Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 05 өдөр                             Дугаар 218/МА2018/00019                                                 Сайнцагаан сум

 

Л.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00536 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлтэй, эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Н

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ц.В нь улс төрийн хэрэгт 1938 онд баривчлагдан 10 жилийн хорих ял эдлэж 1948 онд гарч ирсэн бөгөөд гарч ирээд миний эх Б.М-тай гэр бүл болсон гэдэг. Миний бие 1956 онд төрсөн бөгөөд намайг ээж Б.М-аар овоглосон байна. Эцэг Ц.В-ын хэлмэгдлийн нөхөн олговорыг авах гэтэл намайг овоглоогүй учраас авах боломжгүй болоод байна. Иймд миний эцэг Ц.В болохыг тогтоож өгнө үү? Миний эцэг Ц.В эх Б.М нар нь гэр бүл болж ах биднийг төрүүлсэн боловч тус тусдаа амьдарч байсан. Гэхдээ эх эцэг, эцэг үрийн холбоотой байсаар миний эцэг 1986 онд нас барсан болно. Иймд Ц.Выг Л.Н миний төрсөн эцэг болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

 Анхан шатны шүүх

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Л.Н-ийн  тус шүүхэд гаргасан Ц.В-ыг өөрийн эцэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Л.Н миний бие Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхэд өөрийн төрсөн эцэг  болох Ц.В-ын нөхөх олговрыг авах зорилготойгоор Ц.В нь миний эцэг  мөн  болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Ц.В нь 1938 онд хэлмэгдэн баривчлагдаад 1948 онд суллагдаж ирсэн. Улмаар 1950 онд манай эх Мядагтай гэр бүл болж улмаар миний бие 1956 онд төрсөн байдаг. Гэтэл Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00536 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангалгүй иргэн намайг хохироож байна.  Учир нь Миний төрсөн эцэг болох Ц.В-ын үр хүүхэд нь миний бие мөн бөгөөд үүнийг хэрэгт авагдсан гэрчүүдийн  мэдүүлгээр тодорхой нотолж байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүнтэй садан төрлийн холбоотой гэдгийг тогтоолгох шаардлага гарсан ба энэ талаар нэхэмжлэлдээ ямар зорилготойгоор эцэг болохыг тогтоолгох гэж байгаа талаар тайлбарласан боловч шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.7-д заасан  хүүхдийн эцэг тогтоолгох гэсэн шаардлага гэж үзэн хэрэгсэхгүй болгоод байна. Мөн  шүүхийн  шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой бөгөөд 1956 онд төрсөн намайг  хүүхэд биш гэж дүгнэлт гаргажээ. Миний нэхэмжлэлд “...Л.Н миний төрсөн эцэг болохыг тогтоож өгнө үү гэсэн болохоос миний бие 18 насанд хүрээгүй хүүхэд гэсэн агуулга огт байхгүй. Миний бие энэ хүний хүүхэд нь гэдэг нь садан төрлийн холбоотой гэдгийг тогтоолгох гэсэн үг бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Цэмбэлийн Ванчинжав нь улс төрийн хэрэгт 1938 онд баривчлагдан 10 жилийн хорих ял эдлэж 1948 онд гарч ирээд түүний эх Б.Мядагтай гэр бүл болж, тэдний дундаас 1956 онд өөрөө төрсөн боловч тухайн үед ээж Б.Мядагаар овоглосон, хэлмэгдэгчээр овоглогдсон хүн тухайн үеийн нийгэмд гадуурхагддаг байсан учир сүүлд өөрийн төрсөн ах Л-ээр овоглогдож байсан. Ц.В-тай эцэг үрийн холбоотой байсаар эцэг Ц.В 1986 онд нас барсан зэрэг үйл баримтуудыг дурдаад Ц.Выг  өөрийн төрсөн эцэг болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.

Л.Н нь хэлмэгдэгч  Ц.В-ыг өөрийн эцэг болохыг шүүхээр тогтоолгохын үр дагавар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөн олговор авах хэрэгцээ шаардлагаа нэхэмжлэлд тодорхойлсон байна.

 Шүүх түүний нэхэмжлэлд дурдсан эцэг тогтоолгох гэсэн үгэнд хөтлөгдөн шаардлагаас үүсэх үр дагаврыг тооцож үзэлгүй уг хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1, 135.2.7 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал энэ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасан хүүхдийн эцэг эхийг тогтоох үйл явдал нь  хүүхдийн эцэг эх мөн эсэх тухай маргаан, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийг тэжээн тэтгүүлэх асуудлыг шийдвэрлэх урьдчилсан нөхцөл болдог бол, 135.2.1-д заасан садан төрлийн холбоо тогтоолгох шаардлага нь хууль ёсоор өв залгамжлах, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, нөхөн олговор тогтоолгох, гэм хорын төлбөр авах зэрэг эрх үүсэх урьдчилсан нөхцөл болохыг шүүх анхаарах ёстой.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 05 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамжийн үндэслэх хэсэгт Л.Нийн нэхэмжлэл нь хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 Мөн шүүх нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэсэн гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй бөгөөд Цэмбэлийн Ванчинжавыг Нинжийн эцэг биш гэж үзэх болсон үндэслэлээ шүүхийн шийдвэрт тодорхойлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа хэргийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

 1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00536 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

                                              ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

       Ц.ОТГОНЦЭЦЭГ