Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/047 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын жолооч мэргэжилтэй,  ******* овогт *******ы *******, регистрийн дугаар /*******/;

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах дүгээр цэргийн ангийн амрах байранд 2019 оны 03 дугаар сард иргэн нь дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн ХААН банкны дугаартай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч, улмаар тус картыг нь хувьдаа ашиглан удаа дараа гүйлгээ хийж 3.891.000 төгрөгийн хохирол учруулсан ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/          

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

2019 оны 03 дугаар сард надад картаа өгөөд ойр зуурын юм аваад ир гэхээр нь би дэлгүүр лүү картыг авч гарчихаад картыг нь өгөхөө мартаад кармаалаад маргааш өглөө нь аваад явчихсан байсан . Би ажил дээрээ оччихоод эргээд руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш би 21 хоногийн дараа ажлаасаа гараад Улаанбаатар хотод очоод нөгөө картад мөнгө байна уу гэж үзтэл мөнгө байхаар нь би цуваргаж авсаар байгаад 3.891.000 төгрөг авсан. Тухайн картын нууц кодыг намайг дэлгүүр явуулахдаа хэлж өгч байсан юм. Улаанбаатар хотод очоод утас руу нь залгахад бас холбогдохгүй байсан. Би виза картад байгаа мөнгийг нь шалгахад 200.000 төгрөг байсан тэгээд мөнгөний хэрэгтэй байсан учраас данснаас нь авсан тэрний дараа дахиад үлдэгдэл шалгахад 500.000 орсон байсан тэрийг бас аваад үрсэн тэгээд дансанд нь мөнгө орох болгонд нь цувуулж авсаар байгаад нийтдээ 3.891.000 төгрөг авч үрсэн байсан. Цаашдаа ын хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ажил хийж ын хохирлыг барагдуулах болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50, 63- 64 /

 Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн

Би 2019 оны 03 дугаар сард Баянхонгор аймгийн дүгээр ангид өөрийн найз залуу г эргэж очсон. Би дэлгүүрээс өөрийн картаараа ойр зуурын ундаа, чихэр, боов авсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод ирээд өөрийн ХААН банкны картаасаа мөнгө авах гэтэл таны дансанд 3000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би данснаасаа мөнгө аваагүй, миний картаас хамгийн сүүлийн зарлага 4 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд тэр гүйлгээ хийсэн Вох караокед ороод камер шүүхэд манай найз залуугийн цэргийн ангийн үүдэнд сууж байсан цэрэг байсан. Найз залуугаасаа асуухад манай цэргийн ангид ажилладаг ахлагч байна гээд утасны дугаар болон фейсбүүк хаягийг нь өгсөн. Тэр залууг ******* гэдэг гээд *******тай дугаараар холбогдож байгаад уулзахад би 7 хоногийн дараа 5000000 төгрөг болгоод өгчихнө гэж цэрэгт ажилладаг болохоор зээл аваад өгье гээд гуйгаад байсан тэрнээс хойш утсаа авахгүй байсан . Цэргийн ангийн амрах байранд байхдаа *******т виза картаа өгсөн. Тэгээд би ундаа, тамхи авахуулахаар өгөөд виза картаа авахаа мартчихсан байсан. Тухайн үед би ******* болон хамт байсан хүмүүсээс дэлгүүр ороод ундаа тамхи аваад ирээ ч гэж гуйхад ******* би яваад ирье гэж хэлсэн. Би *******аас виза картаа буцааж авснаа санахгүй байна. Би тэр өдрөөс хойш картаа ашиглаагүй байж байгаад Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багт байж байгаад Улаанбаатар хотод очоод картаа ашиглах гээд хайгаад олоогүй. Тэгээд данснаасаа мөнгө авах гэсэн чинь миний дансанд байсан мөнгө байхгүй байсан. *******т картаа өгөхдөө нууц кодыг нь хэлж өгсөн. Ямар нэгэн цаасан дээр бичиж өгөөгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29, 36-38 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 377 дугаар шинжээчийн ... ХААН банкны виза карт 1 ширхэг эд зүйлийн нийт үнэ цэнэ 3.000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 58/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 15-16/, гомдол мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлэх тухай /1-р хх-ийн 17/,  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 01-02/, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар тогтоол /1-р хх-ийн 94-95/, Нийслэлийн Баянгол дүүргийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 200500183 дугаар прокурорын тогтоол /1-р хх-ийн 08/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 20/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 22-24/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 67/, депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 74-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 78/, Хаан банкны дугаар дансны хуулганууд /1-р хх-ийн 88/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах дүгээр цэргийн ангийн амрах байранд 2019 оны 03 дугаар сард иргэн нь дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн ХААН банкны дугаартай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч, улмаар тус картыг нь хувьдаа ашиглан удаа дараа гүйлгээ хийж 3.891.000 төгрөгийн хохирол учруулсан ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн 48-50, 63- 64 /, хохирогч ын мэдүүлэг /1-р хх-ийн 28-29, 36-38 /, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 58/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын   нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” хуулийн  үйлчлэлд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж уг хорих ялаа биечлэн эдэлж буй тохиолдолд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих асуудал болно.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт зааснаар хамаарах боломжгүй тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалтыг хэрэглээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж, тус өдөр хохирогч ын ХААН банкны тоот дансанд 1,500,000 төгрөг шилжүүлж,  тус дансанд дахин 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг шүүгдэгч *******ын ээж шилжүүлж, нийт хохирлын 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан нийт 3891000 төгрөгийн хохирлоосоо 891000 төгрөгийг төлүүлэхээс татгалзсан байгаа дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 118 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Huawei V6 маркийн гар утас нэг ширхэг..”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 118 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5.  Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Huawei V6 маркийн гар утас нэг ширхэг..”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгосугай.

7. Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА