Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2021/00544

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* Б.О /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй, /утас/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах Э.Ү *******-т холбогдох,

Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 19 682 108 төгрөг гаргуулах, татвар, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Б.Б.О 2004 оны 10 дугаар сард Э.Ү *******-т гагнуурчны ажлын байрны сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Энэ үеэс хойш 16 жил Э.Ү *******-ын авто тээврийн байгууллагад гагнуурчнаар тогтвор суурьшилтай ажилласан. Миний бие нь арьс харшил, хордлоготой бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ээлжинд гарах байсан боловч харшил хөдөлж, амь тэмцээд эм давхарлаж уугаад нойрмог байдалтай болсон. Энэ тухайгаа ээлжийн мастер дугаарын утсаар мэдэгдсэн боловч энэ ээлжинд ганцхан гагнуурчинтай, ир гэсэн боловч би биеийн байдлаас болж очиж чадаагүй. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажилдаа ирэхэд надаар тайлбар бичүүлж авсан ба мастер удирдах хүмүүстэй ая эвийг нь олж уучлах байх гэж итгээд шалтгаангүйгээр ирээгүй гэж бичиж өгсөн. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цехийн дарга санал гаргаж, халагдах тушаал 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр гарсныг 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авлаа. Миний биеийн байдал ямархуу байдгийг хамт ажиллагсад мэднэ. Тэдэнтэй хамт усанд ороход ч хэцүү байдаг. Би одоо эхнэр 3 хүүхдийн хамт, өөрийн гэсэн орон байргүй, эхнэр БНСУ яваад гацсан тул 6 микрт 2 хүүхэдтэйгээ /том охин оюутан/ айлын байранд амьдарч байна. Би ажлаас халагдсан асуудлаа өөрийн ажлын газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон холбоогоор танилцуулж, хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр энэ гомдлыг шүүхэд гаргаж байна. Би үнэхээр биеийн байдлын улмаас ээлжийн доторх 12 цагийн ажилд очиж чадаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 6.3.1-д заасан 3 хоногийн ажил таслаагүй, хуульч намайг ажлаас халж Хөдөлмөрийн гэрээ цуцалсан Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 дугаартай тушаалыг хууль зүйн хувьд зөрчилтэй, шүүхээр дүгнэлт өгүүлэх боломжтой гэж зөвлөсөн. Миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн амьдралын байдлаа үндэслэл болгож, олон жил ажилласан, ажлаа зохих ёсоор хийдэг зэргийг үндэслэл болгож байна. Иймд намайг Э.Ү *******-ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд буцаан тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Б.Б.О тус шүүхэд хандаж "Э.Ү ******* ХХК-д холбогдуулан хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцалсан Ерөнхий захирлын 2020-10-06-ны өдрийн Б/1670 дугаартай тушаалыг хүчингүй болгож "Э.Ү" *******-ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгох шаарлагыг гаргаж байснаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч Ж.Б.Отай байгуулсан хоёр талын хөдөлмөрийн гэрээг 2020-10-06-ны өдөр цуцалсан байх ба энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртлэх хугацааны цалингаа гаргуулах, мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгуулах тухай шаарлагуудыг нэмэгдүүлж байна. 2020-10-07-оос 2020-10-31 хүртэл ажпын 18 өдөр, 2020 оны 11-р сарын ажлын өдөр 21 өдөр, 2020 оны 12-р сарын ажлын өдөр 23 өдөр, 2021 оны 01-р сарын ажлын өдөр 20 өдөр, 2021оны 02-р сарын ажлын өдөр 19 өдөр, 2021 оны 03-р сарын ажлын өдөр 23 өдөр нийт ажлын 124 өдөр болж байна. Нэхэмжлэгч Ж.Б.Оын сарын дундаж цалин 3.491.987 төгрөг болж байгаа бөгөөд /3.491.987:22 өдөр= 158.726=68 өдрийн цалин /158.726=68*124 хоногоороо зржззлэхээр= 19.682.108=39 төгрөг болж байна/. Ж.Б.Оын ажилгүй байсан хугацааг тооцоход ажлын 124 хоног өдрийн цалин 158.726=68 төгрөг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин 19.682.108=32 төгрөг гаргуулан авахаар шаардаж байна. Иймд:Ж.Б.Оыг хуучин хийж байсан ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин болох 19.682.108=68 төгрөгийг "Э.Ү" ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчид нэхэмжлэгчийн татвар,нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 26-р гудамж 23 тоотод орших Хатгин овгийн ******* Б.О тус шүүхэд хандаж "Э.Ү" *******-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2020-10-06-ны өдрийн Б/1670 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болох талаар дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1 .Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтыг тушаалынхаа үндэслэл болгожээ. Орхон нутгийн өмчийн тухай хуулийн зорилт нь: "Төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэжээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээ гэвэл: "...Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохиуцуулахад үйлчилнэ" гэжээ. Энэхүү хуулийн зорилт, үйлчлэх хүрээнээс харахад хэн нэгэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад энэ хуулийн холбогдох зүйл заалтуудыг тухайн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл болгодоггүй байх бөгөөд тухайн заалт нь буюу энэ хуулийн 20-р зүйл нь Захирлын эд хөрөнгийн эрх, үүргийг зохицуулсан заалт байх юм. Хуулийн 20-р зүйлийн 1 дэх хэсгийн 6-д: "хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх" гэжээ. Харин ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэлээ болгох зохицуулалт биш юм.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт бөгөөд 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтын тухайд гэвэл: "ажил олгогч санаачилсан" бол Б.Б.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа гол үндэслэл нь: /хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн байх юм/ Гэтэл ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлээр /Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна/ гэсэн байх юм. Энэ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т "ажлаас халах" гэжээ.Х.Бадамсүрэн 2020-10-06-ны өдрийн Б/1670 дугаартай тушаалаа гаргахдаа хуулийн энэ заалтыг үндэслэсэн бол тушаал нь хуульд нийцэх байжээ.

3. Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсэгт нь: /Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлага,хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах/ гэжээ.Энэхүү журмын 8.9.20-д: Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хариуцлага тооцох зохицуулалт мөн боловч дээрх журмын 8.2-т: /хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол/ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байх юм. Дээрх журмын 8.8-д: /Хөдөлмөрийн сахилгын дор дурдсан зөрчил гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон ажилтанд үндсэн цалин 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна/ Үүнд:8.8.1-д: /Ажлын нэг жилийн дотор 8.7-д заасан зөрчлийг давтан гаргасан/ гэжээ. Журмын дээрх заалтаас харахад нэхэмжлэгч Б.Б.О журмын 8.7.9-д заасан: /Хүндэтгэх шалтгаантай боловч ажилд гарах боломжгүй тухайгаа шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдээгүй/ гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хэрэгт нэхэмжлэгч Б.Б.О ажлын байрны тодорхойлолтдоо заасан /Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаал/-тан нь /Засварын хэсгийн мастер/ гэжээ. Нэхэмжлэгч Б.Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020-09-20-ны өдөр ээлжинд гарах байсан боловч харшил хөдлөөд эм давхарлаж уугаад нойрмог байдалтай болсон гэсэн байх бөгөөд дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан Б.Б.Оын шууд харъалан удирдах албан тушаалтан болох ээлжийн мастер түүний дугаарын утасруу нь залгаж өөрийн биеийн байдлаа хэлсэн гэдэг. Б.Б.Оын энэ үйлдэл нь хоёр талын хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

4. Дээрх Б/1670 дугаартай тушаалын агуулга нь: Б.Б.Отай байгуулсан хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал байна. Гэтэл энэхүү тушаалын хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч Б.Б.О хөдөлмөрийн гэрээндээ заасан ямар /аль/ заалтуудыг зөрчсөн болохыг огт тусгаагүй байгаагаас харахад нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээндээ заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний зөрчил гаргаагүй байна гэж үзэж байна. Гэрээг дүгнэж байж гэрээг цуцалдаг байхад цуцлаж байгаа гэрээгээ огт дүгнээгүй үнэлээгүй байж гэрээг цуцлана вэ? Мөн хөдөлмөрийн дотоод журамд нь 1-2 өдөр ажил тасалсан бол сахилгын шийтгэл ногдуулахаар заасан зохицуулалтууд байхад шалтгаанаа хэлсээр байтал хэлээгүй мэтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн шийдвэр болжээ. Иймд: Дээрх үндэслэлүүдээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учир Б.Б.Оын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Б.Оаас Э.Ү *******-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. 1. Нэхэмжлэгчийн гаргасан давтан зөрчлийн талаар

Нэхэмжлэгч Б.Б.О нь Э.Ү *******-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж, Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт цахилгаан хийн гагнуурчнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул Э.Ү *******-ын Автотээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Нэхэмжлэгч Б.Б.О нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичгээр тайлбар гаргасан бөгөөд энэхүү тушаалд гомдол гаргаагүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шөнийн ээлжинд гарах үүрэгтэй байсан боловч дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 тоот тушаалаар түүнгэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Э.Ү *******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-т Ажилтан Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тухайн ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан г.м/-ээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл г.м/ мэдэгдэх /үүнээс богино хугацаанд мэдэгдсэн тохиолдолд тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг нотлох/, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... харшил хөдөлж, амь тэмцээд эм давхарлаж уусан. ... биеийн байдлаасаа болж очиж чадаагүй гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх баримтаа огт ирүүлээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ... хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь үнэн болно гэх тайлбарыг өөрийн гараар бичиж өгч, давтан гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс нэхэмжпэгч Б.Б.Оын гаргасан биеийн эрүүл мэндийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх тайлбар холбогдох баримтуудаар нотлогдоогүй учраас ажил олгогч түүнийг ажил тасалсан зөрчил давтан гаргасан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, Э.Ү *******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс хэтрээгүй байхыг ойлгодог. Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж Автотээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... биеийн байдлын улмаас 12 цагийн ажилд очиж чадаагүй гэх боловч энэ нь холбогдох баримтуудаар нотлогдоогүй бөгөөд мөн ... 3 хоногийн ажил таслаагүй гэх хэрэгт хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгчийн гаргасан өмнөх сахилгын зөрчлүүдийн талаар

Нэхэмжлэгч Б.Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлаас зөвшөөрөлгүй эрт буусан тул Э.Ү ХХК-ийн Автотээврийн байгууллагын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/202 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул Э.Ү *******-ын Автотээврийн цехийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/183 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслахад цехийн даргаас дахин анхааруулга өгч байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлж, үнэнчээр хөдөлмөрлөх нь ажилтны гол үүрэг юм. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас зөвшөөрөлгүй эрт буух, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргадаг мөртлөө үнэхээр биеийн байдлын улмаас ажилд очиж чадаагүй, ... 3 хоногийн ажил таслаагүй, ... Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны Б/1670 тоот тушаал хууль зүйн хувьд зөрчилтэй, ... олон жил ажилласан, ажлаа зохих ёсоор хийдэг гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э.Ү *******-т холбогдуулан гаргасан Б.Б.Оын ажилгүй байсан хугацааны цалин 19 682 108 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ... эрхтэй, 130 дугаар зүйлийн 130.2-т Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэж зааснаар тус *******ийн газрын ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хөдөлмөр зохион байгуулалтын үндсэн баримт бичиг нь Э.Ү *******-ын Хөдөлмөрийн дотоод журам юм. Э.Ү *******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Нэхэмжлэгч Б.Б.О нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Э.Ү *******-ын Автотээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд зөрчил гаргаснаас хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчил гаргасан тул тус *******ийн газрын Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Б.Б.О сахилгын давтан зөрчил гаргасан болох нь түүний бичгээр гаргасан тайлбар, хэсгийн даргын илтгэх хуудас болон ажлын цаг бүртгэл зэрэг баримтуудаар тус тус тогтоогддог. Хэдийгээр нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... харшил хөдөлж, биеийн байдлаасаа болж очиж чадаагүй гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх баримтыг ажил олгогчид гаргаж өгөөгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ... хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь үнэн болно гэх тайлбарыг өөрийн гараар бичиж өгч, давтан гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Э.Ү *******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-т Ажилтан Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тухайн ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан г.м/-ээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл г.м/ мэдэгдэх /үүнээс богино хугацаанд мэдэгдсэн тохиолдолд тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг нотлох/, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч Б.Б.Оын гаргасан биеийн эрүүл мэндийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх тайлбар холбогдох баримтуудаар тогтоогдоогүй учраас хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б.Оын тус шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин 19,682,108 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардпагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Э.Ү ХХК-ийг төрийн өмчит *******ийн газар болгон өөрчлөн байгуулсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, ямар хуулийн дагуу ямар татвар нөхөн төлөхийг хариуцагчаас шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.О нь Э.Ү *******-д холбогдуулан Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 19 682 108 төгрөг гаргуулах, татвар, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Б.Б.О нь Э.Ү *******-ын Автотээврийн байгууллагад 2004 оны 10 дугаар сарын 29-ны өдөр цахилгаан ба хийн гагнуурчнаар ажилд орж ажиллаж байгаад Э.Ү *******-ын ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь Э.Ү *******-ын Ерөнхий захирлын дээрх Б/1670 дугаар тушаал, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Э.Ү ******* нь Б.Б.Оыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., Э.Ү *******-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20 заалтуудыг үндэслэн ....хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

Б.Б.О нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны орой ажилдаа гарах байсан боловч ажилдаа гарч чадахгүй болсон талаараа өөрийн шууд харьяалан удирдах мастер утсаар мэдэгдсэн байна. Гэсэн ч мастер З.Гочоосүрэн нь Б.Б.Оыг ажилдаа ир гэсэн шаардлага тавьсан, нэхэмжлэгч ажилдаа очоогүй нөхцөл байдал талуудын тайлбараар нотлогдож байна.

Ажил олгогч нь ажилтан Б.Б.Оыг хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Э.Ү ******* нь ажилтан Б.Б.От 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн дотор ажил тасалсан гэсэн үндэслэлээр Б/175 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба Б.Б.О энэ шийдвэрт гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч нь, өмнө нь Б.Б.Оыг сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан гэж тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг /хх31-32/ ирүүлсэн ч 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаалаас өмнөх баримтууд нь хэрэгт хамааралгүй байна.

Ажилтан Б.Б.Оын хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/1670 дугаар тушаалд Э.Ү ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20 дахь заалтыг баримталсан байх ба 8.9.-д Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, 8.9.20.-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хөдөлмөрийн гэрээний 6.3.-т Дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд: 6.3.1.-д Хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, 6.3.2.-т Хүндэтгэх шалтгаантай боловч ажил олгогчид мэдэгдээгүй ээлжийн амралт болон ажил олгогчийн зөвшөөрсөн чөлөөг 3 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халахаар заасан байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 8.9 дүгээр заалт буюу хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халах заалтаас баримталсан байх ба, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан холбогдох заалтыг баримтлаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч, Б.Б.Оыг хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчил давтан гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч, тухайн үед ажилдаа гарч чадахгүй болсон тухайгаа өөрийн харьяалах удирдлага болох мастер мэдэгдсэн гэдэгтэй хариуцагч тал маргадаггүй.

Хэрэв хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн байх учиртай. Ноцтой зөрчил гэж юу болох талаар талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байна.

Харин хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол гурав ба түүнээс дээш хоногоор ажилдаа ирээгүй байхыг ойлгохоор хөдөлмөрийн гэрээндээ тусгажээ.

Гэтэл хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй байхад хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийн заалтыг барьж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн Б/1670 дугаартай тушаал үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр ажилтан Б.Б.О оройн ээлжинд гарах байсан, ажлын цаг дууссан байсан тул ажилд гарах боломжгүй шалтгаанаа мастертаа хоёр ч удаа утсаар мэдэгдсээр байхад хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж буй нь зүйд нийцээгүй гэж үзнэ.

Иймд Б.Б.Оын хөдөлмөрийн гэрээг цуцалсан Э.Ү *******-ын ерөнхий захиралын 2020-10-06-ны өдрийн Б/1670 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Б.Оыг Э.Ү *******-ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 19 682 108 төгрөг гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг тооцохдоо ажил олгогчоос ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг үндэслэсэн бөгөөд /сарын дундаж цалин 3 491 987₮ : 21,5 = 162 418₮ нэг өдрийн цалин/ ажлын 124 хоногоор тооцоход нэхэмжилсэн дүнгээс илүү гарч байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр нөхөх олговрыг гаргуулан олгов.

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э.Ү *******-аас улсын тэмдэгтийн хураамжаар 256 712 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Б.Б.Оын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, мөн түүний биеийн байдлыг харуулсан фото зургууд зэргийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б.Оыг Э.Ү *******-ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоож, Э.Ү *******-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 19 682 108 төгрөг гаргуулан Б.Б.От олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.Б.Оын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Э.Ү *******-т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2, 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э.Ү *******-аас улсын тэмдэгтийн хураамжаар 256 712 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА