Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 140/ШШ2020/00600

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ийн ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын 1 дүгээр баг д оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-ад холбогдох

6.346.951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би иргэн Б.*******ад 2018 оны 5 дугаар сард хашаа байшингаа зарсан. Ингэж зарахдаа 10.000.000 төгрөг бэлнээр аваад үлдэгдэл 8.000.000 төгрөг дээр нь гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу мөнгө нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Үлдэгдэл 8.000.000 төгрөгнөөс 2.000.000 гаруй төгрөг төлөгдсөн. Миний тооцоосноор 6.232.000 төгрөг хүүтэйгээ, үүн дээр болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нэмээд нийт 6.346.951 төгрөгийг Б.*******аас нэхэмжилж байна. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа үлдэгдэл мөнгөний хүүгээ төлмөөргүй байна гэсэн байна. Би тухайн үед байшингаа барихдаа сарын 1.6 хувийн хүүтэй банкаас зээл авч байсан. Б.******* мөнгөө төлөөгүй учраас зээлийн үлдэгдэлийн хүүг авна шүү гэдгээ анх тохирсон. Банк яаж хүү тооцдог уу, түүн шиг дансанд орсон мөнгөнөөсөө зээлийн хүүг нь хасаад тооцсон. Уг тооцооллоо хэрэгт хавсаргаж өгсөн. Үлдэгдэл мөнгөө дариухан барагдуулахаар шүүхэд хандсан гэв.

Хариуцагч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би үлдэгдэл мөнгөө төлнө. Харин хүүг төлөх боломжгүй байна. Би худалдаж авсан байшингаа өөр айлд бас зарсан байгаа, тэр айлаасаа байшингийн үлдэгдэл мөнгийг аваагүй, одоо 11 сард 2.000.000 төгрөг, үлдэгдлийг нь хавар ноолуурны үеэр авахаар тохиролцож гэрээ байгуулсан байгаа. Би өнөөдрөөс эхлээд жирэмсний амралтаа авч байгаа учраас өнөө маргаашгүй нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх боломжгүй байна. Байшин худалдаж авсан айлаасаа мөнгө авахаар Г.*******гийн мөнгийг төлөх боломжтой. Би үлдэгдэл мөнгөний хүү төлнө гэхээр хүнд байна. 2.000.000 гаруй төгрөгийн хүү төлмөөргүй байна. Хүүгээ төлөхгүйгээр үндсэн мөнгөө төлж барагдуулах хүсэлтэй байна. Үлдэгдэл мөнгөө төлөхын хувьд бол төлнө, харин хүүг төлмөөрүй байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан хашаа, байшин, газар худалдсаны үлдэгдэл төлбөр болон зээлийн гэрээний дагуу бодсон хүүгийн хамт нийт 6.346.951 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь хашаа, байшин, газар худалдаж авсны үлдэгдэл төлбөрөө төлнө, харин хүү тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нар нь 2018 оны 5 дугаар сард Завхан аймгийн ******* сумын багт байрлах хашаа, байшин, газрыг 18.000.000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулан шилжүүлсэн, мөн тухайн хашаа, байшин, газрын өмчлөгч нь хариуцагч Б.******* мөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд зохигчид энэ тал дээр мараагүй болно.

Нэхэмжлэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... манайх Завхан аймгийн ******* сумын багт байрлах хашаа, байшин, газрыг Б.*******ад 18.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон ... Б.******* хашаа байшин, газраа эхлээд нэр дээрээ шилжүүлээд дараа нь банкнаас зээл авч байгаад 18.000.000 төгрөгийг өгөхөөр болсон ... тэгээд Б.*******ын нэр дээр шилжүүлж өгсөн ... гэтэл Б.******* банкны зээл 10.000.000 төгрөг гарлаа гээд 10.000.000 төгрөг өгсөн ... үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлнө гэсэн .... үлдэгдэл 8.000.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэхэд Б.******* төлсөн учир учир бид хоёр 7.700.000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуулсан ... энэ хугацаанд 4 удаа гэрээ хийсэн ... эхний гэрээндээ хүү тооцоогүй ... дараагийн гэрээндээ хүү тооцсон ... алданги тооцоогүй ... манайх хашаа, байшингаа барих гээд банкнаас 1.6 хувийн хүүтэй цалингийн зээл авсан ... тэр зээлийнхээ хүүг төлж байгаа ... тийм болохоор үлдэгдэл төлбөр дээрээ 1.6 хувийн хүү бодож Б.*******аас нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... манайх тухайн хашаа, байшин, газрыг 18.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч гэрээ байгуулсан ... тэгээд нэрээ шилжүүлж аваад банкнаас зээл хөөцөлдсөн боловч 10.000.000 төгрөгийн зээл л гарах боломжтой гээд 10.000.000 төгрөгийн зээл авсан ... тэгээд банкнаас 10.000.000 төгрөгийн зээл гарсан гэдгээ хэлсэн ... 10.000.000 төгрөгөө өгсөн харин үлдэгдэл 7.700.000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуулсан ... би үлдэгдэл мөнгөө өгөх боломжгүй байсан тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээнд хүү тооцоно гэснийг нь хүлээн зөвшөөрөөд гэрээнд гарын үсэг зурсан ... би үлдэгдэл мөнгөө өгөөд хүүг нь өгөх боломжгүй байна ... би удахгүй төрнө, төрөөд удахгүй ажилдаа орно гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана гэж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчилэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг тусгана гэж, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийг үнийг төлнө, төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Талууд хашаа, байшин, газар худалдах гэрээгээ байгуулахдаа Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан заавал тусгах нөхцөлүүдийг тохиролцоогүй болох нь талуудын өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байх тул зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 3/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Г.*******гийн Завхан аймгийн ******* сумын багт байрлах хашаа, байшин, газрыг хариуцагч Б.******* нь нийт 18.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ байгуулан, хашаа, байшин, газрыг хариуцагч Б.******* нь өөрийн нэр дээр шилжүүлсний дараа банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсоноос үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Талууд Худалдах худалдах авах гэрээ байгуулж гэрээний төлбөр 18.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлсөн, үлдэгдэл 8.000.000 төгрөгөөс хариуцагч Б.******* 300.000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэхэд төлсөн бөгөөд үлдэгдэл 7.700.000 төгрөгийг төлөхөөр дараахь гэрээг харилцан тохирч байгуулжээ.

1.     2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-гээр 7.700.000 төгрөгийг, сарын 0 хувийн хүүтэйтэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зээлүүлэв гэж, /хх-ийн 3/

2.     2019 оны ******* сарын 24-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэл-ээр үлдэгдэл төлбөр 7.700.000 төгрөгийг, сарын 1.6 хувийн хүү тооцон 677.600 төгрөг нийт 8.377.600 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд зээлүүлэв гэж, /хх-ийн 6/

3.     2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-гээр 7.113.478 төгрөгийг, сарын 0 хувийн хүүтэйгээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар зээлүүлэв гэж, /хх-ийн 4/

4.     2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэл-ээр 6.625.841 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлүүлэв гэж /хх-ийн 5/ тус тус гэрээнүүдэд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байна.

Хариуцагч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би үлдэгдэл 7.700.000 төгрөгийн төлбөрөөсөө 673.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 800.000 төгрөг, мөн дээр нь 200.000 төгрөгөөр бодож нэг хонь өгсөн нийт 4.673.000 төгрөгийг төлсөн ... би үлдэгдэл төлбөрөө төлж чадаагүй тул зээлийн гэрээнд хүү тооцсоныг нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан ... би хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... энэ хугацаанд 4 удаа гэрээ хийсэн ... эхний гэрээ хийхдээ хүү тооцоогүй ... дараагийн гэрээнүүдэд үлдэгдэл төлбөрөөс 1.6 хувийн хүү тооцсон ... хариуцагч Б.******* нь үлдэгдэл 7.700.000 төгрөгийн төлбөрөөсөө

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 673.000 төгрөгийг дансаар,

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансаар,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар,

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 800.000 төгрөгийг дансаар нийт 4.473.000 төгрөгийг төлсөнийг хүлээн зөвшөөрч байгаа харин хонь аваагүй тул 200.000 төгрөгийг төлсөн гэж үзэхгүй гэж тайлбарлаж байна.

Иймд хариуцагч Б.*******ийг үлдэгдэл 7.700.000 төгрөгийн төлбөрөөс 4.473.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлсөн болох нь нотлогдож байна, харин нэг хонь өгсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар өгсөн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул хонь буюу 200.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрээний дагуу хашаа, байшин, газар нь хариуцагч Б.*******ын өмчлөлд шилжсэн гэх баримт хэрэгт авагдаагүй боловч талууд дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.*******ын өмчлөл, эзэмшилд шилжсэн үйл баримтын талаар маргахгүй, хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа тул худалдагч буюу нэхэмжлэгч Г.*******г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна гэж үзлээ.

Харин хариуцагч Б.******* нь гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгч Г.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Завхан аймгийн ******* сумын багт байрлах хашаа, байшин, газраа хариуцагч Б.*******ын өмчлөлд шилжүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй юм.

Талууд анх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа үлдэгдэл төлбөр дээр зээлийн хүү тооцно гэж, мөн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулахдаа үлдэгдэл төлбөр дээр зээлийн хүү тооцно гэж тус тус тохиролцоогүй болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 3/

Харин талууд нь 2019 оны ******* сарын 24-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэл-ээр үлдэгдэл төлбөр 7.700.000 төгрөгт, сарын 1.6 хувийн хүү тооцож нийт 8.377.600 төгрөгийг авахаар тохирчээ.

Хариуцагч Б.******* нь үлдэгдэл төлбөр 7.700.000 төгрөгөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 673.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******гийн дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд 2019 оны ******* сарын 24-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдах үед 7.027.000 төгрөгийг төлөөгүй байсан гэж үзэхээр байна.

2019 оны ******* сарын 24-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэл-д зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр болох 7.027.000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлнө гэж гэрээнд заасан хугацаагаар тооцож (7.027.000 + 1.6 хувийн 176.143 төгрөг = 7.203.143) нийт 7.203.143 төгрөгийг төлөхөөр байна гэж үзлээ.

Хариуцагч Г.******* нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 800.000 төгрөг нийт 3.800.000 төгрөгийг төлсөн байна.

Иймд хариуцагч Б.*******аас хүү тооцсон үлдэгдэл төлбөр болох 7.203.143 төгрөгөөс төлсөн 3.800.000 төгрөгийг хасч 3.430.143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.802.141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нарт шүүхээс тайлбарлан танилцуулсан болно.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-д хүү тохирсон талаар заагаагүй, энэ талаар дурдаагүй бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь зээлийн гэрээ болон төлбөр барагдуулах хэлцэлд зааснаар алданги нэхэмжлээгүй болно.

Нэхэмжлэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... эхний гэрээнд хүү тооцоогүй дараагийн гэрээнүүдэд сарын 1.6 хувийн хүү тооцож бодоод нийт тэдэн төгрөг зээлүүлэв гээд биччихсэн байгаа ... зээлүүлэв гэж бичсэн төлбөрийн дүнд зээлийн хүү бодогдсон байгаа ... би цалингийн зээл авч хашаа, байшингаа барьсан ... цалингийн зээл сарын 1.6 хувийн хүүтэй ... зээлээ төлсөөр байгаа ... тийм болохоор хариуцагч Г.*******аас хашаа, байшин, газрынхаа үлдэгдэл төлбөрт сарын 1.6 хувийн хүү тооцож нэхэмжилсэн ... гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь: нэхэмжлэгч Г.*******гийн банкнаас авсан цалингийн зээлэндээ төлж байгаа, төлсөн 1.6 хувийг хүүг хариуцагч Б.*******аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.667 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 3.430.143 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 69.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч овгийн *******ын ******* /РД:*******/-аас 3.430.143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овгийн *******ын ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.802.141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.667 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 3.430.143 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 69.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ