Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Өндөршил сумын 2-р баг, Баянгийн 1-2 тоотод оршин суух Харнууд овогт Батцоожийн Чимэгбаярын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 10-ны өдөр 139/2017/00019/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Нямаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Чимэгбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 07 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар 13 жил 6 сар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр түймэрт шатсан тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт, ном зэргийг үндэслэн дээрх хугацааны улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Б.Чимэгбаяр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Б.Чимэгбаяр нь Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 07 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 26-ныг хүртэл барааны няраваар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 08/438 тоот албан бичиг,

           Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 184 дугаартай архивын лавлагаа,

           Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1981 оны 07 сарын 09-ний өдрийн 43 дугаартай “Техникум, ТМС төгссөн хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

           Б.Чимэгбаярын №452052 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

           Б.Чимэгбаярын 1984 оны 1-12 сар, 1988 оны 1-7 сарын цалингийн карт, 1985 оны 3, 11 сар, 1986 оны 2, 3 сар, , 1989 оны 6 сард авч байсан цалингийн тооцооны хүснэгт, 1990 оны 5 сарын 30-ны Бараа материал хүлээн авах акт №74 /Дундговь, Өндөршил, ХБА, нярав Чимэгбаяраас соёлын барааны худалдагч Сарангэрэлд/ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Ц.Түмэнбаярын “Өндөр заяатай шил нутаг” номын 110, 111, 118 дугаар хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Д.Шатарын “Нэгэн тугийн дор” номын 347, 348 дугаар хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаанаас 1987 оны 12 сарын 31-нд Б.Чимэгбаярт олгосон “...1987 онд авсан социалист уралдаанд хамт олноо хошуучлан улсын төлөвлөгөөг биелүүлэх ажилд идэвхи зүтгэл гарган ажилласанд талархан ...1-р зэргийн диплом үнэ бүхий зүйлээр шагнав” гэсэн бичилттэй “Диплом”-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Гэрч  Г.Нармандахын “...Б.Чимэгбаяр 1981 оны 07 сараас Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байсан. Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 хэдэн онд Баян хоршоо, Баян хэрэглээний хоршоо болоход Б.Чимэгбаяр ажиллаж байсан. 1996 оны 07 сар хүртэл ажилласан. Бид хамт ажиллаж байсан, нэг нутгийн улсууд учраас Б.Чимэгбаярын ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Ю.Энхтөрийн “...Б.Чимэгбаяр 1981-1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн анги, Баян хоршоо, Баян хэрэглээний ББХХоршоонд ажиллаж байсан. Б.Чимэгбаяр няраваар ажиллаж байсан. Намайг 1984 онд Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид ороход Б.Чимэгбаяр няраваар ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан. Нэг нутгийн улсууд учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч С.Мөнхжаргалын “...Б.Чимэгбаяр 1981 онд Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны няраваар ажиллаж байсан. 1990 онд Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн анги Баян хоршоо, Баян хэрэглээний ББХХоршоо болоход Б.Чимэгбаяр няраваар ажиллаж байсан. 1996 он хүртэл Б.Чимэгбаяр Баян хэрэглээний ББХХоршоонд ажиллаад гарсан. Намайг 1984 онд Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний барааны няраваар ороход Б.Чимэгбаяр барааны няраваар ажиллаж байсан. Бид Худалдаа бэлтгэлийн ангийн хоёр нярав байсан юм. Нэг нь хүнсний няраваар, нөгөө нь барааны няраваар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Б.Чимэгбаяр нь тус шүүхэд мөн Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1991 оны 04 сарын 27-ноос 1994 оны 12 сарын 31-нийг дуустал барааны няраваар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 оны 04 сарын 26-нд “Баян” хоршоо, 1991 оны 12 сарын 25-нд “Баян хэрэглээний” ББХХоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болох нь           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 08/438 тоот албан бичиг, Өндөршил сумын Баян хэрэглээний хоршооны 1991 оны 07 сарын 30-ны өдрийн цалингийн  хүснэгт зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Б.Чимэгбаяр нь 1991 оны 04 сарын 27-ноос хойш 1994 оныг дуусталх хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийн үндэслэл, шаардлага нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс өөр давхар нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлээс уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн 9-р хуудсан дахь цалингийн тооцооны хүснэгт нь хэдэн оны, хэдэн сарын баримт болох нь тодорхойгүй, мөн хэргийн 32-р хуудсанд авагдсан гэрэл зураг нь ямар хүмүүсийн, хаана, хэзээ авахуулсан зураг болох нь тодорхойгүй байх тул уг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Тус шүүх хүсэлт гаргагч Б.Чимэгбаярт шүүх хуралдааны товыг 2017 оны 02 сарын 09-ний өдөр 88700102 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч Б.Чимэгбаяр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д “...хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно.”, 100.5-д “...зохигч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно” гэж  тус тус заасны дагуу хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харнууд овогт Батцоожийн Чимэгбаяр /ЗЙ62052106/-ын Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 07 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 26-ныг хүртэл барааны няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Дундговь аймгийн Өндөршил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1991 оны 04 сарын 27-ноос 1994 оны 12 сарын 31-нийг дуустал барааны няраваар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Чимэгбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ