Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2021/00001

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 669 дугаар шийдвэртэй, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлалтай ******* дөл ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар баг *******эй хөдөө аж ахуйн хэсэг ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:ИФ******/-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******а нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: Дулаан эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу өр төлбөр 13.230.000 төгрөг, алданги 3.572.100 төгрөг, нийт 16.802.100 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлд: Дулаан хэрэглэгч С.******* нь 2016 оноос хойш манай компанитай хамтран ажиллаж байгаа. 2018 оноос хойш С.*******ийн 3 давхар барилгыг нь ******* дөл ХХК халааж байгаа. 2018 оныг хүртэл С.******* нь дулааны ямар нэгэн өр төлбөргүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийсэн. Ингэж гэрээ хийхдээ 3 давхар байрын шинээр барьсан өргөтгөл болон 3 давхар орон сууцын дулаан авахаар гэрээ хийсэн.

С.******* нь өмнө нь зөвхөн 3 давхар орон сууцандаа халаалт дулаан авдаг байсан. Тэр 3 давхар байраа аж ахуйн нэгжид түрээсэлдэг, нэг давхартаа айл өрхүүдтэй, айл өрхүүд нь халаалт дулаан авдаг байсан. Өргөтгөл бариад 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийсэн.

2018 оны 11 дүгээр сард 3 давхар байрныхаа өргөтгөлийн дулааныг холбосон. Дулаан нь мкв-аар тооцогдож байгаа. С.******* манай компани хоёрын хооронд үүссэн өрийн маргаан нь 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх дулаанаар хангасан маргаан байгаа. Энэ хугацаанд С.******* нь 3 давхар байрныхаа өргөтгөлийг ашиглалтад оруулсан байсан гээд байгаа боловч манай компанид албан ёсоор айл өрхүүд байранд нь орсон гэх мэдээлэл өгөөгүй.

Манай компани дулаанаа мкв-аар тооцох боломжгүй гэрээний дагуу метр куб-ээр дулаанаа тооцож байгаа. С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа дулаанаа мкв-аар тооцуулна гэсэн байсан. Гэрээний дагуу метр куб-ээр тооцохоор нэг метр куб нь 1.820.000 төгрөгөөр тооцож байгаа. 2019 оны 01 сар гэхэд тухайн барилга ашиглалтад орсон үгүй нь мэдэгдэхгүй байгаа.

Манай зүгээс 2019 оны 01 сараас хойш дулааны мөнгөө авах гээд С.*******тэй холбогдох гээд чадахгүй байсан. Тэр үед барьж байгаа барилгаар нь орж гарахад тухайн барилга ашиглалтад ороогүй байсан. Мөн тухайн барилгыг албан ёсоор улсын комисс хүлээн авсан талаарх баримт байхгүй байгаа учраас айл өрхийн халаалт дулаанаар төлбөрийг нь тооцох боломжгүй гэжээ

Хариуцагч С.*******ийн тайлбарт: Манайх 2013 оноос хойш ******* дөл ХХК-иар халаалт дулааны үйлчилгээ авч байгаа. Ингэж дулаан авахдаа 3 давхар барилгаа үйлчилгээний зориулалтаар халаадаг байсан. Дулааны төлбөрөө 2018 оны 10 сар хүртэл төлж барагдуулж дууссан.

2018 оны 10 сараас хойш би үйлчилгээний зориулалтай барилгаа орон сууцны зориулалтай болгож хажууд нь өргөтгөл бариад 14 айлын орон сууц болгосон. 2018 оны 12 сарын 20-н гэхэд хамгийн сүүлийн айл байрандаа орж байсан. Би ******* дөл ХХК-ийн нягтлантай дулааны гэрээ хийхдээ 2018 оны 10 сард манай барилгын хуучин барилга нь халж байсан учраас түүний 650.000 төгрөгөөр тооцуулна, шинэ өргөтгөлийн дулааныг 11 сарын 10-ны үеэр халаалт авна, барилга барьж байгаа хугацаанд дулааны төлбөрөө үйлчилгээний зориулалтаар төлнө, 2018 оны 12 сард 1.820.000 төгрөгөөр дулааны төлбөрөө төлнө. Хэрвээ 2019 оны 01 сард барилгын ажил дуусахгүй бол дулааны төлбөрөө үйлчилгээний зориулалтаар төлье түүнээс хойш айл өрхүүд байрандаа орох учраас айл өрхөөр төлнө гэдгээ хэлж байсан.

******* дөл ХХК надтай дулааны гэрээ хийхдээ аман гэрээ хийгээд манай компани 10 дугаар сарын 01-ний өдрөөс бичгээр гэрээ хийе гэхээр нь би тамга байгаа юм уу гэсэн чинь тамга байхгүй аман гэрээ хийе гээд гарын гэрээн дээрээ гарын үсгээ зураад явуулсан. Барилгын бичиг баримтын хувьд ******* дөл ХХК-иас техникийн нөхцөл авах байсан ******* ******* ХХК надаас техникийн нөхцөлийн 5.000.000 төгрөг нэхсэн, би 5.000.000 төгрөгийг өгөхөөр болоод 2019 оны 01 сард багтаагаад би 5.000.000 төгрөгийг нь төлсөн.

Мөн намайг гэрээ хийхгүй алга болсон гээд байгаа. Би дээрх хугацаанд энд байсан. Байранд орсон айлууд дулааны төлбөрөө мкв-г нь 550.000 төгрөгөөр тооцоод төлье гэдэг байсан. Тэгэхээр нь би байж бай, наад төлбөрөө надад төлөхгүй, та нар ******* ******* ХХК-тай гэрээ хийж дулааны төлбөрөө төлөх ёстой. Би 2018 оны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулъя гэж хэлж байсан. 2019 онд нэг ч айлаас дулааны төлбөр аваагүй байсаар байгаад өдий хүрсэн. Би ******* ******* ХХК-тай 2019 оны 01 сар, 2020 оны 01 сард нэг уулзалдаад айл өрхөөр дулааны төлбөр төлөхөөр гэрээ хийчхээч гэхээр манай компани танайтай дулааны гэрээ хийхгүй гэж хэлдэг байсан. ******* ******* ХХК нь надтай дулааны тооцоо хийхдээ 1.820.00 төгрөгөөр хийнэ гээд айлууд нь 550.000 төгрөгөөр төлнө гээд зөрүү нь 1.000.000 төгрөг болоод байдаг. Манай 2 талын маргаж байгаа ганц асуудал нь 2019 оны 01-04 сар хүртэл би дулааны төлбөрөө үйлчилгээний зориулалтаар өгч чадахгүй, айл өрхөөр тооцож дулааны төлбөрөө төлнө гэдгээ хэлсэн. Би айл өрхүүдтэйгээ уулзаад та нарын өмнөөс би дулааны төлбөр төлж чадахгүй байна гэдгээ хэлсэн чинь 650.000 төгрөгөөр тооцоод айлууд дулааны мөнгөө хувааж төлье гэдгээ хэлсэн. Манай байрны айл өрхүүд дулааны мөнгөө төлж барагдуулаад эхэлсэн байх би ******* ******* ХХК-ийн дансыг өгсөн байгаа. ******* ******* ХХК-тай маргаж байгаа гол зүйл бол 2018 оны дулааны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, үлдэгдэл байвал 1.000.000 төгрөгийн үлдэгдэл л байгаа байх, 2019 оны 01 сараас 2019 оны 04 сарын дулааны төлбөрийг айл өрхүүдээр хийлгүүлэх саналтай байна. Тухайн үед айл өрхүүд халаалт авч байсан болохоос биш би түрээсэлж үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаагүй. Тухайн үеийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа дээр тохиролцоно гээд тохиролцолгүй өдий хүрсэн гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 669 дугаар шийдвэрээр

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ******* овгийн *******ын ******* /РД:ИФ74010617/-ээс Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-нд зааснаар дулааны өр төлбөр, алданги нийт 12.137.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* Дөл ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Мөн шийдвэрийн 2 дахь заалтаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* Дөл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.960 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 241.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* дөл ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч С.*******ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 669 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх бодит байдалд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж надад төлөх ёсгүй төлбөрийг төлөх үүрэг хүлээлгэлээ. Иргэн би шүүхэд бодит үнэнийг хэлж, тайлбарлаж халаалтын мөнгө төлөх үүрэггүй юм гэдгээ нотолсоор байтал ******* ******* ХХК-ийн гаргаж өгсөн хуурамч гэрээнд үндэслэж шийдвэр гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******-******* ХХК нь надаас метркуб талбайгаар халаалтын мөнгө нэхэмжилсэн. Гэтэл уг барилгат айлууд орсон учраас айлуудаар халаалтын төлбөрийг төлүүлэх саналтай байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байгаа. Анхан шатны шүүх дулаан эрчим хүчээр хангах гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тайлбарт үндэслэж шийдвэрээ гаргасан байдаг. Ингэхдээ талууд хоорондоо байгуулсан дулаан эрчим хүчээр хангах гэрээ хүчин төгөлдөр гэрээний хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн. Мөн хариуцагч С.******* 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд ******* ******* ХХК-ын халаалт тавьсан байранд аж ахуй нэгж байгаагүй, айл өрх байсан гэж маргаж байгаа болов ч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрх үүргийг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг хариуцагч С.*******д 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхээс танилцуулсан. Иймд талуудын оролцоонд тулгуурлан хэрэгт цугларсан байгаа баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийсэн. Хэдийгээр шүүх талуудын оролцоон дээр тулгуурлан дүгнэлт хийх хэдий ч нотлох баримт дутуу байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, нотлох баримт дутуугаас хэргийг өөрөөр буруу шийдэх эрх шүүхэд байхгүй. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч С.*******д эрх, үүргийг нь танилцуулсан гэх боловч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан хэргийн оролцогчийн үүргийг хэрхэн хэрэгжүүлэх арга зам болон эрх зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгоогүй байсан нь шүүх хуралдаанд хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сар гэхэд уг барилгад айл өрхүүд орчихсон байсан. Энэ үед Алтай Улиастай эрчим хүч ХХК болон Амь-Ус трейд ХХК айл өрхүүдтэй гэрээ хийчихсэн байсан. Энэ талаарх баримтыг би авчраагүй байна. Хэрэв баримт авчрах шаардлагатай гэвэл авчрах боломжтой. Шүүх хурал дээр ийм маргаан үүснэ гэж бодоогүй. Анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж, 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчид эрх үүргийг нь тайлбарлаж, 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасныг зөрчиж хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй байхад хурлыг хийж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн татгалзгалаа нотлох эрхийг зөрчсөн байна гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлодог. Гэтэл уг маргаанд 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 11 дүгээр сарын 23-ны өдөр уг иргэний хэргийн 60 хоногийн хугацаа дуусах ёстой байсан. Жирийн иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байгаа тохиолдолд шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 60 хоногийн хугацаа дуустал иргэнд нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хуулиар олгох ёстой байсан. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа баримтуудыг шүүхэд гаргаж өгч, хэрэгт хавсаргаагүй боловч өөрт нь байгаа гэдгийг хариуцагч шүүх хуралдаанд ойлгомжтой тайлбарласан байдаг. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлийг хэрэглээгүй. Шүүх хуралдааны явцад хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт хэргээс гадуур байгаа гэдэг нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар нотлогдох тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлийг хэрэглэж, 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан. Шүүх хэргийг 1 л удаа шийддэг. Иймээс үнэн зөв бодитой шийдэхийг бүх талаар зорих ёстой. Тэрнээс биш баримт дутуугаас болж хэргийг буруу шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хэд хэдэн ноцтой шүүхийн үндэслэл болгосон баримтууд зөрүүтэй гэдэг нь харагддаг. Үүнд: хариуцагч С.******* би шинэ барьсан барилгаа хуучин халааж байсан шигээ халаая, 2018 оны 11 дүгээр сарын 10-даар халаалтаа авъя, тэр үед дотор засвараа хийнэ гэдгээ тайлбарласан байдаг. 2018 оны 12 дугаар сард айлууд оруулж чадахгүй бол аж ахуй нэгжээрээ төлбөрөө төлье. 2019 оны 1 дүгээр сард айлууд орчих байх, үүнээс хойш айлуудтай гэрээгээ байгуулаарай гэж хэлсэн. Гэтэл тэгж байгаад гэрээ байгуулж тохиролцоно ямар ч байсан үүн дээр гарын үсгээ зурчих гэж байгаад надаар зуруулсан. Надад гэрээний 1 хувийг өгөөгүй гэдгийг хариуцагч С.******* тайлбарласан байдаг. Гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулна гэсэн. Энэнээс хойш хугацаанд гэрээг шинэчлээгүй байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад 4 удаа өөрчилсөн. Шүүх яг аль үнийн дүнд нь үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь ойлгомжгүй байна. *******-******* ХХК-ын гаргаж өгсөн тайлбараар 2018 оныг дуустал С.******* өргүй байсан. Мөн өөр нэг гаргаж өгсөн тооцоолол баримтаар 2018 оны үлдэгдэл 5.0 сая төгрөг гэсэн байдаг. Бас алдангийг яг аль үнийн дүнгээс тооцож бодож гаргаж ирсэн болон 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл халаасан үнийн дүнгийн алданги юм уу? аль эсвэл, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрийн алданги юм уу? гэдгийг тодруулахаар алдангийг яаж тооцож гаргаж ирсэн эсэх нь мөн л тодорхойгүй байдаг. Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж хариуцагч нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх хугацааг үндэслэлгүйгээр хязгаарлаж, улмаар эрх зүйн ухамсар хуульчийн хэмжээнд бус хариуцагч шүүх хуралдааны явцад татгалзлаа нотлох баримт байгаа гэдгийг тайлбарласаар байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-ийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, үнэн зөв бодитой байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч *******- ******* ХХК-нь хариуцагч С.*******д холбогдуулан эрчим хүч ашигласны төлбөр 13.230.000 төгрөг, алданги 3.572.100 төгрөг, нийт 16.802.100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх ******* -******* ХХК-ийн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан өгч, хэргийн оролцогч нарт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгчээ.

Хариуцагч С.******* 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ...2020 оны 1, 2, 3, 4 сарын дулаан эрчим хүч ашигласны төлбөрийг аж ахуй, нэгж байгууллагын тарифаар төлөх боломжгүй,Учир нь 2020 оны 1 сард тухайн барилга ашиглалтад орж айлууд орсон тул тухайн айлтай гэрээ хийж, айлууд өөрсдөө төлөх ёстой. Мөн алданги 3.572.100 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлэхдээ тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч тайлбар ирүүлснээс 6 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товложээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлохоор заажээ.

Гэтэл шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргахдаа хуульд заасан аль үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон нь тодорхой бус байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн гэдгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах гаргаж, өгөх эрх, үүрэгтэй уялдуулан тайлбарлахад хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нотлох баримт хангалттай, дахин нотлох баримт гаргаж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн тохиолдолд шүүх хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгч, нотлох баримт гаргаж өгөх эсэх нь тодорхой бус байхад шүүх тодруулалгүй хэргийг хуульд заасан хугацаанаас өмнө товлож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

Нөгөө талаар шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, үндэслэлгүй шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан байна.

Шүүх хэргийн оролцогчоос шаардлага, татгалзлаа нотлох баримт гаргаж өгөх эсэх, гаргаж өгсөн баримт нь хангалттай эсэхийг лавлалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хуульд зааснаас богино хугацаанд шийдвэрлэснээс маргааны үйл баримт хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Хариуцагч С.******* нь гэрээнд зааснаар хэд хэдэн оны төлбөр хэдэн төгрөг төлөх үүрэгтэйгээс, хэдэн төгрөгийг хугацаанд нь төлсөн, хэдэн төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн эсэх, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй эсэх, айл өрхүүд хэдэн төгрөгийн төлбөр төлсөн эсэхийг ялгаж салгаж, тооцоолол гаргаагүй, алдангийг хэрхэн тооцсон үндэслэлийг нэхэмжлэлд дурдаагүй байхад шүүх тодруулж, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Энэ талаарх хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаар тогтлоо.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 669 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч С.*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.144 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР