Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2020/00032

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр Шүүгчид: Б.Намхайдорж, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.*******

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 600 дугаар шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би иргэн Б.*******ад 2018 оны 5 дугаар сард хашаа байшингаа зарсан. Ингэж зарахдаа 10.000.000 төгрөг бэлнээр аваад үлдэгдэл 8.000.000 төгрөг дээр нь гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу мөнгө нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Үлдэгдэл 8.000.000 төгрөгнөөс 2.000.000 гаруй төгрөг төлөгдсөн. Миний тооцоосноор 6.232.000 төгрөг хүүтэйгээ, үүн дээр болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нэмээд нийт 6.346.951 төгрөгийг Б.*******аас нэхэмжилж байна. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа үлдэгдэл мөнгөний хүүгээ төлмөөргүй байна гэсэн байна. Би тухайн үед байшингаа барихдаа сарын 1.6 хувийн хүүтэй банкаас зээл авч байсан. Б.******* мөнгөө төлөөгүй учраас зээлийн үлдэгдэлийн хүүг авна шүү гэдгээ анх тохирсон. Банк яаж хүү тооцдог уу, түүн шиг дансанд орсон мөнгөнөөсөө зээлийн хүүг нь хасаад тооцсон. Уг тооцооллоо хэрэгт хавсаргаж өгсөн. Үлдэгдэл мөнгөө дариухан барагдуулахаар шүүхэд хандсан гэв.

Хариуцагч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би үлдэгдэл мөнгөө төлнө. Харин хүүг төлөх боломжгүй байна. Би худалдаж авсан байшингаа өөр айлд бас зарсан байгаа, тэр айлаасаа байшингийн үлдэгдэл мөнгийг аваагүй, одоо 11 сард 2.000.000 төгрөг, үлдэгдлийг нь хавар ноолуурны үеэр авахаар тохиролцож гэрээ байгуулсан байгаа. Би өнөөдрөөс эхлээд жирэмсний амралтаа авч байгаа учраас өнөө маргаашгүй нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх боломжгүй байна. Байшин худалдаж авсан айлаасаа мөнгө авахаар Г.*******гийн мөнгийг төлөх боломжтой. Би үлдэгдэл мөнгөний хүү төлнө гэхээр хүнд байна. 2.000.000 гаруй төгрөгийн хүү төлмөөргүй байна. Хүүгээ төлөхгүйгээр үндсэн мөнгөө төлж барагдуулах хүсэлтэй байна. Үлдэгдэл мөнгөө төлөхын хувьд бол төлнө, харин хүүг төлмөөрүй байна гэв.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч******* хангай овгийн *******ын ******* /РД:*******/-аас 3.430.143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.802.141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.667 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 3.430.143 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 69.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож,

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие 2020 оны 08 дугаар сарын 03-нд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.*******аас 6.232.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл хүргүүлсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 09 дүгээр сарын 22-нд нэхэмжлэлийн шаардлагаасаа 3.430.143 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2.802.141 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Гомдлоо дараах шалтгаануудаар тайлбарлаж байна.

1. Иргэн Б.*******тай миний бие төлбөр барагдуулах хэлцлийг 2 удаа, зээлийн гэрээг 2 удаа байгуулсан болохоос зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Анх гэрээ байгуулахдаа хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 1.6 хувиар хүү тооцно гэж амаар саналаа гаргахад иргэн Б.******* тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн. Энэ зөвшөөрлөө 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний ар талд 2018.12.20-ны өдөр 619.200 төгрөгийн хүү өгнө гэж гарын үсэг зурснаар батлагдаж байна.

Нөгөө талаар иргэн Б.******* нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээг 3 удаа сунгаж, хүүг тооцож төлбөрийн нийт дүнд тухай бүр оруулж байсан. Гэрээ бүрийг гарын үсгээр баталгаажуулан нотариатаар гэрчлүүлж байсныг шүүх хүчингүйд тооцсонд гомдолтой байна.

2. Зээлийн гэрээ болон төлбөр барагдуулах хэлцлүүд нь хашаа байшин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр юм. Манайх анх хашаа байшин барихдаа цалингийн зээл 1.6-1.8 хувийн хүүтэйгээр авч байсан. Одоо болтол цалингийн зээлээ төлж дуусаагүй, хүү төлж байгаа гэдэг тайлбарыг шүүхэд өгсөн боловч огт харгалзаагүй.

3. Иргэний хуулийг судалж үзэхэд 208 дугаар зүйлийн 208.1, 219 дүгээр зүйлийн 219.2, 222 дугаар зүйлийн 222.1, 222.4, 222.5 дахь заалтуудад гэрээний үүргээ хугацаанд гүйцэтгэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээх, хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл шүүхээс иргэний хуулийн энэ олон заалтыг авч үзэлгүйгээр уг хуулийн 262 дугаар зүйлийн 262.2, 263 дугаар зүйлийн 263.2, 263.4 дэх заалтуудийг үндэслэл болгосонд гомдолтой байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан, нотлох баримтыг бүрэн судлаагүй, хуулийн үйлчлэх хүрээг бүрэн хамруулаагүй байна гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 600 дугаартай шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 6.2 сая төгрөгийг нэхэмжилж байсан. Тэгээд зээлийн хүү нэмэгдээд 6.4 сая төгрөг болсон байгаа. Шүүхээс шийдвэр гаргахдаа гэрээнүүдийг буруу байгуулсан байна гээд өмнөх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үнэлж 2.8 сая төгрөгийг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ хүнтэй 2018 онд зээлийн гэрээний харилцаа үүсэж өнөөдрийг хүртэл 6.4 сая төгрөг өгөхөөр болсон байдаг. Миний хувьд *******ыг зээлээ төлөх боломжгүй үед нь гэрээний хугацааг 3 удаа сунгаж байсан. Тэгээд сунгах болгондоо хүү тооцно гэдгийг анхнаасаа гэрээ байгуулахад нөгөө тал зөвшөөрсөн. Анхан шатны шүүх гэрээний ар талд гарын үсэг зураад зээлийн хүү болох 619.200 төгрөг төлнө гэж бичсэн байгааг анхаараагүй. Тэгээд ерөнхий дүнгээрээ төлөлгүй 2-оос 3 жил болсон байхад хариуцагчид ямар ч хариуцлага байхгүй байдаг. Миний хувьд цалингийн зээл авч тухайн хашаа байшинг бариад тэр хүнд зарсан юм. Үлдэгдэл мөнгөн дээрээ гэрээ байгуулсан. Миний хувьд алданги огт тооцоогүй гэтэл бүх гэрээн дээр алдангийн заалт байгаа юм байна лээ. Гэтэл шүүхийн шийдвэр нөгөө талд ашигтайгаар гарсан байгаа. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна гэж үзсэн. Гэтэл анх хашаа байшинг барьцаалж зээл гаргачхаад дараа нь би өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Зээлийн гэрээ хийж хэрэггүй, төлбөр барагдуулах хэлцэл хий гэсэн. Хуулийн хүрээнд авч үзэхэд би анхны гэрээгээр нөгөө талд боломж бий болгоод яваад байсан. Энэ хугацааны хүүг яах вэ? Хүүгийн тооцооллыг цалингийн зээлийн тооцооллын дагуу бодсон байгаа. Хугацаа хэтэрсэн хоног дээр хүү тооцож байгаа. Тиймээс илүү мөнгө нэхсэн зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх хүүг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон түүний хүү нийт 6.346.951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.******* худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрөө төлнө, харин хүү тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар талууд 2018 оны 5 дугаар сард Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байрлах хашаа, байшин, газрыг 18.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Г.******* нь хашаа байшин, газрыг Б.*******ын өмчлөлд шилжүүлсэн, Б.******* 10.000.000 төгрөгийг төлж, 300.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэхэд төлснийг талууд төлбөрөөс хасч тооцохоор тохирсон, нийт 10.300.000 төгрөгийг Б.******* төлсөн үлдэгдэл төлбөр 7.700.000 төгрөг төлөгдөөгүй байна.

 

Талууд гэрээний үүргийг барагдуулахаар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр тус тус зээлийн гэрээ, төлбөр барагдуулах гэрээ гэсэн нэр бүхий гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Мөн хариуцагч Б.******* нь дээрх хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрөөс 4.473.000 төгрөгийг нэмж барагдуулсан талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлсэний үндсэн дээр маргааны үйл баримтыг зөв тогтоож, уг үйл баримтад тулгуурлан талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах хэлцлээр хүү тооцож, хариуцагчаас гаргуулсан үндэслэлдээ эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд хэдийгээр худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн хэдий ч хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг гэрээний үүргийг талууд солихоор тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болохоор зохицуулжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талууд худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, өмнөх худалдах худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

 

Талууд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ гэсэн нэртэйгээр гэрээ байгуулсан байгаа боловч хэдий хэмжээний үлдэгдэл төлбөрт, хэдий хэмжээний хүү тохирсон эсэх нь ойлгомжгүй, дээрх гэрээнүүдийн үнийн дүн хоорондоо давхцсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлтэй тайлбарлаагүй байх тул анхан шатны шүүх дээрх гэрээгээр хүү тооцох боломжгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин талууд 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр үлдэгдэл төлбөр 7.700.000 төгрөгийг, сарын 1.6 хувийн хүүтэй 677.600 төгрөг, нийт 8.377.600 төгрөгийг авахаар тохирсон үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх гэрээний зорилго, агуулгаас харахад зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн хувиарлалтыг зөв тогтоож, түүнээс төлөгдсөн төлбөрийг хасч тооцон хариуцагч Б.*******аас нийт 3.430.130 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 600 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 59790 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Ж.БАТТОГТОХ