Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/шш2021/01175

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах цСӨХ /регистрийн дугаар 1029967, утас: 99350246/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-20-44 тоотод байрлах хХХК /регистрийн дугаар 2563266/-д холбогдох,

Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурайчин баг3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхрын 182 м2 талбайг хХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, тооцоо нийлэх тохиролцооны дагуу 2006-2021 оны дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр 40 349 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.о, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.м, М.г, хариуцагчийн төлөөлөгч Д.ж, хариуцагчийн өмгөөлөгч Р.н, гэрч З.р, Ч.а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч цСӨХ-ны захирал С.о шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа үйлчилгээний ХАЖА" ХХК-ийн захирал Дуламсүрэн овогтой ж нь (Регистр дугаар ФМ 56070711) тус Сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлд байдаг 2-р ДГТ байрны 182 кв.м талбайтай зоорийн давхарт баар, хүнсний цехийн үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу манай сууц өмчлөгчдийн холбоотой хХХК нь 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар Зоорийн давхрыг түрээслүүлэх гэрээг байгуулсан. Үүнээс хойш мөн жилийн дараа 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс төлөх гэрээг байгуулсан. Ийнхүү дээрх хоёр гэрээ байгуулагдсанаас хойш манай Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокын зоорийн давхрын 182 мк.в талбай эзэмшиж ашигласаар 15 жилийн хугацаа өнгөрч байна. "хХХК нь гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ огт биелүүлэгээүй өнгөрсөн 15 жилийн хугацаанд ядаж нэг сарын төлбөр ч төлөөгүй юм. Компанийн захирал Д.ж нь уулзаж гэрээ хэлцлийнхээ талаар шаардлага тавих гэхээр зугтаагаад огт уулздаггүй. Сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн хөрөнгийг өөрийнхөө хувийн өмч хөрөнгө мэтээр ашиглаж явсаар өдийг хүрсэн. Түүнтэй 2021 оны 04 дүгээр сард уулзаж 2006 онд гэрээ байгуулагдсанаас хойш 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны цСӨХ-ны ДГТ-2 дугаар байрны зоорийн давхарын түрээсийн тооцооны талаар тохиролцож тооцоо нийлсэн. Уг тооцоо нийлэх үеийн түрээсийн тооцоо нь нийт 40 349 400 төгрөг болсон. Энэ мөнгийг хХХК-ийн захирал Д.ж нь төлнө гэж зөвшөөрч гарын үсэг зурж тооцоо нийлсэн боловч огт төлөхгүй байна. Мөн сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн зоорийн давхарыг чөлөөлж өгөхгүй бараг л миний өмч гэх утга бүхий зүйл ярих болсон. Тэрээр 15 жилийн хугацаанд зоорийн давхрыг ашигласан атлаа огт төлбөр төлөхгүй. Мөн зоорийн давхрыг өөрийн өмч мэтээр дураараа аашилж чөлөөлөхгүй байгаа нь нийт сууц өмчлөгчдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болж байна. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокын зоорийн давхрын 182 м.кв талбайг хХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, тооцоо нийлсэн тохиролцооны дагуу 2006-2021 оны дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр 40 349 400 төгрөгийг гаргуулж манай сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрдэнэт хотын 3 дугаар хороололд байх ДГТ гэж нэрлэж заншсан нийтийн орон сууцны зориулалттай байшингуудад айл өрх, албан газар, үйлдвэр үйлчилгээ гээд олон янзын эзэмшил байдаг. Энэ байрны подваль буюу доод хонгилын давхрууд нь зах зээлийн харилцаа эхэлсний дараа цахилгаан, сантехникийн монтаж, хаалга, цонх нь тоногдож тодорхой эзэмшилгүй болсон байсан ба 1989 онд энэ барилга байшингууд Зөвлөлтийн талын эзэмшлээс Эрдэнэт хотын мэдэл ирсэн гэдэг ба Эрдэнэтийн ОСНААГ-ын байцаагч а "Өөд нь татаад ашиглаж болно" гэж зөвшөөрснөөр би 1990 оноос хөрөнгө оруулалт хийж, байнга засан сайжруулж ашиглаж ирсэн. Үүнд: 1990 Талхан цех, цайны газар, Хаш бар, 2004-2006 онд хувийн хэвшлийн эмнэлэг ажиллуулж байсан ба 2007 онд "Цог" СӨХ-ийн худаг бөглөрч ус алдсан, дулааны шугам хөлдсөний улмаас хэвийн байдлаар ашиглах боломжгүй болж ашиглалтгүй зогссон, энэ хугацаанд энэ байшингийн подвалийн талаар албан ёсны шаардлага, санал гарч байгаагүй. Харин 2006 онд Сууц өмчлөгчдийн холбоо манайд ашиглалтын хөлс төлөх ёстой гэхээр нь гэрээ хийж сард 18 200 төгрөг төлөхөөр тохирсон. Би "Цог" СӨХ-д болон С.од энэ гэрээний дагуу мөнгө төлөөгүй харин түүний хүсэлтээр С.отай тохирсноор 40 метр 3 жильтэй кабелийг нэг жилийн төлбөрт тооцож өгсөн. Дараа нь гадна зогсоолыг би дангаараа бульдозероор тэгшлүүлж, Краз машинаар илүүдэл хөрсийг зайлуулж, тэнд үйл ажиллагаа явуулж байсан Баян-Өлзий эмч, СӨХ бид хамтарч уг талбайд хайрга асгаж, цементэлж зогсоол болгосон. о танаас гэрээний мөнгө нэхэхгүй энэ ажилд чинь тооцлоо гэсэн. 2007 оноос подвал ашиглах боломжгүй болоод үйл ажиллагаа зогссон, о ч байдлыг мэдэж байгаа болохоор гэрээ хийнэ барина гэж яриагүй. Ингээд би цаашид олигтой хөрөнгө оруулалт хийж ашиглавал ашиглая, аймаг авъя гэвэл хувьчлалд оролцъё гэж бодоод 2012 онд Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүүд, 2016 онд Засаг дарга С.Дангаасүрэнд, 2017 онд Засаг дарга Д.Батлутад өргөдөл гаргасан боловч яг албан ёсны шийдвэр гараагүй, бичгээр хариу өгөөгүй хариуцсан ажилтнуудаас нь "Хувьчлах боломжгүй юм байна" гэсэн утгатай ам хариу хэлж байсан. Иймээс Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг олж авах боломжтой гэж үздэг. Сууц өмчлөгчдийн холбоотой 2006-2007 онд гэрээ хийж байсан. Нэгэнт надад өмчлөх эрхийн бичиг баримтгүй учраас СӨХ-той гэрээ хийсэн. Олон жил ашиглалтгүй байсан, аймаг тодорхой шийдэж өгөхгүй болохоор 2021 оны 04 дүгээр сараас би эзэмшиж байсан хонгилыг ашиглахаар дүү нартайгаа сантехник, цахилгааны монтажийг сольж засвар хийж эхэлтэл СӨХ-ны С.о энэ хонгилын "МАЖА" эмнэлэгт түрээсэлж байсан 3 өрөөг надад өг тэгээд зохицъё, чи үлдсэнийг нь засаад үйл ажиллагаагаа явуул" гэсэн. Би өчнөөн жил хариуцсан, чи 2016 онд манайд хамаагүй гэж Засаг даргад бичиг өгч байсан, би өгөхгүй гэсэн. Гэтэл энэ оны 4 дүгээр сард СӨХ-ийн оы нөхөр болсон гэх Хүнсний Д.Сүхбат гэдэг хүн надтай уулзаж, би оы бие төлөөлөгч хийж байгаа. Таны эзэмшиж байгаа хэсэг дээр тооцоо бодож үзвэл ийм тооцоо гарч байна, үүнийг танд танилцуулах ёстой юм гээд 40 349 400 төгрөгийн тооцооны хүснэгт үзүүлж би танилцсан, уг хуудасны нэг хувийг хүлээж авсан гэдгээ бичиж гарын үсэг зурж нэг хувийг авсан. Энэ мөнгийг ингэж тэгж төлнө гэсэн зүйл яриагүй. Одоо шүүхэд ирсэн нэхэмжлэлээс үзэхэд 3 өрөө байрыг надад шилжүүлчих гэснийг нь зөвшөөрөөгүй учраас мөнгө төлбөрөөр дарамтлах гэж ийм юманд зуралдуулсан юм байна. Ингээд надад 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байр чөлөөлж өг гэдэг мэдэгдэл ирүүлсэн ба би боломжгүй гэсэн хариу өгсний дараа 2021 оны 06 дугаар сарын 14-нд шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. "ЦОГ" СӨХ холбоо өөрөө эзэмшлээсээ татгалзаж байсан олон жилийн хугацаа өнгөрсөн, 2008 оноос хойш бичгийн түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд үндэслэл болгосон 40 349 400 төгрөгийг төлбөр төлөх гэрээ гэх агуулгаар хийгээгүй тул мөнгө нэхэмжилж байгаа 40 349 400 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Би элэгний хавдартай, судас боолгох эмчилгээтэй, группэд байгаа, миний бие ашиг хонжоо хайсан хүмүүст ийм мөнгө төлөх ямар ч боломжгүй гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч цСӨХ нь хХХК-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурайчин баг 3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхрын 182 м2 талбайг хХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, тооцоо нийлэх тохиролцооны дагуу 2006-2021 оны дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр 40 349 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар ДГТ-н 2-р байрны 1-р блокийн зоорийн 182 м2 талбай тодорхой эзэмшилгүй болсон үед би зөвшөөрөл авч хөрөнгө оруулалт хийж засвар үйлчилгээ хийж 1990 оноос хойш эзэмшсэн. Би тухайн үед өөрийн эзэмшилд авч болохгүй байсан учир цСӨХ-той гэрээ хийсэн. 2008 оноос хойш бичгийн түрээсийн гэрээг байгуулаагүй. 40 349 400 төгрөгийг би зөвшөөрөхгүй байна. Тухайн жилүүдэд би түрээсийн төлбөрийн оронд өөр зүйл хийж өгч түрээсээ төлж байсан. Би эзэмшиж байсан хэсэгтээ их засвар хийсэн, их хөрөнгө оруулалт хийж байсан... гэж тайлбарласан.

2006 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаатай, мөн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдоөөс нэг жилийн хугацаатай цСӨХ-ны захирал С.о, хХХК-ийн захирал М.ж нар Зоорийн давхрыг түрээслэх гэрээг байгуулжээ. Уг гэрээнд сар бүрийн төлбөрийг 18 200 төгрөгөөр тогтоосон байна.

Гэрээний дагуу төлбөр тооцоог хариуцагч хийсэн гэх боловч нэхэмжлэгч энэ тайлбарыг зөвшөөрөөгүй, хариуцагч түрээсийн гэрээний төлбөрийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2.-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэжээ.

Хуулийн дээрх заалтаас цСӨХ-ны 2006-2008 оны түрээсийн гэрээний төлбөрийг шаардсан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд дээрх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч хХХК нь 2006 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийг өгөхөөр тохиролцсон гэж цСӨХ-ны ДГТ-2 байрны зоорийн давхрын түрээсийн тооцоо гэх баримтыг шүүхэд ирүүлжээ.

Дээрх баримтыг хариуцагчийн төлөөлөгч: ...уг баримтан дээр би төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Ийм тооцоо гарч байна гэхээр нь хүлээж авсан л гэж гарын үсэг зурсан юм. Би эдгээр төлбөрийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Уг цСӨХ-ны ДГТ-2 байрны зоорийн давхрын түрээсийн тооцоо гэх баримтанд хариуцагчийн төлөөлөгч Д.ж нь танилцаж хүлээж авсан гэж бичин гарын үсгээ зурсан байх ба хариуцагч нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн гэж үзэхээргүй байна.

Нөгөөтэйгүүр хэрэв талууд түрээсийн гэрээ байгуулахаар тохироцлсон бол хэдийнээс хэдий хүртэл өөрөөр хэлбэл ямар хугацаатай, сард хэдэн төгрөгийг төлөх, уг зоорийг ямар зориулалтаар ашиглах гэх мэт тодорхой нөхцөлүүд тохирох ёстой. Ийм тохиролцоо талуудын хооронд байхгүй байна.

Иймд талуудын хооронд түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байх тул 2008 оноос 2021 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн дээрх хугацааны зарим хэсэг болох 2018 оны 04 дүгээр сараах өмнөх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлд хамаарч байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгө ашигласны төлбөр 40 349 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч тал Уурайчин баг 3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхрын 182 м2 талбайг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш гэж маргасан.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна: 15.1.1.-д Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэжээ.

Уг зоорийн хэсэг нь Уурайчин баг 3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн доод хэсэгт өөрөөр хэлбэл доод хонгил хэсэгт байрладаг бөгөөд үүнийг дээрх хуульд зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2.-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэжээ.

Зоорь буюу доод хонгилын хэсгийг тухайн орон сууцнаас салгах боломжгүй уг барилга байшингийн нэг хэсэг бөгөөд орон сууцны дундын өмлөлийн хэсэг гэж үзэхээр байна.

Дундын өмчлөлийн эд хөрөнгөд өмчлөлийн ямар нэгэн гэрчилгээ олгогдодгүй бөгөөд хэн нэгэнд өмчлүүлж, эзэмшүүлсэн гэрчилгээгүй гэдгээр, мөн хариуцагчийг Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар олон жил ашигласан гэдгээр өмчлөгч гэж үзэхгүй.

хХХК-ийн захирал Д.ж нь мараан бүхийн зоорийг /подволь/ 2012 онд Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүүд, 2016 онд Засаг дарга С.Дангаасүрэнд, 2017 онд Засаг дарга Д.Батлутад хувьчилж авахаар өргөдөл гаргасан боловч яг албан ёсны шийдвэр гараагүй, бичгээр хариу өгөөгүй хариуцсан ажилтнуудаас нь "Хувьчлах боломжгүй юм байна" гэсэн утгатай ам хариу хэлж байсан гэдэг.

Орон сууцны байшингийн зоорь, хонгил нь дундын өмчлөлийн хөрөнгө болох нь 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-т тодорхой заасан байна.

Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурайчин баг 3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхрын 182 м2 талбайг хХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 897 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хХХК-иас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч цСӨХ-д олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-т заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар ДГТ 2-р байрны 1-р блокийн зоорины 182 м2 талбайг хХХК-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж, 40 349 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 897 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч хХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА