Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 205/МА2021/00004

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 205/МА2021/00004

 

П.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо **-** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:ИХ********/-гийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Яруу сумын Хэц улаан багт оршин суух *******ой нуур овгийн *******ын ******* /РД:ИХ*******/-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, ZOOM-р нэхэмжлэгч П.******* оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: 4.100.000 төгрөг гаргуулах

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Ш.*******т 21.200.000 төгрөг өгөхдөө Ш.*******оос адуу авна гэж өгсөн. Тэр үед Ш.******* ээж, аавдаа байр авч өгөх гэж байгаа, чи дуртай үедээ ирээд адуугаа аваарай гэж хэлсэн.

Өмнө нь Ш.******* бид хоёр олон удаа адуу өгч, авалцаж байсан. Ш.******* надаас өмнө мөнгө аваад би Ш.*******оос адуу авдаг байсан. Сүүлд надаас авсан 21.200.000 төгрөгөөс Ш.*******т эхлээд 500.000 төгрөг, дараа нь дахиад 500.000 төгрөг, тэгээд 200.000 төгрөг өгсөн, сүүлд нь 20.000.000 төгрөг шилжүүлсэн.

Би Ш.*******ынд очоод эхний удаа 11 толгой адуу авсан тэр нь 7.800.000 төгрөг болсон. Дараа нь 9 толгой адуу авсан энэ нь 6.400.000 төгрөг болсон, нэг хязаалан үхэр, нэг соёолон үхэр авсан нийлээд 1.900.000 төгрөг болсон.

Одоо үлдэгдэл 4.100.000 төгрөг үлдсэн. Ш.******* руу утсаар ярихаар би чамд мөнгийг нь өгнө гэдэг байсан, тэгээд өгөхгүй болохоор нь асуусан чинь өгнө, өгнө чи мал таргалахаар ирээд авчих, чи бид хоёр болох байлгүй гэж хэлсэн.

Дараа нь Ш.******* над руу яриад би чамд өгч чадахгүй, чиний данс руу 2.000.000 төгрөг хийнэ гэж хэлэхээр нь би яахаараа 2.000.000 төгрөг авдаг юм бэ гэж хэлсэн чинь чи явдаг газраар нь явж мөнгөө салгаж аваарай гэж хэлэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: П.******* надаас адуу аваад 4, 5 жил болж байна. Би П.*******д өөрийнхөө унаган адуунаас нийт 60 гаруй толгой адуу өгсөн. Би адуу өгөхдөө П.*******гийн өөрийнх нь амаар өгдөг байсан. Би адуугаа үнэлж үзээгүй. П.*******гийн ярьж байгаа үнэн, өнгөрсөн жил би аав, ээждээ байр авч өгөх гээд хэдэн төгрөг дутахаар нь П.*******гээс 21.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Тэр үед нэг адууны дээд талын үнэ 1.000.000 төгрөг байсан. Би адуу ийм үнэтэй байгаа үед П.*******д 20 толгой адуу өгчихвөл болох юм байна гэж бодоод 21.200.000 төгрөг зээлсэн. Би эхлээд П.*******д 12 толгой адуу өгсөн. Хэрэгт авагдсан адууны зурган дээр миний өгсөн дэлтэй халтар адуу алга байна лээ. Дараа нь П.*******д 9 толгой адуу өгсөн. Ингэж өгөхдөө шүдлэн адуу өгөөгүй дандаа хязаалан адуу өгсөн. Тухайн үед миний адуу тарган сайхан адуунууд байсныг хүмүүс мэдэж байгаа.

Тэгээд П.******* адуугаа ачаад болчихлоо гэхээр нь чи хө өвөл хүрээд ир гээд би сувай үнээ, хязаалан эр үхэр өгсөн. Би П.*******д адуу өгөхдөө дандаа амаар нь өгдөг, нэг ч удаа тэр адууг тэдээр өгнө гэж үнэлж байгаагүй. Тэгээд би П.*******д 20 толгой адуу, 2 үхэр өгсөн юм чинь өр дарагдсан байлгүй гээд байж байтал мөнгө нэхэхээр нь би П.*******гийн данс руу 1.000.000 төгрөг хийсэн. Түүнийг П.******* хэлэхгүй байна.

П.******* манай найз нөхдөд *******ын баян залуугаас мөнгөө гүйцээж авна гэж хэлж байна гэсэн. Би П.*******д 20 толгой адуу, 2 толгой үхэр, 1.000.000 төгрөг өгчхөөд өөрөө хохироод байж байх хэцүү байна. Би П.*******д олон адуу олж өгч байсан. Ах, дүү шахуу явдаг хүмүүс ингээд болчих байх гэж бодож байтал яагаад надаас нэмээд мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв би адуу өгөхдөө даага, шүдлэн адуу бариад өгсөн бол надаас мөнгө нэхэх нь зөв байх гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-гийн хариуцагч *******ой нуур овгийн *******ын ******* /РД:*******/-т холбогдуулан 4.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6.400 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч П.*******д буцаан олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

УБ хот Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Пүрэвээ овогтой ******* миний бие Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.01.04-ний өдөр Ш.*******т холбогдох нэхэмжлэх гаргасан. Шүүхийн шийдвэр 2020.12.04-нд ирсэн ба миний бие уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Миний бие Ш.*******оос адуу авах бүртээ ярилцаж тохиролцон тухай бүр нь үнийг тохирч авдаг байсан.

Зах зээлийн ханшнаас доогуур аваад байдаг байсан бол Ш.******* надад энэ олон жил мал зарахгүй байсан байх. Шүүхийн шийдвэрт адууг тухай үеийн ханшаар тооцсон гэдэг нь нэхэмжлэгч миний бие, хариуцагч Ш.******* нарын тайлбараар баталгаажсаныг дурдсан байна.

Мөн Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь 4.100.000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа болон хэдэн тооны ямар зүсний адууг авсан болох, авах ёстой байсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаараа бичгийн нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэж дурджээ.

Миний хувьд аман хэлцлээр тохиролцсон тухайгаа нэхэмжлэлийн шаардлагадаа анхнаасаа тодорхой дурдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан бол шүүх анхнаасаа хүлээн авахгүй байх боломжтой байсан гэж үзэж байна.

Харин нотлох баримтын тухайд өөрт байсан фото зураг, хувийн данс тооцоо хөтөлсөн дэвтэр зэрэг боломжтой нотлох баримтуудыг миний зүгээс гаргаж өгсөн.

Гэтэл шүүх хариуцагч бид хоёрын хооронд өгөлцөж авалцсан адуунуудыг хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан тухайн үеийн ханшаар, миний авсан ханш үнэхээр бага байсан эсэх дээр бодит дүгнэлт хийлгүй, үнэлгээг бодитоор тогтоолгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байх тул 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаар Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бидний хооронд авсан өгсөн адуу болон үхрийн зах зээлийн ханшийг тогтоолгох ажиллагааг анхан шатны шүүхээр гүйцэтгүүлж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч П.******* /Улаанбаатар хотоос ZOOM-р/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.******* нь надаас авсан 21.0 сая төгрөгтөө 11 адуу өгсөн байдаг. Тэгэхдээ тэр үеийн үнэ ханшаар нь би тооцож авсан. Гэтэл Ш.******* миний өгсөн адуунууд бүгд нас бие гүйцсэн, бүдүүн адуу байсан гэсэн тайлбар хэлдэг. Надад өгсөн адуунууд нь шүдлэн наснаас дээш байсан. Тэр дунд нь 2 нас гүйцсэн бүдүүн адуу л байсан. Ш.******* бид 2-ын адууны нас, үнэ хоорондоо зөрүүтэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зөв гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн тайлбарын зөрүүг нотлох баримтад үндэслэн гаргаж, зохигчийн маргааны зүйл болох адуу, үхрийн үнэлгээг тухайн зах зээлийн үнээр тодорхойлсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах боломжтой юм.

Нэхэмжлэгч П.******* 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ш.*******той харилцан тохиролцож, 21.200.000 төгрөгийг 4 хувааж шилжүүлсэн, Ш.******* надад 14.200.000 төгрөгийн адуу, 1.900.000 төгрөгийн үхэр өгсөн. Үлдэгдэл 5.100.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохирсон боловч 1.000.000 төгрөгийг өгсөн 4.100.000 төгрөгийг өгөөгүй гэж нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ш.******* эс зөвшөөрч, миний өгсөн мал зах зээлийн үнээр бодохоор 21.200.000 төгрөгт хүрч байгаа. Би одоо мөнгө өгөх ёсгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******т 21.200.000 төгрөгийг банкаар шилжүүлж, Ш.******* уг мөнгөнд адуу өгөхөөр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй, харин талууд хүлээж авсан адууны тоо ширхэг, тухайн үед адуу, үхрийг худалдан борлуулж байсан тухайн үеийн зах зээлийн үнэлгээ ямар байсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт хүлээж авсан, хүлээлгэж өгсөн гэх адууны зүс, нас , тоо ширхэг, зөрүүтэй, маргааны зүйл болох адуу, үхрийн үнэлгээг талууд хоёр өөрөөр тодорхойлж маргаж байхад шүүх маргааны зүйлийг тодорхойлоогүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Талуудын өгч авалцсан малын тоо, түүний үнийг талууд тохироогүй бол тухайн үеийн зах зээлийн үнэ ханш ямар байсныг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.

Нотолгооны үндсэн чиг үүргийн хувьд нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагаа нотлох үүрэгтэй боловч, ийнхүү нотлох үүрэг нь хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, маргасан тайлбар болон үүнтэй холбоотой баримт нотолгоонууд гарсан тохиолдолд хэрэгждэг хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******т хэдэн төгрөг өгсөн, Ш.*******оос ямар насны, хэдэн тооны адуу авсан, адуугаа хэрхэн яаж үнэлсэн талаараа тайлбарласан байдаг бөгөөд нэхэмжлэгч зарим баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88550 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ