Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 74

 

Т.С нэхэмжлэлтэй,

хариуцагч  “ЭҮ” ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2021/00541 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Соёл-Эрдэний нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭҮ ТӨҮГ-т холбогдох

“Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170.000.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, М.Гантулга, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... “Миний бие Орхон аймагт 1972 оноос хойш нийт 48 жил амьдарч байгаа. Би анх 1990 онд үхрийн аж ахуй эрхэлдэг байсан ба үхрээ хайж яваад Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын нутаг дэвсгэрт ЭҮийн Баяжуулалтын хаягдал тээвэрлэх хоолойноос газар ихээр асгарч, бөөгнөрсөн шаварт үхэр шигдэж гарч чадахгүй байдалтай байхад нь олсон. Улмаар үхрээ шавраас гаргаж 5-тн орчим усаар угаасан боловч шавар гүйцэд арилалгүй наалданги үүсэж энэ нь миний сонирхлыг их татсан. Үүнээс улбаалан ЭҮийн Б:үийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг наанги шавраар дарах тухай шийдлийг бий болгосон. 1996 оноос 2016 он хүртэл 20 жилийн хугацаанд энэхүү санаагаа боловсронгуй болгох зорилгоор цагаан тоос дарах өөр олон төрлийн үйлдвэрт хийсэн арга зүй, эрдэмтдийн судалгаатай танилцаж судалгааг тасралтгүй хийсээр ирсэн. Би ямар нэгэн нэмэлт материал хэрэглэхгүйгээр хаягдлын аж ахуйн өөрийн материалыг ашиглан цагаан тоос дарах шийдлийг боловсруулж энэхүү бүтээлдээ Далангийн цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга гэж нэр өгч Оюуны өмчийн газарт 2016 оны 10 дугаар сард мэдүүлэг гаргаж улмаар Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар Шинэ бүтээлийн патент олгогдсон. Би “Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал бөгөөд ЭҮтэй 2011 оноос тоног төхөөрөмж угсралт, засвар үйлчилгээ хиймэл далангийн хоолой угсралт зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг байсан бөгөөд дээрх судалгаа, шинжилгээ туршилтын ажлыг явуулах явцдаа шинэ бүтээлээ ашиглан Б:үийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг байгалийн давхаргыг бий болгож дарах замаар шийдвэрлэх талаар санал, хүсэлтийг бичгээр олон удаа тавьсан болно. Мөн улмаар энэ талаар хурал зөвлөгөөн хийж санал, хүсэлтийг минь авч хэлэлцэж байсан удаатай. Миний бие 2015 онд ЭҮт цагаан тоос дарах бүтээлээ танилцуулан эргэлтийн усанд хэрхэн нөлөөлөх талаарх туршилтыг ЭҮийн лабораторит хийсэн. Туршилтын үр дүн өмнө дарж байсан аргуудаас илүү үр дүнтэй бөгөөд хэмнэлттэй болох нь тогтоогдсон. ЭҮ нь 2018 онд миний шинэ бүтээлийн шийдлийг ашиглаж Хаягдлын аж ахуйн цагаан тоос дэгддэг хэсэг болох хиймэл далангийн 12 га газарт бодит туршилт хийж хангалттай үр дүн гарсан. Энэхүү туршилтыг хийхдээ надаас зөвшөөрөл авалгүй нууцаар хийсэн бөгөөд энэ талаар “ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн орлогч дарга О.Э надад хэлсэн. Миний дээрх Шинэ бүтээлийн шийдлийг “ЭҮ” нь миний зөвшөөрөлгүйгээр 2019 онд ашиглаж нийт Хаягдлын аж ахуйн цагаан тоостой 1300 орчим талбайн 560 га хэсгийг дарж зохиогчийн эрхийг зөрчиж, энэхүү зөрчил өдийг болтол үргэлжилсээр байна. ЭҮийн боловсруулж буй хүдрийн 98 хувь нь дурдсан хаягдлын аж ахуйд очиж, хоёр хувь нь баяжмал болон гадагш худалдан борлуулагддаг. Миний зохиогчийн эрхийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр наанги шавраар хучиж, дарах ажлыг хийсэн бөгөөд цааш үргэлжлүүлж буй болохоо “ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн орлогч дарга О.Э montsame.mn сайтад 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан байдаг. Мөн “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Б:үийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны талаарх техникийн зөвлөгөөний 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалд цагаан тоос дарах асуудлыг авч хэлэлцэх үеэр Б:үийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б нь иргэн намайг шинэ бүтээлийн зохиогч бөгөөд патент эзэмшигч болох талаар дурдаж, наанги шавраар дарж, хучих санааг хамгийн үр дүнтэй болохыг дурдсан байдаг. Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 8-д зааснаар шинэ шинжлэх ухааны бүтээл бий болгох, үр шимийг хүртэх эрхтэй байтал уг эрхийг зөрчиж буй “ЭҮ” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд гомдолтой байна. Иймээс “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь миний патентын үндсэн дээр эзэмшиж буй Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нар нэмэлт тайлбартаа:

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ЭҮ” ТӨҮГ-ын хууль зөрчиж шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан эрхийг зөрчиж байгаа тухай тодорхой дурдсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа ба хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлахдаа миний шинэ бүтээлийн патентад заасан эко давхарга үүсгэх аргыг ашиглан 2018 онд 15 га талбайд туршилт явуулсан байдаг. Уг туршилтад миний патентыг эрхээр хамгаалагдсан шинэ бүтээлийг ашиглаж явуулаад амжилттай байсан тул 2019 оны ...сард дээрх туршилтын үр дүнг суурилж 560 га талбайг цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлахаар эко давхарга үүсгэн энэ нь одоо үр дүнгээ өгч байна. Уг асуудлаар “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Б, тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн дарга О.Э нар нь нийтэд зарлаад байгаа болно. Энэ нь тэдний нийтэд хандан www.erdenettimes.mn, www.erdenetinfo.mn, www.montsame.mn зэрэг сайт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа болно. Мөн тус үйлдвэрийн газрын хурлын тэмдэглэлд туссан чиг үүргийн хувьд хариуцсан ажилтан, албан тушаалтнуудын хэлж ярьсан зүйлээр нотлогддог. Хариуцагчийн тайлбарт "цагаан тоосны дэгдэлтийг ондоо аргаар дардаг" гэсэн нь ямар аргаар дардаг тухайгаа тайлбарлаж чадахгүй байгаа нь миний өмчлөлийн шинэ бүтээлийн патентыг ашигласныг үгүйсгэж чадахгүй байгааг илтгэн харуулж байна. Иймээс хариу тайлбарын 1 дэх заалтад заасан татгалзал нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарт ...ямар зардал бодитойгоор гарсан нь тодорхойгүй гэж заасан байна. Миний бие Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 8-д зааснаар шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй гэсний дагуу өөрийн оюуны бүтээлийг хууль бусаар ашиглаж буй этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, нөхөн төлбөр гаргуулах эрхтэй. Гэтэл хариуцагч байгууллага нь миний шинэ бүтээлийн онцгой эрхийг зөрчиж, миний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашиглаж, 2018 онд туршилт явуулж, 2019 онд цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлахдаа ашиглаж, улмаар одоог хүртэл дээрх миний оюуны өмчийн эрхийг хууль бусаар ашиглаж байгаа үйл ажиллагаагаа үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон цагаан тоосыг дарах үйл ажиллагаагаа ашигласаар байна. Тэгсэн атлаа бодитой хохирол учруулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Угтаа бол хариуцагч нь миний оюуны өмчийг өмчлөх онцгой эрхийг хүндэтгэж, надаас зөвшөөрөл авч, улмаар цагаан тоосны дэгдэлтийг дарахдаа ашиглах боломжтой байтал ийнхүү зөвшөөрөл авахгүйгээр, хууль бусаар ашиглаж байгаа нь миний оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг үнэ цэнэгүй болгож байгаа нь дээрх үйлдлээрээ нотлогдож байна. Ийм байдлаар хохирсоор байгааг хохиролд хамааруулж үзэхээр хуульд заасан байна. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ЭҮ” ХХК болон “Төмөсө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016-08-18-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг тайлбарлахдаа “Төсөмө” ХХК-ийг "ажил гүйцэтгэгч", “ЭҮ” ХХК-ийг "захиалагч" байсан мэтээр бодит байдлаас гуйвуулан худал тайлбарласан байна. Тодруулбал гэрээний талуудын эрх зүйн байдлыг тодорхойлохдоо “ЭҮ” ХХК-ийг ажил гүйцэтгэгч тал, “Төсөмө” ХХК-ийн захиалагч тал гэж тодорхойлон гэрээнд зааснаас гадна уг гэрээгээр миний 100% хувьцаа эзэмшдэг “Төсөмө” ХХК-ийн "Зуны гол" нэртэй төсөл үндэслэл болсон "Цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлах" аргыг хэрэглэхэд дахин ашиглагдах усанд миний оюуны бүтээлд заасан аргыг хэрэглэхэд хэрхэн нөлөөлөхийг судлах, ЭҮийн хаягдлын аж ахуй /хиймэл нуур/-н усыг ашиглахад яаж нөлөөлөх талаарх судалгааг тус компанийн Лаборатори судалгааны төвд гүйцэтгэхтэй холбоотой ажил байсан. Уг ажлыг “Т” XXК захиалж, ажил гүйцэтгүүлсний төлбөрт “Т” ХХК нь 730.350 төгрөгийг төлж, “ЭҮ” ажлыг гүйцэтгэсэн болно. Гэтэл уг ажлыг гүйцэтгээд үр дүнг нь хариуцагч компанийн Лаборатори судалгааны төвийн 2017-06-06-ны өдрийн 55/98 дугаартай албан бичгээр үнэн зөвөөр нь албан бичгээр манай компанид ирүүлсэн атлаа, миний зөвшөөрөлгүйгээр гэрээний үр дүнг ашиглах тухайгаа илэрхийлсэн албан бичгийг “ЭҮ” ХХК-ийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр нь 2016-12-06-ны өдрийн 128/48 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг албан бичигтээ дурдсаныхаа дагуу миний оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан байна. Үүнийг нь миний бие тус үйлдвэрийн харьяа хаягдлын аж ахуй /хиймэл нуур/-ийн цагаан тоосыг дарсан байгаа байдлаас хараад олж мэдлээ. “ЭҮ” ТӨҮГ нь цагаан тоосны дэгдэлтийг дарах нэрээр маш их хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулдаг, төлөвлөдөг боловч төдийлөн үр дүн өгөөгүй тул миний бие өөрийн олон жилийн туршилт судалгааны үр дүнд баяжуулалтын технологийн процессоос хаягддаг хаягдлын аж ахуйн далангийн цагаан тоосны дэгдэлтийг хязгаарлах хүн, байгальд ээлтэй аргыг олж тогтоон улмаар түүнийгээ шинэ бүтээлийн патентаар хамгаалуулж, хуульд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлсэн. Энэ бүхэн үйлдвэрийн сөрөг нөлөөллөөс байгаль, хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун зорилготой. Харин ашиг олж буй үйлдвэрийн газар нь миний бүтээлийг хууль бусаар ашиглаж байгаа нь миний эрхийг зөрчиж байгаа юм. Миний бие ямар нэг шантаач гэгчийг хийгээгүй, өөрийн Үндсэн хуулиар олгогдсон, зохиогчийн эрхийн болон патентын хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар, мөн оюуны өмчийн болох шинэ бүтээлийнхээ үр шимийг хүртэх, үнэ цэнтэй байлгахын тулд шүүхэд хандсан. Түүнээс хүн амын эрүүл мэндийг хохироор зорилгыг агуулаагүй, харин ч хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Иймээс хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.

Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, М.Гантулга нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд иргэн Т.С нэхэмжлэлтэй, “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч Т.С нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: Түүний улсын бүртгэлийн .......................... тоот бүртгэлтэй Шинэ бүтээлийн патентыг “ЭҮ” ТӨҮГ хууль бусаар ашиглаж буйг таслан зогсоолгох, мөн учирсан хохирол 170.000.000 төгрөгийг гаргуулах гэжээ. Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: “ЭҮ” ТӨҮГ нь Т.С нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн .......................... тоот шинэ бүтээлийн патентыг авч ашиглаагүй болно. /цагаан тоосыг дэгдэлтийг дарахын тулд ондоо арга ашигладаг. Монгол улсын иргэний хуульд хохирол гэдэг ойлголтод “бодитоор гарсан зардлыг” ойлгоно гэж тусгасан ба иргэн Т.Сэс ямар зардал бодитоор гарсан нь тодорхойгүй байна. “ЭҮ” ХХК болон Т.С захиралтай “Т” ХХК нарын хооронд 2016 оны 08 сарын 18-ын өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээгээр” гүйцэтгэгч “Т” ХХК нь “ЭҮ”-ийн цагаан тоосыг дарах ажлыг гүйцэтгэхтэй холбоотой судалгаа хийхээр харилцан тохиролцжээ. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйл болон тус гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон зүйлийг гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байдаг. Гэтэл “Т” ХХК нь гэрээний үр дүнд бий болсон ажлыг “ЭҮ” ХХК-д өгөлгүйгээр өөрийн нэр дээр патентын эрх авсан байна. Ийнхүү гэрээний үүргээ зөрчсөн тул тус патентын эрхийн “ЭҮ” ТӨҮГ-т шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна. ЭҮ ТӨҮГ нь бүс нутгийн байгаль экологи болон хүн амын эрүүл мэндийн төлөө цагаан тоосйны дэгдэлтийг бууруулахаар хөрөнгө хүч зарцуулан ажиллаж ирсэн. Энэхүү үйл ажиллагаанаас “ЭҮ” ТӨҮГ нь ямар нэг ашиг олдоггүй болно. Гэтэл нэхэмжлэгч Т.С нь зөвхөн өөртөө ашиг олох үүднээс олон мянган хүний эрүүл мэндийн төлөө гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, шантаач хийж байна гэж ойлгож байна. Иймд шүүх энэ увайгүй үйл ажиллагааг дэмжихгүй гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.

Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, М.Гантулга нар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Т.С нэхэмжлэлтэй “ЭҮ" ТӨҮГ-т холбогдох "Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170.000.000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус үйлдвэрийн газрын Хуулийн хэлтсийн хуульч Б.Нандинчулуун, Б:үийн инженер М.Гантулга нар оролцож байна. Тус хэрэгтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэг. “ЭҮ” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйн талаар: Уул уурхайн салбарын Б:ү нь хаягдлын сан болон далангийн байгууламжийн хамт баригдаж, ашиглалтанд ордог. “ЭҮ” ТӨҮГ-ын Б:үийн Хаягдлын аж ахуй, анхдагч далангийн байгууламж нь 1978 онд ашиглалтанд орсон. Б:ү нь ил уурхайгаас олборлосон хүдрийг бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах үндсэн дамжлагуудаар боловсруулан зэсийн болон молибдений баяжмал үйлдвэрлэдэг. Б:үийн боловсруулалтын дараах хаягдал элсийг Хаягдлын аж ахуйн санд хуримтлуулан хадгалдаг бөгөөд усыг нь тунгаан ялгаж, үйлдвэрлэлийн процесст эргүүлэн (“эргэлтийн ус”) ашиглаж байна (1-р зураг).Хаягдлын аж ахуйн элс хураах талбай болон эргэлтийн усан сан.

Дэлхийн практикт Б:үүүдийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосжилтыг бууруулахын тулд, тоос босож байгаа хаягдлын талбайг тогтмол услах, хөрсөөр хучих, салхины чиглэлийг өөрчлөх, цаг уурын хүнд нөхцөлд ургадаг ургамал суулгах, тусгай бодис хэрэглэн гадаргууг бэхжүүлэх зэрэг уламжлалт аргуудыг хэрэглэдэг. "ЭҮ" ТӨҮГ нь гадаад, дотоодын компаниудтай хамтран тоосны дэгдэлтийг бууруулах туршилтын ажлыг хийхдээ далангийн тогтвортой байдлыг хангах, хөвүүлэн баяжуулах технологид процесст сөрөг нөлөө үзүүлэхгүй, харьцангуй хямд өртөгтэй байх гэсэн зарчмыг баримтлан ажилладаг. Туршилтын ажлуудыг тодруулбал: 1. Анх ОХУ-ын Унипроммедь байгууллагатай хамтран 1997 онд лигносульфанат болон шингэн шилний уусмалыг 5,2 га талбайд цацсан.Үйлдвэрийн газрын дотоод нөөцөд тулгуурлан 2001 онд бороожуулж норгох туршилтыг Баяжуулах фабрик хийсэн ба 2006 оноос Япон улсад үйлдвэрлэсэн усалгааны төхөөрөмжийг ашигласан. Разнотранс ХХК-тай цаасны үйлдвэрийн технологийн хаягдал болох лигнинээр '2005-2006 онд 275,2 га талбайг хучсан.  Дотоодын компаниуд шороон хөрсөөр өнгөлөн хучих, дагтаршуулах аргыг хэрэглэж гэрээт ажлыг 2008-2010 онд 155,3 га талбайг хамран гүйцэтгэсэн. 2011-2015 онуудад БФ- АТБ хамтран нийт 204,3 га талбайг нийлэг тороор хучсан. 2012 -236 м2 талбайг биологийн гүмүүс, магни хлорыг цацсан. Гадаад, дотоодын 5 компанийн оролцоотой зөвлөгөөн 2013 онд зохион байгуулж, нийт 1,242 м2 талбайд нано технологиор бүтээсэн тоос дарагч бодис, полимер нэгдэл ба нийлэг бодис цацах, нийлэг тороор хучих болон нөхөн сэргээлт хийх туршилт явуулсан. Эдгээр аргууд нь далангийн тогтворжилт, хаягдлын усыг дахин хэрэглэдэг үйлдвэрийн технологит сөргөөр нөлөөлдөг, өртөг өндөр зэрэг нь хэрэглээнд үр өгөөж багатай гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. “ЭҮ” ТӨҮГ-т хэрэглэсэн цагаан тоос дарах технологийн шийдэл.“ЭҮ” ТӨҮГ нь Б:үийн хаягдлын элсэн талбайгаас тоос дэгдэлтийг бууруулах зорилгоор хаягдлын барьцалдах чадварыг дээшлүүлэх, хаягдлын талбайны гадаргуугийн бэхжилтийг сайжруулах аргыг боловсруулан гаргах, хаягдлыг ширхэглэлийн ялгарал үүсгэхгүйгээр талбайд хаях технологийн шийдэл боловсруулсан.Технологийн шийдэл нь Б:үийн технологийн хаягдал булингын хатуу хэсгийн барьцалдах чанарыг флокулянт бодистой холин хаягдлын талбайд урсган оруулж, булингад флокул үүсгэх замаар хаягдлын жижиг ширхэглэлтэй хэсгийг усны хамт урсгалгүй хатааж, гадаргууг бэхжүүлэх ширхэглэлийн ялгаралгүй үе үүсгэх томьёолол бүхий арга юм. Энэ технологийг нэвтрүүлэх лабораторийн, хагас үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн туршилт, судалгааны ажлыг 2017-2019 онуудад хийж гүйцэтгэсэн. 3-р зураг. ЭҮийн одоо ашиглаж байгаа технологийн бүдүүвч Зургийн тайлбар: 10- хаягдал булинга тээвэрлэх үндсэн шугам, 13- хаягдал булинга жигд тараах зорилго бүхий асгах хоолой, 16- асгах хоолой флокулянт урвалж тугнах цэг. Б:үийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг бууруулах технологийн шийдлээр. 2019 онд 1260 га (давхардсан тоогоор) талбайн цагаан тоос дарах ажлыг хавар. намрын улиралд 3 удаагийн давтамжтайгаар хийсэн. “ЭҮ” ТӨҮГ нь уг технологийн шийдлээр 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Б:үийн технологийн хаягдал булингын хатуу хэсгийн барьцалдах чанарыг дээшлүүлэх арга ба түүнийг ашиглан хаягдлын талбайны гадаргуугийн бэхжилтийг сайжруулж, тоосны дэгдэлтийг бууруулах арга" нэртэй МТ4/10-2020-0006557 тоот шинэ бүтээлийн “Патентын мэдүүлэг’' илгээсэн. Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Дээр дурдсанчлан “ЭҮ” ТӨҮГ нь цагаан тоосыг дарах талаар олон жил санаачилга гарган ажилласан бөгөөд цагаан тоосыг дарах, бууруулах талаар үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамгийн оновчтой арга, технологийг эрж хайсаар ирсэн бөгөөд цөөнгүй технологийг туршсан. Үүний нэг нь “Т” ХХК-тай хамтарсан туршилт юм.  Бусдын эзэмшдэг технологи буюу шинэ бүтээлийг тухайн эрх эзэмшдэг этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүйгээр ашиглахдаа барих хэм хэмжээг Патентын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заахдаа “Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон гэрчилгээ бүхий ашигтай загварыг дараах байдлаар ашиглавал эрх эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж үзэхгүй” гэсэн байдаг бөгөөд 18.2.2-д “эрдэм шинжилгээ, сургалт, туршилтын ажилд ашиглах;” гэж тодотгон туршилтын зорилгоор ашигласан бол зөрчил биш гэдгийг тодорхой зааж өгсөн. Тиймээс “ЭҮ” ТӨҮГ нь цагаан тоосыг дарах талаар бусад этгээдийн эрхийг нь эзэмшдэг шинэ бүтээлийн аргыг ашиглан лабораторийн түвшинд туршилт хийсэн нь бусдын эрхийг зөрчөөгүй болно. /”Т” ХХК-ийн хувьд эрхийг эзэмшигчийн хяналт дор туршилтыг явуулсан./ Харин нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлд дурдагдсан бүтээл нь Б:үээс хаягдлын даланд ирсэн хаягдлын гадаргууг наанги шаварлаг давхарга, хамгаалалтын үе, бүрхүүл үеүдээр дараалуулан хучиж эко давхаргыг үүсгэх томьёолол бүхий арга юм. Хаягдлын захад тунасан наанги шаварлаг давхаргын хуримтлагдсан лагийг соруулан авч, зөөвөрлөн, хүнд металлыг усаар угаан, түүнийгээ цемент, шингэн шилээр баяжуулан холимог үүсгэж, 3 тусдаа үе үүсгэн талбайн гадаргууг бүрхсэнээр цагаан тоос дэгдэлтийг зогсоож байна. 4-р зураг. Нэхэмжлэл гаргасан технологийн бүдүүвч

Нэхэмжлэгчийн томьёололд тусгагдсан шинэ бүтээлээр Б:үийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг бууруулах тохиолдолд: Зөвхөн нэхэмжлэл гаргаж буй талбайд “Хамгаалалтын үе” хийхэд түүхий эд "Шингэн шил” 443.8 тн, "Цемент” гэхэд 560 тн шаардлагатай ба эдгээрийн худалдан авах, хамгаалалтын үе үүсгэхэд их хэмжээний ашиглалтын зардал үүсэхээс гадна хаягдлын захаас лаг соруулах, угаах, цемент шингэн шилтэй холих, хаягдлын талбайд шүрших зэрэгт тусгай зориулалтын тоног төхөөрөмж шаардана. Нэмээд шингэн шил нь Б:үлэлд сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон тул металл авалтыг бууруулж, бүтээгдэхүүн үйлдэрлэл буурна. Мөн цемент нь хаягдлыг бэхжүүлснээр ирээдүйд тус "үүсмэл” ордыг /Хаягдлын аж ахуйн элс хуримтлуулсан талбайг үүсмэл орд гэж үзнэ/ ашиглах үед дахин нунтаглах, бутлах шат дамжлага шаардагдана. Харин ‘'ЭҮ” ТӨҮГ-ын Б:үийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг бууруулах технологийн шийдэл нь иргэн Т.С технологийн шийдлээс тэс өөр ба хамгийн ажиллагаа хийгээд зардал багатай, сөрөг нөлөөлөлгүй арга юм. Дөрөв. Хөндлөнгийн экспертийн дүгнэлт: Нэхэмжлэгч, хариуцагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн "Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны Инженерчлэлийн сургуулийн Экспертийн тайлан”-ийн дүгнэлтийг сийрүүлбэл: Эрдэнэтийн уулын Б:үийн Хаягдлын далангаас авсан дээжийн ширхэглэлийн шинжилгээний үр дүнгээс харахад 22-44 мкм-ээс хооронд ширхэгтэй буюу микродисперсэн ширхэгтэй хаягдал 19.71% жижиг дисперсэн ширхэгтэй хаягдал нь нийт хаягдлын 39.73%-ийг эзэлж байна. Хаягдлын ширхэглэлийн шинжилгээнээс харахад 0.02 мм-ээс доош буюу 0.02 мм ширхэгтэй нарийн дисперсэн буюу наанги шаврын фракц 1 болон 5-р дээжид маш бага буюу 0.39-0.59% эзэлж байна. II болон III давхаргын дээжүүдэд хийсэн ширхэглэлийн шинжилгээний үр дүнгээр 002мм доош ширхэгтэй наанги шаврын /пелитийн лаг/ фракц 2-1 давхарт 5,25% байсан ба бусад дээжүүдэд бага буюу 0,6-1,90% илэрсэн байна. 1-р давхаргын ихэнх дээжүүдэд наанги шаврын фракц илрээгүй байна.-Элементийн шинжилгээний харьцуулсан судалгаагаар дээж тус бүрт цемент болон шингэн шил нэмэлтээр орсон байх боломжгүйг тогтоосон.-Эрдсийн шинжилгээгээр цемент, шингэн шилний эрдсүүд тогтоогдоогүй байна. Иймд бидний авсан дээжид наанги шавар, шингэн шилний нэмэлт орц байхгүй байгааг шинжилгээний үр дүнг үндэслэн гаргаж байна” гэжээ. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэгч талаас гарган хүргүүлсэн болон бусад холбогдох баримтууд нь "ЭҮ” ТӨҮГ-аас “Т” ХХК-тай хамтран хийсэн туршилтын явцын талаарх баримтууд байхаас гадна нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шинэ бүтээлийн шийдлийг “ЭҮ” ТӨҮГ нь үйлдвэрлэлд ашиглаагүй болох нь хөндлөнгийн экспертийн тайлангаар баталгаажиж байна. Иймд “ЭҮ” ТӨҮГ нь нэхэмжлэгчийн дээрх технологийн шийдлийг ашиглан Б:үийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг бууруулах аргыг хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2021/00541 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 230 дугаар зүйлийн 230.1.-д заасныг баримтлан “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох "Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга” нэртэй Улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгуулах, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170.000.000 төгрөг гаргуулах” Т.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.078.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.С болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Миний бие Т.С нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 541 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг буюу “далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй улсын бүртгэлийн 10-004614 дугаартай бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Миний бие үйлдвэрийн хаягдлын булингийг ашиглан өөрийг нь өөрөөр нь дарах арга технологийг боловсруулсан. Уг арга технологийг ашиглан “Цагаан тоос” дарах хүсэлтийг өөрийн хувьцааг нь 100% эзэмшдэг Т ХХК-аараа дамжуулан ЭҮ ХХК-ийн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбууд 2015 оны 9-р сарын 14-ны өдөр гаргасан. Хүсэлтийн дагуу ЭҮ ХХК-ийн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу Байгаль орчин, эрүүл ахуйн хэлтсийн дарга О.Эд “Судалж, санал өгөх”-ийг даалгаж цохолт хийсэн. Тус цохолтын дагуу Баяжуулах фабрикийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Л.Одонтунгалагт “Төслийн саналыг судалж, санал ирүүлэх” ажлыг даалгасан байдаг. Мөн уг цохолтон дээр Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт ЭҮийн лаборатори судалгааны төвд “Эргэлтийн усанд хэрхэн нөлөөлж байгааг судалж, хариуг өгөх”-ийг даалгасан. Улмаар лаборатори судалгааны төвтэй Захиалагч нь Т ХХК, гүйцэтгэгч нь ЭҮ ХХК-ийн лаборатори судалгааны төв гэсэн гэрээг 2016 оны 9 сарын 15-нд байгуулсан юм. Тус судалгааны төвөөр судалгаа хийлгэх явцдаа өөрийн боловсруулсан төлөвлөгөө, аргачлал, технологийн дарааллыг нэг бүрчлэн танилцуулж, бүгдийг дэлгэж тавьсан. Мөн туршилт хийж байх явцад хаягдлын аж ахуйн талбайд 75 м.кв газарт техникийн туршилт хийж амжилттай болсон. Мөн ажлын явцыг комисс гарч шалгасан. Комиссын даргаар Баяжуулах фабрикийн орлогч дарга Ц.Батхуяг, гишүүдэд Үйлдвэр техникийн хэлтсийн дарга Б.Намуунгэрэл, Баяжуулах фабрикийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Л.Одонтунгалаг, Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн дарга Бямбажав нар ажилласан. Ажлын хэсэг уг туршилтыг маш үр дүнтэй болсон гэж дүгнэсэн. Уг туршилтыг явцыг илтгэсэн дуу-дүрсний бичлэг бүхий Сиди-г, мөн туршилтын явцыг илтгэсэн туршилтын тайлан, гэрэл зургаар бэхжүүлсэнг мөн нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа болно. Дүгнэлтийн дагуу 2016 оны 9 сарын 3-ны өдөр Цагаан тоос дарах ажлын хэсэг хуралдаж, Т ХХК-ийн боловсруулсан Цагаан тоос дарах “Зуны гол” төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг авч хэлэлцсэн.Хуралдааны үеэр ЭҮ ХХК-ийн Лаборатори судалгааны төвийн дарга Л.Мөнхбаяр: “Судалгааны төв дээр наалданги шаврыг дангаар нь болон цемент, шингэн шилтэй хольж технологийн процесст нөлөөлөх нөлөөллийг судалсан. Наалдинга шавар дангаар нь технологийн процесст нөлөөлөл үзүүлээгүй. Харин цемент эсвэл шингэн шилтэй хольсон үед энэхүү хольцууд нь эргэлтийн усанд орсон тохиолдолд технологийн процесст нөлөөлөхөөр байсан” хэлсэн байдаг. 2018 онд тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн Байгаль орчин хариуцсан орлогч дарга О.Э надад “Чиний аргыг ашиглах гэж байна” гэж хэлсэн. Тухайн үед үгүй байлгүй гэж өөр аргаар дарна гэсэн гээд үнэмшээгүй. Гэтэл Б:үийн хаягдлын аж ахуйн Цагаан тоос дарах туршилтын үр дүнг хэлэлцэх хурлын тэмдэглэл дээр 2018 оны 6 сарын 9-ны өдөр Лаборатори судалгааны төвийн дарга Л.Мөнхбаяр “Туршилт нь манай хүдрийн найрлагад байгаа шаварлаг эрдсийг барьж авч үлдэх зорилготой хийсэн” гэж хэлсэн. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 30-нд www.erdenetinfo.mn сайтад 560 га газрыг дарсан мэдээ гарсан байсан. Яаж дарсныг нь сонирхож өөрийн биеэр ЭҮийн хаягдлын аж ахуйн баруун урд хэсэгт очиж үзэхэд миний эзэмшиж буй патентын 1-р томьёоллыг ашиглаж цагаан тоосны дэгдэлтийг дарсан байсан. Миний баталгаажуулах зорилгоор тухайн хэсгээс 2 ширхэг дээж авч 2019 оны 10 дугаар сарын 24-нд Инженер геодезын хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн хүргүүлсэн ба уг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр миний эзэмшиж буй патентын 1-р томьёоллыг ашигласан болох нь тодорхой болсон. Уг шинжилгээний хариуг миний дахин шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтдээ өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гэж үзэж хавсаргаж өгсөн. Үүнийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс яагаад үнэлээгүй, үнэлэхгүй байгаа үндэслэлээ бичээгүй атлаа нэхэмжлэгч намайг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийг маань бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал миний хувьд 170 сая төгрөгийн хохирол учирснаа нотлоогүй нь үнэн боловч патентаар хамгаалагдсан эрхийг минь зөрчсөн болохыг нотлох зорилгоор итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны ЭҮ ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйн цагаан тоосыг дарсан технологи нь миний оюуны өмчийн патентаар хамгаалагдсан эрхийг зөрчсөөр байгаа үйлдлийг нотлогдоогүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр. Шүүхээс нэхэмжлэгч намайг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх атлаа миний бүгд химийн мэргэжилтэй хүмүүсийн гаргасан, МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн итгэмжлэгдээгүй лабораторит хийсэн шинжилгээ нь миний бие өөрөө хийлгэсэн Инженер геодезийн хүрээлэн гэх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариутай эрс зөрүүтэй байгааг, тус шинжээч нарын гаргасан дүгнэлт нь илт үндэслэлгүй байгаа талаарх тайлбар, дахин шинжээч томилуулахаар гаргасан хүсэлт зэргийг шүүх хүлээн аваагүй мөртлөө, уг хэрэг 2 удаа гаргасан шинжээч нарын дүгнэлт, миний итгэмжлэгдсэн лабораториор хийлгэсэн шинжилгээний хариуны алийг нь үнэлээгүй, яагаад үнэлээгүй тайлбарлаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслээгүй, надад хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал хэргийн зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар, 38 дугаар зүйлийн 38.6-т заасны дагуу шүүх анх МУИС-ын хэрэглээний шинжлэх ухааны сургуулийг шинжээчээр томилж томилж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтийн дагуу шинжилгээ хийлгэсэн. Гэвч шинжээч нь итгэмжлэгдээгүй лаборатори болох өөрийн сургуулийн лабораторит хийсэн гэдгээ, өөрсдөө физикийн ухааны багш, судлаач биш, харин химийн шинжлэх ухааны багш-судлаач нар гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл ширхэглэлийн судалгааг, шинжилгээ физикийн мэргэжилтэй хүн ямар шинжлэх ухааны үндэслэлтэй стандарт, дүрэм, журмыг үндэслэж нарийн мэргэжлийн шинжилгээг хийх учиртай бөгөөд тус тусгай мэдлэг нь уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргах учиртай. Гэтэл химич мэргэжилтэй багш нараар Монгол улсад мөрддөг стандартын дагуу бус харин ОХУ-ын багш, судлаачдын хамтран бэлтгэсэн оюутнуудад зориулсан судалгааны номыг үндэслэн физик-механик, техникийн судалгааны ном зэрэг судалгааны номонд үндэслэж дүгнэлт гаргасан /экспертийн тайлан гэх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтэнд/ байдаг. Гэтэл уг асуудлаар дүгнэлт гаргахдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ММ55850:2008 стандартад заасан зааврыг баримтлаагүй, Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай “аргачилсан заавар батлах тухай” тушаал, түүний хавсралтаар баталсан “газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын заавар”-ыг /зааврын 4.2-т зааснаар тодорхойлох ёстой/ огт баримтлаагүй байна. Учир нь шинжээч нар нь химич мэргэжилтэй хүмүүс тул физик-механикийн буюу буюу ширхэглэлийн шинжилгээг хийх ойлголт ч байхгүй хүмүүс тул тусгай мэдлэгтэй шинжээч нар гэж үзэж, дүгнэлтийг нь үнэн зөв, эргэлзээгүй гарсан гэж үзэх боломжгүй тул миний бие дахин шинжээч томилуулахаар өмгөөлөгч нарын хамт хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй, мөн миний бие итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж шинжилгээний хариуг өгснийг хүртэл үнэлээгүй нь шүүх бүрэлдэхүүн нэг бол ойлгоогүй, нэг бол хэт талыг барихыг хүссэн гэж үзэхээр байна. Ийнхүү шүүхээс тухайн асуудлаар дагнасан, итгэмжлэгдсэн, мэргэшсэн тусгай мэдлэг бүхий шинжээчийг олж томилоогүй химийн мэргэжилтнүүдийг томилж улмаар уг дүгнэлтээ баримтлаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь нэхэмжлэгч миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. нотлох баримт бүдүүлэх хүсэлтийн минь шүүх аваагүй атлаа, намайг нэхэмжлэлээ нотлоогүй гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.Гурав. миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 170 сая төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэдгийг бол харин хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь хариуцагч нь миний оюуны өмчийн эрхийг зөрчсөн эсэх талаар нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахаар шийдсэн тул уг 170 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 541 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 142/ШШ2021/00541 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан гомдлыг 2021 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч, танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын шийдвэрлэлтийн асуудлаар:Уул уурхайн салбарын Б:ү нь хаягдлын сан болон далангийн байгууламжийн хамт баригдаж, ашиглалтанд ордог.“ЭҮ” ТӨҮГ-ын Б:үийн Хаягдлын аж ахуй , анхдагч далангийн байгууламж нь 1978 онд ашиглалтанд орсон.“ЭҮ” ТӨҮГ нь цагаан тоосыг дарах талаар олон жил санаачилга гарган ажилласан бөгөөд цагаан тоосыг дарах, бууруулах талаар үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамгийн оновчтой арга, технологийг эрж хайсаар ирсэн бөгөөд цөөнгүй технологийг туршсан. Үүний нэг нь “Т” ХХК-тай хамтарсан туршилт юм. Бусдын эзэмшдэг технологи буюу шинэ бүтээлийг тухайн эрх эзэмшдэг этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүйгээр ашиглахдаа барих хэм хэмжээг Патентын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заахдаа “Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон гэрчилгээ бүхий ашигтай загварыг дараах байдлаар ашиглавал эрх эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж үзэхгүй” гэсэн байдаг бөгөөд 18.2.2-д “эрдэм шинжилгээ, сургалт, туршилтын ажилд ашиглах;” гэж тодотгон туршилтын зорилгоор ашигласан бол зөрчил биш гэдгийг тодорхой зааж өгсөн. “ЭҮ” ТӨҮГ нь “Т” ХХК-тай хамтран туршилт явуулсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан зохиогчийн эрхийг зөрчсөн асуудал үүсээгүй болно. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд гарган хүргүүлсэн гэх гомдолд дурдсан баримтууд нь тухайн үед туршилт, судалгааны ажил явагдаж байсныг нотлохоос бус “ЭҮ” ТӨҮГ нь зохиогчийн эрхийг зөрчиж, бусдын патентын эрхээр хамгаалагдсан арга технологиор цагаан тоосыг дарсан гэдгийг нотлох баримт биш юм. Мөн нэхэмжлэгч талын дурдаад буй тухайн үеийн “ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн орлогч дарга О.Эгийн “Montsame.mn” сайтад өгсөн ярилцлага, мөн үйлдвэрийн газрын Б:үийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Бийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосны талаарх техникийн зөвлөгөөн дээр ярьсан зүйлс нь “ЭҮ”ТӨҮГ-ыг иргэн Т.С шинэ бүтээлийг ашигласан талаарх нотлох баримт биш болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн нотлох баримтууд нь “ЭҮ” ТӨҮГ нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан шинэ бүтээлийг ашиглан цагаан тоос дарсан гэдгийг нотлох баримтууд биш тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Хоёр. Шинжээчийн дүгнэлтийн талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шинжээч томилж, шүүхээс Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Гэтэл нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд хүсэлт гарган мэтгэлцсэн. Шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн, дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. Мөн шүүхээс шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй ч шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар дурдсан. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болох 170.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, уг шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан гомдол нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж хариуцагч талаас үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан “Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170.000.000 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 230 дугаар зүйлийн 230.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолоор шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн МУИС, ХШУИС-ийн экспертийн тайланг шүүхэд ирүүлжээ. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1508 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Т.С нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “... нэхэмжлэгч талын дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагч талын шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулъя гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 541 дугаар шийдвэрээр “...шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй, шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй ч шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурьдах нь зүйтэй байна...”  гэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3.-т заасан “шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно...” гэснийг зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ.

  Нэхэмжлэгч Т.С болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2021/00541 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР