Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2021/00236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүргийн ******* хороо ******* тоотод оршин суух овгийн овгийн *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн *******ын ******* /РД:/-т холбогдох

адууны үнэ 4.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.******* /онлайнаар/, хариуцагч Ш.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.******* анх надаас 20.000.000 төгрөг авсан. Тэгээд 20.000.000 төгрөгтөө адуу өгч авалцана гээд адуу өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр надад 11 адуу өгсөн. Цагаан гүү 1 толгой, бор хээр гүү 1 толгой, сартай шүдлэн хүрэн үрээ 1 толгой, бор хязаалан байдас 1 толгой, хүрэн хязаалан үрээ 1 толгой, хээр хязаалан үрээ 1 толгой, халтар соёолон морь 1 толгой, сартай халтар гүү 1 толгой, хүрэн шидлэн үрээ 1 толгой, хүрэн хязаалан үрээ 1 толгой, нийт 11 адуу 7.800.000 төгрөгийн үнэ бүхий адууг өгч авалцсан.

Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ш.******* надад 9 тооны адуу өгсөн. Хээр бүдүүн гүү 1 толгой, хээр соёолон морь 1 толгой, халтар нас гүйцсэн бүдүүн морь 2 толгой, хүрэн гүү 1 толгой, сартай хүрэн гүү 1 толгой, хүрэн хязаалан гүү 1 толгой, халтар шүдлэн үрээ 1 толгой, хүрэн шүдлэн үрээ 1 толгой нийт 9 толгой адуу өгсөн, дараа нь өвөл намайг очиход сувай үнээ 1-ийг 1.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн, мөн хязаалан үхэр 1-ийг өгсөн. Түүний дараа миний данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би адуу авахдаа тухайн үеийн үнэ ханшаар нь үнэлж авсан. Одоо Ш.*******оос үлдэгдэл 4.100.000 төгрөг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би П.*******гээс мөнгө авсан нь үнэн. Миний өгсөн адуунууд дандаа шүдлэн хязаалан байсан гээд яриад байх юм, сүүлд өгсөн 9 толгой адуунаас 1 гүүтэй, бусад нь дан бүдүүн адуу байсан. Эхлээд өгсөн адуунаас ганцхан хүрэн шүдлэн үрээ авсан бусад нь дан хязаалан бүдүүд адуу өгсөн. Тэгээд дараа нь хоёр үхэр авсан.

Дараа нь мөнгө төгрөг дутлаа гээд байхаар нь болдоггүй юм байлгүй гэж бодоод 1.000.000 төгрөг шилжүүлсэн. П.******* эхлээд 11 толгой адуу авсан гээд байна, 11 толгой адуу биш, 12 толгой адуу авсан. Тухайн үеийн зах зээлийн үнээр адуугаа үнэлэхээр ямар ч байсан авсан мөнгөнд таарч байгаа. Одоо болохоор өөрөө адууны үнээ тогтоогоод мөнгө нэхэмжлээд байгаа. П.******* бид 2 найз нөхөд учраас тэр үед нарийн нягт ачаагүй, яараад эхний удаа ингээд өгчихье гэж бодоод өгсөн. Би найзын хувиар 4, 5 жил адуу өгсөн. П.******* адууны ченж хийдэг хүн. Би П.*******д өөрөөсөө нийт 50 гаруй толгой адуу өгсөн байдаг. Би адуу авах гээд ирэх бүрд нь хүн амьтнаас зарлаж өгдөг. Адуугаа алдсан байхад нь би өдөржин мотоциклоор хөөж авчирч өгдөг. Найз нөхөд байж иймэрхүү үйлдэл гаргаад баймааргүй байна гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******оос адууны үнэ 4.100.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 728 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 46-52/ 

Нэхэмжлэгч П.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, хэргийг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. /хх-ийн 76-78/ 

Хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдөр анхан шатны шүүх хүлээн авч дахин хувиарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.******* нь шүүхэд ... маргаан үүсгээд байгаа тухайн үед авч, өгөлцсөн нийт адуу, үхрийн нас үнэлгээг зах зээлийн үнэ ханшаар тогтоох шинжээч томилж өгнө үү ... гэсэн хүсэлт гаргасан. /хх-ийн 82/ 

Шүүх нэхэмжлэгч П.*******гийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан бөгөөд шинжээч нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд үнэлгээний тайлангаа ирүүлсэн байна. /хх-ийн 91-92/  

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******оос адууны үнэ 4.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.  

Хариуцагч Ш.******* нь нэхэмжилж байгаа 4.100.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй, миний өгсөн адуунууд нас гүйцсэн бүдүүн адуу байсан гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ... Би Ш.*******ын данс руу нийт 21.200.000 төгрөг шилжүүлсэн ... тэгээд адуу авахаар тохирсон гэж,

хариуцагч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... П.*******гээс 21.200.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна ... би адуу өгөхөөр тохирсон ... гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.*******, хариуцагч Ш.******* нар нь 21.200.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, өгсөн талаараа маргаагүй, мөн энэ шилжүүлсэн мөнгөндөө адуу, мал өгч авалцахаар харилцан тохирсон талаараа маргахгүй байна.  

Харин нэхэмжлэгч П.******* эхлээд 11 тооны адуу, дараа нь 9 тооны адуу авсан, нэмээд 2 үхэр авсан, 1.000.000 төгрөг авсан гэж, хариуцагч Ш.******* эхлээд 12 тооны адуу, дараа нь 9 тооны адуу өгсөн, нэмээд 2 үхэр, 1.000.000 төгрөг өгсөн гэж эхний ээлжинд өгсөн адууны / нэхэмжлэгч 11, хариуцагч 12 гэж/ тоон дээр маргаж байна, мөн зарж борлуулсан адууныхаа нас, үнэлсэн үнэлгээн дээр талууд маргаж байна.  

Нэхэмжлэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ... Би Ш.*******т нийт 21.200.000 төгрөг өгснөөс 17.100.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 4.100.000 төгрөгийг аваагүй, би мал, мах авахдаа малчидтай гэрээ хийдэггүй, Ш.******* бид хоёрын дунд хийсэн гэрээ байхгүй, адуу мал авахдаа зургаар баталгаажуулдаг, би эхлээд 11 адууг 7.800.000 төгрөгөөр тооцож авсан, дараа нь 9 адууг 6.400.000 төгрөгөөр тооцож авсан, мөн 2 үхэрийг нийт 1.900.000 төгрөгөөр тооцож авсан, бэлэн 1.000.000 төгрөгийг авсан, би өөрийнхөө дэвтэр дээр бичсэн үнэлгээгээр тооцож байгаа гэв.  

Хариуцагч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ... Би тэр үед өртэй байсан учраас адуугаа ав, ав гээд ачуулаад явуулсан. Нарийн тооцож, бодож, бичиж өгсөн зүйл байхгүй, тэгэхээр дараа нь миний өгсөн адууг бага адуу гээд байгаа, П.*******гийн зүсээр нь зүсэлж хэлж байгаа нь үнэн, зүс нь таарч байгаа, нас нь таарахгүй байгаа, би хязаалангаас доош адуу огт өгөөгүй, эхлээд 12 толгой адуу өгсөн дараа нь 9 тооны адуу өгсөн, холоос хөөж ирсэн соёолон хээр морийг л хасаад байх шиг байна гэж би бодоод байгаа гэж тайлбарлаж байна.  

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******т 21.200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн өгч, хариуд нь адуу, мал авахаар харилцан тохирсон бөгөөд ямар насны, хэдэн тооны адуу, үхэр авах, өгөх талаараа талууд урьдчилан харилцан тохироогүй, гэрээ байгуулаагүй, адуу, үхэр хүлээлцэхдээ бүртгэл тооцоо хөтөлж тооцоо нийлээгүй, адуу үхрээ ямар үнэ ханшаар үнэлэх талаараа харилцан тохирсон талаараа бичиг үйлдэж, гэрээ байгуулаагүй байна.  

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.  

Иймд нэхэмжлэгч П.*******, хариуцагч Ш.******* нарын хооронд адуу, мал худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулагдсан байна гэж үзлээ.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.  

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш.*******т 21.200.000 төгрөгийг шилжүүлэн өгөөд түүнээс:

2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цагаан гүү 1 толгой, бор хээр гүү 1 толгой, сартай шүдлэн хүрэн үрээ 1 толгой, бор хязаалан байдас 1 толгой, хүрэн хязаалан үрээ 1 толгой, хээр хязаалан үрээ 1 толгой, халтар соёолон морь 1 толгой, сартай халтар гүү 1 толгой, хүрэн шидлэн үрээ 1 толгой, хүрэн хязаалан үрээ 1 толгой нийт 11 тооны адууг 7.800.000 төгрөгөөр тооцож авсан,

дараа нь 2019 оны 10 сарын 29-ний өдөр хээр бүдүүн гүү 1 толгой, хээрд соёолон морь 1 толгой, халтар нас гүйцсэн бүдүүн морь 2 толгой, хүрэн гүү 1 толгой, сартай хүрэн гүү 1 толгой, хүрэн хязаалан гүү 1 толгой, халтар шүдлэн үрээ 1 толгой, хүрэн шүдлэн үрээ 1 толгой нийт 9 толгой адууг 6.400.000 төгрөгөөр тооцож авсан,

дараа нь өвөл сувай үнээ 1-ийг 1.000.000 төгрөгөөр үнэлж авсан, мөн хязаалан үхэр 1-ийг 900.000 төгрөгөөр тооцож авсан. Түүний дараа миний данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийт 17.100.000 төгрөг авсан. Би адууныхаа үнэлгээг өөрийнхөө дэвтэр дээр бичсэн үнэлгээгээр тооцож байгаа гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч П.*******гээс 21.200.000 төгрөг зээлж аваад өөрийн адуунаасаа эхлээд 12 тооны адуу, дараа нь 9 тооны адуу өгсөн талаараа: би эхлээд цагаан гүү 1, соёолон бор гүү 1, дэлтэй бор хээр гүү 1, дэлгүй бор хээр гүү 1, сартай хүрэн үрээ морь 1, зэгэл зүстэй соёолон хавчиг 1, хөөж барьж авсан бор хээр морь соёолон 1, халтар хязаалан морь 1, цавдир зээрд соёолон морь 1, халтар гүү 1, хар хязаалан үрээ 1, хүрэн байдас соёолон 1 гээд нийт 12 тооны адуу,

дараа нь сартай, саргүй 2 бор хээр морь, шаар цагаан хүрэн морь 1, хүрэн соёолон морь 1, бүдүүн хүрэн гүү 1, А тамгатай хээр гүү бүдүүн 1, бор хээр морь 1, номхон хээр морь 1, нэг адуугаа санахгүй байна гэж өгсөн адууныхаа нас, зүсийг нэрлэн тайлбарлаж байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.  

Нэхэмжлэгч П.*******д хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг 2020 оны 11 дүгээр сарын 17, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, хариуцагч Ш.*******т хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг 2020 оны 10 дугаар сарын 19, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс тайлбарлан танилцуулсан бөгөөд талуудад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт, санал хүсэлт гаргах боломжоор бүрэн хангасан болно. /хх-ийн 13,17, 94/ 

Гэвч хариуцагч Ш.******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, түүнийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна. 

Харин нэхэмжлэгч П.******* нь шүүхэд нотлох баримт болгож хариуцагч Ш.*******оос авсан адуунуудын нас, зүс, худалдаж авсан үнэлгээгээ тэмдэглэсэн 2 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, худалдаж авсан гэх адуунуудын гэрэл зургийг ирүүлсэн байдаг.  

Нэхэмжлэгч П.*******г авсан гэх адууныхаа нас, зүсийг нэрлэн зааж байгааг хариуцагч Ш.******* тайлбарлахдаа П.*******гийн хэлж зүсээр нь зүсэлж байгаа нь үнэн, зүс нь таарч байгаа, нас нь таарахгүй байгаа гэж өөрийнхөө өгсөн гэх адууны зүсийг хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.  

Мөн хариуцагч Ш.******* нэхэмжлэгч П.*******д эхний ээлжинд 12 тооны адуу өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа эхний ээлжинд өгсөн адуугаа нэрлэхдээ 13 тооны адуу нэрлэж, мөн сүүлд өгсөн 9 адууныхаа 1 адууны зүсийг мэдэхгүй байна гэж тайлбарлаж байна.  

Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа үндэслэлтэй тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй болно.  

Иймд харицагч Ш.*******оос 4.100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

Хөрөнгийн үнэлгээчиний гаргасан үнэлгээний тайланд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын сүүлч, 2020 оны 10 дугаар сарын сүүлчээр адуу, үхрийн насны байдлаас шалтгаалан үнэ ханш нь ямар байсан талаарх дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн байна.  

Дээрхи үнэлгээний тайланд дурдсан адуу, үхрийг нас, насны байдлаар нь зах зээлийн ханшаар үнэлсэн үнэлгээ нь нэхэмжлэгч П.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Ш.*******оос адуу, үхэр авахдаа харилцан тохирч үнэлсэн гэх малын үнэлгээтэй тохирч /50.000 төгрөгийн зөрүүтэй/ байсан болохыг дурдах нь зүйтэй байна.  

Түүнчлэн хариуцагч Ш.******* нэхэмжлэгч П.*******д өгсөн адуу, үхрийнхээ нас, зүс, зах зээлийн үнэ ханшийн талаар тодорхой, ойгомжтой тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд болон шүүх хуралдаан дээр өгөөгүй болохыг дурдлаа.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.*******гийн баримт болгон ирүүлсэн зузаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, notes гэсэн бичигтэй гэрэлтдэг хавтастай тэмдэглэлийн дэвтэр-үүдийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч П.*******д буцаан олголоо.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6.400 төгрөгийг төрийн сангийн орлогоос, 80.550 төгрөгийг хариуцагч Ш.*******оос гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч овгийн *******ын ******* /РД:/-оос 4.100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч овгийн овгийн *******гийн ******* /РД:*******/-д олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6.400 төгрөгийг төрийн сангийн орлогоос, 80.550 төгрөгийг хариуцагч Ш.*******оос гаргуулж нэхэмжлэгч П.*******д буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ