Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 140/ШШ2020/00728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүргийн ******* дугаар ******* ******* тоотод оршин суух овгийн овгийн гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн ын ******* /РД:*******/-т холбогдох

4.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.******* /zoom онлайнаар/, хариуцагч Ш.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Ш.*******т 21.200.000 төгрөг өгөхдөө Ш.*******оос адуу авна гэж өгсөн. Тэр үед Ш.******* ээж, аавдаа байр авч өгөх гэж байгаа, чи дуртай үедээ ирээд адуугаа аваарай гэж хэлсэн.

Өмнө нь Ш.******* бид хоёр олон удаа адуу өгч авалцаж байсан. Ш.******* надаас өмнө мөнгө аваад би Ш.*******оос адуу авдаг байсан. Сүүлд надаас авсан 21.200.000 төгрөгөөс Ш.*******т эхлээд 500.000 төгрөг, дараа нь дахиад 500.000 төгрөг, тэгээд 200.000 төгрөг өгсөн, сүүлд нь 20.000.000 төгрөг шилжүүлсэн.

Би Ш.*******ынд очоод эхний удаа 11 толгой адуу авсан тэр нь 7.800.000 төгрөг болсон. Дараа нь 9 толгой адуу авсан энэ нь 6.400.000 төгрөг болсон, нэг хязаалан үхэр, нэг соёолон үхэр авсан нийлээд 1.900.000 төгрөг болсон.

Одоо үлдэгдэл 4.100.000 төгрөг үлдсэн. Ш.******* руу утсаар ярихаар би чамд мөнгийг нь өгнө гэдэг байсан, тэгээд өгөхгүй болохоор нь асуусан чинь өгнө, өгнө чи мал таргалахаар ирээд авчих, чи бид хоёр болох байлгүй гэж хэлсэн.

Дараа нь Ш.******* над руу яриад би чамд өгч чадахгүй, чиний данс руу 2.000.000 төгрөг хийнэ гэж хэлэхээр нь би яахаараа 2.000.000 төгрөг авдаг юм бэ гэж хэлсэн чинь чи явдаг газраар нь явж мөнгөө салгаж аваарай гэж хэлэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: П.******* надаас адуу аваад 4, 5 жил болж байна. Би П.*******д өөрийнхөө унаган адуунаас нийт 60 гаруй толгой адуу өгсөн. Би адуу өгөхдөө П.*******гийн өөрийнх нь амаар өгдөг байсан. Би адуугаа үнэлж үзээгүй. П.*******гийн ярьж байгаа үнэн, өнгөрсөн жил би аав, ээждээ байр авч өгөх гээд хэдэн төгрөг дутахаар нь П.*******гээс 21.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Тэр үед нэг адууны дээд талын үнэ 1.000.000 төгрөг байсан. Би адуу ийм үнэтэй байгаа үед П.*******д 20 толгой адуу өгчихвөл болох юм байна гэж бодоод 21.200.000 төгрөг зээлсэн. Би эхлээд П.*******д 12 толгой адуу өгсөн. Хэрэгт авагдсан адууны зурган дээр миний өгсөн дэлтэй халтар адуу алга байна лээ. Дараа нь П.*******д 9 толгой адуу өгсөн. Ингэж өгөхдөө шүдлэн адуу өгөөгүй дандаа хязаалан адуу өгсөн. Тухайн үед миний адуу тарган сайхан адуунууд байсныг хүмүүс мэдэж байгаа.

Тэгээд П.******* адуугаа ачаад болчихлоо гэхээр нь чи хө өвөл хүрээд ир гээд би сувай үнээ, хязаалан эр үхэр өгсөн. Би П.*******д адуу өгөхдөө дандаа амаар нь өгдөг, нэг ч удаа тэр адууг тэдээр өгнө гэж үнэлж байгаагүй. Тэгээд би П.*******д 20 толгой адуу, 2 үхэр өгсөн юм чинь өр дарагдсан байлгүй гээд байж байтал мөнгө нэхэхээр нь би П.*******гийн данс руу 1.000.000 төгрөг хийсэн. Түүнийг П.******* хэлэхгүй байна.

П.******* манай найз нөхдөд ын баян залуугаас мөнгөө гүйцээж авна гэж хэлж байна гэсэн. Би П.*******д 20 толгой адуу, 2 толгой үхэр, 1.000.000 төгрөг өгчхөөд өөрөө хохироод байж байх хэцүү байна. Би П.*******д олон адуу олж өгч байсан. Ах дүү шахуу явдаг хүмүүс ингээд болчих байх гэж бодож байтал яагаад надаас нэмээд мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв би адуу өгөхдөө даага, шүдлэн адуу бариад өгсөн бол надаас мөнгө нэхэх нь зөв байх гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******оос 4.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.******* нь нэхэмжилж байгаа 4.100.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Би Ш.*******ын данс руу

1.    2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг,

2.    2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөг,

3.    2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг,

4.  2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 21.200.000 төгрөг шилжүүлсэн ... тэгээд хариуцагч Ш.******* надад

2020 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр:

1.  Цагаан гүү 1-ийг 850.000 төгрөгөөр,

2.  Бор хээр гүү 1-ийг 850.000 төгрөгөөр,

3.  Сартай хүрэн шүдлэн үрээ 1-ийг 550.000 төгрөгөөр,

4.  Хязаалан насны бор байдас 1-ийг 600.000 төгрөгөөр,

5.  Хязаалан насны хүрэн үрээ 1-ийг 650.000 төгрөгөөр,

6.  Хязаалан хээр үрээ 1-ийг 650.000 төгрөгөөр,

7.  Халтар морь /би насыг нь бичээгүй, соёолон гэж бичсэн байна/ 1-ийг 750.000 төгрөгөөр,

8.  Хээр бүдүүн гүү 1-ийг 850.000 төгрөгөөр,

9.  Сартай халтар гүү 1-ийг 850.000 төгрөгөөр,

10. Шүдлэн хүрэн үрээ 1-ийг 550.000 төгрөгөөр,

11. Хязаалан хүрэн үрээ 1-ийг 650.000 төгрөгөөр тооцож нийт 11 адууг 7.800.000 төгрөгөөр авсан ... тэгээд нэг сарын дараа Ш.******* надад

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр:

1.  Хээр бүдүүн гүү 1-ийг 750.000 төгрөгөөр,

2.  Хээр морь соёолон 1-ийг 750.000 төгрөгөөр,

3.  Халтар морь нас гүйцсэн бүдүүн морь 1-ийг 900.000 төгрөгөөр,

4.  Халтар морь нас гүйцсэн бүдүүн морь 1-ийг 900.000 төгрөгөөр,

5.  Сартай хүрэн гүү 1-ийг 800.000 төгрөгөөр,

6.  Хүрэн гүү /би насыг нь мэдэхгүй байна/ 1-ийг 700.000 төгрөгөөр,

7.  Хүрэн хязаалан 1-ийг 550.000 төгрөгөөр,

8.  Халтар шүдлэн үрээ 1-ийг 500.000 төгрөгөөр,

9.  Хүрэн үрээ шүдлэн 1-ийг 550.000 төгрөгөөр тооцож нийт 9 адууг 6.400.000 төгрөгөөр авсан.

Ш.******* надад адуу өгч чадахгүй нь гээд хязаалан үхэр 1-ийг 900.000 төгрөгөөр, сувай үхэр 1-ийг 1.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Сүүлд надад нэмж 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн ... Ингээд нийтдээ 17.100.000 төгрөг болж байгаа ... тухайн үед нэг адуу 1.000.000 төгрөг байсан нь үнэн ... одоо үлдэгдэл 4.100.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Би П.*******гээс 21.200.000 төгрөгийг өөрийнхөө дансаараа авсан нь үнэн ... авсан мөнгөндөө адуу өгнө гэж тохирсон гэхдээ тэдэн тооны адуу өгнө, авна гэж тохироогүй ... би зээлсэн мөнгөндөө нийтдээ 21 тооны адуу өгсөн ... тэгээд болчих байх гэж бодож байтал болоогүй гэсэн тэгэхээр нь дахиад 2 үхэр өгсөн ... дахиад болоогүй гэхээр нь би бэлэн 1.000.000 төгрөг өгсөн ... одоо нэмж мөнгө өгөх боломжгүй, би чинь амьдралтай хүн ... би эхлээд 12 тооны адуу, дараа нь 9 тооны адуугаа өгсөн, эхний өгсөн 12 тооны адуунаас 1 адуу хасаад 11 гээд байна ... дэлтэй халтар бүдүүн гүү байхгүй байгаад байна ... бид хоёрын дунд нэг адууг ингэж үнэлнэ, тэгж үнэлнэ гэж ярьж тохирсон зүйл байгаагүй ... тухайн үед 1 адуу 1.000.000 төгрөгийн ханштай байсан гэж өөрөө хэлчихэд надаас авсан адуунуудаас нэг ч гэсэн адууг 1.000.000 төгрөгөөр тооцоогүй ... насыг нь дараад үнийг нь хасаад байна ... ингэж үнэлэхээр би өртэй гарахгүй яах юм бэ ... туранхай адуу байвал авдаггүй ... өөрөө үнээ тогтоодог ... ингэж үнэлсэн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй ... сүүлд нь өөрөө энэ үнэлгээгээ гаргасан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч П.******* хариуцагч Ш.*******ын дансанд 21.200.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Ш.******* шилжүүлж авсан 21.200.000 төгрөгийн үнийн дүндээ тохирсон адуу өгөхөөр талууд харилцан тохиролцсон талаараа маргахгүй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч П.*******, хариуцагч Ш.******* нарын хооронд гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг тохирч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч П.******* нь адууны үнийг хариуцагч Ш.*******т төлөх, хариуцагч Ш.******* нь хэлэлцэн тохирсон адууг нэхэмжлэгч П.*******гийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******оос 20 тооны адуу, 2 тооны үхэр, дансаар 1.000.000 төгрөг авсан гэж, харин хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч П.*******д 21 тооны адуу, 2 тооны үхэр, дансаар 1.000.000 төгрөг өгсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл П.******* Ш.*******ын данс руу нийт 21.200.000 төгрөг шилжүүлсэн, 2 тооны үхэр, дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж авсан талаараа зохигчид маргаагүй харин 2020 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр нэхэмжлэгч П.******* 11 адуу хүлээж авсан гэж, хариуцагч Ш.******* 12 тооны адуу өгсөн гэж адууны тоо толгой болон тухайн өгсөн удааны нэг бүрийг үнэлсэн үнэлгээн дээр маргаж байна.

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******ын дансанд 21.200.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон хэргийн материалд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 3-6/

Харин нэхэмжлэгч П.******* хариуцагч Ш.*******ын дансанд 21.200.000 төгрөгийг шилжүүлэхдээ ямар насны, хэдэн тооны адууг, хэдэн төгрөгөөр үнэлж тооцож авах талаараа урьдчилж тохироогүй, хариуцагч Ш.******* нэхэмжлэгч П.*******д ямар насны, хэдэн тооны адуу, хэдэн төгрөгөөр тооцож өгөх талаараа харилцан тохироогүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн ... бидний дунд адуу өгч, авна гэсэн ямар нэгэн гэрээ байхгүй, гэрээ хийгээгүй, тооцоо нийлсэн баримт байхгүй, тэдэн адуу өгч, авна гэж ярьж тохироогүй ... гэх тайлбараар нотлогдож байна.

Тодруулбал нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******оос ямар үндэслэлээр 4.100.000 төгрөг нэхэмжилж байгаа, ямар зүсмийн, ямар насны, хэдэн тооны адууг хэзээ, ямар хугацаанд авахаар тохирсон, ямар насны хэдэн тооны адуу хүлээж авсан, ямар насны, хэдэн тооны адуу аваагүй үлдсэн, авсан адуугаа хэрхэн яаж үнэлсэн талаараа бичгийн нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч П.*******д 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, хариуцагч Ш.*******т 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхээс тайлбарлан танилцуулсан болно. /хх-ийн 12-13, 17/

Иймд нэхэмжлэгч П.*******гийн хариуцагч Ш.*******оос 4.100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.******* нь зузаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, notes гэсэн бичигтэй гэрэлтдэг хавтастай тэмдэглэлийн дэвтэр, 19 тооны адууны гэрэл зураг зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.

Эдгээр хоёр дэвтэр нь нэхэмжлэгч П.*******гийн өөрийн хувийн данс, тооцоо бүртгэдэг тэмдэглэлийн дэвтэр байх тул хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэх боломжгүй, мөн 19 тооны адууны гэрэл зураг нь хариуцагч Ш.*******оос авсан адууны гэрэл зураг мөн гэж үзэх боломжгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... нэг адууг тухайн үеийн ханшаар тооцсон ... тухайн үеийн ханш тийм байсан ... гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед буюу 2019 оны 9, 10 дугаар саруудад мал /ямар насны адуу, үхэр/-ны зах зээлийн үнэ ханш ямар байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6.400 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч П.*******д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар овгийн овгийн гийн ******* /РД:*******/-гийн хариуцагч овгийн ын ******* /РД:*******/-т холбогдуулан 4.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6.400 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч П.*******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ