Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
Хэргийн индекс | 139/2017/00020/И |
Дугаар | 20 |
Огноо | 2018-10-05 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 20
2018 оны 10 сарын 05 өдөр Дугаар 218/МА2018/00020 Сайнцагаан сум
Ж.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 139/ШШ2018/00565 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.А-гийн нэхэмжлэлтэй, М.Г-д хариуцагдах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.А
Хариуцагч М.Г
Нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Гтой 2006 оны 06 сарын 28-ны өдөр 20 дугаартай гэрчилгээгээр гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 03 сарын 31-ний өдөр хүү ******* төрсөн. Бид таарч тохирохгүй болж гэрлэлтээ 2011 онд цуцлуулсан. Тухайн үед *******оос тэтгэлэг тогтоолгохоор шаардсан байсан боловч ******* нь хэрвээ чи тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзвал би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрье, тэгэхгүй бол зөвшөөрөхгүй гэж шахаж дарамталсан учраас би шүүх хурал дээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлүүлсэн. Гэрлэлт цуцуулснаас хойш би өөр хүнтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулж дахин нэг хүүхэд төрүүлж ам бүл 4 болсон. М.Гын хувьд ‘’*******’’ ХХК-ий захирал хийдэг, Сонгино хайрхан дүүргийн хуучин эцсийн 2-р буудал дээр хувийн эмийн сан ажиллуулдаг. М.Г нь салснаас хойш хүү *******ыг харж хандаж, тэжээн тэтгэсэн зүйл байхгүй. Одоо эцгийнхээ үүргийг гүйцэтгэж хүүхдээ тэжээн тэтгэх ёстой гэж үзэж байна. Иймд *******т эцэг ******* тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Г шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Агийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ж.А нь 2011 оны 3 сарын 10-ны өдрийн 113 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж шийдвэрлүүлсэн. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Өөрөө анх 2011 оны 03 сарын 10-ны өдрийн шүүх хурал дээр тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлүүлсэн.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гийн нэхэмжлэлдээ дурдсанаар надад өөрийн гэсэн компани, эмийн сан юу ч байхгүй. Би ХХК-ий эмийн санд ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажлаасаа гарсан. Одоо зүрхний өвчин, гуурсан хоолойн багтраа өвчний учир 60 хувийн хөдөлмөрийн чадвараа алдаж группт эмчийн хяналтанд байдаг. Удаан хугацаагаар эмчилгээнд явах шаардлагатай байгаа учир группээ 2 жилээр нь зээлсэн. Иймд миний бие ажил хөдөлмөр, орлого байхгүй, Сонгино хайрхан дүүргийн 11-р хороонд амьжиргааны доод түвшинд амьдардаг гэв.
Анхан шатны шүүх
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 03 сарын 31-нд төрсөн хүү *******ын *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг М.Г -оос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29836 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г-оос 29836 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие Ж.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ/201800565 тоот шүүхийн шийдвэрт доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1.Уг шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь заалтад заасан хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой хянаж харьцуулж үнэлж дүгнээгүй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу эцэг эхийн цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ногдол ашиг, зээлийн болон хадгаламжийн хүү, түрээсийн орлогын дүнгээс 1 хүүхэд бол 30 хувь, хоёр хүүхэд бол 40 хувь, гурав болон түүнээс дээш тооны хүүхэд бол 50 хувь байхаар тогтоосон атал хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж сарын группээс өөр орлогогүй, групп нь эмчилгээний зорилгоор Төрийн банкинд зээлээр олгогдсон ах дүүгийн дэмжлэгээр нийтийн байранд амьдардаг талаарх бүх нотлох баримтыг иргэний хэрэгт бүрдүүлсэн атал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь заалтыг огт тусгаагүй иргэн миний үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хохироосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Мөн уг шийдвэр нь аль 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэр бүлийн тухай хуулийн заалтуудыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэл болохгүй учир нь 2016 онд Гэр бүлийн тухай хууль шинэчлэн найруулж өөрчлөлд орсон. Уг шинэчилсэн найруулгын 55 дугаар зүйлд эцэг, эх нь хүүхдээ 18 нас хүртэл гэрээ байгуулаагүй бол эцэг, эхээс сар бүр гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь эцэг, эхийн цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ногдол ашиг, зээлийн болон хадгаламжийн хүү, түрээсийн орлогын дүнгээс нэг хүүхэд бол 30 хувь төлөхөөр заасан атал миний сарын группийн хэмжээнээс хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байх тул Дундговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ж.А 2009 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн хүү Г.М-ыг эцэг М.Г-оор тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Г хариу тайлбартаа 2011 оны 3 сарын 10-ны өдрийн 113 тоот шүүхийн шийдвэрээр Ж.А-гаас гэрлэлтээ цуцлуулсан, нэхэмжлэгч тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд уг шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Түүний нэхэмжлэлд дурдсанаар надад өөрийн гэсэн компани, эмийн сан юу ч байхгүй. Би ХХК-ий эмийн санд ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажлаасаа гарсан. Одоо зүрхний өвчин, гуурсан хоолойн багтраа өвчний учир 60 хувийн хөдөлмөрийн чадвараа алдаж группт эмчийн хяналтанд байдаг. Удаан хугацаагаар эмчилгээнд явах шаардлагатай байгаа учир группээ 2 жилээр нь зээлсэн. Иймд миний бие ажил хөдөлмөр, орлого байхгүй, амьжиргааны доод түвшинд амьдардаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагчийн дээрх тайлбарын үндэслэлд нэхэмжлэгч хариу тайлбар гаргахдаа 2011 онд гэрлэлт цуцлуулахыг шийдвэрлэх үед М.Г хэрвээ чи хүүхдэд тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзвал би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрье гэсний дагуу татгалзаж байсан, мөн хүүхдээ сургууль дээр нь очиж, айлган сүрдүүлдэг байсан талаар дурджээ.
Хариуцагч өөрийгөө хүү Г.М-ын эцэг мөн эсэх тал дээр маргаан гаргаагүй байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн Зургадугаар бүлэгт заасан гэр бүлийн гишүүдийн тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцааны талаар хуульчилсан хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр түүнийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул М.Г-ын давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрт, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 139/ШШ2018/00565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29836 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Ц.ОТГОНЦЭЦЭГ