Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 11

 

“...........” Сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй, “...........” ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б............цэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/0........... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “...........” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “...........” ХХК-нд холбогдох,

“Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол ........... блокийн зоорины давхрын 182 м2 талбайг ““...........”” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, тооцоо нийлэх тохиролцооны дагуу 2006-2021 оны дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр 40.349.400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Д............, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын  гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Д............, хариуцагчийн өмгөөлөгч Х............бат, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........... СӨХ-ны захирал С............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа үйлчилгээний “...........” ХХК-ийн захирал Дуламсүрэн овогтой ........... нь (Регистр дугаар ФМ 56070711) тус Сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлд байдаг 2-р ДГТ байрны 182 кв.м талбайтай зоорины давхарт баар, хүнсний цехийн үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу манай сууц өмчлөгчдийн холбоотой “...........” ХХК нь 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар Зоорины давхрыг түрээслүүлэх гэрээг байгуулсан. Үүнээс хойш мөн жилийн дараа 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс төлөх гэрээг байгуулсан. Ийнхүү дээрх хоёр гэрээ байгуулагдсанаас хойш манай Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол ........... блокийн зоорины давхрын 182 мк.в талбай эзэмшиж ашигласаар 15 жилийн хугацаа өнгөрч байна. “...........” ХХК нь гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ огт биелүүлээгүй өнгөрсөн 15 жилийн хугацаанд ядаж нэг сарын төлбөр ч төлөөгүй юм. Компанийн захирал Д............ нь уулзаж гэрээ хэлцлийнхээ талаар шаардлага тавих гэхээр зугтаагаад огт уулздаггүй. Сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн хөрөнгийг өөрийнхөө хувийн өмч хөрөнгө мэтээр ашиглаж явсаар өдийг хүрсэн. Түүнтэй 2021 оны 04 дүгээр сард уулзаж 2006 онд гэрээ байгуулагдсанаас хойш 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны ........... СӨХ-ны ДГТ-2 дугаар байрны зоорины давхрын түрээсийн тооцооны талаар тохиролцож тооцоо нийлсэн. Уг тооцоо нийлэх үеийн түрээсийн тооцоо нь нийт 40 349 400 төгрөг болсон. Энэ мөнгийг “...........” ХХК-ийн захирал Д............ нь төлнө гэж зөвшөөрч гарын үсэг зурж тооцоо нийлсэн боловч огт төлөхгүй байна. Мөн сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн зоорины давхрыг чөлөөлж өгөхгүй бараг л миний өмч гэх утга бүхий зүйл ярих болсон. Тэрээр 15 жилийн хугацаанд зоорины давхрыг ашигласан атлаа огт төлбөр төлөхгүй. Мөн зоорины давхрыг өөрийн өмч мэтээр дураараа аашилж чөлөөлөхгүй байгаа нь нийт сууц өмчлөгчдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болж байна. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол ........... блокийн зоорины давхрын 182 м.кв талбайг “...........” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, тооцоо нийлсэн тохиролцооны дагуу 2006-2021 оны дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр 40 349 400 төгрөгийг гаргуулж манай сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д............ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрдэнэт хотын 3 дугаар хороололд байх ДГТ гэж нэрлэж заншсан нийтийн орон сууцны зориулалттай байшингуудад айл өрх, албан газар, үйлдвэр үйлчилгээ гээд олон янзын эзэмшил байдаг. Энэ байрны подвал буюу доод хонгилын давхрууд нь зах зээлийн харилцаа эхэлсний дараа цахилгаан, сантехникийн монтаж, хаалга, цонх нь тоногдож тодорхой эзэмшилгүй болсон байсан ба 1989 онд энэ барилга байшингууд Зөвлөлтийн талын эзэмшлээс Эрдэнэт хотын мэдэл ирсэн гэдэг ба Эрдэнэтийн ОСНААГ-ын байцаагч Аюурзана "Өөд нь татаад ашиглаж болно" гэж зөвшөөрснөөр би 1990 оноос хөрөнгө оруулалт хийж, байнга засан сайжруулж ашиглаж ирсэн. Үүнд: 1990 Талхан цех, цайны газар, Хаш бар, 2004-2006 онд хувийн хэвшлийн эмнэлэг ажиллуулж байсан ба 2007 онд "..........." СӨХ-ийн худаг бөглөрч ус алдсан, дулааны шугам хөлдсөний улмаас хэвийн байдлаар ашиглах боломжгүй болж ашиглалтгүй зогссон, энэ хугацаанд энэ байшингийн подвалын талаар албан ёсны шаардлага, санал гарч байгаагүй. Харин 2006 онд Сууц өмчлөгчдийн холбоо манайд ашиглалтын хөлс төлөх ёстой гэхээр нь гэрээ хийж сард 18 200 төгрөг төлөхөөр тохирсон. Би "..........." СӨХ-д болон С............д энэ гэрээний дагуу мөнгө төлөөгүй харин түүний хүсэлтээр С............тай тохирсноор 40 метр 3 жильтэй кабелийг нэг жилийн төлбөрт тооцож өгсөн. Дараа нь гадна зогсоолыг би дангаараа бульдозероор тэгшлүүлж, Краз машинаар илүүдэл хөрсийг зайлуулж, тэнд үйл ажиллагаа явуулж байсан Баян-Өлзий эмч, СӨХ бид хамтарч уг талбайд хайрга асгаж, цементэлж зогсоол болгосон. ........... танаас гэрээний мөнгө нэхэхгүй энэ ажилд чинь тооцлоо гэсэн. 2007 оноос подвал ашиглах боломжгүй болоод үйл ажиллагаа зогссон, ........... ч байдлыг мэдэж байгаа болохоор гэрээ хийнэ барина гэж яриагүй. Ингээд би цаашид олигтой хөрөнгө оруулалт хийж ашиглавал ашиглая, аймаг авъя гэвэл хувьчлалд оролцъё гэж бодоод 2012 онд Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүүд, 2016 онд Засаг дарга С............д, 2017 онд Засаг дарга Д.Батлутад өргөдөл гаргасан боловч яг албан ёсны шийдвэр гараагүй, бичгээр хариу өгөөгүй хариуцсан ажилтнуудаас нь "Хувьчлах боломжгүй юм байна" гэсэн утгатай ам хариу хэлж байсан. Иймээс Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг олж авах боломжтой гэж үздэг. Сууц өмчлөгчдийн холбоотой 2006-2007 онд гэрээ хийж байсан. Нэгэнт надад өмчлөх эрхийн бичиг баримтгүй учраас СӨХ-той гэрээ хийсэн. Олон жил ашиглалтгүй байсан, аймаг тодорхой шийдэж өгөхгүй болохоор 2021 оны 04 дүгээр сараас би эзэмшиж байсан хонгилыг ашиглахаар дүү нартайгаа сантехник, цахилгааны монтажийг сольж засвар хийж эхэлтэл СӨХ-ны С............ энэ хонгилын "..........." эмнэлэгт түрээсэлж байсан 3 өрөөг надад өг тэгээд зохицъё, чи үлдсэнийг нь засаад үйл ажиллагаагаа явуул" гэсэн. Би өчнөөн жил хариуцсан, чи 2016 онд манайд хамаагүй гэж Засаг даргад бичиг өгч байсан, би өгөхгүй гэсэн. Гэтэл энэ оны 4 дүгээр сард СӨХ-ийн ...........ы нөхөр болсон гэх Хүнсний Д.Сүхбат гэдэг хүн надтай уулзаж, би ...........ы бие төлөөлөгч хийж байгаа. Таны эзэмшиж байгаа хэсэг дээр тооцоо бодож үзвэл ийм тооцоо гарч байна, үүнийг танд танилцуулах ёстой юм гээд 40 349 400 төгрөгийн тооцооны хүснэгт үзүүлж би танилцсан, уг хуудасны нэг хувийг хүлээж авсан гэдгээ бичиж гарын үсэг зурж нэг хувийг авсан. Энэ мөнгийг ингэж тэгж төлнө гэсэн зүйл яриагүй. Одоо шүүхэд ирсэн нэхэмжлэлээс үзэхэд 3 өрөө байрыг надад шилжүүлчих гэснийг нь зөвшөөрөөгүй учраас мөнгө төлбөрөөр дарамтлах гэж ийм юманд зуралдуулсан юм байна. Ингээд надад 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байр чөлөөлж өг гэдэг мэдэгдэл ирүүлсэн ба би боломжгүй гэсэн хариу өгсний дараа 2021 оны 06 дугаар сарын 14-нд шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. "..........." СӨХ холбоо өөрөө эзэмшлээсээ татгалзаж байсан олон жилийн хугацаа өнгөрсөн, 2008 оноос хойш бичгийн түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд үндэслэл болгосон 40 349 400 төгрөгийг төлбөр төлөх гэрээ гэх агуулгаар хийгээгүй тул мөнгө нэхэмжилж байгаа 40 349 400 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Би элэгний хавдартай, судас боолгох эмчилгээтэй, группэд байгаа, миний бие ашиг хонжоо хайсан хүмүүст ийм мөнгө төлөх ямар ч боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/0........... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-т заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар ........... байрны 1-р блокийн зоорины 182 м2 талбайг “...........” ХХК-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж, 40.349.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.897 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “...........” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д............ шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.29-ны өдрийн 2021/ШШ2021/0........... тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Иргэний хуулийн 106.1,106.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар ДГТ 2 байрны 1-р блокийн зоорины 182 мкв талбайг “...........” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 160-р зүйлийн 106.1,106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзсэн.Нэхэмжлэгчийг “ өмчлөгч “ болохыг нотолсон баримт байхгүй байхад шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзэж иргэний хуулийн 106-р зүйлийн 160.1,160.2-дах заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. “...........” ХХК нь тухайн хөрөнгийг “хууль бусаар” эзэмшсэн гэж ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй .Тухайн объектыг хариуцагч 1990 оноос хойш Эрдэнэтийн ОСНААГ байцаагч Аюурзанын зөвшөөрлөөр 30 жил эзэмшиж засан сайжруулж, арчлан хамгаалж , олон жил урсгал зардлуудыг өөрийн хөрөнгөөр гаргаж байсантай нэхэмжлэгч тал мэтгэлцээгүй, няцаасан үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй байх ба нэхэмжлэгч тал хууль бусаар эзэмшиж байгааг нотолсон баримт гаргаж өгөөгүй байхад хариуцагчийг хууль бусаар эзэмшигч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн объектыг эзэмшсэн хугацаа болон нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшлийн гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад өмчлөгч байх магадлалтай мэт үзэж Иргэний хуулийн 160-р зүйлийн 106.1, 106.2-заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагчийн гэм бурууг нотлоогүй атлаа тухайн объектын өмчлөгч мэт өөрийгөө үзэж нэхэмжлэл гаргасан, орон сууцны салшгүй хэсэг мэт үзсэн зэрэг нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тухайн объект орон сууцны салшгүй нэг хэсэг мэт үзэж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч тал нотлоогүй байхад анхан шатны шүүх орон сууцны салшгүй хэсэг мэт үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Тухайн объектыг эмнэлгийн болон бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглаж.эзэмшиж байсан зэргээс харахад түүнийг хонгил подвал зоорины алин болохыг тогтоосон стандарт байгаа эсэх нь тогтоогдоогүй байхад орон сууцны дундын өмчлөлийн хэсэг мэт шууд дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.2.4-т зааснаар нэхэмжлэгч дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлдээ энэ хөрөнгийг бүртгэсэн бүртгэл байхгүй байгааг анхаарч шийдвэрлээгүй. Тухайн хөрөнгө дундын өмчлөлийн эд хөрөнгө эсвэл хувьчлагдаагүй эд хөрөнгө алин болохыг тогтоох асуудлыг шийдвэрлээгүй атлаа нэхэмжлэгчийн өмч мэт үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Орхон аг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.29-ны өдрийн 2021/ШШ2021/0........... тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтын Орхон аймаг Баян өндөр сумын Уурхайчин баг 3 дугаар ........... байрны 1-р блокийн зоорины 182м2 талбайг “...........” ХХК-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж гэх хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

... Уг талбай нь 1998 оны үеэс анх эзэнгүй тоногдсон байдалтай байхад нь тухайн үеийн Орон сууц нийтийн аж ахуйн газраас иргэн Д............д хүлээлгэн өгсөн, үүний дараа тэрээр “...........” ХХК байгуулж уг газарт хоолны газар, бар, биллиард тоглоомын үйлчилгээ явуулах, хувийн хэвшлийн "...........", "Ачит", "Талын булаг" эмнэлгүүдэд гэрээгээр эмнэлгийн зориулалтаар ашиглуулж байсан байдлаас үзвэл уг хэсгийг Зоорины давхар буюу доод хонгил гэж үзэх боломжгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль 2003 оны 6 дугаар сарын 18-нд гарсан байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхээр тухайн үеийн Дэд бүтцийн сайдын 2003 оны 227 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар "Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах, бүртгэх журам"-ыг баталж мөрдүүлжээ. Энэ журмын 4.1. дэх заалтад "...Дундын өмчлөлд хамрагдах эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалтыг холбоо, тухайн орон сууцны байрыг эзэмшиж байсан байгууллага хамтран гаргаж хүлээлцэнэ" гэж журамласнаар дээр дурдсан 2003 оны б дугаар сарын 18-ны хуулийн 14 дүгээр зүйлийн шаардлагыг хангуулжээ. "..........." СӨХ байгуулагдахаас өмнө уг хэсгийг өөр СӨХ харьяалж байхад СӨХ-ийн дарга байсан гэрч Равдан маргаан бүхий хэсгийг дундын өмчлөлд хамаарахгүй гэж баталж мэдүүлж байна. "..........." СӨХ-ны захирал С............ 201б.05.04-нд аймгийн Засаг дарга С............д Д............ы эзэмшиж байгаа хэсэг СӨХ-ны мэдлийн дундын өмч биш гэж бичгээр мэдэгдэж байсан баримт байдаг. “...........” ХХК Д............ нь 2021 онд өөрийн эзэмшиж байсан хэсэгтэй засвар үйлчилгээ хийж багагүй хөрөнгө зарсан байдаг ба энэ байдлыг мэдсэн С............ зарим хэсгийг шилжүүлэн авч зарим хэсгийг түүнд үлдээх санал тавьснаар энэ маргаан үүссэн гэдэг. Гаргасан материаллаг зардлын баримтыг Д............ шүүхэд өгсөн байгаа ба түүн дээр мэргэжлийн хүмүүсээр хийлгэсэн ажлын хөлс нэмэгдэх ба нэхэмжлэлийг хангаж байгаа нөхцөлд энэ зардлаа нэхэмжлэн авах болон энэ хэсгийг олон жил эзэмшиж хамгаалж ирсний хувьд тэргүүн ээлжинд хөлслөх, түрээслэх эрхтэй болохыг шүүх шийдвэртэй зааж өгөх ёстой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хянан үзэж маргаан бүхий өмчийг Орон нутгийн өмчид шилжүүлэхээр өөрчлөлт оруулна уу гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Энэхүү иргэний хэрэгт хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн “ ........... “холбоо нь анхан шатны шүүхэд хандан хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр 40.349.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан “........... СӨХ-ны ДГТ-2 байрны зоорины давхрын түрээсийн тооцоо” -ны баримтаар Сууц өмчлөгчдийн ........... холбоо, “...........” ХХК-ийн хооронд 40.349.400 төгрөгийн тооцоо байгаа талаар тодорхой илэрхийлэгдсэн байдаг. Дээрх баримт нь тооцоо нийлсэн шинжийг агуулдаг бөгөөд хэрэв тооцоо нийлсэн гэж үзвэл Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хөөн хэлэлцэх хугацаа тоолох зэрэг журмын зохицуулалтууд хэрэгжиж улмаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх дүгнэлтэнд хүрэхээр байна. Иймд дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр 40.349.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээр хянуулах хүсэлтэй байна. Хариуцагч “...........” ХХК-иас гаргасан давж заалдах гомдолд агуулгаас үзэхэд өөрийн өмчлөлийн мэтээр гомдол гаргасан байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дундын өмчлөлийн хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл нь нийт сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэх, хамгаалуулахад чиглэсэн бөгөөд нотлох баримтын тухайд хэрэгт Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолтоор маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3 дугаар хороолол ........... блокийн зоорины давхрын 182 м.кв талбай нь Сууц өмчлөгчдийн ........... холбоонд харьяалагддаг  болохыг тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хэргийн үйл баримтыг үзэхэд “...........” ХХК нь тухайн компанийн тайлбарт дурдсанчлан тухайн зоорины давхрын өмчлөгч нь байсан бол Сууц өмчлөгчдийн “...........” холбоотой гэрээ хэлцэл хийх шаардлагагүй байсан. Гэтэл хариуцагчийн тайлбарыг дээрх хэргийн үйл баримт буюу гэрээ хэлцэл хийж байгаа байдал нь үгүйсгэдэг болно. Маргаан бүхий талбай нь сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн хөрөнгө тул улсын бүртгэлийн хэлтэст тусгайлан бүртгэгдэж гэрчилгээ олгогддоггүй бөгөөд шууд хуулиар тодорхойлсон хөрөнгө юм. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, улмаар иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2-т заасныг баримтлан үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд Дэд бүтцийн сайдын 2003 оны 277 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах, бүртгэх журам”-ын 4.1 дэх заалтад “ Дундын өмчлөлд хамрагдах эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалтыг холбоо, тухайн орон сууцны байрыг эзэмшиж байсан байгууллага хамтран гаргаж хүлээлцэнэ” гэж журамласныг тайлбарлан гомддог. Хэдий дэд бүтцийн сайдын дээрх журам батлагдсан мөрдөгдөж байгаа боловч дээрх журмаар зохицуулагдсан харилцааг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Иргэний хуулийн 142 дугаар зүйлээр тус тус зохицуулсан байна. Иймд анхан шатны шүүхээс дундын өмчлөлийн хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан журам нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц асуудал биш гэж үзэхээр байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын шаардлага нь анхан шатны шүүхээр хариуцагч болон нэхэмжлэгч нарын татгалзал, шаардлагаар хэлэлцэгдээгүй асуудал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийн орол...........ч нараас маргаан шилжүүлэх болон үндсэн шаардлага гаргаагүй болно Иймд хариуцагч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэл муутай байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ........... СӨХ нь “...........” ХХК-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Уурхайчин багийн  3 дугаар хороолол ........... блокийн зоорийн давхрын 182 м2 талбайг “...........” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, тооцоо нийлэх тохиролцооны дагуу 2006-2021 оны дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр 40.349.400 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-т заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар ........... байрны 1-р блокийн зоорины 182 м2 талбайг “...........” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 40.349.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2006 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаатай, мөн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаатай ........... СӨХ-ны захирал С............, “...........” ХХК-ийн захирал М............ нар зоорийн давхрыг түрээслэх гэрээг байгуулжээ. Сар төлбөрийг 18.200 төгрөг байхаар заажээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж түрээсийн гэрээний төлбөрийг гаргуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй  гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна: 15.1.1.-д Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө, мөн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2.-т зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж тус тус заажээ.

Уурхайчин багийн  3 дугаар хороолол ........... блокийн зоорийн хэсэг нь доод хонгил хэсэгт байрлаж байх тул орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм.

Иймд анхан шатны шүүхээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Уурхайчин багийн  3 дугаар хороолол ........... блокийн зоорийн давхрын 182м2 талбайг “...........” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн зөв байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д............, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагчийн төлөөлөгч Д............, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын шүүхэд гаргасан  давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/0........... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д............, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д............, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны орол...........ч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б............ЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР