Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/00680

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/00680

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, 100 айл ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, 100 айл ******* тоотод оршин суух, Бунжаа овогт Дарьжавын Гүриймаа /РД:*******/-д холбогдох

 

Гэрийн түлхүүр гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эрх зөрчихгүй байхыг даалгуулах тухай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь *******тай 2013 онд гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болж, 5 жил хамт амьдарч байгаа. Миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-д 22 жил 8 сар ажиллаж байгаа. Хүнд хортой нөхцөлд ажилладаг. 2018 оны 04 дүгээр сарын 12-нд ээлжийн амралтаа авч, эхнэр *******гийн хамт айлд цуг очиж хөзөр тоглосон. Хамт ажилладаг хүмүүстэй хамт олны жишиг ёсоор архи уусан. Архи ууснаас болж эхнэр *******гийн хамт охин Болормаа гэгч нь гэр орноос хөөж, ээж *******г авч явсан ба гэрийн түлхүүрийг авч явсан. Мөн миний гэх хувцас хунарыг өөр газар аваачиж тавьсан байсан. Би 04 дүгээр сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл гэр орондоо орж чадахгүй байгаа ба Тайхар эмнэлэгт 10 хоног хэвтэн, үүний дараа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сувилалд сувилуулан хэвтэж байна. Сувиллын хоног дуусахад надад гэр орондоо очих шаардлага гарч байна. Учир нь 50 сая төгрөгний зээл төлөх, үүний тулд хэвийн тайван ажиллаж амьдрах шаардлага гарч буй тул гэр бүлийн гишүүн *******гаас гэрийн түлхүүрийг гаргуулах, миний бие Н.******* өөрийн гэртээ чөлөөтэй орж амьдрах эрхтэй, уг эрхийг минь зөрчихгүй байхыг даалгаж, миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь Н.*******тэй 2013 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон нь үнэн боловч Н.*******тэй амьдрах хугацаанд энэ хүний тасралтгүй архидалт болон мөрийтэй тоглоом зэргийн өрөн дунд дарамт ихтэй амьдарч байсан. Миний бие 2012 онд зүүн нүдний даралт харваж одоо зүүн нүдний хараа алдсан. 2016 онд цөсний чулуу авахуулах хагалгаанд орсон. 2017 онд 2 бөөрний хавдар, умайн хавдар, өндгөвчний уйланхай оношлогдож 2018 оны 1 сард 2 бөөрний хавдрын судас боох мэс засалд орсон. Мөн 2018 оны 02 дугаар сард 2 нүдэндээ лазер мэс ажилбар хийлгэсэн. Одоо умайн хавдар болон өндгөвчний уйланхай авахуулах мэс засалд 2018 оны 08 дугаар сард орохоор төлөвлөж байгаа. Иймд Н.*******ийн архидалт болон зах замбараагүй эрх чөлөөт амьдрал, өр мөнгөний боол болж амьдарч чадахгүй, эрүүл мэндээрээ хохирч байгаа учир өөрийн эрүүл мэндээ бодон Н.*******тэй амьдрах хамтын амьдралаа эцэс болгохоор шийдсэн ба бидний хамтын амьдралд эд хөрөнгийн маргаан байгааг Н.******* шүүхээр шийдүүлж салахаар өргөдөл өгнө гэсэн тул шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн маргаанаа шийдүүлсний дараа орон байрны түлхүүр өгөх эсэх нь тодорхой болно. Бусад гэр бүлийн маргаанаа шүүхээр шийдвэрлэх болсон гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 1980 онд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг хамт төгссөн. 2011 онд танилцаж 2013 онд албан ёсоор гэр бүл болж, Говил баг 100 айлын ******* тоотод хамт амьдарч байсан. Бид хоёрыг анх хамт амьдарч эхэлж байхад Говилын 100 айлын байр, газар, гражийн өмчлөх эрх бүгд *******гийн нэр дээр байсан. ******* уг байраа Хас банкинд 3700000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Би өөрөө Хаан банкинд 18000000 төгрөгийн зээлтэй. Манай охин банкнаас цалингийн зээл авчхаад ажлаасаа гарч зээлээ төлж чадахгүй найдваргүй зээлдэгчийн ангилалд шилжчихсэн. Би тэр зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Уг зээлийг хааж өгөхөөр цалингийн зээл авах хүсэлтийг Хаан банкинд гаргасан. Гэтэл Хаан банкны эдийн засагч та найдваргүй зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгч байна гээд зээл олгох боломжгүй гэсэн. Би Хаан банкинд хүсэлт гаргаад үл хөдлөх хөрөнгө барьцаалсан цалингийн зээл авахаар болж, үл хөдлөх хөрөнгөө өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ир гэсэн. Тэр үед би *******гийн үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. ******* бид хоёр ярилцаж тохиролцоод газар, хувийн сууц, гражийг миний нэр дээр шилжүүлж 50 сая төгрөгийн зээл авсан. Д. Гүриймаа бид хоёр баталгаатай гэр бүл болчихсон байсан тул ******* батлан даагчаар орж гарын үсэг зурсан. Бид хоёр 50000000 төгрөгийн зээлээр *******гийн 3700000 төгрөгийн зээл охины 10000000 төгрөгийн зээл, өөрийнхөө 18000000 төгрөгийн зээлийг хаасан. ******* өөрөө ганц охинтой. *******тай хамт амьдарч эхэлж байхад охин нь 20 настай оюутан байсан. ******* надтай суух үед тэтгэвэртээ гарчихсан байсан. Би *******гийн охины бакалавр болон магистрийн сургуулийн төлбөрийг нь хамт төлж, чадах чинээгээрээ тусалж дэмжсэн. *******гийн охин Болороо хүнтэй сууж 2 хүүхэд төрүүлж, ******* 2 хүүхдийг нь харж өгдөг байсан. Болороо 2-р микрт байр авна, та хоёр тусалж дэмжихгүй юм уу, гэхээр нь би 60 нас хүртлээ ажиллана гэж гуйж байгаад Хаан банкнаас нэмж 9 сая төгрөгийн зээл авсан. Тэгээд охин Болороо 2-р микрийн байранд амьдарч, ******* бид хоёр Говилын 100 айлынхаа байранд амьдарч байсан. Гэтэл охин Болороо та хоёр 2-р микрийн байранд амьдар, манайх Говилын 100 айлын байранд амьдрая гэсэн. ******* бид хоёр 2-р микрийн байранд ирж амьдарсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 12-оос ээлжийн амралтаа авсан. Манай ажлын 5 хүн зэрэг амарсан. Тэгээд цуг амарсан хүмүүс амралтаа тэмдэглэхээр ажлынхаа хүмүүсийг хоолонд оруулсан. ******* бид хоёр манай найзынд хамт очиж 4-үүлээ 2 шил архи хувааж уусан. Маргааш нь охин нь орж ирээд таниас архи үнэртээд байна, хойд өрөөндөө ор гэсэн. Тэгж байж байгаад дараа нь та ер нь манайхаас яв гэсэн. Би юу яриад байгаа юм бэ?, би энэ байрыг авна гэхэд чинь чадах чинээгээрээ тусалж дэмжиж зээл авч өгсөн. Би хөгшин настай хүн, гэртээ байна гэсэн чинь намайг гэрээс хөөж гаргасан. Манай аав, ээж хоёр хороололд амьдардаг. Би аав, ээж хоёр дээрээ явж очсон. Охин хот явсны дараа гэртээ ирээд 2,3 хонож байсан чинь охин ирээд намайг дахиад хөөсөн. Хүүхдийн хажууд маргалдаад явах гээд гадаа гараад тамхи татаад сууж байтал нөгөө хэд Говил явна гээд гараад явчихсан. Тэгээд гэртээ орох гэтэл хаалга онгойлгож өгөхгүй, утсаар ярих гэсэн чинь утас байхгүй, өмсөж явсан хувцастайгаа таксинд суугаад таксины жолоочийн утсаар ******* руу ярьсан чинь чиний хувцсыг 3-8-р байрны дэлгүүр дээр үлдээчихсэн шүү гэсэн. Тэгээд би 3-8-р байрны дэлгүүрээс хувцсаа авч 3-10-р байранд байдаг подвольд очиж хоносон. Маргааш өглөө нь дүүгийндээ очиж усанд орчиход Тайхар эмнэлэгт хэвтсэн. ******* руу залгасан чинь миний утсыг блок хийсэн байсан. Манай дүү нар уурлаад таны хувцсыг очоод аваад ирье гэсэн чинь аав, ээж хоёр уурлаад болиулчихсан. Тэгсэн чинь ******* миний бүх хувцсыг манай аав, ээжийн гэрийн гадаа аваачиж өгөөд хүүгийнхээ хувцсыг нохойдоо өгнө үү?, гахайдаа өгнө үү? өөрсдөө мэд гэж хэлээд явсан байсан. Тэрнээс болоод манай аав, ээж хоёрын даралт ихсэж бие нь муудсан. Би эмнэлгээс гараад подвольд очиж байя гээд очтол бас түгжээд явчихсан байсан. Тэгээд надад байх газар байхгүй Эрдэнэт-Үйлдвэрийн сувилалд хэвтсэн. Тэр хооронд би *******тай нэг бол дүүгийнх нь дэлгүүр дээр, нэг бол хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх гээд гарч ирэх үед нь уулздаг байсан. Би *******гаас буцаад хамт амьдрая гээд зөндөө гуйсан. Гэтэл ******* чи бид хоёр хамт амьдарч болно гэхдээ охин наад архичнаасаа сал, та хоёрыг хамт амьдруулахгүй гээд байна гэсэн. Би хаяа архи уудаг нь үнэн. Би охин руу нь утсаар ярих гэхээр утсаа авахгүй, мессеж бичсэн. Гэтэл хөлөө хүрэх газар заргалдаарай, шүүхдээ өгнө үү?, цагдаагийн байгууллагадаа өгнө үү? хамаагүй. Би байраа өгөхгүй гэсэн мессеж ирсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би олон жил хүнд хортой нөхцөлд ажилласан. Говил багийн ******* тоотод байрлах газар, хувийн сууц, гражийн өмчлөх эрх миний нэр дээр байдаг. ******* батлан дааж зээл авсан. Би зээлээ төлж дуустал орон гэртээ орж амьдармаар байна. Би 2018 оны 04 дүгээр сарын 02-оос хойш гэртээ ороогүй. Иймд Говил багт байрлах 100 айлын ******* тоотод байрлах хувийн сууцны түлхүүрийг *******гаас гаргуулж авч гэртээ орж амьдрах эрхээ сэргээлгэж, гэртээ байх эрхийг минь зөрчихгүй байхыг Гүриймаад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* ******* нар 2013 онд танилцаж албан ёсоор 2014 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2014 оноос хойш 5 жил 4 сарын хугацаанд хамт амьдарч ирсэн. Хамт амьдарч байх явцдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн 100 айлын ******* тоотод байрлах 570 м2 талбай газар дээр баригдсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууц, граж зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг дундаа хамтран өмчилж, өмчлөгчөөр Н.*******ийн нэрийг оруулсан. Энэ үл хөдлөхийг барьцаалж банкнаас зээл авч өөрсдийн хэрэгцээнд ашигласан байдаг. Мөн *******гийн охин Болорын гэр бүлд тус дэм болж амьдарч байсан. Н.******* одоо 56 настай, Эрдэнэт-Үйлдвэрт белазын жолоочоор, хүнд хортой нөхцөлд ажилладаг. Эрдэнэт-Үйлдвэр 55 настайдаа тэтгэвэрт гарч болдог. Гэвч зээлээ төлж дуусгаагүй учраас 60 нас хүртлээ ажиллана гээд даргаасаа гуйж одоо хүртэл ажиллаж байгаа. Өөрөө бас энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж ярьж байна. Ээлжинд гардаг, өдөр болгон архи уугаад байх боломжгүй, ажилд гарахдаа шалгуулдаг, хөдөлмөрийн дотоод журмаараа архи уусан бол ажлаас шууд халагддаг. Өглөө, орой, шөнийн ээлжинд гарч 11 хоног ажлаад 2 хоног амардаг. Амарч байх үедээ заримдаа найз нөхөдтэйгээ архи, пиво ууж, хөзөр тоглодог гэж байна. Ажиллаж амьдарч байх хугацаандаа зээл авч гэр орноо тохижуулж өөрийнхөө охин болон *******гийн охинд чадах чинээгээрээ тусалж дэмжиж ирсэн. *******тай хамт амьдарч байх хугацаанд *******г зодож цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан зүйл байхгүй. Харин *******гийн ганц охин Болороо Н.*******эд дургүй юм байна. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Н.******* ээлжийн амралтаа аваад ажлын газрын хүмүүс нь амралтыг нь тэмдэглэж найзындаа очиж архи, пиво ууж, хөзөр тоглосон байдаг. Маргааш нь охин Болороо нь ирж архи уусан байна гээд яв зайл, миний нүдэнд битгий харагдаж бай, намайг гэрт ирэхэд гэрээс гараад явчхаж бай гэх мэтээр аашилж хөөдөг. *******гийн хувьд охин Болорынхоо үгнээс гардаггүй. Өөрөө хагалгаанд орсон, эрүүл мэндийн хувьд тааруу хүн байдаг юм байна. Тийм учраас Болорын өөдөөс эсэргүүцэж хэрүүл маргаан хийдэггүй. Хүүхдүүдийн дэргэд маргалдаж муудалцаад яахав гээд эр хүний буурь суурь заагаад гараад явдаг. Гэтэл охин нь гэрийнх нь түлхүүрийг авч, Н.*******ийн утсыг блок хийж *******тай утсаар яриулдаггүй. Н.*******ийн хувцсыг хороололд амьдардаг Н.*******ийн 80 гарсан аав ээжийнх нь гэрт хүргэж өгөөд явсан байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Н.******* надтай ирж уулзсан. Н.*******, ******* хоёр 5 жил хамт амьдарч бие биенийхээ амьдралд тус дэм болж ирсэн. Тиймээс энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. *******гийн тухайд хаяа архи ууж, тоглодог нь надад их төвэгтэй байдаг гэсэн зүйл тайлбартаа бичсэн байсан. Өөрөө болохоор гэрлэлтээ цуцлуулах сонирхол байхгүй. Чи өөрөө мөнгө тушааж өргөдлөө өгөөрэй гэсэн байсан. Охин Болороотой ярилцаж үзье гээд залгахаар би ээжийгээ тантай хамт амьдруулахгүй. Та дахиж битгий залгаарай гэсэн шаардлага тавьдаг. Н.*******ийн хувьд би охинтой нь суугаагүй *******тай суусан юм чинь *******тай учраа олъё гэж бодоод *******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Н.******* 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Тайхар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гараад Эрдэнэт-Үйлдвэрийн сувилалд 15 хоног хэвтсэн. Ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа ороод өнөөдрийг хүртэл төрсөн дүүгийндээ, аав ээжийнхээ гэрээр ирж очин, подвольд амьдарч байгаа. Өөрөө бол 56 нас хүрсэн ажлын чадамж муудсан, ядарч сульдаж байна. Тиймээс гэртээ очиж унтаж амарч байгаад ажилдаа явмаар байна. Тэтгэвэрт гарахаасаа өмнө зээлээ төлж дуусгамаар байна. *******гаас салах бодол байна уу? гэхээр өдий насны хүн салах сонирхол байхгүй. *******тай ярилцаж учраа олоод цаашид хамт амьдармаар байна гэсэн зүйл ярьж байгаа. Хариуцагч *******гийн хувьд охиныхоо үгэнд ороод Н.*******тэй хамт амьдрахгүй, чи өргөдлөө өг гэсэн байдлаар ханддаг. Тэгэхээр өөрөө гэрлэлтээ цуцлуулах чин хүсэл байхгүй учраас гэр орондоо чөлөөтэй орж амьдрах эрхтэй юм шүү гэдэг эрхийг шүүхийн шийдвэрээр хангуулж, хуулийн байгууллагаар дамжуулж гэрийнхээ түлхүүрийг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалт, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан. Тиймээс иргэний эрх зүйн харилцаанд Н.*******, ******* хоёр гэр бүл болж бие биенийхээ эрхийг зөрчихгүй байх үүргийг хүлээсэн хүмүүс. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт зааснаар *******тай хууль ёсны гэр бүл учраас орон гэртээ орж амьдрах, Н.*******ийн эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг үүрэг болгож, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож өгнө үү. Байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Н.*******ийн нэр дээр явдаг. Банкнаас зээл авч өгч ******* болон түүний охин Болорын амьдралд тус дэм болж байсан учраас гэрийн түлхүүр авч гэртээ амар тайван амьдрах эрхтэй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд бие биенийхээ эрхийг зөрчихгүй байх, нэг нэгнийгээ хүндэтгэж, гэр бүлийн гишүүндээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Энэ үүргээ биелүүлж байхад нь гэртээ оруулахгүй, охиныхоо үгэнд орж хувцсыг нь гаргаж хаяж, гэртээ оруулахгүй, салсны дараа түлхүүр өгнө гэдэг. *******г өөрөө салах гээд байгаа юм болов уу? гэхээр би нэхэмжлэл гаргахгүй, чи өөрөө шүүхэд салах нэхэмжлэлээ гаргаж өг гэдэг. *******гийн хувьд шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулах эрх нь нээлттэй байгаа. Тэгэхээр ерөөсөө л охинтойгоо нийлж байгаад Н.*******ийг дарамталдаг. *******, Н.******* хоёрт аль алинд нь гэрлэлтээ цуцлуулах хүсэл сонирхол байхгүй байгаа. *******гийн охиноос болж ийм байдал бий болсон гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн гэрийн түлхүүрийг *******гаас гаргуулж, өөрийн өмчлөлийн Говил багийн 100 айлын ******* тоотод байрлах хувийн сууцанд амьдрах эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж өгнө үү. Мөн зөрчигдсөн эрхийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрийн түлхүүр гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эрх зөрчихгүй байхыг даалгуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн маргаанаа шийдүүлсний дараа орон байрны түлхүүр өгөх эсэх нь тодорхой болно гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Н.*******, ******* нар нь сайн дурын үндсэн дээр гэр бүлж гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2013 оны 03 сарын 20-нд бүртгүүлж гэр бүл болж амьдарч байгаа болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р баг, Говил 100 айл гудамж, 29 б тоотод байрлах 50 м2 хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 12 сарын 26-нд, 575 м2 гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр 2008 оны 04 сарын 22-нд , 70.3 м2 гражийн өмчлөгчөөр 2013 оны 04 сарын 19-нд тус тус бүртгэгдсэн байх ба, нэхэмжлэгч Н.******* гэр бүлийнхээ хэрэгцээнд зээл авах шаардлагаар өөрийн эхнэр *******гийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2015 оны 11 дүгээр сарын 25-нд өөрийн өмчлөлд шилжүүлж 2017 оны 04 сарын 13-нд уг эд хөрөнгүүдээ барьцаалан Хаан банкнаас зээл авсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 10.2-т ... гэрлэгчид нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах тэгш эрхтэй, 10.3-т ...гэрлэгчид нь бие биеэ халамжлах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүргийг адил хүлээнэ гэж тус тус заажээ.

 

******* нь албан ёсоор гэр бүл болж амьдарч буй өөрийн нөхөр Н.*******ийг гэрээс нь хөөж гарган, Н.*******ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р баг, Говил 100 айл гудамж, 29 б тоотод байрлах 50 м2 хувийн сууцны түлхүүрийг авч, гэртээ оруулахгүй түүний хуульд заасан эрхийг зөрчиж байгаа үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх тул хариуцагч *******гаас гэрийн түлхүүр гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эрх зөрчихгүй байхыг даалгуулахаар гаргасан Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******эд олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, Гэр бүлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас Орхон аймаг, Баян-Өндөр сум 14-р баг Говилын 100 айл гудамжны 29 б тоотод байрлах хувийн орон сууцны түлхүүрийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******эд олгож, хариуцагч *******д Н.*******ийн өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум 14-р баг Говилын 100 айл гудамжны ******* тоот хувийн сууцанд чөлөөтэй орж амьдрах эрхийг зөрчихгүй байхыг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******эд олгосуай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ