Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Өндөршил сумын 2-р багийн иргэн Боржгинна овгийн Юмжирийн Энхтөрийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сувд-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн. Улсад 10 жил 5 сар ажилласан юм. Үүнээс 1984 оны 08 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Энхтөрийн 1984 оноос 1994 оны хооронд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн. Иймд Ю.Энхтөрийг Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 08 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 16-ныг хүртэл, Баян хоршоонд 1991 оны 04 сарын 16-наас 1991 оны 12 сарын 25-ныг хүртэл, Баян хэрэглээний ББХХоршоо 1991 оны 12 сарын 25-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус манаачаар ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ю.Энхтөр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Ю.Энхтөрийн  хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12  сарын 01-ний өдрийн 257 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Г.Нармандахын:“...Ю.Энхтөр нь 1984 оноос 1994 он хүртэл Дундговь амйгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. Би тус ангид ногоочиноор ажиллаж байсан ба бид энэ хугацаанд хамт ажиллаж байсан юм. 1991 онд Худалдаа бэлтгэлийн анги нь өөрчлөгдөөд Баян хоршоо, Баян хэрэглээний хоршоо ББХХоршоо болоход мөн манаачаар ажиллаж л байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Чимэгбаярын: “...Намайг  Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар ажиллаж байхад Ю.Энхтөр нь 1984 онд манаачаар орж ирж байсан. Түүнээс хойш бид хамт ажилласан ба 1991 онд Худалдаа бэлтгэлийн анги нь өөрчлөгдөөд Баян хоршоо, Баян хэрэглээний хоршоо ББХХоршоо болоход Ю.Энхтөр манаачаар, би няраваар ажиллаж байсан. Ю.Энхтөр нь манаачаар ажиллахаас гадна бараа буулгах, зөөх ажлуудыг хийдэг байсан учраас би сайн мэдэж байгаа юм....” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Мөнхжаргалын: “...Ю.Энхтөр нь 1984 оноос 1994 оныг дуустал Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилласан. Бид хамт ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 257 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй тул Юмжир овогтой Энхтөрд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно.…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 08/570 дугаартай “Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 оны 04 сарын 26-нд “Баян” хоршоо, 1991 оны 12 сарын 25-нд “Баян хэрэглээний” ББХХоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно...” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 283 дугаартай “..Дундговь аймгийн Өндөршил сумын ХБАнги нь Баян хоршоо, Баян хэрэглээний ББХХоршоо болон 1991-1993 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов..” гэх тодорхойлолт,

5.Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангиас нэхэмжлэгчид 1984, 1985, 1986 оны 2 сар, 1987 оны 6 сард олгосон цалин тооцооны хүснэгтийг хуулбар,

6.Нэхэмжлэгчид Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаанаас 1989 онд олгосон Баярын бичиг, Баян хоршооноос 1990 онд олгосон Сайшаалын үнэмлэхний хуулбарууд баримтуудаар Ю.Энхтөрийн Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 08 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 16-ныг хүртэл, Баян хоршоонд 1991 оны 04 сарын 16-наас 1991 оны 12 сарын 25-ныг хүртэл, Баян хэрэглээний ББХХоршоонд 1991 оны 12 сарын 25-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус манаачаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгинна овгийн Юмжирийн Энхтөр /ЗЙ62101017/ нь Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 08 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 16-ныг хүртэл, Өндөршил сумын Баян хоршоонд 1991 оны 04 сарын 16-наас 1991 оны 12 сарын 25-ныг хүртэл, Өндөршил сумын Баян хэрэглээний ББХХоршоонд 1991 оны 12 сарын 25-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус манаачаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ