодотгон туршилтын зорилгоор ашигласан бол зөрчил биш гэдгийг тодорхой зааж өгсөн. Тиймээс Э.Ө ТӨҮГ нь цагаан тоосыг дарах талаар бусад этгээдийн эрхийг нь эзэмшдэг шинэ бүтээлийн аргыг ашиглан лабораторийн

түвшинд туршилт хийсэн нь бусдын эрхийг зөрчөөгүй болно. /Төсомө ХХК-ийн хувьд эрхийг эзэмшигчийн хяналт дор туршилтыг явуулсан./

Харин нэхэмжлэгч Т.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлд дурдагдсан бүтээл нь баяжуулах үйлдвэрээс хаягдлын даланд ирсэн хаягдлын гадаргууг наанги шаварлаг давхарга, хамгаалалтын үе, бүрхүүл үеүдээр дарааллуулан хучиж эко давхаргыг үүсгэх томьёолол бүхий арга юм. Хаягдлын захад тунасан наанги шаварлаг давхаргын хуримтлагдсан лагийг соруулан авч, зөөвөрлөн, хүнд металлыг усаар угаан, түүнийгээ цемент, шингэн шилээр баяжуулан холимог үүсгэж, 3 тусдаа үе үүсгэн талбайн гадаргууг бүрхсэнээр цагаан тоос дэгдэлтийг зогсоож байна.

4-р зураг. Нэхэмжлэл гаргасан технологийн бүдүүвч

Нэхэмжлэгчийн томёололд тусгагдсан шинэ бүтээлээр Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг бууруулах тохиолдолд: Зөвхөн нэхэмжлэл гаргаж буй талбайд Хамгаалалтын үе хийхэд түүхий эд "Шингэн шил 443.8 тн, "Цемент гэхэд 560 тн шаардлагатай ба эдгээрийн худалдан авах, хамгаалалтын үе үүсгэхэд их хэмжээний ашиглалтын зардал үүсэхээс гадна хаягдлын захаас лаг соруулах, угаах, цемент шингэн шилтэй холих, хаягдлын талбайд шүрших зэрэгт тусгай зориулалтын тоног төхөөрөмж шаардана. Нэмээд шингэн шил нь баяжуулах үйлдвэрлэлд сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон тул металл авалтыг бууруулж, бүхээгдэхүүн үйлдэрлэл буурна. Мөн цемент нь хаягдлыг бэхжүүлснээр ирээдүйд тус "үүсмэл ордыг /Хаягдлын аж ахуйн элс хуримтлуулсан талбайг үүсмэл орд гэж үзнэ/ ашиглах үед дахин нунтаглах, бутлах шат дамжлага шаардагдана. Харин 'Э.Ө ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг бууруулах технологийн шийдэл нь иргэн Т.Соёл-Эрдэнийн технологийн шийдлээс тэс өөр ба хамгийн ажиллагаа хийгээд зардал багатай, сөрөг нөлөөлөлгүй арга юм.

Дөрөв. Хөндлөнгийн экспертийн дүгнэлт

Нэхэмжлэгч, хариуцагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн "Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны Инженерчлэлийн сургуулийн Экспертийн тайлан-ийн дүгнэлтийг сийрүүлбэл:

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн Хаягдлын далангаас авсан дээжийн ширхэглэлтийн шинжилгээний үр дүнгээс харахад 22-44 мкм-ээс хооронд ширхэгтэй буюу микродисперсэн ширхэгтэй хаягдал 19.71% жижиг дисперсэн ширхэгтэй хаягдал нь нийт хаягдлын 39.73%-ийг эзэлж байна. Хаягдлын ширхэглэлтийн шинжилгээнээс харахад 0.02 мм-ээс доош буюу 0.02 мм ширхэгтэй нарийн дисперсэн буюу наанги шаврын фракц 1 болон 5-р дээжид маш бага буюу 0.39-0.59% эзэлж байна. II болон III давхаргын дээжүүдэд хийсэн ширхэглэлтийн шинжилгээний үр дүнгээр 002мм доош ширхэгтэй наанги шаврын /пелитийн лаг/ фракц 2-1 давхарт 5,25% байсан ба бусад дээжүүдэд бага буюу 0,6-1,90% илэрсэн байна. 1-р давхаргын ихэнх дээжүүдэд наанги шаврын фракц илрээгүй байна.

-Элементийн шинжилгээний харьцуулсан судалгаагаар дээж тус бүрт цемент болон шингэн шил нэмэлтээр орсон байх боломжгүйг тогтоосон.

-Эрдсийн шинжилгээгээр цемент, шингэн шилний эрдсүүд тогтоогдоогүй байна. Иймд бидний авсан дээжид наанги шавар, шингэн шилний нэмэлт орц байхгүй байгааг шинжилгээний үр дүнг үндэслэн гаргаж байна гэжээ.

Түүнчлэн шүүхэд нэхэмжлэгч талаас гарган хүргүүлсэн болон бусад холбогдох баримтууд нь "Э.Ө ТӨҮГ-аас Төсомө ХХК-тай хамтран хийсэн туршилтын явцын талаарх баримтууд байхаас гадна нэхэмжлэгч Т.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шинэ бүтээлийн шийдлийг Э.Ө ТӨҮГ нь үйлдвэрлэлд ашиглаагүй болох нь хөндлөнгийн экспертийн тайлангаар баталгаажиж байна. Иймд Э.Ө ТӨҮГ нь нэхэмжлэгчийн дээрх технологийн шийдлийг ашиглан Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг бууруулах аргыг хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч: Шинжээчийн дүгнэлт нь энэ хүний патентыг хуулбарлаагүй гэж гарсан байна. Мөн хариуцагч талын хэрэглэдэг бодисыг шинжлээгүй байх тул надад тодорхойгүй санагдаж байгаа тул хэлэх зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т.С нь Э.Ө ТӨҮГ-т холбогдуулан "Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан миний шинэ бүтээлийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Миний зохиогчийн эрхийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр наанги шавраар хучиж, дарах ажлыг хийсэн бөгөөд цааш үргэлжлүүлж буй болохоо Э.Ө ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн орлогч дарга О.О.Э montsame.mn сайтд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн ярилцлагдаа тодорхой дурьдсан байдаг. Мөн Э.Ө Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны талаарх техникийн зөвлөгөөний 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалд цагаан тоос дарах асуудлыг авч хэлэлцэх үеэр Баяжуулах үйлдвэрийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батмөнх нь иргэн намайг Шинэ бүтээлийн зохиогч бөгөөд патент эзэмшигч болох талаар дурьдаж, наанги шавраар дарж, хучих санааг хамгийн үр дүнтэй болохыг дурьдсан байдаг. Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 8-д зааснаар шинэ шижлэх ухааны бүтээл бий болгох, үр шимийг хүртэх эрхтэй байтал уг эрхийг зөрчиж буй Э.Ө ТӨҮГ-ын үйл ажиллагаанд гомдолтой байна. Иймээс Э.Ө Төрийн өмчит үйлдвэрийн газар нь миний патентийн үндсэн дээр эзэмшиж буй Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170 000 000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч тал: Э.Ө ТӨҮГ нь Т.Соёл-Эрдэнийн бүртгэлтэй улсын бүртгэлийн 10-0004614 тоот шинэ бүтээлийн патентийг авч ашиглаагүй, ондоо арга ашигладаг. Монгол улсын иргэний хуульд хохирол гэдэг ойлголтод бодитоор гарсан зардлыг ойлгоно гэж тусгасан ба иргэн Т.Т.Сэс ямар зардал бодитоор гарсан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

Мontsame.mn сайтын 2019-04-10-ны өдөр Э.Ө ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн орлогч дарга О.Э ярилцсан ярилцлага нь нийтэд илэрхий баримт байх ба хэргийн 40-42 дугаар хуудаст авагдсан байна. Уг нийтлэлд О.О.Э нь Т.Соёл-Эрдэний шинэ бүтээл болох Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийг Э.Ө ТӨҮГ ашиглаж байгаа талаар ярилцлага өгөөгүй байна.

Мөн Э.Ө ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батмөнх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосны талаарх техникийн зөвлөгөөн дээр Т.Соёл-Эрдэний шинэ бүтээлийг Э.Ө ТӨҮГ ашиглаж байгаа талаар дурьдсан нь нотлогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.Соёл-Эрдэний шинэ бүтээл болох Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийг Э.Ө ТӨҮГ ашиглаж байгаа болох нь нотлогдохгүй байх тул оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал Т.Т.С нь 2018-08-06-ны өдөр Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын А/05 дугаартай тушаалаар Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй шинэ бүтээлийн патентыг авсан болох нь уг патентаар нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй шинэ бүтээлийн патент эзэмшигч ч түүний шинэ бүтээлийг хариуцагч байгууллага зөвшөөрөлгүй авч хэрэглэж байгаа байдал нотлогдоогүй. Нэхэмжлэгч нь өөрийнхөө шинэ бүтээлийг ашиглаагүй юм бол ямар арга хэрэглэж байгаагаа нотлохгүй байна гэж мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг нэхэмжлэгч өөрөө хариуцах юм.

Эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170,0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Т.Т.С нь уг шаардлагаа юунд үндэслэн гаргасан гэдгээ тайлбарлаж чадаагүй.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д Үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан байх бөгөөд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулах-ыг үүрэг үүсэх үндэслэлд хамааруулжээ.

Үүрэг үүсэх үндэслэлийг гэрээний, гэрээний бус гэж ангилдаг. Гэрээний бус үүрэг нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, зөрчлийн улмаас үүсэх харилцаа гэж хуваагдах бөгөөд гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг юм.

Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй бол гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсэхгүй. Нийгмийн аливаа харилцаа нь хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ харилцааг санаатай, санамсаргүй байдлаар зөрчиж бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж хэлнэ.

Т.Т.С болон Э.Ө ТӨҮГ-ын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй тул хохирол 170,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан нь гэрээний бус буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж үзэхээр байна.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэлийг онолын хувьд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу гэж үздэг.

Гэтэл Т.Соёл-Эрдэний Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийг Э.Ө ТӨҮГ хууль бусаар, нууцаар ашиглаж байгаа болох нь нотлогдоогүй бөгөөд, Э.Ө ТӨҮГ-ыг гэм буруутай гэж үзэхээргүй байна.

Иймд Т.Соёл-Эрдэний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүхэд тодорхой санал дүгнэлт гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шүүх МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилсон ч, шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй. Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй ч шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 078 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 230 дугаар зүйлийн 230.1.-д заасныг баримтлан Э.Ө ТӨҮГ-т холбогдох "Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгуулах, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170 000 000 төгрөг гаргуулах Т.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 078 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Р.ҮҮРИЙНТУЯА