Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00 98

 

Н.Г ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Г д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00680 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Г ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Г д холбогдох,

Гэрийн түлхүүр гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эрх зөрчихгүй байхыг даалгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Д.Г гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С , хариуцагч Д.Г , хариуцагчийн өмгөөлөгч Д.О , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.Г  нь Д.Г тай 2013 онд гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болж, 5 жил хамт амьдарч байгаа. Миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-д 22 жил 8 сар ажиллаж байгаа. Хүнд хортой нөхцөлд ажилладаг. 2018 оны 04 дүгээр сарын 12-нд ээлжийн амралтаа авч, эхнэр Д.Г гийн хамт айлд цуг очиж хөзөр тоглосон. Хамт ажилладаг хүмүүстэй хамт олны жишиг ёсоор архи уусан. Архи ууснаас болж эхнэр Д.Г гийн хамт охин Болормаа гэгч нь гэр орноос хөөж, ээж Д.Г г авч явсан ба гэрийн түлхүүрийг авч явсан. Мөн миний гэх хувцас хунарыг өөр газар аваачиж тавьсан байсан. Би 04 дүгээр сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл гэр орондоо орж чадахгүй байгаа ба Тайхар эмнэлэгт 10 хоног хэвтэн, үүний дараа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сувилалд сувилуулан хэвтэж байна. Сувиллын хоног дуусахад надад гэр орондоо очих шаардлага гарч байна. Учир нь 50 сая төгрөгний зээл төлөх, үүний тулд хэвийн тайван ажиллаж амьдрах шаардлага гарч буй тул гэр бүлийн гишүүн Д.Г гаас гэрийн түлхүүрийг гаргуулах, миний бие Н.Г  өөрийн гэртээ чөлөөтэй орж амьдрах эрхтэй, уг эрхийг минь зөрчихгүй байхыг даалгаж, миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Г  нь Н.Г тэй 2013 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон нь үнэн боловч Н.Г тэй амьдрах хугацаанд энэ хүний тасралтгүй архидалт болон мөрийтэй тоглоом зэргийн өрөн дунд дарамт ихтэй амьдарч байсан. Миний бие 2012 онд зүүн нүдний даралт харваж одоо зүүн нүдний хараа алдсан. 2016 онд цөсний чулуу авахуулах хагалгаанд орсон. 2017 онд 2 бөөрний хавдар, умайн хавдар, өндгөвчний уйланхай оношлогдож 2018 оны 1 сард 2 бөөрний хавдрын судас боох мэс засалд орсон. Мөн 2018 оны 02 дугаар сард 2 нүдэндээ лазер мэс ажилбар хийлгэсэн. Одоо умайн хавдар болон өндгөвчний уйланхай авахуулах мэс засалд 2018 оны 08 дугаар сард орохоор төлөвлөж байгаа. Иймд Н.Г ийн архидалт болон зах замбараагүй эрх чөлөөт амьдрал, өр мөнгөний боол болж амьдарч чадахгүй, эрүүл мэндээрээ хохирч байгаа учир өөрийн эрүүл мэндээ бодон Н.Г тэй амьдрах хамтын амьдралаа эцэс болгохоор шийдсэн ба бидний хамтын амьдралд эд хөрөнгийн маргаан байгааг Н.Г  шүүхээр шийдүүлж салахаар өргөдөл өгнө гэсэн тул шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн маргаанаа шийдүүлсний дараа орон байрны түлхүүр өгөх эсэх нь тодорхой болно. Бусад гэр бүлийн маргаанаа шүүхээр шийдвэрлэх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00680 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, Гэр бүлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Г гаас Орхон аймаг, Баян-Өндөр сум **  тоотод байрлах хувийн орон сууцны түлхүүрийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г эд олгож, хариуцагч Д.Г д Н.Г ийн өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум **  тоот хувийн сууцанд чөлөөтэй орж амьдрах эрхийг зөрчихгүй байхыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г гаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Г эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г  давж заалдсан гомдолдоо:

Н.Г ийн нэхэмжлэлтэй Д.Г  надад холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2018 оны 06 дугаар сарын 25-нд аваад товлосон өдөр хуралд оролцохоор иртэл нэхэмжлэгч Н.Г  ГОК-ийн 40 жилийн ойн баяр болж байгаа, би төрийн одон Алтан гадас-аар шагнагдаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байсан. Би ч тэр өдөр адилхан баярт оролцож шагнал авах байсан хэдий ч шүүхийг хүндэтгэж ирсэн. Гэтэл шүүх түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2018 оны 07 сарын 04 болгож хойшлуулсан. Харин 2018 оны 07 сарын 04-ний өдөр миний бие муудаж, нүдний даралт ихсэж босож явж чадахгүй хэвтэрт орж шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул өрхийн эмнэлэгтээ үзүүлж шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх хүсэлтийг минь хүлээж авахгүйгээр шүүх хурлыг хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өмгөөлөгч аваад хэргийн материалтай хамт танилцах гэж байтал биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад танилцаж амжаагүй байсан. Миний бие 2012 оны 11 сард Н.Г тэй танилцаад 2013 онд гэр бүл болж өнөөдрийг хүртэл амьдрахдаа энэ хүнээр зүгээр сууж тэжээлгээгүй. Би Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн РМЗ-д ажилдаг, **  тоотод ганцаараа амьдардаг орон гэртэй, унах унаатай, 3 машины гражтай тохилог тайван амьдарч, чөлөөт цагаараа таксинд явж, боломжийн орлого олж амьдардаг байсан. Анх гэр бүл болохдоо Н.Г  нь аксент маркийн жижиг тэрэгтэй байсан бөгөөд уг машинаа томруулна гээд намайг Чи хас банкнаас байр, газар, гражаа тавиад 20,000,000 төгрөгийн зээл авчих гэсэн. Энэ зээлийг би авч өгч, Н.Г  Прадо-78 маркийн автомашин авч, түүний аав ээж хоёрыг нь Говь-Алтай аймгаас очиж авч ирж байсан. Н.Г  Прадо-78 маркийн автомашин аваад удаагүй байхдаа согтуу барьж яваад микро мөргөж, 14 хүнийг хүнд хөнгөн гэмтээж маш их хохирлыг бид цуг л төлөхөөс өөр замгүй болж хүнд байдалд орсон. Ийнхүү маш их мөнгө хэрэгтэй болсон тул би 2014 оны 03 сард тэтгэвэрт гарч, Эрдэнэт үйлдвэрээс өгдөг 20,000,000 төгрөгийн тэтгэмжээ авч, шууд л хохиролд өгсөн. Дахин тэтгэврийн зээл 15,500,000 төгрөгийг авч дээрх их хохирол төлбөрийг дуусгаж өгсөн. Би энэ хүний төлөө бие, сэтгэл, эд хөрөнгө бүхнийгээ зориулж байснаас газар дээрх ганц охиндоо нэг ч төгрөг өгдөггүй байсан. Охин минь гэр бүлтэй тусдаа амьдардаг. Гэтэл хамаг бүхнээ зориулж байсан Н.Г  нь сүүлийн үед миний энэ сэтгэлийг ойлгохгүй, зав гарвал архи ууж, хэлэх хэлэхгүй үгээр охин бид хоёрыг доромжилж, хамт байхын аргагүй муухай араншин гаргаж, амгалан тайван байлгахгүй зовоодог болсон. Мөн мөрийтэй тоглоом тоглож, надад хэлэхгүй өр зээл тавьж, хонон өнжин тэнээд явчихдаг болсон. Н.Г  анх миний өмчлөлд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, Говил, 100 айл, 29 Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 575 м2 газар, 50 м2 хувийн орон сууц, 70,3 м2 бүхий 3 машины граж зэргийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр болгож, Эрдэнэт үйлдвэрээс өгдөг 8,000,000 төгрөг болон татвараас өгдөг 3,000,000 төгрөгийг тус тус авах зорилгоор Худалдах, худалдан авах гэрээ хийж өр зээлийг нь дарах зорилгоор би түүнд шилжүүлсэн юм. Ийм байдлаас болоод 2018 оны 04 сараас хойш бид тусдаа амьдрах болсон. Гэтэл Г  гэр орноос хөөлөө, орон гэртээ амьдармаар байна гэж өргөдөл гаргахад шүүх түүнийг гэрт нь амьдруул гэж шийдсэнд гомдолтой байна. Иймд Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 142/ШШ2018/00680 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Г  нь хариуцагч Д.Г д холбогдуулан Гэрийн түлхүүр гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эрх зөрчихгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, Гэр бүлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Г гаас Орхон аймаг, Баян-Өндөр сум **  тоотод байрлах хувийн орон сууцны түлхүүрийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г эд олгож, хариуцагч Д.Г д Н.Г ийн өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум **  тоот хувийн сууцанд чөлөөтэй орж амьдрах эрхийг зөрчихгүй байхыг даалгаж шийдвэрлэжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчид нэхэмжлэл гардуулсан, зохигч нарт эрх, үүрэг тайлбарласан, нөлөөллийн мэдүүлгийн баримтанд шүүгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. /х/х-ийн 18,19,20 дугаар хуудас/,Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2 72.1 дэх заалтуудыг зөрчжээ.

Хэргийн материалыг хариуцагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй, 2018 оны 6 дугаар сарын 27 ноос хойш орж ирсэн баримтуудыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй байна. /х/х-ийн 51 дүгээр хуудас/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг хэргийн оролцогч нарт эдлүүлээгүй мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг зөрчжээ.

Хариуцагч Д.Г  нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэрээ гаргажээ. Тухайн өдөр хариуцагч нь эмнэлэгт үзүүлсэн картаа шүүхэд авчирч үзүүлсэн байна. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байна. Шүүх хэргийн оролцогчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 107 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх боломжоор хангах үндэслэлтэй байжээ.

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.Г гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.Г гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР