Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 76

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Бат-Оргил

Шүүгдэгч Б.Э

                     Нарийн бичгийн дарга Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/852 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцлээр Б.Э т холбогдох эрүүгийн 2005001830296 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Б.Э , 1996 оны 6 дугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын жолооч мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Б.Э  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах 339 дүгээр цэргийн ангийн амрах байранд 2019 оны 3 дугаар сард иргэн Л.Ө  нь дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны 5070359776 дугаартай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч, улмаар тус картыг хувьдаа ашиглан удаа дараа гүйлгээ хийж, 3.891.000 /гурван сая найман зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /   

 

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхээс шүүгдэгч Б.Э т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Э т холбогдох хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч нь хохирогч Л.Ө ын ХААН банкны виза картыг худалдан авалт хийлгүүлэхээр өгсөнийг буцааж өгөлгүй данснаас нь 3.891.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогдож улмаар прокурорт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргаж уг хүсэлтэд хохирогч Л.Ө т учруулсан 3.891.000 төгрөгийг сар бүр барилгын ажил хийж хохирлыг бүрэн барагдуулна, барилга дээр ажиллаж сард 1.000.000 төгрөгийн цалин авдаг талаар дурджээ.

Прокуророос түүний энэ хүсэлтийг хангаж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж хэргийг хялбаршуулсан журмаар оруулж ирсэн бөгөөд шүүх “тэнсэх” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэхдээ “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэсэн нөхцлийг бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьцуулж биелэгдэх боломжтой эсэхийг заавал дүгнэх шаардлагатай бөгөөд шүүгдэгч Б.Э  нь ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн түүний хэлсэн үг, бичгээр гаргасан баталгаа төдийгөөр шаардлага хангахгүй, уг баталгаа нь бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн эсэхийг зайлшгүй шалгаж дүгнэх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангах бөгөөд үүнийг үндэслэлтэй дүгнэснээр шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бодитой болохыг илэрхийлдэг.

Энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлснээр оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э  нь хаана ямар ажил эрхэлж хэдэн төгрөг авахаа бүрэн бодитой нотлоогүй, орлогоо нотолж чадаагүй нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх боломжгүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бат-Оргил 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаар эсэргүүцэлдээ:

 

 Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Учир нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б.Э  нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм хор, хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.3, 5.4, 7.1 дүгээр зүйлүүдэд заагдсан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэхгүйгээр яллагдагч Б.Э  нь хаана ямар ажил эрхэлж хэдэн төгрөг авахаа бүрэн бодитой нотлоогүй, орлогоо нотолж чадаагүй нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл хангагдсан байдлыг үгүйсгэсэн байдлаар дүгнэлт хийж, улмаар яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэр гаргаж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг хуульчилж мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг анхаарч үзээгүй байна.

 

Түүнчлэн Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн боловч дээрх заалтад “гэмт хэргийн улмаас учруусан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” байх шаардлагыг хуульчилсан. Дээрх заалтын дагуу яллагдагч Б.Э  нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг бөгөөд энэ нь хуульд заасан шаардлагад бүрэн нийцсэн.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн тохиолдолд уг хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан.

Уг заалтын дагуу шүүх шүүгдэгчид Эрүүгийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргүүдээс хэд хэдэн үүргийг хүлээлгэх боломжтой бөгөөд ялтан нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах хуулийн зохицуулалттай атал энэ зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/852 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Б.Э  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Э ыг 2019 оны 3 дугаар сард иргэн Л.Ө ын эзэмшлийн Хаан банкны картыг хувьдаа ашиглан удаа дараа гүйлгээ хийж, 3.891.000 /гурван сая найман зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э  нь хохирогч Л.Ө т учруулсан 3.891.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна гэж бичгээр хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна хэмээн прокуророос хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-т заасан “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” хэмээн зохицуулалтыг шүүхээс хэрэглэхийн тулд тухайн нөхцөл байдлуудыг нотолсон нотлох баримтуудаар биелэгдэх боломжтой эсэхийг үндэслэн шийдвэрлэх нь зөв юм.

 

Хавтаст хэргээс үзвэл Б.Э  нь хаана ямар ажил эрхэлдэг, хэдэн төгрөгийн цалин авдаг болон бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/852 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/852 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагч Б.Э т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хугацаагаар  үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.