Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2020/00669

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын******* багт байрлалтай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* ******* хэсэг тоотод оршин суух овгийн ын ******* /РД:*******/-д холбогдох

Дулаан эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу өр төлбөр 13.230.000 төгрөг, алданги 3.572.100 төгрөг нийт 16.802.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Дулаан хэрэглэгч С.******* нь 2016 оноос хойш манай компанитай хамтран ажиллаж байгаа. 2018 оноос хойш С.*******ийн 3 давхар барилгыг нь ******* ХХК халааж байгаа. 2018 оныг хүртэл С.******* нь дулааны ямар нэгэн өр төлбөргүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл дулааны эрчим хүчний гэрээ хийсэн. Ингэж гэрээ хийхдээ 3 давхар байрын шинээр барьсан өргөтгөл болон 3 давхар орон сууцын дулаан авахаар гэрээ хийсэн.

С.******* нь өмнө нь зөвхөн 3 давхар орон сууцандаа халаалт дулаан авдаг байсан. Тэр 3 давхар байраа аж ахуйн нэгжид түрээсэлдэг, нэг давхартаа айл өрхүүдтэй, айл өрхүүд нь халаалт дулаан авдаг байсан. Өргөтгөл бариад 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай Дулаан эрчим хүчээр хангах гэрээ хийсэн.

2018 оны 11 дүгээр сард 3 давхар байрныхаа өргөтгөлийн дулааныг холбосон. Дулаан нь мкв-аар тооцогдож байгаа. С.******* манай компани хоёрын хооронд үүссэн өрийн маргаан нь 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх дулаанаар хангасан маргаан байгаа. Энэ хугацаанд С.******* нь 3 давхар байрныхаа өргөтгөлийг ашиглалтад оруулсан байсан гээд байгаа боловч манай компанид албан ёсоор айл өрхүүд байранд нь орсон гэх мэдээлэл өгөөгүй.

Манай компани дулаанаа мкв-аар тооцох боломжгүй гэрээний дагуу метр куб-ээр дулаанаа тооцож байгаа. С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа дулаанаа мкв-аар тооцуулна гэсэн байсан. Гэрээний дагуу метр куб-ээр тооцохоор нэг метр куб нь 1.820.000 төгрөгөөр тооцож байгаа. 2019 оны 01 сар гэхэд тухайн барилга ашиглалтад орсон үгүй нь мэдэгдэхгүй байгаа.

Манай зүгээс 2019 оны 01 сараас хойш дулааны мөнгөө авах гээд С.*******тэй холбогдох гээд чадахгүй байсан. Тэр үед барьж байгаа барилгаар нь орж гарахад тухайн барилга ашиглалтад ороогүй байсан. Мөн тухайн барилгыг албан ёсоор улсын комисс хүлээн авсан талаарх баримт байхгүй байгаа учраас айл өрхийн халаалт дулаанаар төлбөрийг нь тооцох боломжгүй гэв.

Хариуцагч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манайх 2013 оноос хойш ******* ХХК-иар халаалт дулааны үйлчилгээ авч байгаа. Ингэж дулаан авахдаа 3 давхар барилгаа үйлчилгээний зориулалтаар халаадаг байсан. Дулааны төлбөрөө 2018 оны 10 сар хүртэл төлж барагдуулж дууссан.

2018 оны 10 сараас хойш би үйлчилгээний зориулалтай барилгаа орон сууцны зориулалтай болгож хажууд нь өргөтгөл бариад 14 айлын орон сууц болгосон. 2018 оны 12 сарын 20-н гэхэд хамгийн сүүлийн айл байрандаа орж байсан. Би ******* ХХК-ийн нягтлантай дулааны гэрээ хийхдээ 2018 оны 10 сард манай барилгын хуучин барилга нь халж байсан учраас түүний 650.000 төгрөгөөр тооцуулна, шинэ өргөтгөлийн дулааныг 11 сарын 10-ны үеэр халаалт авна, барилга барьж байгаа хугацаанд дулааны төлбөрөө үйлчилгээний зориулалтаар төлнө, 2018 оны 12 сард 1.820.000 төгрөгөөр дулааны төлбөрөө төлнө. Хэрвээ 2019 оны 01 сард барилгын ажил дуусахгүй бол дулааны төлбөрөө үйлчилгээний зориулалтаар төлье түүнээс хойш айл өрхүүд байрандаа орох учраас айл өрхөөр төлнө гэдгээ хэлж байсан.

******* ХХК надтай дулааны гэрээ хийхдээ аман гэрээ хийгээд манай компани 10 дугаар сарын 01-ний өдрөөс бичгээр гэрээ хийе гэхээр нь би тамга байгаа юм уу гэсэн чинь тамга байхгүй аман гэрээ хийе гээд гарын гэрээн дээрээ гарын үсгээ зураад явуулсан. Барилгын бичиг баримтын хувьд ******* ХХК-иас техникийн нөхцөл авах байсан Уулс Дөл ХХК надаас техникийн нөхцөлийн 5.000.000 төгрөг нэхсэн би 5.000.000 төгрөгийг өгөхөөр болоод 2019 оны 01 сард багтаагаад би 5.000.000 төгрөгийг нь төлсөн.

Мөн намайг гэрээ хийхгүй алга болсон гээд байгаа. Би дээрх хугацаанд энд байсан. Байранд орсон айлууд дулааны төлбөрөө мкв-г нь 550.000 төгрөгөөр тооцоод төлье гэдэг байсан. Тэгэхээр нь би байж бай, наад төлбөрөө надад төлөхгүй, та нар Уулс Дөл ХХК-тай гэрээ хийж дулааны төлбөрөө төлөх ёстой. Би 2018 оны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулъя гэж хэлж байсан. 2019 онд нэг ч айлаас дулааны төлбөр аваагүй байсаар байгаад өдий хүрсэн. Би Уулс Дөл ХХК-тай 2019 оны 01 сар, 2020 оны 01 сард нэг уулзалдаад айл өрхөөр дулааны төлбөр төлөхөөр гэрээ хийчхээч гэхээр манай компани танайтай дулааны гэрээ хийхгүй гэж хэлдэг байсан. Уулс Дөл ХХК нь надтай дулааны тооцоо хийхдээ 1.820.00 төгрөгөөр хийнэ гээд айлууд нь 550.000 төгрөгөөр төлнө гээд зөрүү нь 1.000.000 төгрөг болоод байдаг. Манай 2 талын маргаж байгаа ганц асуудал нь 2019 оны 01-04 сар хүртэл би дулааны төлбөрөө үйлчилгээний зориулалтаар өгч чадахгүй, айл өрхөөр тооцож дулааны төлбөрөө төлнө гэдгээ хэлсэн. Би айл өрхүүдтэйгээ уулзаад та нарын өмнөөс би дулааны төлбөр төлж чадахгүй байна гэдгээ хэлсэн чинь 650.000 төгрөгөөр тооцоод айлууд дулааны мөнгөө хувааж төлье гэдгээ хэлсэн. Манай байрны айл өрхүүд дулааны мөнгөө төлж барагдуулаад эхэлсэн байх би Уулс Дөл ХХК-ийн дансыг өгсөн байгаа. Уулс Дөл ХХК-тай маргаж байгаа гол зүйл бол 2018 оны дулааны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, үлдэгдэл байвал 1.000.000 төгрөгийн үлдэгдэл л байгаа байх, 2019 оны 01 сараас 2019 оны 04 сарын дулааны төлбөрийг айл өрхүүдээр хийлгүүлэх саналтай байна. Тухайн үед айл өрхүүд халаалт авч байсан болохоос биш би түрээсэлж үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаагүй. Тухайн үеийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Түүнд дээр тохиролцоно гээд тохиролцолгүй өдий хүрсэн гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******ээс Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-нд заасны дагуу өр төлбөр 13.230.000 төгрөг, алданги 3.572.100 төгрөг нийт 16.802.100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.******* нь нэхэмжилж байгаа 16.802.100 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Б.Содномбалдан, хариуцагч С.******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, Уулс төл ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Д.*******, С.******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын тайлбар болох хэрэгт авагдсан Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-гээр нотлогдож байна. /хх-ийн 12/

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... хариуцагч С.*******ээс өр төлбөр 13.230.000 төгрөг, алданги 3.572.100 төгрөг нийт 16.802.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... одоо нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна гээд:

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дулааны төлбөрийн үлдэгдэл 8.680.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг нь төлчихсөн учир 6.680.000 төгрөг,

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дулааны төлбөрийн үлдэгдэл 4.550.000 төгрөгөөс 2.665.000 төгрөгийг нь төлчихсөн учир 1.885.000 төгрөг,

Гэрээнд заасны дагуу 0.3 алданги тооцсон 3.572.100 төгрөг,

Улсын тэмдэгтийн хураамж 241.960 төгрөг нийт 12.378.290 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... би энэ нэхэмжилж байгаа мөнгөнөөс:

2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны буюу энэ 4 сарын халаалт дулааны төлбөрийг Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-нд заасан сард 1.820.000 төгрөгөөр тооцож төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 650.000 төгрөгөөр тооцож төлнө, зөрүүг нь төлмөөргүй байна,

бас алданги гээд нэхэмжлээд байгаа 3.572.100 төгрөгийг төлөхгүй, бусад нэхэмжилж байгаа мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа ... гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагаас ... 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг дуустал 4 сарын хугацааны дулааны төлбөрийг гэрээнд зааснаар дулааны төлбөрийг сарын 1.820.000 төгрөгөөр тооцно ... алданги нэхэмжилнэ гэж, хариуцагч С.******* энэ хугацаанд тухайн байранд аж ахуйн нэгж байгаагүй, айл өрх байсан учир дулааны төлбөрийг сарын 650.000 төгрөгөөр төлнө, зөрүүг төлөхгүй ... алданги төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... хэрэглэгч төлбөрөө төлөөгүй ч гэсэн манай байгууллага дулаанаар хангах гэрээнд заасныхаа дагуу дулаанаараа хангаж байсан ... 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сарын хугацаанд тухайн байранд бүгдэд нь айл орсон гэж үзэхгүй ... дулаан талаасаа улсын комисс хүлээж аваагүй ... акт гараагүй учир айл, өрх орсон байсан гэж бодохгүй байна ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хугацааны төлбөрийг аж ахуйн нэгж гэдгээр биш айл өрх гэдгээр нь дулааны төлбөрөө төлөөд зөрүү мөнгийг төлөхгүй ... гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-ний 8 дугаар зүйлийн 1-т гэрээний хугацааг аль нэг тал нь албан тоотоор хүсэлт гаргаагүй нөхцөлд 1 жилээр сунгасанд тооцно гэж заасан байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-ний хугацааг дуусгах талаар талуудаас санал гаргаагүй байх тул энэхүү гэрээний хугацаа дуусаагүй талууд нэг, нэг жилээр сунгаж байсан байна гэж үзлээ.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч С.******* нарын хооронд байгуулсан Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-ний харилцаа нь Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуулиар зохицуулах харилцаа байна.

Өөрөөр хэлбэл Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-гээр хангагч байгууллага нь хэрэглэгчийг дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байна.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний шинжийг агуулж байна гэж үзлээ

Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь чанарын шаардлагад нийцсэн дулаанаар хангах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй, харин хариуцагч С.******* нь дулааны төлбөрийг гэрээнд заасны дагуу сар бүрийн 25-ны дотор төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-нд заасан үүргээ биелүүлж өнөөдрийг хүртэл хэрэглэгчээ дулаанаар хангаж байгаа болох нь:

нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... манай байгууллага хэрэглэгчээ төлбөрөө төлөөгүй гээд шууд халаалт, дулааныг нь зогсоох боломжгүй гэх тайлбар, хариуцагч С.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... ******* ХХК нь одоо ч гэсэн тухайн байрыг халаалт, дулаанаар хангаж байгаа ... гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэтэл хариуцагч С.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тогтоосон төлбөрийг сар бүр нэхэмжлэгч байгууллагад төлөөгүй байна.

Хариуцагч С.******* нь 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд тухайн байранд аж ахуйн нэгж байгууллага байгаагүй айл, өрх байсан гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг хариуцагч С.*******д 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхээс тайлбарлан танилцуулсан болно. /хх-ийн 18-19/

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-ний 5 дугаар зүйлийн 2-т ... хэрэглэгчийн нийт ... талбайн хөлсийг ... сард 1.820.000 төгрөгөөр төлнө ... гэж, уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т ... хэрэглэгч нь дулаан эрчим хүчний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Эрчим хүчний хуулийн дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө гэж тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Дулаан эрчим хүчээр хангах гэрээ нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа, гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч байгууллага гэрээнд зааснаар халаалт дулаанаар хангаж байгаа, хариуцагч С.******* нь гэрээнд заасан хугацаандаа дулааны төлбөрөө төлж барагдуулаагүй байна гэж үзлээ.

Мөн энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 2-т заасан талбайн халаалтын хөлс 1.820.000 төгрөг гэснийг өөрчилсөн, багасгасан эсвэл уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин өөр гэрээ байгуулсан талаарх үйл баримт тогтоогдоогүй болно.

Хариуцагч С.******* нь гэрээнд зааснаар халаалт, дулааны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0.3 хувиар алданги тооцож хариуцагч С.*******ээс нэхэмжлэх эрхтэй юм.

Иймд хариуцагч С.*******ээс гэрээнд заасны дагуу алданги 3.572.100 төгрөг гаргуулж ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн хариуцагч С.******* нь Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-нд гарын үсэг зураагүй, ******* ХХК нь чанарын шаардлагад нийцсэн дулаанаар хангаагүй гэж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт С.******* нь манай байгууллагын эзэмшил газар руу орж дулаан цэвэр усны хамгаалалтын бүс дээр барилгаа барьсан, газар доогуур явдаг шугам, хоолой худгийг өөрчилсөн, манай байгууллагаас техникийн нөхцөл зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт гаргаж ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ( 6.680.000 төгрөг + 1.885.000 төгрөг + 3.572.100 төгрөг +241.960 =) нийт 12.378.290 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бодоход ( 6.680.000 төгрөг + 1.885.000 төгрөг + 3.572.100 төгрөг +241.960) = 12.379.060 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилж байгаа 12.378.290 төгрөгөөс 770 төгрөгөөр илүү бодогдож байна.

Гэвч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь нийт 12.378.290 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гээд нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ халаалтын нэг жилийн үлдэгдэл төлбөр 6.680.000 төгрөг + халаалтын 2 дахь жилийн үлдэгдэл төлбөр 1.885.000 төгрөг + алданги 3.572.100 төгрөг + улсын тэмдэгтийн хураамж 241.960 төгрөг гэж тодорхой тайлбарласан боловч нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ бодохдоо нийт 12.379.060 төгрөг болсныг нийт 12.378.290 төгрөг гэж тайлбарлан тооцоолж бодохдоо алдаа гаргасан байна гэж үзлээ.

Иймд хариуцагч С.*******ээс Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-нд заасан дулааны өр төлбөр, алданги (6.680.000 төгрөг + 1.885.000 төгрөг + 3.572.100 төгрөг=) нийт 12.137.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.960 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 241.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч овгийн ын ******* /РД:*******/-ээс Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-нд зааснаар дулааны өр төлбөр, алданги нийт 12.137.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.960 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 241.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ